| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2019/00531/И |
| Дугаар | 03 |
| Огноо | 2019-12-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 03
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт Ц-ийн О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т овогт С-ын Б-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч С.Б, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь С.Б-той 2015 онд гэр бүл болж, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Б-ийг төрүүлсэн. Гэр бүл болсон цагаас С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг, согтуу үедээ үргэлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хэл амаар байнга доромжилдог байсан. Энэ бүх зүйлийг өөрийн болон хадам аав, ээждээ хэлэхгүй тухай бүрт нь нуудаг байсан. Гэтэл удаа дараа миний биед гэмтэл учруулж байсан. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож охин бид хоёрыг ална гэж айлган сүрдүүлж, мөн энэ өдөр хутга барьж дайран миний биед гэмтэл учруулж байсан. Тухайн өдөр цагдаагийн байгууллагын алба хаагчид ирж авч яван шалгах гэсэн боловч өөрийн болон гэр бүлийн нэр хүнд амьдралаа бодоод цагдаад шалгуулахгүй гомдолгүй гэж гаргаж авч байсан нь өнөөдөр миний буруу болжээ. С.Быг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьдгийг найз нөхөд, аав ээж нь ч мэддэг. Охин Б.Б нь аавыгаа оройтох бүрт архи уусан байх, согтуу ирээд одоо таныг зодондоо гэх мэтээр үргэлж сэтгэл зүйн дарамтанд байдаг байсан. Аав нь согтуу ирээд орилж чарлан, зодох үед үргэлж ээжээ хувцсаа аваад зугатъя гэдэг байсан. Охин бид хоёр үргэлж айдастай, сэтгэл зүйн дарамттай амьдарч ирсэн юм. С.Б-той хэрэлдэж маргалдах үед үргэлж үхнэ гэж айлгадаг байсан. Тэрээр 2019 оны 6 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл М.Уянга гэгчтэй гэр бүлээс гадуурх харилцаатай болсон тул эвлэрүүлэн зуучлахаар орох шаардлагагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл удаа дараа миний биед гэмтэл учруулж зодож сэтгэл санааны болон бие махбодийн хувьд дахин энэ хүнтэй эдгээр үйлдлүүдийг нь тэвчиж амьдарч чадахгүй тул эвлэрүүлэн зуучлалд хандаагүй болно. Биед гэмтэл учруулсныг миний бие фото зургаар бэхүүлж хавсаргасан болно. Иймд миний бие охин Б.Б болон өөрийнхөө аюулгүй байдал, эрүүл мэнд, эрх чөлөөгөө хамгаалж гэр бүл цуцлуулах хүсэлтэй байна. Нөхөр С.Б-оос гэр бүл цуцлуулж, бага насны хүүхдийг эх миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.О-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний хувьд гэр бүлээ цуцлуулах сонирхолгүй байна. Бидний асуудлыг эвлэрүүлэн зуучлалаар оруулж, эвлэрүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёрын гэр бүлийн маргаан 2018 оны хавраас эхэлсэн. Тухайн үед Ц.О нь цагдаагийн алба хаагчтай гэр бүлээс гадуур харилцаатай болсон. Улмаар энэ талаар хадам ээждээ хэлсэн боловч охиноо өмөөрсөн. Хадмууд маань амьдралд хэт их оролцдог учраас бидний хооронд байнгын хэрүүл маргаантай байдаг. Ц.О-ийн нэхэмжлэлд дурдсан М.Уянга гэгчтэй төрийн алба хаагчийн тоглолтод хамт оролцсон бөгөөд тоглолтын дараа бүгдээрээ 1, 2 удаа гарч шоудсан асуудал байгаа. Түрүүн шүүхэд тайлбар өгөхдөө эвлэрүүлэх арга хэмжээ авч өгөх талаар хүссэн. Гэвч одоо шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч С.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Б төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заажээ.
Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч Ц.О нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандах ёстой байсан боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ С.Б нь түүнийг зодсон талаарх гэрэл зургуудыг хавсарган ирүүлсэн, уг гэрэл зургууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа хэдий ч хариуцагч нь түүнийг зодсоноо хүлээн зөвшөөрсөн тул гэрэл зургийг нотлох баримтаар үнэлж, хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Гэрлэгчид нь гэр бүлийн хүчирхийлэлтэй байдал болон хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2019 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Ц.о, С.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын дундаас төрсөн охин Б.Б нь эх Ц.О-ийн асрамжид өсөж торниж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаагаас гадна Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно гэж заасан байх бөгөөд талууд хүүхдийг эхийн асрамжид үлдээхийг харилцан тохиролцож, асрамжийн талаар маргаагүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх тул охин Б.Б-ийг эхийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Б.Б-ийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг С.Б-оор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх хүүхдийг эх Ц.О-ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.
Нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.411 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-оос 172.411 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-т олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг нотлох баримтын хамт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Б овогт Ц-ийн О, Т овогт С-ын Б-О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Б.Б-ийг эх Ц.О-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Б-ийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг С.Б-оор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.411 /нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч хариуцагч С.Б-оос 172.411 /нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-т олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ