Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 109/ШШ2022/0009

 

 

 

 

 

 

    

                              Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г, хариуцагч Архангай аймгийн Сонгуулийн хорооны дарга Ш.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан, иргэн Ж.А-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Ж.А би 2020 оны орон нутгийн сонгуультай холбоотойгоор Монгол Ардын намын нэр дэвшигч Д.Х-тэй холбоотой аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 19 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын намаас нэр дэвшсэн Д.Х-ийн нэр дэвшиж өрсөлдсөн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 21 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Захирамжийн үр дагаврыг ойлгуулсан үр дагаврын талаар ойлгож, мэдэж байгаа гэв.

Хариуцагч Архангай аймгийн Сонгуулийн хорооны дарга Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбаргүй гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Нэгэнт шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж байгаа учраас бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч үр дагаврыг танилцуулсан байгаа учраас хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүх иргэн Ж.А-гаас Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" 19 дүгээр тогтоолын хавсралтын Монгол Ардын намаас нэр дэвшигч Д.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын намаас нэр дэвшигч Д.Х-ийн нэр дэвшиж өрсөлдсөн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр 2021 оны 1 дүгээр сарын 11-ний захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

2. Уг хэргийн нэхэмжлэгчээс “ ... нэр дэвшигч Д.Х нь сонгуулийн үеэр хориглосон үйл ажиллагаа явуулж сонгогчдод мөнгө тараасан, архи тараасан зэрэг зөрчил гаргасан ...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бөгөөд хариуцагчаас гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 109/ШЗ2021/0022 дугаар захирамжаар Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуульд 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Х-д холбогдох гомдол, мэдээллийг Архангай аймаг дахь Цагдаагийн газар шалгаж, уг асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

3. Улмаар Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01/355 дугаар албан бичгээр 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 331 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай прокурорын тогтоолыг ирүүлсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр товложээ.

4. Нэхэмжлэгч Ж.А-гаас 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байна. Тодруулбал, Ж.А би 2020 оны орон нутгийн сонгуультай холбоотойгоор Монгол Ардын намын нэр дэвшигч Д.Х-тэй холбоотой аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 19 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын намаас нэр дэвшсэн Д.Х-ийн нэр дэвшиж өрсөлдсөн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 21 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... , нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзах”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзаж болно.”, 66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.”, 66.4. дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.

6. Иймд нэхэмжлэгч Ж.А-г Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" 19 дүгээр тогтоолын хавсралтын Монгол Ардын намаас нэр дэвшигч Д.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын намаас нэр дэвшигч Д.Х-ийн нэр дэвшиж өрсөлдсөн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

7. Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэг, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.А нь Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" 19 дүгээр тогтоолын хавсралтын Монгол Ардын намаас нэр дэвшигч Д.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын намаас нэр дэвшигч Д.Х-ийн нэр дэвшиж өрсөлдсөн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, иргэн Ж.А-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5., 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ТҮВШИНТУЛГА