Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/155

 

   2023      07        05                                        2023/ШЦТ/155

                                

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                       

             

Хэргийн индекс:180/2023/0144/Э  

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хишигбаатар, 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д  холбогдох эрүүгийн 2339002430271 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгоны төв гудамж 7-4 тоотод байх өөрийн эзэмшлийн монгол гэртээ 2023 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эх******* О.Д-г "бусадтай хардаж" маргалдан, улмаар О.Д-гийн нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхины хэсэг, баруун, зүүн хацар, хамрын нуруу хэсэг болон бүсэлхий хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч С.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339002430271 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч О.Д-гийн (хх-ийн 24-26-р хуудас), гэрч О.Пүрэвдоржийн (хх-ийн 31-32-р хуудас),  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт (хх-ийн 45-46-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56, 58, 59-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339002430271 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Б нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч С.Б нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгоны төв гудамж 7-4 тоотод байх өөрийн эзэмшлийн монгол гэртээ 2023 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эх******* О.Д-г "бусадтай хардаж" маргалдан, улмаар О.Д-гийн нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхины хэсэг, баруун, зүүн хацар, хамрын нуруу хэсэг болон бүсэлхий хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....эх******* Д-тай   найз Цогтоогийнд очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд архи ууж байгаад эх******* Д  нь харьж унтлаа гээд харьсан. Тэгээд би согтчихсон шөнө 02 цагийн үед сэрээд гэр рүүгээ очиход гэр маань гэрэлгүй байхаар нь хаалгаа тогшсон чинь хаалгаа онгойлгохгүй байсан тэгсэн хэр нь гэрт дотор хүн дуугараад байхаар би хатавчин завсраар гараа хийгээд онгойлгох гэтэл гарыг маань дотор талаас бариад тэгээд би хэн юм бэ гэсэн дугарахгүй байснаа хаалга дотор талаас онгойлгоод намайг түлхээд эрэгтэй хүн зугтаасан. Тухайн үед харахад манай найз Дэлгэрдалай гэх залуу гараад гүйчихсэн. Би хойноос нь хөөгөөд барьж авч чадаагүй алдсан юм. Тэгээд би гэр рүүгээ ороод гэрлээ асаагаад хартал эх******* Д  согтуу хамаг хувцсаа тайлчихсан чармай нүцгэн унтаж байхаар нь би уурлаад Д гийн нүүр хэсэгт 2 удаа алгадахад зүүн нүдний дээд зовхи, баруун, зүүн хацар, хамрын нуруу хэсэгт гэмтэл учирсан. Би цохисондоо гэмшиж байна дахин ийм зүйл гаргахгүй...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуусаад ахындаа унтаад сэрсэн учир бараг эрүүл болчихсон бүх зүйлийг санаж байгаа...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч О.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 21-ний орой манай хойд талын айл болох Мөнхцоожийн гэрт нөхөр бид хоёр хамт ороод Мөнхцоож болон түүний нөхөр Цогтоо бид дөрөв архи, пиво ууцгаасан. Би пиво уугаад согтоод унтах гээд байхаар нь гэртээ орж унтахаар Мөнхцоожийн гэрээс ганцаараа гарсан. Манай нөхөр Мөнхцоожийн гэрт үлдсэн. Би гэртээ орж байснаа санаж байгаа бөгөөд цаашаа юу болсон талаар огт санахгүй байгаа юм. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн орчим нөхөр Б намайг сэрээгээд чи шөнө намайг орж ирэхэд нүцгэн шалдан унтаж байсан. Дэлгэрдалай хаалга дотор талаас нь татаад намайг оруулахгүй байсан, хаалга татсаар байгаад гэрт орж ирэхэд Дэлгэрдалай миний хажуугаар дайрч гараад зугтсан гээд намайг чи Дэлгэрдалайг дуудсан гээд хардаж хэрүүл маргаан үүсгээд гичий, нохой, гөлөг минь гэж доромжлоод байхаар нь би санахгүй байна, чи намайг гүтгээд байгаа юм биш үү гэж хэлээд гэрээс гараад Мөнхцоожийн гэр лүү орох гэтэл босоогүй унтаж байхаар нь буцаад гэртээ орох гэтэл нөхөр Б араас ирээд Мөнхцоожийн хашаан дотор гараараа миний баруун нүдэнд нэг удаа цохиж зодсон. Миний баруун нүд халуун оргиод хавдаж хөхөрсөн. Би уурлаад тосгоны Эрүүл мэндийн төвд очиж Халиунаа эмчид үзүүлээд тодорхойлолт хийлгэж авсан. Болсон явдлын талаар төрсөн дүү Пүрэвдоржид хэлсэн чинь цагдаад дуудлага өгсөн байсан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч О.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...намайг гэртээ 2023 оны 05 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагаас 03 цагийн орчимд унтаж байхад манай эгч Д  над руу залгаад нөхөртөө зодуулчихлаа гэж хэлэхээр нь би Хэнтий аймгийн цагдаагийн газрын дуудлага мэдээлэл хүлээн авах 102 дугаарын утсанд залгаж дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед хүргэн ах Б-ийг манай эгчийг зодоод байдаг юм байна гэж бодоод уурлаад дуудлага өгсөн боловч дараа нь үнэн учир шалтгааныг нь мэдсэн. Тухайн үед миний сонссоноор Д  эгч гэртээ өөр залуутай шалдан байж байгаад хүргэн ах Бат-Эрдэнэд баригдаад түүнд нь уурласан хүргэн ах эгчтэй маргалдсан гэдгийг нь согсоод би буцааж Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу залгаад дуудлага мэдээллээ буцаая гэсэн чинь боломжгүй талаар хэлсэн...Тухайн үед надтай эгч Д  холбоо мэдээллийн хэрэгслээр холбогдсон бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал мэдрэгдсэн. Би тухайн үед үнэн учрыг нь мэдсэн бол цагдаагийн байгууллагад хандахгүй байсан...” (хх-ийн 31-32-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаартай дүгнэлтэд:

1. О.Д-гийн биед зүүн нүдний дээд зовхины хэсэг, баруун, зүүн хацар, хамрын нуруу хэсэг болон бүсэлхий хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт (хх-ийн 45-45-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй..., Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй... гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч С.Б-ийн хохирогч О.Д-гийн нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон гэмт үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхины хэсэг, баруун, зүүн хацар, хамрын нуруу хэсэг болон бүсэлхий хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, хохирогчийн зүгээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч С.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч С.Б нь хохирогч О.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч О.Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 Иймд шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлднийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 6, эх*******, 4 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, орлого олох боломжийг харгалзан үзэж уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

                                   

Эрүүгийн 2339002430271 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 ( гурав )сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн 2339002430271 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР