Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 00095

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга С.Гончигбал,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Иргэдийн төлөөлөгч Л.Жаргалсайхан,

Хохирогч Б.Сувдаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгч Н.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намжилсүрэнгийн Даариймаад холбогдох эрүүгийн 20160600083 дугаартай, 132/2016/0093/Э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 2, охины хамт, Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Доод эвэрт” гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цоогон овогт Намжилсүрэнгийн Даариймаа /РД:ИБ67090201/.

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Н.Даариймаа нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний орой Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хялганат самбар”-ын ойролцоо 28-83 ОРХ улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад замын хажуу руу онхолдсоны улмаас Ц.Жаахан, С.Баатар нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Н.Даариймаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 03 сарын 21-ний өдөр 10 цагийн үед сумын төврүү багийн даргын сонгуульд нөхөр Баатар, манай найз Жаахан, нөхөр Өсөхбаярын хамт, Рэнцэнбямба хүүхэдтэйгээ бид 6 миний машинтай явсан. Сонгууль 16 цагийн үед дууссан. Өсөхбаяр банкны зээл авах байсан тул түүнийгээ хөөцөлдөөд оройтсон. Бид хоёр машиндаа түлш авчихаад найзындаа очиж хоол идсэн. Нөхрөө тэнд үлдээгээд гадуур ажлаа хөөцөлдөж байгаад оройхон Өсөхбаяр, Жаахан, Рэнцэнбямба хүүхэдтэйгээ зургуулаа буцсан. Замд нөхөр маань зогс гээд буусан. Тэгээд очтол архи ууж байсан.Тэгээд хүлээж байтал талийгаач Жаахан “миний цүнхэнд дарс байгаа” гээд гаргаад ирэхээр нь хоёулаа уусан. Тэгээд бид нарыг явж байтал “Булангийн адаг” гэх газар их гэрэл унтарсан. Өсөхбаяр бууж үзээд гал хамгаалагч нь шатсан байсныг янзлаад цаашаа явж байтал дахиад гэрэл унтраад би араагаа салгах гэтэл болохгүй болохоор тоормос гишгэсэн. Эхний уналтаар хоёр талийгаач маань унасан, хэд эргэснийг мэдээгүй машинд Рэнцэнбямба хүүхэдтэйгээ байсан.Тэгээд буугаад очиход хань маань амьсгалгүй байсан, найз дээрээ очиход мөн цус алдаад бас л амьсгаагүй болсон байсан. Тэгтэл араас Өлзий ирж бидэнд тусалж эмнэлэг, цагдаа дуудсан. Хань ижил, найз нөхдөө алдсандаа дэндүү их харамсаж байна. Сэтгэл санаа хямарч байнгын эмчилгээнд байсан. Би үргэлж эмнэлэгээр явдаг байсан. Одооноос гайгүй байгаа. Хохирогч эхлээд 30 сая төгрөг нэхэмжилж байснаа дараа нь  20 сая төгрөгөөр тохирсон. Би хохирлыг 15 сая, 5 сая төгрөгөөр 2 удаа төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Сувдаагийн өгсөн: Тухайн өдөр намайг Орхон аймагт байхад 10 цагийн үед Рэнцэнбямба гэж хүн утсаар хэлж хэргийн талаар мэдсэн. Манай гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиолдсон. Бид нарын хувьд аавыгаа алдчихаад ээжийгээ явуулна гэхэд үнэхээр хэцүү байна. Ээждээ гомдол саналгүй. Миний аав, ээж хоёр мал малладаг, айлын бүх ажил ээжийн маань нуруун дээр үлдсэн. Ар гэрийн байдал үнэхээр хэцүү, амьдрал утга учраа алдсан. Ээжид минь  хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

201606000083 дугаар  эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Ө.Бямбахүрэлийн өгсөн: ...Би 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр томилолтоор гадаад улсад явж байхдаа уг осол болсон талаар мэдсэн. Би ээжийгээ зам тээврийн ослоос болж нас барсанд гомдолтой байна. Оршуулгын зардал, хүмүүсийн цайллага болон бусад зүйлд нийт 10000000 орчим төгрөг зарцуулсан. Одоо аав Л.Өсөхбаяр маань төрсөн дүү Ө.Жанчивын хамт мал маллан амьдарч байна. Ө.Жанчивыг их сургуульд орж цаашдын амьдралд хөл тавихад ээж маань их тус болох байсан. Тиймээс оршуулгын болон сэтгэл санааны хохиролд 30000000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх 31-32 тал/,

Хохирогч Б.Сувдаагийн өгсөн: ...Миний ээж, аав 2 сонгууль өгчихөөд гэр лүүгээ харих замдаа зам тээврийн осолд орж миний эцэг С.Баатар нас барж, ээж Н.Даариймаа маань сэтгэл санаагаараа хямарч юм ярихгүй, юм ойлгохгүй хүнд байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх 34 тал/,

Гэрч Ш.Ирээдүйгийн өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хангал сумын 1 дүгээр багийн Засаг даргын сонгуульд би нэр дэвшсэн. Өдрийн 16 цагийн үед байх өглөөгүүр ирж сонгуулиа өгсөн найзуудыгаа хоол ид гэж хэлчихээд хүргэнийхээ гэрт орж Хишигжаргал ахтай Улаанбаатар нэртэй 0.75 литрийн архи ууж байтал Өсөхбаяр, Даариймаа, Баатар ах нар орж ирсэн. Даариймаа эгч хоол идчихээд банкин дээр ажилтай гээд гараад явсан. Өсөхбаяр архинаас ууж байгаад эхнэр Жаахан нь банкин дээр ажилтай байгаа гээд гарсан. Баатар ах гэрт үлдсэн. Архи ууж дууссаны дараа Жаахан эгч гэрт орж ирээд Даариймааг хаана байгааг утсаараа асуухад “машиндаа түлш хайгаад явж байна, удахгүй очлоо” гэж хэлж байсан. Гэрээс Жаахан, Баатар, манай эхнэр Сүрэнжав бид нар хашааны гадна юм ярих гээд гарахад харанхуй болж байсан ба Даариймаа машинаа жолоодон Өсөхбаярыг хажуудаа суулгасан байдалтай хамт ирсэн. Даариймаагийн машин дотор Жаахан, Баатар, Өсөхбаяр нар суусан байхад Рэнцэнбямба эмнэлэгээс ирж байна гэж хэлээд машинд суугаад тэд нар гэр лүүгээ явцгаасан. Манайд бол Даариймаа архи уугаагүй. Тэр оройдоо хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна, Даариймаа над руу утасдаад “хөгшин нь найзыгаа ханьтайгаа алчихлаа” гэж хэлээд уйлаад байсан... гэх мэдүүлэг /хх 40-41 тал/,

Гэрч Л.Өсөхбаярын өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн орчим сонгууль өгөх гээд эхнэр Жаахантайгаа хамт гэртээ байж байхад Даариймаа Портер маркийн автомашинтайгаа ирээд бид хоёрыг машиндаа суулган замаасаа Рэнцэнбямыг хүүхэдтэй нь авч, Даариймаа гэрээрээ орж нөхөр Баатарыгаа аваад Хангал сумын төв орсон. Сонгуулиа өгчихөөд эхнэр бид хоёр зээл хөөцөлдөж, зээлээ бүтэхийг хүлээж байсан тул эхнэр маань Баатар ах, Даариймаа, бид нарыг айлд хоол, цай идээд хүлээж бай гэж хэлэхээр нь Ирээдүйгийн гэрт очсон. Тэднийд 1 шил 0.75 литрийн “Улаанбаатар” нэртэй архийг задлаад сууж байсан ба архинаас би 3 хундага уусан. Тэгээд эхнэр дуудаад “одоо болж байна” гэхээр нь Даариймаа бид 2 банкин дээр очсон. Даариймаа, манай эхнэр Жаахан бид нар Ирээдүйгийн гэрт очиж хоол цай идэхээр болсон. Эхнэр гэрт нь орж хоол идсэн, би Даариймаатай цуг гадаа байхад хүүхэд нь ирж машинд нь түлш хийж өгсөн. Тэгээд Ирээдүйгийн гадаа буцаж ирээд Баатар, Жаахан, Рэнцэнбямба болон түүний хүүхэд нарыг машинд суулгаад 19-20 цагийн орчим гэр лүүгээ буцахаар явсан. Нэг хэсэг явж байгаад Баатар ах бие засна гэснээ машиныг зогсоогоод өврөөсөө нэг шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи гаргаж ирэхээр нь бид 2 хувааж уусан. Зүүрмэглэж байгаад хүмүүс орилоод байхаар нь сэрэхэд машин унаж байх шиг байсан. Тэгээд нэг хэсэг ухаангүй болоод эмнэлэгт ирээд ухаан орсон. Би машин хэдэн километрийн хурдтай явсныг бол мэдэхгүй байна. Даариймаа уг машиныг жолоодож явсан. Түүний хажуу талд манай эхнэр Жаахан, хажуу талд нь би суусан ба миний өвөр дээр Баатар ах машины суудлын ар хэсэгт Рэнцэнбямба хүүхэдтэйгээ сууж явсан. Тухайн үед Баатар ах их согтсон байсан бусад нь бол архи уусан үгүйг би мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 35-36 тал/,

Гэрч Ө.Рэнцэнбямбын өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн орчим сонгууль өгөх гээд Даариймаа эгчийн машинтай хүү Сүхбат болон Баатар, Жаахан, Өсөхбаяр нарын хамт сумын төв орсон. Тэгээд сонгуулиа өгчихөөд 17 цагийн орчим сонгуулийн хариуг сонсож сумын эмнэлэг дээр ээжтэй байж байтал 20 цагийн орчим Даариймаа эгч намайг явъя гэж дуудахаар нь Ирээдүйгийн гэрт нь явж очсон. Портер маркийн машин дээр ирэхэд талийгаач Баатар, Өсөхбаяр нараас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Даариймаа эгч машинд суучих гэхээр нь машины нугасанд хүүгээ тэврэн суусан ба Даариймаа эгч уг машиныг жолоодохоор сууж, зорчигчын суудал дээр Жаахан түүний хажууд Өсөхбаяр өвөр дээр нь Баатар ах суугаад бид нар гэр лүүгээ хөдөлсөн. Замдаа би унтсан байсан ба нэг мэдэхэд хүн хашгирахаар нь сэрсэн. Машин өнхөрч байсан. Даариймаа эгч тэрүүгээр миний хань яачихваа гээд гүйгээд байсан. Баатар ах дээр очоод Даариймаа эгч нөхрийгөө нас барсан байна гээд байсан. Бид нарыг осолд ороход хамгийн түрүүнд Өлзий гэх хүн осол болсон газарт ирж тусалсан. Би зарим зүйлийг сайн санахгүй байна. Миний мэдэх зүйл энэ байна. Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх 44-45 тал /

Гэрч Ж.Өлзийгийн өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 21-ний оройн 20-21 цагийн орчим шиг санаж байна. Хангал сумаас Хялганат тосгон руу явж байхад хажуугаар цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл намайг 60-70 км цагийн хурдтай явж байхад гүйцэж түрүүлж байсан. Тэгэхээр 80-90 км цагийн хурдтай Хялганат тосгоны зүгт явж байсан байх. Замдаа явж байхад Булагийн ар гэх газарт нөгөө машин замаа чөлөөлөөд зогсоод үлдсэн. Нилээн удаж байгаад дахиад намайг их хурдтай гүйцэж түрүүлээд яваад өгсөнөө надаас 3-4 км зайтай Хялганат самбарын ойролцоо замын хажуу руу ороод унасан байсан. Би буугаад очиход Баатар замын голд унасан байдалтай хэвтэж байсан. Нэг эмэгтэй чулуун дотор дээшээ харсан байдалтай амнаас нь цус гараад цусаа залгилаад байхаар нь хажуу тал руу нь харуулж тавьсан. Машины цаад талд Рэнцэнбямба гэх залуу хүүхдээ тэвэрчихсэн амь авраарай гэж орилоод байхаар нь очсон. Хүүхэд зүгээр байна уу? гэж асуухаар нь зүгээр байна гэж хэлсэн. Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр очиход нэг залуу хурхираад сэрэхгүй унтаж байсан. Машины жолоочийн суудал дээр сууж байсан Даариймаа эгч гэнэт ухаан орсоноо би хүн алчихлаа миний нөхөр хаана байна гэж хэлээд зам руу өгсөж нөхрийгөө тэврээд уйлж байхаар нь цагдаа, түргэнд мэдэгдсэн. Би Даариймаа, Баатар, Рэнцэнбямба нарыг Хангал сумын 1 дүгээр багийн хүмүүс болохоор нь танина. Хэн жолоо барьж явсан талаар асуухад Даариймаа өөрийгөө жолоо барьж явсан гэж хэлсэн. Даариймаа эгчээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба асуухад вино уусан гэж хэлсэн… гэх мэдүүлэг /хх 37 тал/

Гэрч Б.Ариунтуяагийн өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 21-ний оройн 22 цагийн орчим Хялганат самбарын ойролцоо зам тээврийн осол гарсанаас болж хүн нас барсан байна гэх дуудлагын дагуу ослын газарт 22 цаг 20 минитын орчим очсон. Газар дээр очиход 2 хүн замын хажуу руу шидэгдсэн байдалтай хэвтэж байсан. Портер маркийн машин нь замын хажуу руу унаад салхины шил нь хагарсан байсан. Газарт шидэгдсэн 40-50 орчим насны эрэгтэй хүний биед үзлэг хийхэд толгой дээрээ бяцарсан шархтай, их хэмжээний цус алдсан, амьсгал байхгүй, зүрхний цохилтгүй, судасны цохилт мэдрэгдэхгүй, гар хөл нь хөрсөн байдалтай байсан. Бас нэг 40-50 орчим насны доош харсан байдалтай, ил харагдах шархгүй, амьсгал байхгүй, зүрхний цохилтгүй, судасны цохилтгүй, гар хөл нь хөрсөн, махлагдуу эмэгтэй хүн байсан. Уг хоёр хүн эмнэлэгийн тусламж авах боломжгүй очиход нас барсан байсан. Машины зорчигчийн суудал дээр сууж байсан эрэгтэй, жаахан эрэгтэй хүүхэд хоёрыг үзэхэд “зүгээр, яагаа ч үгүй” гэж байсан. Замаар согтуу эмэгтэй хүн “ханийгаа, найзтайгаа алчихлаа” гээд хашгираад яваад байсан ...гэх мэдүүлэг /хх 46 тал/,

Гэрч Б.Бямбадоржийн өгсөн:...Манай ээж Даариймаа бид хоёр Улаанбаатар хотоос ойр зуурын юманд унахаар уг Портер маркийн автомашиныг миний нэр дээр авч байсан юм. Ихэнхдээ хөдөө манай ээж унадаг байсан ба би амралтаараа очихдоо хааяа нэг унадаг юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний ээжийн машин …гэх мэдүүлэг /хх 48 тал/,

Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч Г.Батхуягийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 18 тоот:

1. 28-83 ОРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн зорчиж явсан   хэсэг нь замд хамаарагдана.

2. Жолооч Н.Даариймаа нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

3. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт, замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

4. Н.Даариймаа нь В,С ангилалын 196607 тоот эрхийн үнэмлэхтэй ба үнэмлэх хүчинтэй байна.

 5. 28-83 ОРХ улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцахад техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй байна.

 6. Техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалсан /тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцахад ямар нэгэн шалтгаалсан/ зүйл тогтоогдохгүй байна.

7. Зам тээврийн осол гарах шалтгаан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хөдөлгөөнд оролцож явахдаа тухайн замд тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүйгээс, тээврийн хэрэгсэлд шарвалт үүсэж тэнцвэржилт алдагдах үед зогсоох арга хэмжээ аваагүй нь осол гарах шалтгаан болсон байна гэх дүгнэлт /хх 114-116 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Очбаярын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 24 тоот:

1.Талийгаач Ц.Жааханы биед олон хавирганы хугарал, уушигны няцрал шарх, элэг дэлүүний няцрал язралт, өвчүүний хугарал, цээж , баруун шилбэний зөөлөн эдийн няцрал цус хуралт, дух хацар, цээж хэвлий, баруун зүүн гуяны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрхи гэмтэл нь үхэлд нөлөөлжээ.

4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ гэх дүгнэлт /хх 50-51 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Очбаярын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23 тоот:

1.Талийгаач С.Баатарын биед баруун чамархай ясны ил хугарал, орой болон суурь ясны далд хугарал, тархины эдийн няцрал, аалзан бүрхэвчийн доорхи цус харвалт, 3,4 дүгээр ховдолын цус хуралдалт, хуйх, чамархайн булчингийн цус хуралт, баруун чамархай, хацар, уруулын няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Учирсан гэмтэл нь үхэлд нөлөөлсөн болно.

4. Талийгаачид үхэлд  хүргэх  архаг хууч  өвчин  тогтоогдсонгүй.  

5. Талийгаач   нь  гавал  тархины гэмтлийн улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ гэх дүгнэлт /хх 61-62 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Очбаярын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 139 тоот:

1.Н.Даариймаагийн биед зүүн эгэмний холбоосын урагдал, тархи доргилт, баруун 5 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлэзр үүсгэгдэнэ.

3. ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 70 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Очбаярын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 134 тоот:

1.Л.Өсөхбаярын биед баруун сарвууны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 75 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Очбаярын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 171 тоот:

1.Р.Сүхбатын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх 80 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Очбаярын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 172 тоот:

1.Ө.Рэнцэнбямбын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх 85 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Б.Ламчингийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2897 тоот:

1.Ц.Жааханы гэх цус нь 5 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Ц.Жааханы гэх цусанд 1.6 промилль спиртийн агууламж илэрч байна.

3. Цусан дахь 1.6 промилль нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 90 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Б.Ламчингийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2898 тоот:

1.С.Баатарын гэх цус нь 5 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. С.Баатарын гэх цусанд 3.5 промилль спиртийн агууламж илэрч байна.

3. Цусан дахь 3.5 промилль нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 95 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Б.Ламчингийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2899 тоот:

1.Н.Даариймаагийн гэх цус нь 5 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Н.Даариймаагийн гэх цусанд 3.0 промилль спиртийн агууламж илэрч байна.

3. Цусан дахь 3.0 промилль нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 100 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Б.Ламчингийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2902 тоот:

1. Л.Өсөхбаярын гэх цус нь 5 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Л.Өсөхбаярын гэх цусанд 3.2 промилль спиртийн агууламж илэрч байна.

3. Цусан дахь 3.2 промилль нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 105 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Б.Ламчингийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2901 тоот:

1.Ө.Рэнцэнбямбын гэх цус нь 5 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2.Ө.Рэнцэнбямбын гэх цусанд 1.4 промилль спиртийн агууламж илэрч байна.

3. Цусан дахь 1.4 промилль нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 110 тал/,

 

Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц гэм судлалын шинжээч Ж.Должмаа, Л.Бүдсүрэн, С.Энхмаа нарын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн:

1.Н.Даариймаа нь хүнд хэлбэрийн сэтгэл гутрал, амиа хорлох бодол, үе үе солиорлын шинж бүхий сэтгэцийн өвчтэй байна. Энэ өвчин нь хүнд хэлбэрийн сэтгэл гутралын магадлал болно.

2. Хэрэгт холбогдох буюу 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр сэтгэцийн хувьд эрүүл байсан.

3. Хэрэг болохын өмнө өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан.

4. Магадлуулагч Н.Даариймаа нь одоо хүнд хэлбэрийн сэтгэл гутрал амиа хорлох, үе үе солиорох шинж бүхий сэтгэцийн хүнд өвчтэй тул одоогийн байдлаар хэрэг хариуцах чадваргүй гэх дүгнэлт /хх 125 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч Н.Туяа, С.Байгалмаа, С.Дашпэлжээ, Г.Нарантуяа, С.Одонгэрэл нарын 2016 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн 605 тоот:

1.Н.Даариймаа нь хэрэг үйлдэх 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Тухайн үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна.

2. Н.Даариймаа нь сэтгэцийн хувьд дасан зохицолтын эмгэг, сэтгэл түгших болон сэтгэл гутрах холимог хариу урвал эмгэгтэй байна. Н.Даариймаа нь хэрэг хариуцах чадвартай байна.

3. Н.Даариймаад албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна гэх дүгнэлт /хх-133-139 тал/,                         

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч О.Баатаржав, Я.Лянхуа, С.Минжмаа, С.Мөнхтуяа, С.Энхтунгалаг нарын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 768 тоот:

1.Н.Даариймаа нь хэрэг үйлдэх 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр сэтгэцийн ямар нэг эмгэггүй байсан ба хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгох, удирдан жолоодох чадвартай байсан байна.

2. Н.Даариймаа нь сэтгэцийн хувьд дасан зохицолтын эмгэг, сэтгэл түгших болон сэтгэл гутрах холимог хариу урвал эмгэгтэй байна. Н.Даариймаа нь хэрэг хариуцах чадвартай байна.

3. Н.Даариймаад албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна гэх дүгнэлт /хх-231-234 тал/, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1 тал/,мөрдөн байцаалтын ажиллагааг сунгах тогтоолууд /хх 2-6 тал/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 7 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9 тал/, тэдгээрийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн хэрэг, осол гарсан схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-21 тал/, цүнхтэй эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 22-23 тал/, дугуй ба обуданд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 24-27 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 28 тал/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 29 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 52-56, 63-67 тал/, шүүгдэгч Н.Даариймааг сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоол, байцаасан тэмдэглэл /хх 144-148 тал/, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байгаагүй талаархи Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа /хх-149/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бичгийн бусад нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн хагарсан дугуй болон обуд тус бүр 1 ширхэг, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг таниулж шинжлэн судлав. 

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

      Шүүгдэгч Н.Даариймаа нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 28-83 ОРХ улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон өөрийн нөхөр С.Баатар болон тус багийн иргэн Л.Өсөхбаяр, түүний эхнэр Ц.Жаахан, Ө.Рэнцэнбямба, түүний хүү Р.Сүхбат нарын хамт Булган аймгийн Хангал сумын нэгдүгээр багийн Засаг даргыг сонгох сонгуулийн санал хураалтад оролцчихоод буцах замдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн  замын хөдөлгөөнд оролцож, тухайн замд тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүйгээс шарвалт үүсэж, тэнцвэржилт алдагдах үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас замын хажуу руу онхолдож, зорчигч Ц.Жаахан, С.Баатар нарын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна.

        Хэрэг, үйл баримт болсон газарт болон цогцост үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор тогтоогдсон Б.Сувдаа, Ө.Бямбахүрэл, тухайн үйл баримтыг харсан гэрч Л.Өсөхбаяр, Ө.Рэнцэнбямба, Ж.Өлзий, Б.Ариунтуяа нарын өгсөн мэдүүлгүүд, зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоосон Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 18 тоот дүгнэлт, амь хохирогч нарын үхлийн шалтгааныг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23, 4 дүгээр сарын 04-ний өдрийн 24 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Ш.Даариймаа болон тухайн тээврийн хэрэгслээр зорчин явсан Ц.Жаахан, С.Баатар, Л.Өсөхбаяр, Ө.Рэнцэнбямба нарын цусан дахь спиртийн агууламж, согтолтын зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2897-2899, 2901-2902 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Н.Даариймаа нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг эмгэггүй байсан,  одоо дасан зохицолтын эмгэг, сэтгэл түгших болон сэтгэл гутрах холимог хариу урвал эмгэгтэй, хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 768 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн, шинжээчийн дүгнэлтүүдийг  эрх бүхий шинжээчид гаргасан, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн үндэслэл бүхий байна.

      Шүүгдэгч Н.Даариймаагийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн жолоочид хориглосон заалт, мөн дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам, тээврийн осол гаргаж хоёр хүний амь хохироосон үйлдэл нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байна.

       Иймд шүүгдэгч Н.Даариймааг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

       Шүүгдэгч Н.Даариймаагийн гэм буруутай үйлдлийн улмаас 2 хүний амь хохирч, хүнд хор уршиг учирсан байх ба хохирогч Ө.Бямбахүрэл нь талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зардал болон сэтгэл санааны хохиролд 30000000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж, 20000000 төгрөгийг гаргуулахаар шүүгдэгчтэй тохиролцсоноор шүүгдэгч Н.Даариймаа хохирлыг төлж барагдуулсан болох нь хэргийн 215 дугаар талд авагдсан хохирогч Ө.Бямбахүрэлийн “би нэхэмжилсэн  /200000000/ хорин сая төгрөгийг хүлээн авсан нь үнэн болно. Цаашид гомдол, саналгүй” гэх нотариатаар гэрчлүүлсэн хууль ёсны баримтаар нотлогдож байх ба хохирогч Б.Сувдаа нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ.

       Шүүгдэгч Н.Даариймаад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг сайн дураараа төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

       Хэрэгт авагдсан Шанш овогт Отгонзаяагийн Нандин-Эрдэнийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Цоогон овогт Намжилсүрэнгийн Даариймаад үрчлэгдснийг бүртгэсэн №0000019519 тоот үрчлэлтийн /хх-243 тал/ болон Цоогон овогт Даариймаагийн Нандин-Эрдэнийн төрсний гэрчилгээний /хх-244 тал/ нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, шүүгдэгч Н.Даариймаа нь тус сумын 1 дүгээр багт охин Нандин-Эрдэнийн хамт амьдардаг тухай Булган аймгийн Хангал сумын Засаг даргын тодорхойлолт /хх-243/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Даариймаа нь нөхөр С.Баатарыг зам тээврийн ослоор нас барснаас хойш 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Д.Нандин-Эрдэнийг үрчлэн авч, түүний хамт ам бүл хоёул амьдарч байгаа нь нотлогдож байх бөгөөд дээрхи нөхцөл байдал нь шүүгдэгч Н.Даариймааг 3 хүртэлх насны хүүхэдтэй эх гэж үзэх үндэслэл болж байх тул Хүүхдийн Эрхийн Конвенцийн “хүүхдийг эцэг, эхээс салгаж үл болох” суурь зарчим болон Монгол Улсын Хүүхдийн Эрхийн тухай хуулийн хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэх үндсэн зарчимд нийцүүлэн  шүүгдэгч Н.Даариймаад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч Н.Даариймаа нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн хагарсан дугуй болон обуд тус бүр 1 ширхэгийг устгаж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүний эзэмшигч Б.Бямбадоржид буцаан олгож, шүүгдэгч Н.Даариймаагийн "В, С" ангилалын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290,3 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Цоогон овогт Намжилсүрэнгийн Даариймааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар шүүгдэгч Н.Даариймааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Даариймаад оногдуулсан 5 жил, 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Шүүгдэгч Н.Даариймаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө.Бямбахүрэл, Б.Сувдаа нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн хагарсан дугуй болон обуд тус бүр 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүний эзэмшигч Б.Бямбадоржид буцаан олгож, шүүгдэгч Н.Даариймаагийн "В, С" ангилалын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Отгонд даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Даариймаад 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч Н.Даариймаад хяналт тавихыг  Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар шүүгдэгч Н.Даариймаа нь шүүхийн шийтгэх тогтоолын биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч, хүмүүжүүлэхээс зайлсхийвэл уг тогтоолоор оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Н.Даариймаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Даариймаад авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.ЦЭРЭНХАНД

 ШҮҮГЧИД                                             С.ЦЭРЭНДУЛАМ

 Ж.ДЭЛГЭРМӨРӨН