| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0020/З |
| Дугаар | 221/МА2025/0563 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2025/0563
Б.У-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч
Нэхэмжлэгч: Б.У
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 10-17/818 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0394 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0020/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Уээс Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан “тус даргын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 10-17/818 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 394 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Б.Уээс Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 10-17/818 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Уээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. …Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтыг албаны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 10-17/818 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Б.Ут хандаж Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг МҮЭ-ийн С***** амралтын баруун талд амралт сувиллын зориулалтаар эзэмшиж буй 13237 м.кв газрын "газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ"-ийг нөхөн төлөх буюу 81 539 920 төгрөгийг төлөх мэдэгдэл ирсэн. Захиргааны байгууллага нь иргэдийн эрхэд халдсан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах гэж байгаа тохиолдолд заавал хууль зүйн үндэслэлийг шалгаж байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар "Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана" гэсэн байна.
Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 10-17/818 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийн тухайд: Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар гаргасан Нийслэлийн засаг даргын 2013 оны А307, A309, A/915, 2024 оны А/343 дугаар захирамжуудыг үндэслэж гарсан байдаг. Нийслэлийн Засаг даргын А307, А309 захирамжууд 2013 оны 03 сарын 15-ны өдөр гарсан байх бөгөөд энэхүү захирамжийн үндэслэх хэсэгт Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалыг үндэслэж захирамж гаргасан байдаг. Тэгвэл ЗТБХБ-ын сайдын энэхүү 206 дугаартай тушаалыг БХБС-ын 2015 оны 234 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 сарын 01-ний өдрийн А/915 дугаар захирамж гарахдаа ЗТХБС-ын 2010 оны 206 дугаар тушаалын үндэслэж гарсан байх бөгөөд үндэслэл болгосон 206 тушаалыг БХБС-ын 2015 оны 234 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна.
3.2. Мэдэгдлийн үндэслэл болгоод буй А307, А309, А/915 дугаартай захирамжууд нь нэгэнт хүчингүй болсон тушаал, шийдвэрийн хэрэглэсэн байх тул хууль болон зорилгодоо нийцээгүй захирамж, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба тэдгээрийг мэдэгдлийнхээ үндэслэл болгоод байгаа нь эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт юм. Учир нь Захиргааны актын хууль зүйн үндэслэл гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа хэргийн нөхцөл байдал буюу маргаан бүхий захиргааны акт нь хуулийн ямар зүйл, заалтад хэрхэн тодорхойлогдож, зохицуулагдаж байгааг хэлдэг. Шүүхээс шийдвэр гаргахдаа мөн ЗАХИРГААНЫ АКТ нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т заасан шинжийг агуулж чадаж байна уу гэдгийг хамгийн түрүүнд шалгах ёстой. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас хариуцагчаас нэг зүйлийг асуусан огт хариулж чадаагүй.
Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ"-ийг нөхөн төлүүлэх эрхийг ямар хуулийн, аль заалтаар Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд олгосон бэ? гэж удаа дараа асуусан. Хариуцагчийн төлөөлөгч Газрын тухай хуулийн 33.1.2-т газрыг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын журмаар олгох заалтыг барьж энэхүү мэдэгдлийг өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл Газрын тухай хуулинд аймаг, сум, Нийслэлийн засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан байна. Манай зүгээс иргэнээс төлбөр авах, төлбөр нөхөж авах гэдэг бол нэг төрлийн татвар, иргэний өмчлөх, эд хөрөнгийн эрхэд халдаж байгаа бол Үндсэн хуульд заасны дагуу хууль заасан үндэслэл, журмын дагуу л халдаж болно гэх зарчмын дагуу асуултаа асуусан.
3.3. Нийслэлийн засаг дарга ав гэж даалгавар ирүүлсэн учраас ийм мэдэгдэл өгсөн гэх утга учиргүй, үндэслэлгүй тайлбарыг хариуцагч талаас хэлж, тайлбарлаж байхад түүнийг нь шүүх хүлээн авч буруутгах үндэслэл биш гэх мэтээр шийдвэртэй бичжээ. Шүүгч хараат бусаар, иргэний хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй эрхийг хамгаалах зорилгоор захиргааны хэргийн шүүх анх байгуулагдаж байсан. Газар эзэмших эрх гэдэг бол нэг талаараа эд юмсын эрх бөгөөд газрын эзэмших эрхийн гэрчилгээ авч тухайн газрын эзэмшиж эхэлсэн цагаас хойш тухайн эд хөрөнгө миний эзэмшил, нөгөө талдаа миний хөрөнгө гэж үзэж би өөрийн хувийн хөрөнгө оруулалтыг оруулж тухайн газрын үнэ цэнийг өсгөх арга хэмжээг авч ирсэн. Надад тухайн газрыг олгох үед ямар нэгэн дэд бүтэц, барилга байгууламж байхгүй байсан бөгөөд 10 гаруй жил эзэмшсэний дараа нөхцөл байдал аль хэдий нь өөрчлөгдсөн. Миний бие захиргааны газар эзэмшүүлэх шийдвэрт итгэж өөрийн хөрөнгө оруулалтыг хийж үл хөдлөх хөрөнгө барьж, газрын төлбөр, холбогдох бүх татвар, төлбөрүүдийг төлж ирсэн. Өөрөөр хэлбэл Захиргааны байгууллагын шийдвэрт итгэсэн ЗЕХ-ийн 4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах буюу захиргааны шийдвэр итгэж хөрөнгө оруулалт хийсэн миний эрх ашгийг шууд зөрчиж нэмэлт нөхөн төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч миний бие шүүхийн шийдвэр танилцуулах үед хүчингүй болсон тушаал, захирамжуудыг үндэслэл болгоод нөхөн төлбөр нэхээд байгаа мэдэгдэл гэх хууль бус шийдвэрийг юу гэж үзэж байна вэ? гэж асуухад Шүүгч нь төр өөрөө өмчлөгч учир ийм байдлаар төлбөр авах эсэх нь өмчлөгчийн эрх мэтээр тайлбар гаргасан. Мөн шүүгч шийдвэрээ танилцуулах үедээ тайлбарласан үндэслэлээ өөрийн бичгээр гаргасан тайлбартаа оруулаагүй байна. Энэ тайлбар байж боломжгүй тайлбар юм. Төр гэж бие даасан эзэн биетэй субьект биш одоо Монгол Улсад энэ нэр томьёо албан ёсоор хэрэглэдгүй байхад шүүгч ийм хуучинсаг үзэл хандлагаар захиргааны хэрэг маргааны шийдвэрлэж байгаад туйлаас гомдолтой байна.
3.4. Шүүхийн 128/ШШ2025/0394 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д Иймээс Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар гаргасан дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны захирамж, даалгаварыг хэрэгжүүлэх мэдэгдэл хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг шууд зөрчөөгүй байна гэж үзснийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Шүүх хурал дээр мэтгэлцэх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч талаас "ЗЕХ-ийн 27 дугаар зүйлийн 27.4-д сонсох ажиллагааг дараах apra хэлбэрээр явуулна гэсний дагуу 27.4.1-27.4.7-д заасан аль хэлбэрээр нь явуулсан юм бэ?" гэж асуухад 81 539 920 төгрөгийг төлөх мэдэгдэлээ ЗЕХ-ийн 27.2.1-т зааснаар өгсөн мэдэгдэл юм гэж тайлбарлаад байхад, шүүгч түүнийг хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзснийг хүлээн зөвшөөрөхгүй байна Сонсох ажиллагааг явуулсны дараа захиргааны шийдвэр буюу мэдэгдэлээ өгөхөөр ЗЕХ-ийн 27 дугаар зүйлд заасан байдаг. Мэдэгдэлд заасан нөхөн төлбөр гэх 81.539.920 төгрөгийг ХУД-ын газрын албанаас шүүхэд тайлбарлахдаа БХБС-ын 2007 оны 136 дугаар тушаал Газрын дуудлага худалдааны үнэ тогтоох аргачилалаар тооцож 81.539.920 төгрөг төлөх тооцоолол хийсэн байсан.
Гэтэл энэхүү БХБС-ын 2007 оны "Аргачилал батлах тухай" 136-р тушаалыг 2010.06.08-ны өдрийн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010.06.08-ны өдрийн 206 дугаартай аргачилал батлах тухай тушаалаар хүчингүй болгосон байна.
3.5. Нийслэлийн Засаг дарга 2024 онд А/343 захирамжаа гаргахдаа газрын эрх олгогдох үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу нөхөн төлүүлэхээр захирамжлаад байгаа нь хууль бус захиргааны акт юм. Тэгэхээр хуууль бус захирамжийн дагуу гаргасан мэдэгдэлийг "Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар гаргасан дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны захирамж, даалгаварыг хэрэгжүүлэх мэдэгдэл нь нэхэмжлэгчийн эрхийг шууд зөрчөөгүй байна" гэж шийдвэрлээд байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0394 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Б.Уээс Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан “тус даргын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 10-17/818 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2.2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/96 дугаар захирамжийг үндэслэн иргэн Д.Оюун-Эрдэнэд эзэмшүүлсэн 00030396 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газрыг гэрээний үндсэн дээр иргэн Б.У шилжүүлэн авсныг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/253 дугаар захирамжаар нэгж талбарын 8027/5152 дугаарт бүртгэн, 0004924** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар Хан-УУл дүүрэг, 12 дугаар хороо, С*****н амралтын баруун талд 13248 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, амралт сувиллын зориулалтаар эзэмших эрхтэй болж, өнөөдрийг хүртэл уг газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж буй үйл баримттай талууд маргадаггүй.
2.3. Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 10-17/818 дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар гарсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309, А/915, 2024 оны А/343 дугаар захирамжуудын дагуу ...газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийн төлбөр болох нийт 81,539,920 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг” мэдэгдье гэжээ.
2.4. Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхтэй холбоотой дээрх захирамжуудад дуудлага худалдааны анхны үнийг хэрхэн тогтоох, эзэмших, ашиглах газрын хэмжээнээс хамаарч төлбөрийг хэрхэн төлүүлэх, төлбөр төлөх мэдэгдлийг хэрхэн өгөх, цаашлаад төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд гарах үр дагаврын талаарх харилцааг зохицуулсан байх бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар албан даалгавраар “...Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, албаны дүрмийн 7.14.7-д заасан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны чиг үүрэгтэй холбоотойгоор ...газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг газар эзэмшигч, ашиглагчдад хүргүүлэх ...”-ийг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга нарт үүрэг болгосон байна. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10-17/818 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “…тус газрын дуудлага худалдааны анхны үнийн төлбөр болох нийт 81,539,920 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна уу” гэх мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Ут хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд, анхан шатны шүүхээс “...газрын дуудлага худалдааны үнийг нөхөн төлүүлэх талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжуудын биелэлтийг хангуулах талаар хариуцагч дүүргийн Газрын албаны даргын зүгээс арга хэмжээ авч албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй” гэх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
2.5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон ...төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ...дуудлага худалдаа төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж,
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах эрх хэмжээтэй байна” гээд, 23.2.1-т “газрын талаарх хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах”, 23.4-т “...дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна” гээд, 23.4.5-д “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж, ногдуулах” гэж тус тус заасан.
2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар гаргасан дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны албан даалгаврыг хэрэгжүүлж, мэдэгдэл хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхийг шууд зөрчсөн гэж үзэхээргүй байх бөгөөд анхан шатны шүүхийн “...уг мэдэгдэл нь шийдвэр гаргах ажиллагааны явцад сонсох ажиллагааг хэрэгжүүлж гаргасан баримт, үнийн дүн бүхий төлбөрийн талаар тайлбар, саналаа хэлээд явах боломж байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, үүгээрээ гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэх дүгнэлт хуульд нийцсэн байна.
3. Нэгэнт шүүхээс Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 10-17/818 дугаар албан бичгийг нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхийг шууд зөрчөөгүй гэх дүгнэлтийг хийсэн энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан “... хууль ёсны итгэлийг хамгаалах буюу захиргааны шийдвэрт итгэж хөрөнгө оруулалт хийсэн миний эрх ашгийг шууд зөрчиж нэмэлт нөхөн төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй, ... нийслэлийн Засаг дарга 2024 онд А/3434 захирамжаа гаргахдаа газрын эрх олгогдох үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу нөхөн төлүүлэхээр захирамжлаад байгаа нь хууль бус захиргааны акт юм...” гэх давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд одоогийн байдлаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон аливаа нэгэн захиргааны актыг эрх бүхий албан тушаалтнаас гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 394 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН