Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 98

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Ч овогт М-ын А-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: З овогт Б-ийн Б-т холбогдох,

       Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 онд Б.Бтэй танилцаж, 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр охин Б.А-г төрүүлсэн. Б.Б нь надтай танилцахаасаа өмнө гэр бүлээсээ салаад 4 жил болсон боловч гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байсан. Надтай амьдрах хугацаандаа гэрлэлтээ цуцлуулна гэдэг байсан боловч гэрлэлтээ цуцлуулаагүй. Бид хоёр Б.Б-ийн аав, ээжтэй нь хамт амьдарч байгаад 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хойш тус тусдаа амьдрах болсон. Би өөрийн гэсэн тодорхой ажилгүй, удахгүй охин цэцэрлэгт орох болсон тул Б.Б-ээс хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь М.А-тай гэр бүлийн  харилцаатай байсан нь үнэн. М.А-ын гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Б.Б-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд М.А, Б.Б нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаатай байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон байна.

      Тэдний дундаас 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр охин Б.А төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

      Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ гэж заасан ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус хуульчилжээ.

       Иймд охин Б.А нь эх М.А-ын асрамжид өсөж, торниж байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу З овогт Б-ийн А-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 32.011 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.А-д олгох нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар З овогт Б-ийн А-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.011 /гучин хоёр мянга арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 32.011 /гучин хоёр мянга арван нэг/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.А-д олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ