| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0107/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/124 |
| Огноо | 2023-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0107/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч З.Наранчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Жавхлант овгийн **********ын **********т холбогдох 2339001470154 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
********** нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний орой 17 цаг 00 минутын орчимд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн иргэн Д.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цохих, хоолойноос нь боож унагах үйлдлээр зодсоны улмаас хохирогч Д.Нын биед зүүн чамархайн дэлбэнгийн урд хонхорт цусан хураа, духны баруун дээд хэсэгт шарх, тархины хаван доргилт, дух, зүүн мөр, тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн талын шанаа, духны зүүн хэсгээр цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ********** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Тухайн үед утас нэгжгүй болж байсан. Мотоциклийн масло байхгүй болсон учир хохирогч руу залгасны дараа “би морин дээр чинь ирчихлээ, чи гараад ир дээ” гэж хэлсэн. Тэгээд гараад очихын завдалгүй “чи яах гэж над руу залгаад байгаа юм, чи над руу залгадаг хэн бэ” гэж хэлээд шууд намайг барьж аваад нэг цохисон. Тэгэхээр нь “та яагаад намайг цохиж байгаа юм бэ, би танаас юм асуух гэж байсан шүү дээ” гэж хэлэхэд “чи надаас юу асуудаг юм бэ” гэж хэлсэн...” гэв.
Эрүүгийн 2339001470154 дугаартай хэргээс:
-Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 43 дугаар хуудас/
-Хохирогч Д.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би өмнө нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвд байх МТ шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн үед над руу ********** 2 удаа залгасан. Тэгэхээр нь буцааж залгаад яагаад залгаад байгаа юм бэ гэсэн чинь юм дугарахгүй болохоор нь би чи хаана байгаа юм гэсэн чинь ********** Х ахын гэрт байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа салгаад Х ахын гадаа очсон чинь ********** гараад ирэхээр нь өмнө нь ам зөрөлдөж байсан болохоороо уур хүрээд нэг удаа цохисон. Тэгсэн чинь ********** намайг зөрүүлж зүүн хацар хэсэгт цохиод боогоод унагаасан. Тэгээд зүүн дух чамархай хэсэгт минь нэг удаа цохисон. Тэгээд ********** бид 2 нэлээн зууралдаж байгаад цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/,
“...Намайг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх МТ шатахуун түгээх станц дээр ажил дээрээ байж байтал манай сумын харьяат ********** миний 98868609 Дугаарын утас руу 96763606 дугаарын утаснаас над руу хэд хэдэн залгасан мессеж Ирэхээр нь ********** луу залгаад чи яах гээд байдаг юм, хаана байна гэж асуутал сумын төв буюу 4 дүгээр багт Х ахын хашаанд байна гэсэн. Би Х ахын хашааны гадаа яваад очтол ********** хашаанаас нь ганцаараа гарч ирсэн тэгээд урьд өмнө нь муудалцсан байсан болохоор уур хүрээд **********ын шанаа руу нэг удаа цохисон гэтэл ********** намайг буцааж цохиод, цамцны захаар боогоод газар унагаагаад дээрээс нь цохисон. Бид хоёр нэлээд зууралдаж байгаад цагдаа дуудсан. ...Миний толгойны зүүн, баруун хэсэг, шанаа руу хэд хэдэн удаа цохисон. Мөн газар унагаагаад дээрээс цохисон. Тэр үед миний духны баруун хэсэгт толгой маань хагарч эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Би **********ыг нэг удаа шанаа хэсэг руу нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтуяагийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаартай “...Д.Нын биед зүүн чамархайн дэлбэнгийн урд хонхорт цусан хураа, духны баруун дээд хэсэгт шарх, тархины хаван доргилт, дух, зүүн мөр, тохой хэсгийн зеелен эдийн няцрал, зүүн талын шанаа, духны зүүн хэсгээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,
-Хэнтий аймгийн Баян-Овоо сумын эмнэлгийн Г.Бийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,
-Шүүгдэгч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тэгээд удалгүй Д.Н нь эргэж над руу залгаад шууд "яах гэж над руу залгаад байгаа юм" гэсэн. Тэгэхээр би "масло асуух гэж залгасан юм" гэж хэлсэн чинь утсаа тасалчихсан. Тэгээд удалгүй Д.Н нь эргүүлж залгаснаа гэрийн чинь Гадаа байна гараад ир гэж хэлсэн. Тэгээд намайг гараад очтол "яах гэж над руу залгаад байгаа юм" гээд шууд намайг зүүн талын шанаа руу маань цохисон. Тэгээд эргэж өөрийн өмсөж явсан клонкийн ажлын хувцсаа тайлж шидээд над руу дахиад дайрахаар нь би цааш нь түлхэж зууралдсан. Тэгсэн чинь ********* над руу дахиад дайрсан. Би Д.Нд "яагаад байгаа юм бэ, ямар учиртай юм бэ" энд морь мал уяж байна. Битгий хэрүүл маргаан үүсгээд бай, хүнтэй муудмааргүй байна яв гэж хэлсэн. Тэгсэн ч гэсэн Д.Н нь над руу дайраад байсан. Тэгээд намайг дахин нэг удаа зүүн шанаа руу цохихоор нь би Нямлхагвын зүүн шанаа руу цохисон. Мөн зүүн тал руу нь цохисон. Тэгээд дахиад дайраад ирэхээр чи яагаад байгаа юм бэ боль гэж хэлээд түлхсэн чинь Д.Н нь газар ойчоод өгсөн. Тэгээд босож ирэхдээ дух нь шалбарсан байсан. Тэгээд Д.Н над руу хандан "чи бол намайг барахгүй, би чамтай харьцдаг хүн биш, би та нар шиг шувууны баастай харьцдаггүй" гэж загнаж байгаад яваад өгсөн... ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар:
1.1.Шүүгдэгч ********** нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний орой 17 цаг 00 минутын орчимд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн иргэн Д.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цохих, хоолойноос нь боож унагах үйлдлээр зодсоны улмаас хохирогч Д.Нын биед зүүн чамархайн дэлбэнгийн урд хонхорт цусан хураа, духны баруун дээд хэсэгт шарх, тархины хаван доргилт, дух, зүүн мөр, тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн талын шанаа, духны зүүн хэсгээр цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
-Хохирогч Д.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би өмнө нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвд байх МТ шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн үед над руу ********** 2 удаа залгасан. Тэгэхээр нь буцааж залгаад яагаад залгаад байгаа юм бэ гэсэн чинь юм дугарахгүй болохоор нь би чи хаана байгаа юм гэсэн чинь ********** Х ахын гэрт байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа салгаад Х ахын гадаа очсон чинь ********** гараад ирэхээр нь өмнө нь ам зөрөлдөж байсан болохоороо уур хүрээд нэг удаа цохисон. Тэгсэн чинь ********** намайг зөрүүлж зүүн хацар хэсэгт цохиод боогоод унагаасан. Тэгээд зүүн дух чамархай хэсэгт минь нэг удаа цохисон. Тэгээд ********** бид 2 нэлээн зууралдаж байгаад цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг,
“...Намайг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх МТ шатахуун түгээх станц дээр ажил дээрээ байж байтал манай сумын харьяат ********** миний 98868609 Дугаарын утас руу 96763606 дугаарын утаснаас над руу хэд хэдэн залгасан мессеж Ирэхээр нь ********** луу залгаад чи яах гээд байдаг юм, хаана байна гэж асуутал сумын төв буюу 4 дүгээр багт Х ахын хашаанд байна гэсэн. Би Х ахын хашааны гадаа яваад очтол ********** хашаанаас нь ганцаараа гарч ирсэн тэгээд урьд өмнө нь муудалцсан байсан болохоор уур хүрээд **********ын шанаа руу нэг удаа цохисон гэтэл ********** намайг буцааж цохиод, цамцны захаар боогоод газар унагаагаад дээрээс нь цохисон. Бид хоёр нэлээд зууралдаж байгаад цагдаа дуудсан. ...Миний толгойны зүүн, баруун хэсэг, шанаа руу хэд хэдэн удаа цохисон. Мөн газар унагаагаад дээрээс цохисон. Тэр үед миний духны баруун хэсэгт толгой маань хагарч эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Би **********ыг нэг удаа шанаа хэсэг руу нь цохисон...” гэх мэдүүлэг,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтуяагийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаартай “...Д.Нын биед зүүн чамархайн дэлбэнгийн урд хонхорт цусан хураа, духны баруун дээд хэсэгт шарх, тархины хаван доргилт, дух, зүүн мөр, тохой хэсгийн зеелен эдийн няцрал, зүүн талын шанаа, духны зүүн хэсгээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл,
-Хэнтий аймгийн Баян-Овоо сумын эмнэлгийн Г.Бийн үзлэгийн тэмдэглэл,
-Шүүгдэгч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тэгээд удалгүй Д.Н нь эргэж над руу залгаад шууд "яах гэж над руу залгаад байгаа юм" гэсэн. Тэгэхээр би "масло асуух гэж залгасан юм" гэж хэлсэн чинь утсаа тасалчихсан. Тэгээд удалгүй Д.Н нь эргүүлж залгаснаа гэрийн чинь Гадаа байна гараад ир гэж хэлсэн. Тэгээд намайг гараад очтол "яах гэж над руу залгаад байгаа юм" гээд шууд намайг зүүн талын шанаа руу маань цохисон. Тэгээд эргэж өөрийн өмсөж явсан клонкийн ажлын хувцсаа тайлж шидээд над руу дахиад дайрахаар нь би цааш нь түлхэж зууралдсан. Тэгсэн чинь ********* над руу дахиад дайрсан. Би Д.Нд "яагаад байгаа юм бэ, ямар учиртай юм бэ" энд морь мал уяж байна. Битгий хэрүүл маргаан үүсгээд бай, хүнтэй муудмааргүй байна яв гэж хэлсэн. Тэгсэн ч гэсэн Д.Н нь над руу дайраад байсан. Тэгээд намайг дахин нэг удаа зүүн шанаа руу цохихоор нь би Нямлхагвын зүүн шанаа руу цохисон. Мөн зүүн тал руу нь цохисон. Тэгээд дахиад дайраад ирэхээр чи яагаад байгаа юм бэ боль гэж хэлээд түлхсэн чинь Д.Н нь газар ойчоод өгсөн. Тэгээд босож ирэхдээ дух нь шалбарсан байсан. Тэгээд Д.Н над руу хандан "чи бол намайг барахгүй, би чамтай харьцдаг хүн биш, би та нар шиг шувууны баастай харьцдаггүй" гэж загнаж байгаад яваад өгсөн... ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна..." гэх мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
1.2.Шүүгдэгч ********** нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний орой 17 цаг 00 минутын орчимд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн иргэн Д.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цохих, хоолойноос нь боож унагах үйлдлээр зодсоны улмаас хохирогч Д.Нын биед зүүн чамархайн дэлбэнгийн урд хонхорт цусан хураа, духны баруун дээд хэсэгт шарх, тархины хаван доргилт, дух, зүүн мөр, тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн талын шанаа, духны зүүн хэсгээр цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч **********ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч **********ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Нын эрүүл мэндэд биед зүүн чамархайн дэлбэнгийн урд хонхорт цусан хураа, духны баруун дээд хэсэгт шарх, тархины хаван доргилт, дух, зүүн мөр, тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн талын шанаа, духны зүүн хэсгээр цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч ********** нь энэ хэргийн хохирогч Д.Нын эрүүл мэндэд биед зүүн чамархайн дэлбэнгийн урд хонхорт цусан хураа, духны баруун дээд хэсэгт шарх, тархины хаван доргилт, дух, зүүн мөр, тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн талын шанаа, духны зүүн хэсгээр цус хуралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан байна.
2.2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д.Н нь хохирол, хор уршигтай холбоотой баримт бүрдүүлж хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч **********ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч **********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралдаанд: “...шүүгдэгч **********ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч **********ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, учирсан хохирол зэргийг нь харгалзан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, энэхүү ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч ********** нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нын биед хөнгөн хохирол учирсан хэдий ч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан зардалгүй зэргийг дурдуулах саналтай...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч **********ын тухайн гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч ...миний гар утас руу дохиод, салгаад байсан. Тэгээд би **********ын гадаа нь өөрөө очсон. Гараад ирэхээр нь өмнө ам зөрж байсан болохоор уур хүрээд шууд нэг удаа цохичихсон. Түүний дараа ********** намайг цохисон... гэж мэдүүлэг өгдөг /хх-н 7 дугаар хуудас/. ********** ...тухайн үед утасны нэгж дууссан байсан. Колонкийн түгээгч хүн учир залгаж масло асуух гээд залгасан боловч утас маань нэгжгүй байсан учир дохисон. Тэгээд хохирогч уурлаад гадаа ирээд намайг үгийн зөрөөгүй цохиж авсан. Хохирогч согтуу дайраад байхаар нь би нэг удаа цохиод, цааш түлхэхэд унасан. Унаад босож ирэхдээ тухайн гэмтлийг авсан байсан... гэж мэдүүлэг өгдөг. Энэхүү нөхцөл байдлаас харахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байх магадлалтай учир энэхүү зүйл ангид хамаарч байна гэж үзэж байна. Хэдийгээр хоорондоо муудалцсан ч гэсэн нэг сумын хүмүүс учир эвлэрсэн. Манай үйлчлүүлэгч хохирогчоос уучлалт гуйж, шүүгчийн туслахыг ярихад хохирогч шүүхэд гомдол, саналгүй, оролцохгүй гэж хэлсэн байсан. Шүүх хуралдаанаас өмнө бидний зүгээс хохирогчтой уулзах гэсэн боловч саяхан болсон цаснаар хөдөө малын эрэл явагдсан учир уулзаж чадахгүй байсан. Мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад зааснаар хохирогчтой эвлэрсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Ял шалгах хуудсаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь харагдаж байна. Хувийн байдалтай холбоотой гэрч нарын мэдүүлгээр зөрчил үйлдээд яваад байдаггүй, даруу төлөв зантай, мал малладаг, уяач, ах дүү нартайгаа амьдарч гэр бүлээ тэжээдэг зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг торгуулийг түүний орлогыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна...”,
Шүүгдэгч ********** шүүх хуралдаанд: “...Хэлэх үг байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.3.Шүүгдэгч **********т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
3.4.Шүүхээс шүүгдэгч **********ын үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч **********т шүүхээс оногдуулсан 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч ********** энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Жавхлант овгийн **********ын **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **********т оногдуулсан 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **********т оногдуулсан 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч **********т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч ********** энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР