Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 529

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: С овогт Т-ийн Д-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: О овогт Ц-ийн Б-д холбогдох,

       Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Д, хариуцагч Ц.Б, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нөхөр Ц.Б-тай 2010 онд танилцаж хамт амьдарсан. Бидний амьдралын хугацаанд 2012 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүү Б.Г төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Гэтэл сүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, архи уусан үедээ агсам согтуу тавьж зоддог болсон. Миний хувьд хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Үүнээс хойш хүүхдийн хүмүүжилд маш их сөргөөр нөлөөлж байгаа тул цаашид хамт амьдрах боломжгүй байна. Иймээс Ц.Б-аас гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хүү Б.Г-ыг өөрийн асрамжид авч, хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

           Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2010 онд Т.Д-тай гэр бүл болсон. Энэ үед бид хоёр ийм таагүй орчинд ирнэ гэж бодоогүй. Т.Д нь өөрийн нэг хүүхэдтэй ба бид 3 хамт амьдарч эхэлсэн. 2012 оны 4 дүгээр сарын 15-нд бид хоёрын дундаас Б.Г хүү маань төрсөн. Эхнэр Т.Д-г би урьд өмнө нь хэцүү амьдрал давсан эмэгтэй хүний хувьд маш их хүндэлж, бусдын дор оруулахгүй сайхан амьдруулахын төлөө өдөр, оройгүй хүйтэн халууныг ажрахгүй барилгын хүнд хүчир ажлыг нойр хоол муутай амьдрахын төлөө зүтгэж гэрийнхнийгээ дулаан орчинд хоол ундтай, хувцастай явуулахыг бодож зүтгэж явсан буруу болно гэж бодоогүй ясан. Т.Д нь гэрт хүүхдүүдээ хараад миний олсныг зарцуулаад суудаг нэгэн. Ойр хавийн айлын дэл сул, хов живэнд итгэн намайг буруугаар ойлгон хамт ажилладаг эмэгтэйтэй хардаж хэрүүл хийсэн удаа ч байгаа. Намайг ажлаас ирэхэд хоол цай хийгээгүй байхыг аав маань хараад хөгшин хүн юм хэлэхэд Т.Д аавтай минь хэрэлдэж, түүнээс болж намайг ажилд явсан хойгуур ээж нь ирээд эд хөрөнгөө аваад явсан. Би Т.Д-г согтуу очиж дарамталж, занчиж байсан удаа нэг ч үгүй, архи ууж явах үе надад ховор. Би ийм хов жив, хэрүүлтэй орчинд хүүхдээ энэ эмэгтэйд өгөхгүй. Би өөрийнхөө хүүхдээ өөрөө асарна. Энэ оны 11 дүгээр сарын үеэр цастайд хүү дээрээ очиход ямар ч хувцас авч өгөөгүй байхаар нь би өөрөө хүүгээ хувцаслаж өгсөн. Тухайн үед намайг бусдад буруугаар ойлгуулах зорилгоор Түргэн сумын цагдаад хэлж бариулна гэхээр нь би бусдаас ичиж эмээгээд хүүдээ хувцсаа өгчихөөд явсан. Хүүтэйгээ ярих гэхээр яриулдагггүй мөртлөө мөнгө нэхэхдээ өдөр шөнөгүй залгаж дарамтлаад авъя гэснээ авдаг. Би өөрийн мах цусны тасархай үр хүүхдээ бусдад өгөх хүсэл алга, хүүгээ би хэний ч нүүр харуулахгүй өөрөө өсгөөд, сургаад аваад явах чадвартай. Би хүүгээ өгөхгүй, тэтгэлгийн мөнгө ч өгөхгүй. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж хүүг минь надад өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Гэрлэгчид нь 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2012 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүү Б.Г төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

      Гэрлэгчид нь гэр бүлийн хүчирхийлэлтэй байдал болон хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас  2019 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Т.Д, Ц.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

          Зохигчдын дундаас төрсөн хүү Б.Г-ын санал, төрсөн цагаас хойш эхийн асрамжид байгаа зэргийг харгалзан эх Т.Д-гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.Г-ыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Ц.Б-гаар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

         Шүүх хүүхдийг эх Т.Д-гийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй. 

            Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.

      Нэхэмжлэгч Т.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.411 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-гаас 172.411 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Д-д олгох нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар С овогт Т-ийн Д, О овогт Ц-ийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Г-г эх Т.Д-гийн асрамжид үлдээсүгэй.

          3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Г-г 11 нас  хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ц.Б-аар тэжээн тэтгүүлсүгэй.

           4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

        5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

         6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.

        7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.411 /нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч хариуцагч Ц.Б-гаас 172.411 /нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Д-д олгосугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ