Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/234

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         06            27                                  2023/ШЦТ/234

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,  

улсын яллагч Ж.Батбаатар,

шүүгдэгч Ц.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000336 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эмэгтэй, 0 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 баг, 0-0 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ын Н /РД: хх00000000/

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Н- нь 2023 оны 06 дугаар сарын 10-ны шөнө 02 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “хх” дотор хохирогч Ц.Б-г нөхөр Б.П- руу нь агсарсан гэх шалтгаанаар ууж байсан пивоны шилээр нүүр хэсэгт нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн шанаанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Ц.Н- мэдүүлсэн: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм муухай зүйл хийсэндээ үнэхээр их харамсаж байна...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 06 дугаар сарын 09-ний орой 21 цагт би, эхнэр З-, найз Б-, түүний эхнэр А- найз П-, түүний эхнэр Н- нарын хамт “хх” бааранд орсон. Тухайн баарнаас шөнийн 00 цагт гарцгаасан. Ингээд бид зургаа дээр нэмэгдэж найз Б- ирчихсэн байсан бөгөөд бид долоо шөнийн 00 цаг 30 минутын үед Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Ххх бааранд орсон. Тус бааранд орохоос өмнө найз Б- нь Ххх баар руу ярьж захиалга өгсөн. Бид нар тэгээд тус баарны 2 давхарт гарч 2 ширээнд тусдаа суусан. Бид нар барагцаагаар шөнийн 02 цаг 30 минутын үед баарнаас гарч байсан бөгөөд тухайн үед Н- надад хандан юм яриад байсан. Харин бид хоёрын хажууд П- байсан. П- нь намайг явъя гээд гарнаас татахаар нь би байж бай гээд гараараа түүний хацар луу нэг удаа алгадсан. Нэг мэдсэн чинь би эмнэлэг дээр ирчихсэн, гар, хамаг хувцас маань цус болчихсон байсан. Бид нар “хх” бааранд 0,75 литрийн 2 шил виски, хүний нэг нэг 0,33 литрийн пиво уусан. Харин Ххх бааранд 0,75 литрийн 1 шил виски уусан. П-, Б-, З-, Б- нар халамцуу, бусад нь согтуу байсан. Н- яагаад намайг пивоны шилээр цохисныг би мэдэхгүй байна, уг нь бид 2 маргалдаж муудалцаагүй. Би Н-г цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 29х/,  

 

-Гэрч Ц.З- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 02 цаг 30 минутын үед Ххх баарны гадаа би, найз Б-, А-, Б- нарын хамт байсан. Харин дотор манай нөхөр Б-, найз П-, Н- нар байсан. П- бид нарыг дуудсан бөгөөд манай нөхрийн толгой хагарчихсан, Н- пивоны шилээр цохисон гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-н 31х/,

 

         - Гэрч Б.П- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Ц.Н- нь намайг өмөөрөөд ширээн дээр байсан пивоны шилээр Ц.Б-гийн толгой руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би Н-г салгаад, гарч Б-ийг дуудчихаад буцаад ортол Б-гийн толгойноос цус гарч байсан. Ийм л үйл явдал болсон Б-, З- бид 3 халамцуу, бусад нь согтуу байсан. Тухайн үйл явдал болоход би, Н-, Б- бид 3 л байсан. Ер нь тухайн үед Б- нэлээн согтчихсон, тасарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 33х/,

 

- Гэрч Ч.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 00 цагийн үед би, эхнэр А-, найз Б-, З-, П-, Н-, Б- нарын хамт “хх” баарнаас гарсан. Би гадаа гарчихаад Ххх баарны 0000000 дугаар луу залгаж “ажиллаж байгаа юм уу” гэхэд ажиллаж байна гэж хэлсэн. Тэгээд эрэгтэйчүүд нь барагцаагаар шөнийн 01 цагийн үед Ххх баарны гадаа очиход тус баарны ажилтан нь хаалганыхаа гадаа байсан. Ингээд бид нар дотогш орж тус баарны 2 давхарт суусан. Тэгтэл араас удалгүй  барагцаагаар 10-15 минутын дараа эмэгтэйчүүд буюу Н-, А-, З- нар ирсэн. Тэд нар бид нарын хажуугийн ширээнд суусан. Тэгээд бид нар баарнаас вискиний сет авсан бөгөөд сетэд 1 шил виски, пивонууд дагалдаж ирсэн. Ингээд хэсэг сууж байгаад барагцаагаар шөнийн 02 цагийн үед бид нар тус баарнаас гарсан. Харин Н-, Б- нар нь бааран дотор үлдсэн. Бид нар гадаа тэр хоёрыг хүлээж зогссон, гарч ирэхгүй удаад байхаар нь Н-гийн нөхөр П- дотогш орсон. П- удалгүй баарны ажилтантай хамт гарч ирээд “найз чинь бөөн цус болчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дотогш ортол Б- өөдөөс алхаад ирж байсан бөгөөд түүний толгой нь хагарчихсан, цус гарч байсан. Тэгээд Б-г аваад эмнэлэг явсан. Б- хэлэхдээ “П-ы эхнэр Н- намайг пивоны шилээр цохьчихлоо” гэж хэлсэн. Би тэгэхээр нь П-аас юу болсон юм бэ гэхэд “намайг дотогш ороход Б- над руу агсраад намайг алгадсан юм, тэгтэл Н- Б-г пивоны шилээр цохьчихсон” гэж хэлсэн. Ийм л үйл явдал болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 37х/,

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 519 дугаартай:

1.2. Ц.Б-гийн биед зүүн шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

5. Зүүн шанаанд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 42-43х/,

 

-Шүүгдэгч Ц.Н-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд 2023 оны 06 дугаар сарын 10-ны шөнө 02 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Ххх бааран дотор хохирогч Ц.Б- шүүгдэгч Ц.Н-гийн нөхөр Б.П-г алгадсны улмаас   Ц.Н- нь Ц.Б-гийн шанаа руу пивоны шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн шанаанд шарх бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Ц.Н- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Ц.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Улсын яллагч шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолгох гэсэн саналыг гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, 160.2-т “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж ялтаны торгох ялыг биелүүлэх хугацааг улсын яллагчийн санал болгосон хугацаанд биелүүлэхээр хуульд заасан байх тул хугацааг тогтоох шаардлагагүй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Н-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ын Н-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н- нь 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Си-Ди 1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ