| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2019/00345/и |
| Дугаар | 480 |
| Огноо | 2019-11-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 480
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Ф-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Н-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.500.000 төгрөг, алданги 72.000 төгрөг, нийт 3.572.000 гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Үндэслэлгүй хөрөнгөжсөн 277.720 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Ж.Н, гэрч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ф шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ж.Н-д 53.000.000 төгрөгөөр 2 өрөө байраа зарсан. Байрны нийт төлбөрөөс 49.500.000 төгрөгийг төлсөн, нэмж 3.500.000 төгрөг төлөх ёстой. Тухайн үедээ гэрээ байгуулж 1 жилийн дотор үлдэгдэл төлбөр болох 3.500 000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй. Уг гэрээ хэлцэлд хугацаандаа төлбөр барагдуулаагүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног дутамд 0,1 хувийн алданги төлөх гэрээ хэлцэл байгуулж, талууд хоорондын зөвшөөрсөн гарын үсэг зурсан. Уг төлбөрийг 1 жилийн дотор утсаар болон гэрт нь очиж нэхэмжилсэн боловч өгөөгүй заримдаа утсаа авахгүй байсан. 2018 оны 11 дүгээр сард манай нөхөр н.Б, Ж.Н-д очиж үлдэгдэл төлбөрөө нэхэхэд 1.500.000 төгрөгийг нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлж барагдуулна, үлдсэнийг нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө төлж барагдуулъя гэсэн амлалт өгсөн боловч өгөөгүй. Иймд үндсэн төлбөр 3.500.000 төгрөг, алданги 72.000 төгрөг, нийт 3.572.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ж.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А.Ф-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие А.Ф-тай 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1329 дүгээр Орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулж, Улаангом сум, 3 дугаар баг, Галданбошигт хороолол, 12 дугаар байрны 9 тоот, 45 м.кв байрыг 49.500.000 төгрөгөөр худалдан авсан болно. Миний бие уг гэрээний дагуу нэхэмжлэгч А.Ф-аад төлөх ёстой 49.500.000 төгрөгөөс 14.850.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны 5822111188 тоот данс руу шилжүүлж, үлдэгдэл мөнгийг Хаан банкнаас орон сууцны ипотекийн зээл авч, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч А.Ф-ийн 5800711699 тоот данс руу 34.650.000 төгрөгийг шилжүүлж, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1329 дүгээр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу тохирсон 49.500.000 төгрөгийг бүрэн төлж барагдуудсан болно. Одоо надад нэхэмжлэгч А.Ф-аад төлөх ёстой төлбөр тооцоо байхгүй бөгөөд мөн уг гэрээний дагуу алданги төлөх үндэслэл байхгүй болно. Учир нь дээрх орон сууц худалдах-худалдан авах гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу гэрээний төлбөр болох 49.500.000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,1 хувийн хүү тооцохооор тохирсон. Миний бие гэрээний үүрэг болох 49.500.000 төгрөгийг 2018 онд бүрэн гүйцэт төлж барагдуулсан тул уг гэрээний дагуу өөрийн хүлээсэн үүргийг биелүүлсэн. Иймд хүү төлөх үүрэг байхгүй болно. Дээрх гэрээний дагуу би орон сууцыг 49.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан шиг 53.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулаагүй болно. 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн нотариатчаар гэрчлүүлсэн баталгааны хувьд тухайн үед бид нэхэмжлэгчид байрны мөнгөө төлөөгүй байсан бөгөөд банкнаас зээл аваад удахгүй төлөхөөр тохирсон байсан. Банкнаас авах зээл болон өөрт байсан мөнгө маань нийлээд байрны мөнгөнөөс бага зэрэг дутаж магадгүй байсан тул энэ талаараа нэхэмжлэгчид хэлэхэд нэхэмжлэгч намайг Орон сууц худалдах-худалдан авах гэрээний төлбөр болох 49.500.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр бичиг хийгээд өгөөд дараа төлж болно гэж хэлээд уг бичгийг хийлгэж авсан. Өөрөөр нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг 53.000.000 төгрөгөөр гэрээ байгуулсан зүйл байхгүй. Би гэрээний дагуу бүх төлбөрөө төлж дуусгасан тул надад одоо төлөх төлбөрийн зөрүү гэх зүйл байхгүй. Мөн анх 2018 оны 6 дугаар сард А.Ф надаас 6.000.000 төгрөг зээлж авсан байсан ба уг мөнгөө төлөх боломжгүй байна гээд бид баталгаа гэх баримт үйлдсэн. Тухайн баримтыг хийхдээ А.Ф өөрөө байгаагүй ба 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр буюу баталгаа бичигдсэнээс хойш 13 хоногийн дараа А.Ф манай эхнэр Р.А, түүний дүү Ц.Б-ийн данс 5819422961 руу 6.000.000 төгрөгийг хийгээд миний 5819135513 гэсэн дансанд уг мөнгө орж, урьдчилгаа бүрдэж байсан. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Нэхэмжлэгч А.Ф амьдарч байсан байрныхаа халаалтын төлбөр 277.720 төгрөгийг надаар төлүүлсэн. Иймд энэхүү халаалтын төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ф нь хариуцагч Ж.Н-д холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.500.000 төгрөг, алданги 72.000 төгрөг, нийт 3.572.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Ж.Н нь нэхэмжлэгч А.Ф-аад холбогдуулан Үндэслэлгүй хөрөнгөжсөн 277.720 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбар зэргээс үзэхэд 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1329 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ[1]-г худалдагч Ц.Б, А.Ф нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н төлөөлж, худалдан авагч Ж.Н, Р.А нар байгуулсныг Увс аймгийн тойргийн нотариатч Ж.О гэрчилсэн байна. Уг гэрээний дагуу гэрчилгээний 000376924, улсын бүртгэлийн Ү-1520004854 дугаартай, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галданбошигт хорооллын 12 дугаар байрны 9 тоотод байрлах, 45 м.кв талбай бүхий орон сууцыг Ц.Б-аас Ж.Н-д шилжүүлэх, худалдан авагч нь 49.500.000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэхэд төлж дуусгах, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө дуусгаагүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0,1 хувийн хүү тооцон төлөхөөр талууд тохиролцсон буюу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах-худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн байна.
Дээрх гэрээний дагуу иргэн Ц.Б, А.Ф нар тухайн орон сууцыг худалдан авагч Ж.Н, Р.А нарын өмчлөлд шилжүүлсэн нь хавтаст хэргийн 29 дүгээр хуудаст авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ж.Н, Р.А нарын Хаан банк ХХК-ийн Увс салбартай байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн БГ201843705140 дугаартай Барьцааны гэрээ-нд заасан барьцаа хөрөнгө гэсэн хэсэг, мөн талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Мөн хариуцагч Ж.Н нь орон сууцны үнэ буюу урьдчилгаа 14.850.000 төгрөгийг А.Ф-ийн Хаан банк дахь 5822111188 дугаарын данс руу 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, үлдэх 34.650.000 төгрөгийг мөн нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5800711699 дугаарын данс руу 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тус тус шилжүүлсэн нь хэрэгт авагдсан Мөнгөн шилжүүлгийн баримт[2], 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ201843705140 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ[3]-ээр тус тус нотлогдож байна.
Талууд дээрх гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид 49.500.000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хэргийн 6 дугаар хуудаст авагдсан Иргэн Ц.Б-нд баталгаа гаргах нь гэсэн баримтыг үндэслэн Орон сууцыг анх 53.000.000 төгрөгөөр үнэлж зарсан. Ж.Н байрны төлбөрөөс 49.500.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэх 3.500.000 төгрөгийг алдангийн хамтаар төлөх ёстой хэмээн нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Тухайн баталгаа гэх баримтыг хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримттай харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт дээр Иргэн А.Ф гэж гарын үсэг зурсан, харин хариуцагчийн баримтад А.Ф-ийн гарын үсэг зурагдаагүй, мөн Иргэн Ц.Б-нд баталгаа гаргах нь гэсэн атлаа Ц.Б гарын үсэг зурж баталгаажуулаагүй зэргээс дүгнэхэд уг баримтад анхнаасаа зөвхөн Ж.Н, Р.А нар гарын үсэг зурсан нь тогтоогдож байгаа бөгөөд энэ нь нотариатч Ж.О-ны гарын үсгийн Бүртгэлийн дэвтэр-ийн 431 дүгээрт бүртгэгдсэн гарын үсгээр батлагдаж байна.
Мөн гэрч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа А.Ф нь Хаан банк ХХК-ийн Увс салбарт ажилладаг тул түүнийг ажил хэргийн шугамаар танина. Харин Ж.Н-ийг танихгүй, гэхдээ 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ж.Н нь өөрийн эхнэрийн /бор царайтай, намхан нуруутай эмэгтэй байсныг сайн санаж байна/ хамт ирээд орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийсэн нь үнэн. Энэхүү 1329 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г А.Ф, Ц.Б нарыг төлөөлж Т.Н, нөгөө талаас Ж.Н, Р.А нар хийснийг миний бие баталгаажуулж, өөрийн Гэрээ III гэсэн Бүртгэлийн дэвтэр-ийн 1329 дугаарт бүртгэж, гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байна. Харин талууд энэхүү гэрээгээ хийхдээ орон сууцны үнийг 53.000.000 төгрөг шүү гэсэн зүйл огт яриагүй. Хэрэв тийм зүйл яригдсан бол 1329 тоот гэрээний Нэмэлт нөхцөл гэсэн хэсэгт энэ тухай дурдаж өгдөг. Гэтэл 1329 тоот гэрээний 7 дахь заалт буюу Нэмэлт нөхцөл гэсэн хэсэгт юу ч тэмдэглэгдээгүй байна. Иймээс гэрээнд орон сууцны үнийг 49.500.000 төгрөгөөр тогтоосон гэсэн үг. Харин Иргэн Ц.Б-нд баталгаа гаргах нь гэсэн баримтад Ц.Б өөрөө гарын үсэг зураагүй байна. Тиймээс энэ нь зөвхөн Ж.Н, Р.А нарын гарын үсэгтэй баримт байгаагаас гадна миний бие тэдний Гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн байна гэжээ.
Энэхүү гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч Т.Н, Ц.Б нарын өгсөн мэдүүлгийг үгүйсгэж байгаа бөгөөд Т.Н нь Би үлдэгдэл 3.000.000 төгрөгөө баримтжуулж авмаар юм биш үү гэж хэлсний үндсэн дээр тусад нь 3.000.000 төгрөгийн хэлцэл хийгдсэн гэж мэдүүлсэн боловч уг баримт нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт Ц.Б-аас А.Ф-аад олгосон итгэмжлэл буюу уг баримтад түүнийг төлөөлөн гарын үсэг зурах эрх олгосон баримт авагдаагүй, уг баримтад хэлцлийн нэг тал буюу зөвхөн Ж.Н, Р.А нар гарын үсэг зурсан, мөн тухайн баримтад 3.000.000 төгрөг төлөх нь үнэн гэсэн байгаагаас өөрөөр буюу 3.500.000 төгрөг гэсэн зүйл бичигдээгүй, түүнчлэн энэхүү баталгаанд алданги-ийн талаар тусгаагүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Ж.Н нь нэхэмжлэгч А.Ф-аад холбогдуулан Үндэслэлгүй хөрөнгөжсөн 277.720 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож, хэргийн 33 дугаар хуудаст авагдсан Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн тооцооны баримтыг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч А.Ф нь уг төлбөрийн хувьд маргаагүй бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас суутгуулах хүсэлтэй байгаагаа уг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа дурджээ.
Гэвч хариуцагч нь Улаангом сумын 3 дугаар баг, Галданбошигт хорооллын 12 дугаар байрны 9 тоот орон сууцны халаалтын төлбөр буюу 2017 оны 2 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөр 277.720 төгрөг төлсөн байх боловч хариуцагч Ж.Н уг байрыг 2018 оны 6 дугаар сараас хойш эзэмшиж, өмчилсөн тухай шүүх хуралдаан дээр мэдүүлсэн тул нэхэмжлэгч А.Ф-аас 2017 оны 2 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр 247.737 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.Н-д олгох үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Н-ээс Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.500.000 төгрөг, алданги 72.000 төгрөг, нийт 3.572.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Ф-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар нэхэмжлэгч А.Ф-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу 2017 оны 2 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны халаалтын төлбөр 247.737 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.Н-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 29.983 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Ф-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72.102 төгрөг, хариуцагч Ж.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.982 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Ф-аас 247.737 төгрөгт ногдох 8.082 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.Н-лд олгох нь зүйтэй.