Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 513

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Т овогт Ж-ын А-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Б овогт Ц-ийн Б, 

         Хариуцагч: Т овогт Б-ын Г,

         Хариуцагч:  Ш овогт С-ийн Н,

         Хариуцагч: Т овогт О-ын Д нарт холбогдох,

        Бусдын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А, хариуцагч Ц.Б, Б.Г, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь тухайн үед Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, одоогийн 12 дугаар багийн нутаг дэвсгэрт /Баянбүрд захын орчим/ 5400м2 газрыг өөрийн нөхөр Г.Баянзулын хамтаар 2003 оноос эхлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ аваад эзэмшиж байгаад 2014 онд миний бие тухайн газрыг 15 жилийн хугацаатайгаар дангаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болно. Миний эзэмшлийн дээрх газар дээр иргэн Б.Г, Ц.Б, С.Н, О.Д нарын жижиг барилгууд /амбаар/ байдаг бөгөөд эдгээр хүмүүс нь 2014 он хүртэл надтай гэрээ байгуулж миний газрыг ашиглаад надад гэрээний дагуу төлбөр төлдөг байсан. Гэтэл 2014 оны сүүлээс эхлэн надтай байгуулсан гэрээний дагуу төлбөр төлөхгүй, холбоо барихаа больсон. Тухайн жижиг барилгууд нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд би эдгээр нэр бүхий хүмүүст барилгуудаа нурааж миний эзэмшлийн газрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч огт авч хэлэлцэхгүй өнөөдрийг хүртэл миний эзэмшлийн газрыг дураараа ашиглаж газар эзэмшигч миний эрхийг хууль бусаар зөрчсөөр байна. Би тухайн газарт үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст удаа дараа газраа чөлөөлүүлэхээр шаардлага тавьсан боловч газрыг маань өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Тэдгээр хүмүүс нь надад ямар нэгэн татвар түрээс төлдөггүй болно. Мөн миний бие энэ асуудлаар газраа чөлөөлүүлэхээр Увс аймгийн Засаг даргад хандсан боловч намайг шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн болно. Иймд иргэн Б.Г, Ц.Б, С.Н, О.Д нарын хууль бус эзэмшлээс миний эзэмшлийн газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

      Хариуцагч О.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.А-гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Газраа чөлөөлж өгөхийг зөвшөөрч байна. Ойрын хугацаанд барилгаа буулгах болно гэжээ.

       Хариуцагч С.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус газраас барилгаа чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул надад маргах зүйл байхгүй гэжээ.

       Хариуцагч Ц.Б, Б.Г нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.А-гийн газар дээрх амбаарыг бид 2005-2007 оны хооронд худалдаж авсан. Улмаар уг амбаартаа бараагаа хадгалдаг байсан бөгөөд тэр үед хулгай их гардаг байсан. 2007 оны 3-9 дүгээр саруудад амбаарт 3 удаагийн хулгай орж нийт 40.000.000 гаруй төгрөгийн бараа алдагдсан. Цагдаад мэдэгдэхэд 3 цагдаа ирээд шалгаад явсан боловч одоо болтол эзэн холбогдогч нь олдоогүй. Хулгайд алдагдсан барааныхаа талаар Ж.А-гийн нөхөр Баянзулд хэлэхэд Би таны хохирлыг төлж чадахгүй. Гэхдээ амбаарын газрыг танд өгнө гэж хэлж байсан. Гэвч Баянзул нь нас барсан. Би тухайн үедээ энэ хүмүүс хулгайлаад авчихсан биш хэл, үг гаргаад яахав гэж бодоод орхисон. Гэтэл Ж.А нөхрийнхөө хэлсэн тохиролцоог үл хайхран газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Б.Г, Ц.Б, С.Н, О.Д нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Хариуцагч С.Н нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн, хариуцагч О.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч хариуцагч Б.Г, Ц.Б нар нь 2007 оны 3-9 дүгээр саруудад амбаарт 3 удаагийн хулгай орж нийт 40.000.000 гаруй төгрөгийн бараа алдагдсан. Хулгайд алдагдсан барааныхаа талаар Ж.А-гийн нөхөр Баянзулд хэлэхэд Би таны хохирлыг төлж чадахгүй. Гэхдээ амбаарын газрыг танд өгнө гэж хэлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

    Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ.

       Увс аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/380 дугаар захирамжаар Ж.А-д Улаангом сумын 3-р багт байрлах, 5400 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000489776 дугаартай гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн гэрээ, газрын баталгаат хэмжээг тогтоосон акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

        Мөн тухайн газар дээр давхцуулан хариуцагч Б.Г, Ц.Б нарт аймаг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй талаарх хариуг Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаас 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 713 дугаар албан бичгээр ирүүлжээ.

         Хариуцагч Б.Г, Ц.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Ж.А-гийн нөхөр Баянзулд амбаарт орсон хулгайн талаар хэлэхэд Би таны хохирлыг төлж чадахгүй. Гэхдээ амбаарын газрыг танд өгнө гэж тайлбарласан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, татгалзалтай холбоотой баримт буюу тухайн үед нэхэмжлэгч Ж.А-гийн нөхөр Баянзул гэгчтэй тохиролцсон талаарх баримтыг ирүүлээгүй байх тул тэдний тайлбарыг хүлээн авах боломжгүй.

           Ийнхүү нэхэмжлэгч Ж.А нь Увс аймгийн Улаангом сумын 3-р багт байрлах, 5400 м.кв газрын хууль ёсны эзэмшигч байх бөгөөд хариуцагч Б.Г, Ц.Б нар нь уг газрыг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь дээр дүгнэснээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсгүүдэд зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.

       Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.А-гийн Увс аймгийн Улаангом сумын 3-р багт байрлах, нэгж талбарын 8516000458, гэрчилгээний 000489776 дугаар бүхий, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, 5400 м.кв газрыг хариуцагч Б.Г, Ц.Б нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэв.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Н нь Ж.А-гийн бусдын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн, О.Д хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Н биелүүлснийг, хариуцагч О.Д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

      Нэхэмжлэгч Ж.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 52.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г, Ц.Б нараас тус бүр 17.550 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн хариуцагч С.Н-оос 8775 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч О.Д-аас 8775 төгрөг, төрийн сангийн 150000941 тоот данснаас 17.550 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.А-д олгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.А-гийн Увс аймгийн Улаангом сумын 3-р багт байрлах, нэгж талбарын 8516000458, гэрчилгээний 000489776 дугаар бүхий, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, 5400 м.кв газрыг хариуцагч Б.Г, Ц.Б нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.А-гийн бусдын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Н биелүүлснийг, хариуцагч О.Д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 52.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г, Ц.Б нараас тус бүр 17.550 төгрөг, хариуцагч С.Н, О.Д нараас тус бүр 8775 төгрөг, төрийн сангийн 150000941 тоот данснаас 17.550 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.А-д олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ