Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 00957

 

        “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00607 дугаар шийдвэртэй, “Журмак” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-д холбогдох

Тээврийн хөлс 22 162,5 ам.доллар /2463,02/ буюу 54 586 680,75 төгрөг, үлдгэдэл 7 185 000 төгрөг нийт 61 770 680,75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэм хорын хохиролд нийт 133 766 295,79 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, хариуцагчийн өмгөөлөгч З.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

    Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд төмөр замын салбар зам бүхий гэрээт талбайгаар ачаа хүлээн авах, ачаа илгээх үйл ажиллагааг 10 гаруй жил тогтвортой хийж ирсэн. 2015 оны 5 дугаар сард “Ж” ХХК-ийн захирал Т.М болон “Б” ХХК-ийн захирал н.Оюуна нар аман хэлцэл байгуулан пиво бүхий ачааг 3 вагоноор БНХАУ-ны Шандун мужийн үйлдвэрээс Улаанбаатар хот төмөр замын АБТЭМ ангийн гаалийн хяналт бүхий талбайгаар хүлээн авахаар болсон. Тус ачаа нь манай компанийн зуучлалаар 2015 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд төмөр замын АБТЭМА-ийн салбар замаар 52630469, 703694, 52503554 дугаартай вагонууд нь ачаа хүлээн авагч “Б" ХХК-ийн нэр дээр ирсэн юм. Уг вагонуудыг ирэнгүүт АБТЭМ анги нь төмөр замын журмын дагуу гаалийн хяналт бүхий агуулахад ачааг буулгаж вагонуудыг чөлөөлдөг. Дээрх агуулахад буулгасан ачаа нь гааль, мэргэжлийн хяналтын зөвшөөрлөөр олгох хүртэл хадгалдах бөгөөд энэ хугацаанд ачаа хадгалсан хөлс хоног тутамд нэмэгдэж тээврийн хөлсний алданги тооцогддог. Манай компани “Б” ХХК-тай тохирсон тээвэр зуучлалын үйлчилгээнд БНХАУ-ны Шандун мужын Үйлдвэрээс Эрээн-Замын Үүд хилийн боомтоор төмөр замаар дамжуулан Улаанбаатар дахь АБТЭМ ангийн гаалийн хяналтын талбай хүртэл хүргэх 1 вагоны тээврийн хөлс 4400 ам.доллараар, жийрэг материалын үнэ вагон тутамд 525 ам.доллар буюу 1 вагон 4925 ам.доллаар нэхэмжлэгдэж өнөөг хүртэл 3 вагоны төлбөр болох 14 775 ам.долларыг төлөөгүй байна. Энэ үйлчилгээнд БНХАУ-ын Шандун мужаас Улаанбаатар хот хүртэл төмөр замаар ачаа тээвэрлэсэн тээврийн хөлс, вагон таталт тавилтын хөлс, хил дээрх шилжүүлэн ачилт, агуулахад буулгалтын хөлс зэрэг орсон болно.  Мөн төмөр замын ачаа хадгаламж 3 вагонд 10 128 000 төгрөг, тээврийн хөлс олгосон өдрөөр таслагдах тээврийн хөлсний алданги 2 вагонд 862 000, ачааг гар болон механик аргаар ачсан төлбөр 1 530 900 төгрөг, нийт 12 520 900 төгрөг нэхэмжилснээс 5 335 900 төгрөгийг 4 удаа төлж, 7 185 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Вагоны ачаа хадгаламжийг бодитоор тооцоолоход 06 дугаар сарын 25-ны өдөр эхний вагоноо хүлээн авсан. 2, 3 дахь вагоныг 09 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон ачааг хүлээн авахад сүүлийн 2 вагонд 72 цагаас илүүгээр вагон тус бүр 52-53 хонож ачааны хадгаламж 3 нугарсан тарифруу орсон, энэ тухай АБТЭМ ангийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 18 100 000 төгрөгийн нэхэмжлэл, 1 хоногийн дараа буюу 07 дугаар сарын 28-ны өдөр 18 280 800 төгрөгийн нэхэмжилж байна.

          Мөн АБТЭМ ангиас энэ хугацаанд удаа дараа агуулах суллах тухай албан бичиг, тус талбай дээр ажилладаг талбайн менежерээр дамжуулан хурдан ачаагаа ав гэх мэт шаардлагыг авч байсан. Хамгийн сүүлд 08 дугаар сарын 10-ны өдрийн 33/197 тоот албан бичигт “яаралтай агуулах чөлөөлж ачааг түргэн шуурхай авна уу” гэсэн байгаа. Энэ хугацаанд манай компани “Б” ХХК-ийг ачаагаа яаралтай хүлээн авна уу, үүнээс шалтгаалан төмөр замын төлбөр нэмэгдэж байгаа тухай сануулан шаардаж байсан. Дээрх ачаа хугацааны хувьд хэт сунжирсан, төлбөр тооцоог хийгээгүйээс АБТЭМ анги 4 дэх хоногоос ачаа хадгаламжийг энгийн тариф болох хоногт 1 тонн ачааг 800 төгрөгөөр тооцогдох тарифийг 3 нугарсан тарифт шилжүүлэн маш их хэмжээний мөнгө нэхэмжилж байсан. Манай компаниас ачаа хадгаламжийг энгийн тарифаар тооцоолон шийдвэрлүүлэх талаар УБТЗамын Тээврийн Үйлчилгээний Төв, АБТЭМ ангийн удирдлага зэрэгт албан бичиг өгч хөөцөлдсөний эцэст энгийн тарифаар тооцуулах зөвшөөрлийг авсан. Ачааг хүлээн авах үед хүлээн авагч мөнгөгүй байна гэсэн. Иймд устгал хийх комисс дахин томилогдоход хүндрэлтэй, цаашид сунжрах хандлагатай байгаа зэргийг харгалзан үзэж манай компани бүх төлбөрийг хариуцан төлж ачааг олгуулсан. Иймд хариуцагч “Б” ХХК-иас 14 775 ам.доллар, алданги 7387,5 ам.доллар нийт 22 162,5 ам долларыг 2463,02 төгрөгт шилжүүлэхэд 54 586 680,75 төгрөг, үлдэгдэл 7 185 000 төгрөгийг нэмж бүгд 61 771 680,75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч “Б” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын Шандун мужийн үйлдвэрээс пиво бүхий 3 вагон ачааг Улаанбаатар хотын төмөр замын АБТЭМ ангийн гаалийн хяналт бүхий талбайд хүргэх ажлыг манай компани нь тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг “Ж" ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулаагүй. “2015 оны 06 дугаар сарын 07-ноос 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд замын АБТЭМ ангийн салбар замаар 52630469, 703694, 52503554 дугаартай вагонууд ачаа хүлээн авагч “Б” ХХК-ийн нэр дээр ирээгүй, бид дээрх 3 вагон ачааг хүлээн авахаар очиход бид нарт өгөөгүй. Харин дээрх 3 вагон ачаа “Ж" ХХК-ийн нэр дээр хаяглаж ирсэн байсан. УБТЗ-ын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 33/197 тоот албан бичиг нь манайд биш, харин “Ж" ХХК-ийн нэр дээр хаяглаж ирсэн. Дээрх албан бичигт “Ж” ХХК-ийг 2015 оны 06 дугаар сарын 07-нд ирсэн 52503554, 2015 оны 06 дугаар сарын 08-нд ирсэн 703694 дугаарын вагонуудын ачааг 2015 оны 08 дугаар сарын 12-ны дотор татан авна уу гэсэн байгааг анхаарна уу. Бидний хооронд ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулаагүй тул манай компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани 2015 оны 03 дугаар сард БНХАУ-ын Шандун мужийн Дөжоу хотын хүнсний үйлдвэртэй 253 080 юань буюу 74 587 737 төгрөгийн пиво худалдах- худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Дээрх ачааг тээвэрлэн Улаанбаатар хотод авчрах үйл ажиллагааг манай компани 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр олон улсын тээвэр зуучлалын “И” ХХК-тай “Ачаа тээвэр зуучлалын гэрээ”-г бичгээр байгуулан, энэ компаниар гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Манай компани “Ж” ХХК-тай Иргэний хуулийн 380, 381, 410, 411 дүгээр зүйлүүдэд заасан гэрээ /хэлцэл/-г байгуулаагүй байхад, манай компанийн худалдан авсан пиво бүхий 3 вагон ачааг “Ж” ХХК Улаанбаатар хотын Төмөр замын АБТЭМ ангийн гаалийн хяналт бүхий талбайд дур мэдэн авчирчээ. Бидний худалдан авсан ачаанууд 52630464, 703694, 52503554 дугаартай 3 вагонд ачигдаж Улаанбаатар хотод ирснийг манай компанид гэнэт мэдэгдсэн. “Ж” XXК 703694, 52503554 дугаартай вагонуудын дагалдах бичиг баримтыг өгөөгүй. Манайх өөрсдөө хөөцөлдөж 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төмөр замын удирдах газраас авч, 52630464 дугаартай вагоны дагалдах бичиг баримт удирдах газраас олдоогүй.

52503554 дугаартай вагоны дагалдах бичиг баримтыг үзэхэд, “Б” ХХК-д гэж хаягласан боловч, “Ж” ХХК нь Монголын төмөр замын төлбөрийг төлнө гэсэн тэмдэглэгээ хийгджээ. 12 дахь хүснэгтэд 3867 хайрцаг*6 ширхэг нийт 23 202 пиво ачигджээ. Түүнчлэн Замын-Үүд дэх өртөөн дээр пиво бүхий ачааг үзээд, бараа олгох хуудасны ар тал дахь 94 дэх цонхонд ачааны зарим нь дутуу, гэмтэлтэй гэсэн тэмдэглэлийг шалгагч н.Эрдэнэзул хийжээ. 703694 дугаартай вагоны дагалдах бичиг баримтыг үзэхэд, дээрхтэй адил 12 дахь хүснэгтэд 3807 хайрцаг*6 ширхэг нийт 22 842 пиво ачигджээ. Түүнчлэн Замын-Үүд дэх өртөөн дээр пиво бүхий ачааг үзээд, бараа олгох хуудасны ар тал дэхь 94 дэх цонхонд Ачаа байрын тоогоор дутуу, асгарч ирсэн гэсэн тэмдэглэлийг шалгагч н.О хийжээ. 52630464 дугаартай вагоны дагалдах бичиг баримтыг үзэхэд дээрх дагалдах бичиг баримтуудтай адил 12 дахь хүснэгтэд 3800 хайрцаг*6 ширхэг нийт 22 800 пиво ачигджээ. Түүнчлэн Замын-Үүд дэх өртөөн дээр ачааг үзээд, бараа олгох хуудасны ар тал дахь 94 дэх цонхонд Ачаа илүү гэмтэлтэй гэсэн тэмдэглэлийг шалгагч н.Б хийжээ. Дээрхээс үзэхэд, пиво бүхий 3 вагон ачаа стандартын шаардлага хангаагүй, жийрэг материалгүй, тоондоо хүрээгүй дутуу, асгарсан, гэмтсэн байдалтай ирсэн байна.

Манай компаниас 2015 оны 06 дугаар сард пиво бүхий 3 вагон ачааг Улаанбаатар төмөр замын АБТЭМ ангийн гаалийн хяналт бүхий талбайд байхад нь үзэхэд пивонууд стандартын шаардлага хангаагүй, ачааг авахгүй, буцаана гэхэд “Ж” ХХК буцааж болохгүй, зардал их гарна гэж тайлбарлан биднийг хуурч, залилан мэхэлсэнд гомдолтой байна. 2015 оны 06 дугаар сарын дундуур 52630464 дугаартай вагонд ачигдаж ирсэн пивонууд зөндөө их пиво асгарч гоожсон байхаар мэргэжлийн хяналтын газрын байцаагч Ү.Э үзээд, стандартын шаардлага хангахгүй болсон тул устгах нь зүйтэй, нөгөө 2 вагон дахь пивонуудыг үзэж муудсан бол устгах шаардлагатай гэсэн. Ингээд зохих зардлыг төлөөд, эдгээр пивонуудыг ачиж өөрийнхээ компани руу аваачиж байгаад нөгөө 2 вагон дахь пивонуудыг үзээд муудсан тул хамт устгасан. Улаанбаатар төмөр замын ангиас байнга утасдаад, агуулах чөлөөлж өг гээд байхаар нь 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 7 машин хүн хүч хөлслөн, дээр нь өөрийн компаний 5 машинтай очиход УБТЗ-ын АБТЭ-ийн механикжсан ангиас ачааг манайд өгөөгүй, “Ж" ХХК-ийн ачаанууд гэж байсан.

 УБТЗ-ын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 33/197 тоот албан бичгийг үзвэл, энэ вагоноор ирсэн ачаануудыг авах эзэн нь “Б” ХХК биш, харин “Ж” ХХК гэж хаягласан тул тэр компанийн ачаа болж байна. Энэ бүх ачаанууд манай компанийн нэр дээр биш, “Ж” ХХК-ийн нэр дээр байсан. 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 7 хөлсний машин хүн хүч хөлслөн, дээр нь өөрийн компанийн 5 машинтай нийт 560 000 төгрөг зарцуулан очиход ачааг өгөөгүй. “Ж” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 07-ноос 2015 оны 06 дугаар сарын 08-ны хооронд ирсэн 703694, 52503554 дугаартай вагон бүхий ачааг манайд өгөлгүй 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл өөрийн мэдэлдээ байлгасан. 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр биднийг очиход “Ж” ХХК нь арга буюу бидний ачаа болох пивонуудыг өгөхөд, пивонууд маань бүгд эвдэрч хэмхэрч муудсан, үнэр танартай, хорхой шавьж үүрлэсэн, хэрэглэх аргагүй болсон байсан. Ингэж пивонууд эвдэрч хэмхэрч муудаж, үнэртэй болж, хорхой шавьж үүрлэж, хэрэглэх аргагүй болоход “Ж” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Дээрр 3 вагонд ачигдаж ирсэн 70 мянга орчим хуванцар савлагаатай пивонуудыг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээр эксковатороор гурван нүх ухуулж, Нийслэлийн мэргэжлийн хяналт, гааль, онцгой байдал болон цагдаагийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй комисс байгуулан устгах ажиллагаа явагдсан. “Ж” ХХК нь авчирсан даруйдаа түргэн гэмтэж муудах хүнсний эд зүйлийг манайд өгөлгүй, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл буюу 3 cap гаруй өөрийн мэдэлдээ байлгаж, гэмтээж муутган устгалд оруулах аргагүй байдалд хүргэсэн. “Б“ ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй, “Ж” ХХК-ийн хууль бус, санаатай үйлдэл буюу зөрчлийн улмаас манай комапнийн эд хөрөнгөнд ихээхэн хэмжээний хохирол учирч устлаа. Гэм хор учруулагч “Ж” ХХК-иас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцан төлж барагдуулахыг шаардаж байна.

“Б” ХХК нь БНХАУ-ын Шандун мужийн Хүнсний үйлдвэртэй 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Гранд маркийн 175 719,6 жинтэй 68 400 шил /11 400 хайрцаг*6 ширхэг/ пиво худалдах худалдан авах гэрээ байгуулж /эдгээр пивонууд 3 вагонд ачигдаж ирсэн/, үнэнд 253 080 юань /294,72 ханш/ монгол мөнгөөр 74 587 737 төгрөг төлсөн, үүнтэй уялдуулан гэрээний харилцаа үүсээгүй байж “Ж” ХХК-д 5 335 900 төгрөгийг хууль бусаар төлсөн, 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн менежер Б.Д-д устгал хийх төлбөрт дансаар шилжүүлсэн 500 000 төгрөг, Стандартын шаардлага хангахгүй гэж мэргэжлийн хяналтын байцаагчаас дүгнэлт гарсан 52630464 дугаартай вагоны гаалийн, онцгой, НӨАТ-ын татварууд, татварын нэхэмжлэхээр нийт 30 361 558,19 төгрөг, мөн 703694, 52503554 дугаартай вагонуудын гаалийн, онцгой, НӨАТ-ын татварууд, татварын нэхэмжлэхээр 25 000 төгрөг, 3 вагоны гаалийн бүрдүүлэлтэд төлсөн 180 000 төгрөг, АБТЭМ ангийн агуулах, саравчинд ачаа хадгалалтад төлсөн 236 100 төгрөг, АБТЭМА нэвтрэх үнэмлэхэд төлсөн 20 000 төгрөг, хөлсний ачааны машинуудын тээврийн хөлс, пивонуудыг усгахад хөлсөлсөн түрээсийн унаануудын төлбөр, компаниас гарсан түлшний зардал, ачигч нарын хөлс зэрэгт зарцуулсан нийт 2 520 000 төгрөгийг тус тус төлсөн байна. Иймд гэм хор учруулагч “Ж” ХХК-ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас учруулсан хохиролд 113 766 295,79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд гэм хор хэзээ, хаана үүссэн талаар ярих хэрэгтэй. Танхимаас дүгнэлт гаргасан байдаг. Үйлдвэрийн савлагаатай холбоотой асгарсан гэсэн байдаг. Уг дүгнэлтийг хариуцагч тухайн үед аваад тээвэрлэлтээс болсон бол д тухайн үедээ Төмөр замд холбогдуулан гомдол гаргаж болох байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тооцоо нийлсэн акт хүчин төгөлдөр байгаа. Нягтлан нь гэрээ байгуулах эрхгүй этгээд байсан бол өнөөдрийг хүртэл хүчингүйд тооцуулаагүй. Гэрээний бусаар гэм хор учруулсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын акт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

      Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-иас 32 585 120,50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 29 185 560,25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “Ж” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 113 766 295,79 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 466 808,41 төгрөг, хариуцагчийн 726 785 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 320 875,60 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт тусгагдсан зохигчдын хооронд байгуулагдсан тээвэрлэлтийн гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч нь нэхэмжлэгчид 5 335 000 төгрөгийг төлсөн тухай маргаагүй гэж шүүхээс дүгнэсэн нь буруу. "Б" ХХК болон "Ж" ХХК-ийн хооронд гэрээ байгуулаагүй буюу гэрээний харилцаа үүсээгүй. "Ж” ХХК нь "Б" ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээгээр худалдаж авсан 3 вагон ачааг Улаанбаатар хотын Төмөр замын АБТЭМ ангийн гаалийн хяналт бүхий талбайд дур мэдэн авчирсан хууль бус, санаатай үйлдэл буюу зөрчлийн улмаас "Б'' ХХК-ийн эд хөрөнгөнд ихээхэн хэмжээний хохирол учирч устгагдсан. Гэм хор учруулагч "Ж" ХХК-ийн хууль бус санаатай үйлдэл, "Б" ХХК-ийн эд хөрөнгөд гэм хор учирсан байдал, эдгээр нь шууд шалтгаант холбоотой, гэм буруугийн санаатай зэрэг нөхцөл байдлууд байгаа тул компанид учирсан гэм хорын хохирлыг "Ж" ХХК-иас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцан төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна.

      Шүүх “Ж" ХХК-ийн манай компанийн худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан 3 вагон ачааг Улаанбаатар хотын Төмөр замын АБТЭМА ангийн гаалийн хяналт бүхий талбайд дур мэдэн авчирсан, дээрх 3 вагонд ачигдсан пивонууд чанарын шаардлага хангаагүйн улмаас устгасан үйлдлийг ''нэхэмжлэгчийн гэм буруутай гэх үйл баримт тогтоогдохгүй байна" гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Гэхдээ Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.7 дэх хэсэгт заасныг анхаарвал зохино. Харин хариуцагч "Б'' ХХК-иас бидний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. "Ж” ХХК нь 703694, 52503554 дугаартай вагонуудын дагалдах бичиг баримтыг манай компанид өгөөгүй. Манай компани өөрсдөө хөөцөлдөж 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төмөр замын удирдах газраас авсан. Харин 52630464 дугаартай вагоны дагалдах бичиг баримтыг удирдах газраас олдоогүй. Дээрх бичиг баримтуудаас үзэхэд пиво бүхий 3 вагон ачаа стандартын шаардлага хангаагүй, жийрэг материалгүй, тоондоо хүрээгүй дутуу, асгарсан, маш их гэмтсэн байдалтай ирсэн. Энэ 3 вагон бүхий ачааг "Эрээн дээр ирлээ, эвдрэл гэмтэл ихтэй, асгарсан байна" гэж "Ж” ХХК нь манай компанид огт мэдэгдээгүй.

      2015 оны 06 дугаар сарын дундуур 52630464 дугаартай вагонд ачигдаж ирсэн пивонуудын үзэхэд "зөндөө их пиво асгарч гоожсон" байхаар мэргэжлийн хяналтын газарт хэлэхэд, байцаагч Ү.Энхжаргал үзэж "стандартын шаардлага хангахгүй болсон тул устгах нь зүйтэй", гэхдээ нөгөө 2 вагон дахь пивонуудыг үзээд, муудсан бол хамт устгах шаардлагатай гэсэн. Ингээд зохих зардлыг төлөөд эдгээр пивонуудыг ачиж өөрийнхээ компани руу аваачиж байгаад нөгөө хоёр вагон дахь пивонууд муудсан тул хамт устгасан. Улаанбаатар төмөр замын ангиас байнга утасдаж "Агуулах чөлөөлж өг" гээд байхаар 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 7 хөлсний машин хүн хүч хөлслөн, дээр нь өөрийн компанийн 5 машинтай очиход УБТЗ-ын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангиас ачааг өгөөгүй, дээрх ачааг "Ж ХХК-ийн ачаанууд" гээд байсан. 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөн л 7 хөлсний машин хүн хүч хөлслөн, дээр нь өөрийн компанийн 5 машинтай нийт 560 000 төгрөг зарцуулан очиход ачааг өгөөгүй. "Ж” ХХК 2015 оны 06 дугаар сарын 07-ноос 2015 оны 06 дугаар сарын 08-ны хооронд ирсэн 703694, 52503554 дугаартай вагон бүхий ачааг барьцаалж, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл өөрийн мэдэлдээ байлгасан.

  2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр очиход "Ж" ХХК нь арга буюу бидний ачаа болох пивонуудыг өгөхөд, бүгд эвдэрч хэмхэрч муудсан, үнэр  орсон, хорхой шавьж үүрлэсэн, хэрэглэх аргагүй болоход "Ж" ХХК-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. 3 вагонд ачигдаж ирсэн 70 мянга орчим хуванцар савлагаатай пивонуудыг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналт, гааль, онцгой байдлын болон цагдаагийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй комисс байгуулан устгах ажиллагаа явагдсан. "Ж” ХХК авчирсан даруй түргэн гэмтэж муудах хүнсний эд зүйлийг манай компанид өгөлгүй 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл буюу 3 cap гаруй өөрийн мэдэлдээ байлгаж, гэмтээж муутган устгалд оруулахаас аргагүй байдалд хүргэсэн. Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийн, ажил гүйцэтгэгч '"Ж" ХХК-ийн буруутай үйлдлээс болж манай "Б" ХХК-д нийт 113 766 295,79 төгрөгийн хохирол учирсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй  боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгч “Ж” ХХК “Б” ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 54 585 680,75 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу нэмэлт зардалд 7 185 000 төгрөг, нийт 61 770 680,75 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, хохиролд нийт 113 766 295,79 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

     Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “Б” ХХК-тай амаар тохиролцсны дагуу пиво бүхий 3 вагон ачаа /52630469, 52503554, 703694 дугаар дагалдах бичиг/-г БНХАУлсаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэсэн үйл баримт нь Улаанбаатар төмөр замын Замын хуудасны баримтууд болон 15/01 тоот тооцооны үлдэгдэлийн баталгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна /1 хав 16, 29-30, 32-33,35-36, 128-136/

      Нэхэмжлэгч нь гэрээ байгуулаагүй атлаа манай 3 вагон ачааг стандартад нийцүүлэлгүй дур мэдэн ачиж тээвэрлэсэн, тээвэрлэлтийн хөлсийг зөвшөөрөхгүй, хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдтэй тооцоо нийлсэн гэж хариуцагч маргажээ.

    Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, тээвэрлэлтийн хөлсийг тохиролцсоныг нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч хариуцагч “Б” ХХК  нэхэмжлэгч “Ж” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бичилтээр 14 775 ам.долларын тооцооны үлдэгдэлтэй, уг төлбөрийн төлөхгүй хугацаа хожимдвол 0.5 хувиар алданги тооцож төлөхөөр тохиролцсон 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 15/01 тоот “Тооцооны үлдэгдэлийн баталгаа” гэх баримтад хариуцагч “Б” ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Ж.С гарын үсэг зурсан бөгөөд тэрээр нягтлан бодогчийн албан тушаалд туршилтын журмаар ажиллаж гэх тайлбар гаргаж маргасан боловч хариуцагч байгууллагыг төлөөлөх эрхгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

        Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт тус тус зааснаар тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

         Хариуцагч “Б” ХХК нь нийт 32 585 120,5 төгрөгийн тээвэрлэлтийн хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн бөгөөд талуудын тооцооны үлдэгдэлийн баталгааны баримтыг үндэслэн, тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 36 391 120,5 төгрөг /14 775 ам.долларыг, нэхэмжлэл гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Монгол банкны ханш болох 2 463,02 төгрөгөөр тооцож/,  нэмэлт зардал 1 530 900 төгрөг нийт 37 921 020,5 төгрөгнөөс төлсөн 5 335 900 төгрөгийг хасч үлдэх 32 585 120,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

     Талууд анхнаасаа үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн талаар тохиролцоогүй, мөн тэдгээрийн хоорондох тооцооны үлдэгдлийн баталгаа нь зөвхөн тэдгээрийн төлбөр тооцоогоо нийлж, үлдэгдлээ баталгаажуулсан баримт болох тул уг баталгааны дагуу хариуцагчид алданги тооцох  үндэслэлгүй. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль буюу гэрээнд зааснаар алданги төлөх үндэслэлтэй тул хугацаа хэтрүүлсэн алдангид 7 387,5 ам.доллар буюу 18 195 560,25 төгрөг, ачаа хадгалахтай холбогдож гарсан нэмэлт зардал 10 123 000 төгрөг, түүний алданги 867 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

     Хариуцагч байгууллага нь талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүсээгүй байхад зөвшөөрөлгүй, тээвэрлэлтийн журам зөрчиж ачааг тээвэрлэснээс гэм хорын хохирол учирсан гэж ачаа буюу пивийг худалдан авахад үйлдвэрлэгчид 74 587 737,6 төгрөг төлсөн, нэхэмжлэгчид үндэслэлгүй төлсөн 5 335 900 төгрөг, ачааг хүлээн авахад гаалийн болон онцгой байдлын албан татварт төлсөн 30 361 558,19 төгрөг, гаалийн бүрдүүлэлтэд төлсөн 25 000 төгрөг, 180 000 төгрөг, ачаа хадгалуулсны төлбөрт 236 100 төгрөг, гаалийн талбайд нэвтрэхэд 20 000 төгрөг, устгал хийхээр нүх ухахад төлсөн 500 000 төгрөг, машин хөлсөлсөн 2 520 000 төгрөг нийт 113 766 295,79 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Хэрэгт авагдсан 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 02-09-01-161/58 тоот Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт болон 703694, 52503554 дугаартай вагоны БНХАУлсаас импортлогдсон “Grand cup” нэрийн 116.0 тн шар айраг MNS 018152008 стандартын шаардлага хангаагүй үйл  баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцлага хүлээхгүй юм. Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

     Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл буюу тээвэрлэгчийн буруутай ажиллагаа хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Харин тээвэрлэсэн ачаа нь стандартын шаардлага хангахгүй, сав баглаа  боодлын чанар муутай байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

   Үүнээс гадна талуудын хооронд тээвэрлэлтийн харилцаа үүссэн учраас тээвэрлэгчийн хариуцлагыг зохицуулсан зохицуулалтаар маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг залруулах нь зүйтэй.

   Талуудын хооронд үүссэн тээвэрлэлтийн гэрээний харилцаатай холбоотойгоор тээвэрлэгчийн хүлээх хариуцлагыг Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4 дэх хэсэгт заасан байхад шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болжээ. Ийм учраас тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээнэ.

     Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхиийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00607 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1” гэснийг “393 дугаар зүйлийн 393.4” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 726 785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

                                                        ШҮҮГЧИД                                         Т.ТУЯА

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА