Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 10

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: М.А-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: УЦ.Б-д холбогдох,

     Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2003 онд Ц.Б-тэй гэр бүл болж, 2004 онд гэрлэлтээ батлуулсан. Бид 10 жил хамт амьдарсан ба 2004 онд хүү Б.Т, 2010 онд хүү Б.Э-ыг төрүүлсэн. Бид хамт амьдарч эхэлсэн эхний үед гэр бүлийн харилцаа хэвийн байдаг байсан. Сүүлдээ хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болж 2012 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн ба одоог хүртэл тусдаа амьдарч байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг дараа хэрэгцээ шаардлага гарсан үедээ нэхэмжилнэ. Энэ хөрөнгийн хувьд бидний дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь гэрчилгээ давхардсан үндэслэлээр маргаантай байгаа тул энэхүү асуудал шийдвэрлэсний дараа эд хөрөнгийн маргаанаа шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ. Миний бие 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан ба эвлэрэл амжилтгүй болсон. Цаашид бид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг миний асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.А-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцав. Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

           Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Ц.Б холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

        Гэрлэгчид 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

         Нэхэмжлэгч, хариуцагч нар 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Т, 2010 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүү Б.Э нар тус тус төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

         Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар 2012 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6-д зааснаар М.А, Ц.Б нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн саналыг харгалзан хүү Б.Т, Б.Э нарыг эх М.А-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ийн 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.А-аад олгох нь зүйтэй.

           Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдав.