| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2019/00380/И |
| Дугаар | 525 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 525
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш овогт Ж-ын Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УАТСЭМТ-д холбогдох,
Сургалтын гэрээнийн дагуу цалин 4.476.464 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1.040.000 төгрөг, нийт 5.516.464 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие нь 1989 онд төрсөн, 30 настай. Би Этүгэн анагаах ухааны их сургуулийг 2014 оны 7 дугаар сард хүний их эмч мэргэжлээр төгссөн ба 2014 оны 9 дүгээр сараас Сагил суманд томилогдон 4 сар гаруй хугацаанд ажиллаад 2015 оны 1 дүгээр сараас эхлэн ТСЭМТ-д ажиллаж эхэлсэн. Улмаар ТСЭМТийн эрхлэгч, хүүхэд хариуцсан эмчээр 3 жил гаруй хугацаанд ажиллаж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Тариалан сумын Засаг дарга, ТСЭМТ-ийн дарга нартай хамтран гурвалсан гэрээ байгуулан дотор анагаах ухааны судлалын төрөлжсөн мэргэжлийн сургалтад байгууллагын захиалгаар 2 жилийн хугацаагаар суралцахаар болсон. Ингээд тухайн гэрээнийхээ дагуу сургалтандаа хамрагдан суралцаж байна. Тэгтэл бидний гурвалсан гэрээний 3.6-д Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 23 дугаар зүйлийн 23.3.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр бүлгийн 11.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 24 дүгээр зүйлийн 24.1, 35 дугаар зүйлийн 35.1.7, Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн суралцах хугацаанд ТҮЭМ-ийн IҮ-1 559.558 төгрөгөөр цалинжуулах үүргийг байгууллага хүлээнэ гэсэн заалтын дагуу 2018 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалин олгогдсон. Улмаар 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны гэрээний дагуух цалин олгогдоогүй, мөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүйгээр намайг хохироож байна. Би 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Тариалан сумын Засаг дарга болон ТСЭМТ-д гэрээнийхээ дагуу цалин гаргуулах өргөдөл гаргасан боловч одоо болтол шийдэж өгөөгүй тул шүүхэд хандаж байна. Иймд надад гурвалсан гэрээний дагуу олгогдох цалин 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарыг дуустал хугацааны цалин 4.476.464 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1.040.000 төгрөг, нийт 5.516.464 төгрөгийг ТСЭМТ-өөс гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин 2.238.232 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 520.000 төгрөг, замын зардал 276.000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, нийт 8.550.669 төгрөгийг ТСЭМТ-өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.Н-гийн төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шүүх дээр анх харлаа. Энэхүү гэрээ 5 хувь үйлдэгдэж 1 хувь нь Сумын засаг даргад, 1 хувь нь Эрүүл мэндийн төвд ирснээр бид нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг. Гэтэл энэхүү гэрээг нягтлан бодогч Ж.Н-аас удаа дараа шаардахад өгөөгүй бөгөөд Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн хооронд хийгдсэн гурвалсан гэрээг өгсөн байдаг. Гурвалсан гэрээнд Эрүүл мэндийн төв нь суралцах хугацааны цалин олгоно гэсэн хуулийн зүйл заалт байхгүй. Ж.Н-ийн төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ байгуулагдаад 1 жил болж байхад одоо болтол гэрээгээ ирүүлээгүй. Иймээс Ж.Н-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй. Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээний 3.4.7 заалтыг үндэслэж Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн даргатай гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Энэхүү гэрээний 3.4.7 заалтад Эрүүл мэндийн газраас Тариалан суманд нэн түрүүнд хүүхдийн эмч сургаж авах шаардлага хөтөлбөр төлөвлөгөөтэй байсан ба суралцагч Ж.Н нь хүний нөөцийн төлөвлөгөөний дагуу суралцаагүй бөгөөд дотрын эмчийн орон тоонд нөхөж суралцсан. Тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан С.Төгсболдтой утсаар энэ асуудлын талаар тодруулахад энэхүү гэрээг Ж.Н өөрөө хийж авчирч гарын үсэг зуруулсан, би сургах талаар албан тоот явуулаагүй, өөрөө би олон жил ажиллаж байна, сурмаар байна гээд явсан. Энэ талаар Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаяртай утсаар холбогдож тодруулан асуухад сумдаас манай эмчийг сургаж өгөөч гэсэн ямар ч албан бичиг ирээгүй, хүүхдийн эмчийн хуваариуд ирсэн боловч танайд хуваарь байгаагүй, Ж.Н тухайн үед би дотроор ч хамаагүй сурна гээд явсан хүн шүү дээ гэсэн хариу өгсөн. Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагч нь Монгол Улсын Эрүүл мэнд, спорт, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 97/56 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу суралцах ёстой. Суралцах заавар журмууд нь 97/56-р тоот тушаалын 1, 2, 3, 4 дугаар хавсралтаар тодорхой заагдсан байна. Үүнд: Аймгийн Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Эрүүл мэндийн хөгжлийн төв, сумын Эрүүл мэндийн төв, сумын Засаг дарга гэсэн 4 байгууллагатай суралцагч Ж.Н нь гэрээ байгуулан суралцдаг. Би урьд нь 2016-2018 оны хооронд суралцахдаа энэхүү гэрээний дагуу суралцаж төгссөн. Суралцагч Ж.Н нь энэхүү гэрээний дагуу суралцаж байгаа бол Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс сар бүр дүрэм журмынхаа дагуу тэтгэлгээ аван суралцаж байгаа. Иймд давхардуулж цалин олгох нэхэмжилж байгааг хууль бус гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд Ж.Н-ийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлөхийг зөвшөөрч байна. Харин Д.Цэвээнжав, Ж.Н нарын хооронд байгуулагдсан сургалтын гэрээ нь хууль бус гэрээ учир цалин, замын зардлыг гаргуулах боломжгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч УАТСЭМТ-д холбогдуулан сургалтын гэрээний дагуу цалин 4.476.464 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1.040.000 төгрөг, нийт 5.516.464 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа цалин 2.238.232 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 520.000 төгрөг, замын зардал 276.000 төгрөг, нийт 3.034.232 төгрөгөөр нэмэгдүүлэн 8.550.696 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нь Ж.Н-ийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлөхийг зөвшөөрч байна. Харин Д.Цэвээнжав, Ж.Н нарын хооронд байгуулагдсан сургалтын гэрээ нь хууль бус гэрээ, мөн Ж.Н нь Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс сар бүр тэтгэмж авч байгаа учир цалин олгох боломжгүй гэж маргаж байна.
2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төв, Увс аймгийн Эрүүл мэндийн газар, суралцагч Ж.Н нар нь Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2015 оны 97/56 тоот Журам батлах, зардлын жишиг, төлбөрийн хэмжээг тогтоох тухай хамтарсан тушаалыг үндэслэл болгон дотор судлалын мэргэжлээр 2 жилийн /үндсэн/ сургалтад төсвийн санхүүжилтээр суралцахаар харилцан тохиролцож, Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээг байгуулжээ.
Мөн УАТСЭМТ болон Ж.Н нар нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 35 дугаар зүйлийн 35.1.7, Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн суралцах хугацаанд 559.558 төгрөгөөр цалинжуулах үүргийг байгууллага хүлээхээр сургалтын гэрээ гэх нэртэй гэрээ байгуулсан байна.
Дээрх сургалтын гэрээний нийтлэг үндэслэл хэсэгт Энэхүү гэрээг нэг талаас ажил олгогчийг төлөөлж Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга Санж овогтой Төгсболд, нөгөө талаас ТСЭМТ-ийн их эмч ажилтай Ж овогтой Н /төсвийн санхүүжилтээр суралцагч/ нар харилцан тохиролцож байгуулав гэсэн атлаа гэрээ байгуулсан хэсэгт УАТСЭМТ-ийг төлөөлж тус Эрүүл мэндийн төвийн дарга Д.Цэвээнжав, суралцагч Ж.Н гэж гарын үсэг зурснаас үзэхэд нэхэмжлэгч хэнтэй нь гэрээ байгуулсныг тодорхойлох боломжгүй.
2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн сургалтын гэрээгээр суралцах хугацааны цалин олгохоор харилцан тохиролцохдоо Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.3.2-т гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөхөөр зохицуулсан зохицуулалтыг, мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдолд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална гэх зохицуулалтыг болон Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишигийг тогтоосон Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг баримталсан байна.
Гэтэл дээрх хуулийн заалтууд нь төрийн жинхэнэ албан хаагч болон үйлчилгээний албан хаагчийг албан тушаалаас нь томилох, чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг ямар тохиолдолд хэвээр хадгалах талаарх зохицуулалт байхад дээрх хуулийн заалтуудыг үндэслэн суралцагч Ж.Н-д цалин олгохоор тохиролцсон нь үндэслэлгүй.
Түүнчлэн Эрүүл мэндийн хөгжлийн төв, Увс аймгийн Эрүүл мэндийн газар, суралцагч Ж.Н нарын хооронд байгуулагдсан гурвалсан гэрээ нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан байхад суралцах хугацааны цалин олгох талаарх сургалтын гэрээ нь гурвалсан гэрээг байгуулагдахаас өмнө буюу 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байна.
Мөн дээрх нөхцөл байдал нь гэрч С.Мянганбаярын Увс аймгийн Тариалан сум нь хүн ам ихтэй сум учир дотор, хүүхэд болон эх барих эмэгтэйчүүдийн үндсэн мэргэжлийн эмч нар нэн шаардлагатай юм. Манай байгууллагаас 2016 онд Ж.Болормааг эх барих эмэгтэйчүүдийн үндсэн мэргэжлээр сургасан бөгөөд төлөвлөгөөний дагуу дараагийн сургах чиглэл нь дотор болон хүүхдийн эмч юм. Тиймээс Ж.Н-г хүүхэд судлалын хуваарь ирээгүй учраас дотор судлалаар сургасан гэх, Ц.Отгонбаярын Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга С.Төгсболд нь Ж.Н-г хүүхдийн эмчээр сургаж өгөхийг хүссэн албан тоотыг манай байгууллагад ирүүлж байсан. Гэвч тухайн үед хүүхдийн эмчийн хуваарь байхгүй байсан учраас Ж.Нгийн өөрийнх нь өргөдөл хүсэлтийг үндэслэн дотор судлалын үндсэн мэргэжил эзэмшүүлэх 2 жилийн сургалтад явуулсан. Энэхүү сургалт нь төрөөс төсвийн санхүүжилтээр явагддаг сургалт юм. Тухайн үед Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн газар, ТСЭМТ болон суралцагч Ж.Н нар харилцан гэрээ байгуулж сургасан болно. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 10 дугаартай Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ-ний дагуу Ж.Н нь суралцах ёстой. Уг гэрээгээр эхний 3 сарын үндсэн цалинг захиалагч байгууллага олгох бөгөөд цаашид суралцагч Эрүүл мэндийн хөгжлийн төвөөр дамжуулан төрийн сангаас сар тутам төгсөх хүртлээ тэтгэлэг авах ба захиалагч байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлдөг гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, тэдний хүсэл зоригийг бүрэн илэрхийлээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгчийн суралцах хугацааны цалин 6.714.696 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нийгмийн даатгалын шимтгэл 1.560.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Ж.Н-ийн суралцах хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагч байгууллагаас 2019 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 921.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагадаа нэмэгдүүлэн шүүхэд 2 удаа ирж, явсны зардал 276.000 төгрөг гаргуулахаар шаардаж, хот хооронд орон нутгийн нийтийн тээврээр зорчих 4 ширхэг тасалбарыг ирүүлсэн атлаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүхэд ирж, явсны зардал бус журамд заасны дагуу сургалтын замын зардал гаргуулна гэж тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Ж.Н нь шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ эдэлснийхээ төлөө гарсан зардлыг нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой.
Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 97/56 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтын 4.2.4-т Суралцагчийн сургалтад анх ирэх, төгсөөд очих замын зардлыг захиалагч эрүүл мэндийн байгууллага нь хариуцана гэж заажээ.
Нэхэмжлэгчээс ирүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Улаангом сум руу явах тасалбарын сургалтад очих чиглэл өөр байх тул сургалтад анх очсон замын зардлын баримт гэж үзэх боломжгүй, мөн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Улаангом сумаас Улаанбаатар хот руу явах тасалбар нь цаг хугацааны хувьд сургалт эхэлсэн хугацаанаас хойшхи тасалбар байх тул эдгээр баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн замын зардал 276.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Улаангом сумаас Улаанбаатар хот руу явах тасалбарын зорчигчийн нэр бичсэн хэсэг арилсан байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Мөн хариуцагч талаас гаргаж ирүүлсэн УАТСЭМТ-ийн 2019 оны хөдөлмөрийн дотоод журам нь нэхэмжлэгч Ж.Н-г сургалтад суралцахаар явсны дараа буюу 2019 онд батлагдсан журам байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүйг дурдав.
Гэрч С.Бадамсэрээжидийн Намайг томилогдохоос өмнө Увс аймгийн Тариалан сумын Засаг даргаар С.Төгсболд гэж хүн ажиллаж байсан. С.Төгсболд нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдсөн, шүүхэд мэдүүлэг өгөх боломжгүй. Миний бие тухайн сумын Засаг даргаар томилогдсон тул мэдүүлэг өгч байгаа болно. Увс аймгийн Тариалан сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Төгсболд, ТСЭМТийн дарга Д.Цэвээнжав, тус сумын их эмч Ж.Н нартай Суралцагчийн гэрээг байгуулсан байсан. Миний хувьд тус гэрээний талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн Суралцагчийн гэрээг хууль ёсны эсэхийг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг нь хэрэгт хамааралгүйг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасныг баримтлан хариуцагч УАТСЭМТ-өөс 2019 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 921.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх сургалтын гэрээний дагуу цалин 6.714.669 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 638.400 төгрөг, замын зардал 276.000 төгрөг, нийт 7.629.069 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.971 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 921.600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19.802 төгрөгийг хариуцагч УАТСЭМТ-өөс гаргуулан нэхэмжлэгч Ж.Нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасныг баримтлан хариуцагч УАТСЭМТ-өөс 2019 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 921.600 /есөн зуун хорин нэгэн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх сургалтын гэрээний дагуу цалин 6.714.669 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 638.400 төгрөг, замын зардал 276.000 төгрөг, нийт 7.629.069 /долоон сая зургаан зуун хорин есөн мянга жаран ес/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.971 /нэг зуун тавин гурван мянга есөн зуун далан нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УАТСЭМТ-өөс 19.802 /арван есөн мянга найман зуун хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ