Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 493

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт оршин суух, 1995 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар МХ95052205, Шаавай овогт Жалбаагийн Өлзийдэлгэрийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт оршин суух, 1996 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОМ96051310, Хольдог овогт Зодовын Шийрэвт холбогдох,

         Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ө, хариуцагч З.Ш, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ж.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь З.Ш-тэй 2015 оноос утсаар харьцдаг байсан ба бид 2017 оны 9 дүгээр сард гэр бүл болж 7 сар хамт амьдарсан. Хамт амьдарч эхэлснээс хойш 1 сарын дараа З.Ш нь намайг зодож дарамталж эхэлсэн. Хэд хэдэн удаагийн үйлдэлтэйгээр зодсон ба хутга авч дайран алахыг оролдож, боомилж ухаан алдуулахыг оролдсон. Намайг 6 сартай жирэмсэн байхад зодчихоод уурандаа өөрийгөө боомилох гэснийг аргадаж байж салгаж авсан. Тэр явдлаас хойш би айсандаа аргагүйн эрхэнд өөрийн аав, ээж дээрээ очиж амьдарсан. Мөн З.Ш нь намайг зодсон зөрчилдөө шүүхээс 21 хоногийн баривчлах шийтгэл авч байсан. Бид хамт амьдарч байх хугацаанд би жирэмсэн болж охин Ш.У-г 2018 оны 8 дугаар сарын 03-нд хийсвэрээр төрүүлсэн. Бид хоёр 2018 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба З.Ш-ийн зүгээс хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй. З.Ш нь хурдан ууртай, хэрцгий догшин ааш араншинтай тул хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлнө. Мөн З.Ш нь утсаар удаа дараа гэрлэлт цуцлуулахыг шаардсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүүхдийг минь миний асрамжид үлдээхийг хүсэж байна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

         Хариуцагч З.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би цаашид өмнө нь болсон зүйлийг биш харин ирээдүйг харж хань ижил, үр хүүхэдтэйгээ хамт сайхан амьдармаар байна. Үр хүүхэдтэйгээ сайхан амьдрах гэхээр Ж.Ө чамаас хүүхэд айж байна гээд намайг хүүхдэд маань ойртуулдаггүй. Утсаар ярихаар чамаас сална гэдэг. Би цаашид алдаагаа давтахгүйгээр сайхан амьдарна. Би одоо гэрээ бариад ганцаараа амьдарч байна. Ж.Ө-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цаашид эхнэр, хүүхэдтэйгээ хамт сайхан амьдрахыг хүсэж байна гэжээ.

       Хариуцагч З.Ш шүүх хралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би урьд нь гэрлэлтээ цуцлуулахгүй талаар тайлбар гаргаж байсан. Гэвч Ж.Ө нь шүүх хуралдаанд надтай хэзээ ч хамт амьдрахгүй гэсэн тайлбар гаргасан тул би ч гэсэн гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ж.Ө нь хариуцагч З.Ш-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Гэрлэгчид нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр охин Ш.У төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

    Гэрлэгчид нь гэр бүлийн хүчирхийлэлтэй байдал болон хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2018 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Ж.Ө, З.Ш нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

      Зохигчдын дундаас төрсөн охин Ш.У-г бага насных, төрсөн цагаас хойш эхийн асрамжид байгаа, эхтэйгээ ээнэгшин дассан байдал зэргийг харгалзан эх Ж.Ө-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

        Шүүх хүүхдийг эх Ж.Ө-ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

       Нэхэмжлэгч Ж.Ө нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй бөгөөд гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.

    Нэхэмжлэгч Ж.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ш-ээс 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ө-т олгох нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ш овогт Ж-ийн Ө, Х овогт З-ын Ш нарын гэрлэлтийг цуцалсугай.

       2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Ш.У-г эх Ж.Ө-ийн асрамжид үлдээсүгэй.

         3. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

      4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

      5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.

        6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч З.Ш-ээс 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ө-т олгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ