Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/03

 

С.Пүрэвдашид холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч:

                           Ерөнхий шүүгчийн үүргийг

                           түр орлон гүйцэтгэгч шүүгч         Б.Батзориг

                             Шүүгчид                                     Д.Буянжаргал

                                                                                 Г.Давааренчин                               

                                   

                                         Оролцогчид

                                     Прокурор                                     Н.Улсболд

                                       Шүүгдэгчийн өмгөөлөгч             Л.Доржпүрэв

                                      Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүрэнгийн Пүрэвдашид холбогдох эрүүгийн 1932000000088 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 12-р хороо Жанжины 26-р гудамжны №633 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сүрэнгийн Пүрэвдаш.  /РД: МТ62122715/

 

         Холбогдсон хэргийн талаар: С.Пүрэвдаш нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгййн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 163-164 дэх км-т 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 05 цагийн орчим ЗИЛ-131 маркийн “39-74” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эвдэрэхэд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 14.10, 9.4, 9.5, ЗХД-ийн 4-р хавсралтын 6.15 дахь заалтуудыг тус тус зөрчсний улмаас “Тоуоta Pruis 20” маркийн “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Галсанжамц нь араас нь мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор:      

“1. Шүүгдэгч Боржигон овогт Сүрэнгийн Пүрэвдашийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пүрэвдашийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пүрэвдашийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар шүүгдэгч С.Пүрэвдашаас 108183 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-иас 108183 төгрөг, иргэний хариуцагч М.Ариунболдоос 108183 төгрөг, иргэний хариуцагч М.Оюунболдоос 108183 төгрөг бүгд 432732 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 18 дугаар баг Баянбулаг 1-1А тоотод оршин суух, /ИЦ85110195/, Х.г/уд овогт Галбадрахын Галсанжамцад олгож, шүүгдэгч С.Пүрэвдашаас 55000 төгрөг, Г.Галсанжамцаас 55000 төгрөг, иргэний хариуцагч М.Ариунболдоос 55000 төгрөг, иргэний хариуцагч М.Отгонболдоос 55000 төгрөг, бүгд 220000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж буй “Толгойтын гол” ХХК-д олгож, шүүгдэгч С.Пүрэвдашаас 2191432 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-аас 2191432 төгрөг, Г.Галсанжамцаас 2191432 төгрөг, иргэний хариуцагч М.Ариунболдоос 2191432 төгрөг, бүгд 8765728 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Оюут 2-р хороолол 22-31 тоотод оршин суух, /ОЛ90020674/, Ончууд овогт Мэндбилэгийн Отгонболдод тус тус олгосугай.

5. Энэ хэргийн улмаас С.Пүрэвдаш нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдсугай.

6. С.Пүрэвдашийн №104894 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигчид нь буцаан олгож, энэ хэрэгт хураагдан ирсэн хуурцаг /СD/-ийг зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Пүрэвдашид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сэлэнгэ Аймгийн Мандал сум дахь Сум Дундын шүүхийн 2019 оны 11-р сарын 13-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4-р зүйлд заасан төлбөр гаргуулах хэсгийн шүүгдэгч С.Пүрэвдашаас 2131432 төгрөг гаргуулж М.Отгонболдод олгосугай гэсэн заалтыг үндэслэлгүй гарсан заалт гэж үзэж байгаа тул шүүгдэгч С.Пүрэвдаш би гомдолтой байна. Би машинаа зогсоход ослын тэмдэг авч яваагүй байсан буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Би цаашид хууль дүрмийг чанд сахиж явах болно гэдгээ илэрхийлж байна. Миний гомдол гаргаж байгаа учир нь бол иргэний хариуцагч М.Отгонболд нь өөрийнхөө машины хохирлоос төлөлцөх ёстой байтал шүүх М.Отгонболдоор төлүүлээгүй үлдээж бусад оролцогчдоос нийтдээ 8765728 төгрөг гаргуулж М.Отгонболдод олгохоор шийдвэрлэсэн явдал юм. С.Пүрэвдаш надаас 2191432 төгрөг гаргуулж байгаа нь их төлбөр төлүүлж байна гэж үзэж байна. Би одоо цалин хөлс орлогогүй байгаа юм. Миний хувьд гэм буруугийн талаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж явсан хүмүүсийн гэм буруугаас бага гэж үзэж байна. Яагаад гэвэл би машинаа замын зах хэсэгт замаа чөлөөлж зогссон байсан, Тэр шөнө олон машинууд миний машины хажуугаар зүгээр л зөрөөд өнгөрөөд яваад болоод л байсан. Гэтэл согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс машин жолоодож явснаас болж зогсож байгаа миний машины араас ирж мөргөж энэ осол гарсан гэж би үздэг юм. Би хэдийгээр ослын тэмдэг авч яваагүй ч гэсэн чулуу, ундааны саваар ослын тэмдэг орлуулан тавьсан байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, гэгээтэй байсан, ямар нэгэн өөд уруу, тойрог, налуу газар биш тэгш шулуун зам байсан юм. М.Отгонболд нь машиныхаа хохирлыг их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа, мөн 2 өмгөөлөгч ажиллуулсаны мөнгө, буудлын мөнгө, зардлуудыг өөрөө иргэний хариуцагч атлаа үндэслэлгүйгээр нэхэмжилж байгааг би буруу гэж үзэж байна. Миний хувьд орлогогүй болохоор 2191432 төгрөгийг төлөх бололцоо байхгүй мөн шүүх төлбөр төлөх хувиарлалтыг хийхдээ иргэний хариуцагч М.Отгонболдод өөрийнх нь машины хохирлоос төлүүлэх арга хэмжээ аваагүй байдлаас болж би гомдол гаргаж байна. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж С.Пүрэвдаш надаас 2191432 төгрөгийн төлбөр гаргуулах заалттай төлбөрөөс багасгаж өгнө үү гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Гомдол гаргаж байгаа учир нь:

1. Манай “Толгойтын гол” ХХК нь энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар оролцож байгаа юм. Шүүх хохирол төлбөрийг оногдуулахдаа тухайн осол хэрэг гарахад согтуугаар машин барьж явсан гэм буруутай хүн болон согтуу хүнд жолоогоо шилжүүлж өгсөн гэм буруутай хүнтэй адилхан тэнцүү хэмжээгээр төлбөрийг хувиарлаж манай компанид төлбөр оногдуулж байгааг шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ямар ч байдлаар дүгнэж бодсон иргэний хариуцагч компани нь тухайн ослыг гарах үед гэм буруутай үйлдэл хийгээгүй, тус машин нь компаний машин байсан гэдгээрээ хариуцагчаар татагдаж байгаа тул шударга үнэнээрээ явбал гэм буруутай үйлдэл хийсэн, осол хэрэг гаргахад нөлөө үзүүлсэн хүмүүсээс бага төлбөр төлөх ёстой гэж үзэж байна.

2. Урьд өмнө нь энэ хэргийг анхан шатны шүүх 2019 оны 5-р сарын 16-ны өдөр шийдвэрлэж 82 дугаартай тогтоол гаргаж иргэний нэхэмжлэгч М.Отгонболдод машины хохиролд нь 5059000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байхад М.Отгонболд нь ямар нэгэн гомдол санал гаргаагүй зөвшөөрч байсан хүн юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс тус хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасны дараа М.Отгонболд нь урьд нь 5059000 төгрөг байсан машиныхаа хохирлыг 7275000 төгрөг болгон нэмэгдүүлж, эрүүгийн хэргийн хохирогч биш, иргэний хариуцагч  мөртлөө 2 өмгөөлөгчийн зардал мөнгө, буудлын зардал, Ариунболдын торгуульд төлсөн баримт ... гэх зэрэг хуулиар олгогдох үндэслэлгүй их зардлууд нэхэмжилсэн байдаг.

3. Шүүх М.Отгонболдод машины хохиролд нийтдээ 8765728 төгрөг олгохоор болсон нь үндэслэлгүй юм. Учир нь М.Отгонболдын машин эвдрээгүй байхдаа 8 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан атлаа эвдэрсний дараа түүнээс их үнэтэй болж 8765728 төгрөг болж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна гэж үзэж байна. М.Отгонболд нь Ариунболдод машинаа шилжүүлж Ариунболд нь согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлсэн явдал нь осол гарахад нөлөөлсөн байдаг. Иймд М.Отгонболдыг иргэннй хариуцагчаар татан оролцуулсан байдаг. Иймд М.Отгонболд нь өөрөө иргэний хариуцагч учир өөрийн машиндаа учирсан хохирлоос зохих хувиар төлөлцөх ёстой гэж үзэж байна. Гэтэл шүүх М.Отгонболдод өөрийнх нь машины төлбөрөөс оногдуулахгүй орхигдуулж бусад хүмүүсээр нийт 8765728 төгрөг гаргуулж М.Отгонболдод олгохоор заасан нь үндэслэлгүй юм. Энэ нөхцөл байдлуудыг хянаж үзэж манай компани “Толгойтын гол” ХХК-с 2191432 төгрөг гаргуулж М.Отгонболдод олгосугай гэж заасан заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, эсвэл төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэний нэхэмжлэгч бидний хувьд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тайлбар хийсэн гэж үзэж байна. ... “Толгойтын гол” ХХК-аас гаргуулах хохирлыг бусдаас нь тэнцүү гаргуулж шийдвэрлэсэн. Ингэж тэнцүү хувааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, шударга ёсонд нийцсэн гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн найман сая төгрөгийг багасгах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн үндэслэлгүйгээр зардал нэмэгдсэн гэж хэлж байна. Урьд нь анхан шатны шүүхээр хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл нэмэгдчихлээ гэж тайлбарлаж байна. Энэ нэмэгдээд байгаа учир шалтгаан нь анхан шатны шүүхэд буцахад энэ хүний эрх нь нээлттэй гомдол гаргаад, хүсэлт гарган дахин шинжээч томилуулсны үндсэнд эвдрэл гэмтэл тогтоогдсоны улмаас тэрхүү зардлаа нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлгийг буруу хэрэглэн, зөв дүгнэлт гаргаагүй, судлаагүй шийдвэр гаргасан... гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг  баримтлан тухайн гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргаж  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Тухайн тээврийн хэрэгсэлд анхны хохирлоор 5 сая гаруй төгрөгийн хохирол учирсан байсан  тухайн тээврийн хэрэгсэл Баянгол сумын тээврийн хэрэгсэл хадгалах байранд байсан. Тэр тээврийн хэрэгсэлд дахин шинжилгээ гаргах үүднээс тухайн хадгалах байрнаас гаргаад, хоног хугацаа алдалгүй дахин шинжээч томилон эвдрэлийг тогтоолгосон. Иймд Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Пүрэвдашид  холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 500 нэгжээр торгож, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу С.Пүрвдашид холбогдох эрүүгийн 1932000000088 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

С.Пүрэвдаш нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг /1-р хх-ийн 37-р ху, 2-р хх-ийн 50-57-р ху/, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч М.Отгонболд /1-р хх-ийн 23-р ху, 2-р хх-ийн 50-57-р ху/ нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Галсанжамц /1-р хх-ийн 18-19-р ху/, гэрч Д.Баасанжав /1-р хх-ийн 40-41-р ху /, Ч.Батхүрэл /1-р хх-ийн 48-р ху/, иргэний хариуцагч  М.Ариунболд /1-р хх-ийн 45-46-р ху/  нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 2- ний өдрийн №16 тоот дүгнэлт /1-р хх-ийн 208-р ху/, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээч нарын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1941 тоот үнэлгээний тайлан /1-р хх-ийн 91-р ху/, “Арвижих Эстимейт” ХХК-ий шинжээч Д.Отгонцагааны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №15512 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 217-227-р ху/, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Шинжээчийн нэмэлт дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 04-10-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 03-10-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан тул гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу “Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан  Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Шинжээчийн нэмэлт дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18, 19 дугаар зүйлүүдэд заасан хуулийн шаардлага хангасан, шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлд заасан журмын дагуу хэргийн оролцогчдод танилцуулж, тэмдэглэл үйлдсэн, хэргийн оролцогчдын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг албан ёсоор гаргаагүй байх тул анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тооцож гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, шүүгдэгч С.Пүрэвдаш нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь “Тоуоta Pruis 20” маркийн “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч М.Отгонболдын тухайн тээврийн хэрэгслийг ашиглагчаар томилж өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлсэн М.Ариунболд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д ...Жолоочид дараах зүйлийг хориглоно..., б/ согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх... гэсэн заалтыг зөрчиж өөрийн санаачлагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Г.Галсанжамцад тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн нь тухайн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байх тул  өөрийн эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлын эрсдлийг тодорхой хэмжээгээр хариуцах үндэслэлтэй гэж үзэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар шүүгдэгч С.Пүрэвдашаас 1.753.145 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-аас  1.753.145 төгрөг, Г.Галсанжамцаас 1.753.145 төгрөг, иргэний хариуцагч М.Ариунболдоос  1.753.145  төгрөг, бүгд  7.012.580 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Оюут 2-р хороолол 22-31 тоотод оршин суух, /ОЛ90020674/, Ончууд овогт Мэндбилэгийн Отгонболдод  олгож нэхэмжлэлээс  1.735.145 төгрөгийн нэхэмжлэлийг   хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн хохирогч Г.Галсанжамц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..., 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хэрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., 12.4.Тээврийн хэрэгслийн хурдыг суурийн газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно..., 18.3. Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно... гэсэн заалтуудыг зөрчсөн нь тухайн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гарахад  буюу тухайн гэм хор учрахад хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн байх тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 ,505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар шүүгдэгч С.Пүрэвдашаас 86.546 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-иас 86.546 төгрөг, иргэний хариуцагч М.Ариунболдоос 86.546 төгрөг, иргэний хариуцагч М.Отгонболдоос 86.546 төгрөг бүгд 346.184 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 18 дугаар баг Баянбулаг 1-1А тоотод оршин суух, /ИЦ85110195/, Хулууд овогт Галбадрахын Галсанжамцад олгож, нэхэмжлэлээс 86.546 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 4 дүгээр заалтанд өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 4 дүгээр заалтыг доорхи байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд

            4 дүгээр заалтыг 

“4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 ,505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар шүүгдэгч С.Пүрэвдашаас 86.546 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-иас 86.546 төгрөг, иргэний хариуцагч М.Ариунболдоос 865.546 төгрөг, иргэний хариуцагч М.Отгонболдоос 86.546 төгрөг бүгд 346.184 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 18 дугаар баг Баянбулаг 1-1А тоотод оршин суух, /ИЦ85110195/, Хулууд овогт Галбадрахын Галсанжамцад олгож, нэхэмжлэлээс 86.546 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Пүрэвдашаас 55000 төгрөг, Г.Галсанжамцаас 55000 төгрөг, иргэний хариуцагч М.Ариунболдоос 55000 төгрөг, иргэний хариуцагч М.Отгонболдоос 55000 төгрөг, бүгд 220000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж буй “Толгойтын гол” ХХК-д олгож, шүүгдэгч С.Пүрэвдашаас 1.753.145 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-аас  1.753.145 төгрөг, Г.Галсанжамцаас 1.753.145 төгрөг, иргэний хариуцагч М.Ариунболдоос  1.753.145  төгрөг, бүгд  7.012.580 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Оюут 2-р хороолол 22-31 тоотод оршин суух /ОЛ90020674/, Ончууд овогт Мэндбилэгийн Отгонболдод  олгож нэхэмжлэлээс 1.735.145 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                             Г.ДАВААРЕНЧИН

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ