Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 508

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: У-У ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Ц.Б-д холбогдох,

     Хөдөлмөрийн болон Эд хөрөнгийн хариуцлагын гэрээний дагуу компанид учруулсан хохирол 26.850.794 төгрөг, алданги 6.770.516 төгрөг, нийт 33.621.310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ш, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч У-У ХХК-ийн захирал Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэдүүлсэн шаардлагадаа: Ц.Б 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх 9 сарын хугацаанд манай компанийн Тэс сумын шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгчээр ажилласан. Ц.Б-тэй сар бүр тооцоо нийлж тооцоог нягталдаг байсан. Ц.Б-тэй 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тооцоо нийлэхэд тооцооны үлдэгдэл 42.685.571 төгрөг, бараа материал 23.553.660 төгрөг, аж ахуй нэгжийн зээл 3.044.330 төгрөг, хувь зээл 16.087.581 төгрөгийн тооцоотой байсан байна. Ц.Б нь дээрх бензин шатахууныг хүмүүст болон ард иргэдэд зээлээр өгсөн байх ба уг өр төлбөрөө өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Иймд Ц.Ба-ээс бензин шатахууны төлбөр болох 16.087.581 төгрөг, байгууллагын санхүүгийн дотоод журмын дагуу байгууллагад учруулсан санхүүгийн хохиролд ноогдуулах алданги /өдрийн 0.3 хувиар тооцож/ болох 2.895.760 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж 252.867 төгрөг төлсөн болно. ...Тэс сумын шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан Ц.Б-тэй 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тооцоо нийлэхдээ манай нягтлан бодогч Д.О тооцооны үлдэгдэлийг алдаатай баталгаажуулсан байна. Иймд өмнө нь нэхэмжилсэн дүн дээр нэмж бензин шатахууны үнэ, алдангийн хамт 14.637.969 төгрөгийг нэхэмжилж байна. Ц.Б-ээс Хөдөлмөрийн болон Эд хөрөнгийн хариуцлагын гэрээний дагуу компанид учруулсан хохирол 26.850.794 төгрөг, алданги 6.770.516 төгрөг, нийт 33.621.310 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

              Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ам бүл 3, эхнэр хүүгийн хамт амьдардаг. 2018 онд Увс аймгийн Тэс суманд амьдарч байхдаа тус оны 11 дүгээр сард У-У ХХК-ийн салбарт түгээгчээр ажилд орсон. 2019 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд ажилласан. Ажиллах хугацаандаа тус компанийн менежер Я.Ш-д танилцуулж хэлж байгаад 3.260.000 төгрөг буцаан төлөх гэрээтэйгээр зээлдэн авсан. Хувь хүмүүс болон нутгийн ард иргэдэд 6.500.000 төгрөгийн бензин болон шатах тослох материал зээлээр өгсөн. Мөн албан байгууллагуудад санхүү бүртгэлийн анхан шатны бичиг баримт хөтлөн 3.800.000 гаруй төгрөгийн бензин, шатах тослох материал зээлээр өгсөн. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тус компаниас тооцоо нийлсэн н.О, нягтлан н.Ж нар ирж савны үлдэгдлийг хэмжиж тооллого хийж тулгахад 14.000.000 орчим төгрөгийн төлбөр гарч ирсэн. Улмаар түгээгчээр хамт ажиллаж байсан Б.Д-д ажил хүлээлгэн өгсөн. Ард иргэдэд өгсөн зээлээ цуглуулж өгөхөөр болж, өөрийн зээлсэн хувь зээлээ төлж барагдуулахаар болсон. Тэр үед эхнэрийн бие өвдөж, эмчилгээ хийлгэн ард иргэдээс зээлээ цуглуулж өгөх боломж олдохгүй явсаар миний бие Увс аймгийн төвд Хилийн цэргийн 0245 дугаар ангид ажилд орсон. 2020 оны 3 дугаар сард 14.000.000 төгрөгийг төлж барагдуулах саналаа хэлж, түүнээс өмнө уг төлбөрийг барагдуулах амьдралын боломжгүй болохоо танилцуулсан. Тооцооны нягтлан н.О Зээл төлбөрийн алдангийг нэмээд 18.800.000 төгрөг боллоо гэж хэлсэн. Тэгээд миний бие Давст сумын чиглэлд хил рүү ажлын шугамаар 1 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэв. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр аймгийн төв орж тооцооны нягтлан н.О-тэй уулзахад Тооцоо дахин шалгамаар байна гэсэн. Хамт сууж шалгахад Тоолуураар гараагүй савнаас 2800 летр бензин дутаж байна гэсэн. Сав бол онгойх боломжгүй байх ёстой. Тэгээд Газар дээр нь тоолж байхдаа яагаад хэлээгүй юм бэ, одоо төлбөр хэд болж байгаа юм гэхэд 26.000.000 орчим болж байна, алданги тооцоод 31.000.000 төгрөг болж байна гэсэн. Иймд би зөвхөн үндсэн төлбөр буюу 26.850.794 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийн хувьд би амьдарлын боломжгүй тул алданги 6.770.516 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний тайлбарыг харгалзан үзэж үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан Хөдөлмөрийн болон Эд хөрөнгийн хариуцлагын гэрээний дагуу компанид учруулсан хохирол 26.850.794 төгрөг, алданги 6.770.516 төгрөг, нийт 33.621.310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

       Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ-гээр хариуцагч Ц.Б 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн У ХХК-ийн Тэс сум дахь Шатахуун түгээх станцын эрхлэгчээр томилогдсон буюу талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн.

        Мөн тухайн өдөр ажил олгогч болон ажилтан нар Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулж, уг гэрээний 2.5-д Ажилтан өөрийн буруугаас хариуцсан бараа материал, эд хөрөнгө, машин механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үрэгдүүлсэн, дутаасан, эвдсэн буюу гэм хор учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн хариуцана гэж зааснаас үзэхэд талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан ажээ.

         Гэвч 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн Тэс сумын Шатахуун түгээх станцын түгээгч Ц.Б-ийн тооцоо гэх акт, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа №11/01 гэх баримтуураар хариуцагч Ц.Б У ХХК-ийн Тэс сум дахь Шатахуун түгээх станцын эрхлэгчээр 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд ажиллахдаа байгууллагад нийт 26.850.794 төгрөгийн өр үүсгэж, хохирол учруулсан нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч энэхүү өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна.

       Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр хууль тогтоомжид заасан гэсний дагуу хариуцагч Ц.Б-ээс компанид учруулсан хохирол 26.850.794 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ундарга-Увс ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

         Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Алданги 6.770.516 төгрөгийг гаргуулах тухай үндэслэлээ байгууллагын бусдад төлж байгаа зээлийн гэрээний үүрэгтэй холбон тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

       Учир нь нэгдүгээрт, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ-ний 3.5-д Ажил олгогчид учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг актын үндсэн дээр бодитой тогтоох, нөхөн төлүүлэх гэж зааснаас үзэхэд ажилтны учруулсан хохирлын хэмжээг актаар тогтоож, актын дагуу гарсан бодит хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан байна.

       Хоёрдугаарт, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасантай хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ-ний холбогдох заалтуудыг харьцуулан үзэхэд талууд ажилтны учруулсан эд хөрөнгийн хохиролд анз буюу алданги тооцохоор тусгайлан тохиролцоогүй буюу анзын гэрээг бичгээр байгуулаагүй байна.

        Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа, хариуцагч нь өөрийн татгалзаж байгаа үндэслэлээ тус тус нотолсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ дурдсан Байгууллагын санхүүгийн дотоод журам гэх баримт бичгийг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй тул тухайн журамд алданги-ийн тухай хэрхэн зохицуулсаныг тогтоох, тодруулах боломжгүй байгаа ба нэхэмжлэгч нь алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж үзэв.

         Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар хариуцагч Ц.Б-ээс Хөдөлмөрийн болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу компанид учруулсан хохирол 26.850.794 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ундарга-Увс ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Алданги 6.770.516 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 484.007 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс 26.850.794 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 292.204 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгох нь зүйтэй.