Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/246

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         06            29                                  2023/ШЦТ/246

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,  

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

шүүгдэгч Я.Н-, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000333 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр Завхан аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “ХХХ” ХХК-нд ..... ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Я-н Н /рд:хх0000000/.

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Я.Н- нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт үйл ажиллагаа явуулдаг “Хэмнэл” төвийн гаднах явган хүний гарцан дээрээс хохирогч Б.Э-гийн гээгдүүлсэн “самсунг-эс 21” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Я.Н- мэдүүлсэн: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч Б.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 07 цаг 45 минутад Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн 0-0 тоот гэрээсээ нөхөр охины хамт гараад Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хэмнэл соёлын төвийн хажуу талд машинаас буухдаа цүнх рүүгээ гар утсаа хийсэн гэж бодоод буусан. Ажил руугаа ороод удаагүй гар утсаа цүнхнээсээ авах гэтэл байхгүй байсан. Тэгээд би хүний утсаар өөрийнхөө дугаар луу залгаж үзэхэд дуудаад байсан. Хэсэг хугацааны дараа 30 минут хиртэй эргээд залгаж үзэхэд холбогдохгүй болчихсон. Тэгсэн би гар утсаа алдчихсан гэж бодоод хамгийн түрүүнд Тэди дээр гар утас авдаг зардаг хүмүүс дээр очоод гар утасныхаа содон шинж тэмдгээ хэлээд тэмдэглүүлсэн. Би 2022 оны 09 сарын 23-ны өдөр тэди төвийн нэг давхраас 1.550.000 төгрөгөөр шинээр нь худалдаж авсан. Миний гар утас цайвар бүдэг ягаан өнгөтэй, кэйс нь газрын өнгө шиг бор шаргал өнгийн, шилэн наалттай, дэлгэцийн зураг нь монгол бичгийн зурагтай, шилэн наалт дэлгэц бүтэн хагараагүй тийм гар утас байгаа. 80-90 хувийн цэнэгтэй байсан. Манай нөхөр миний өргөдлийг бичсэн байх. Тэгээд буруу зөрүү юм бичсэн байхыг үгүйсгэхгүй. Манай нөхөр өргөдөл бичиж өгсөн гэж надад хэлсэн. Түүнээс намайг залгахад дуудлага авахгүй байсан болохоос биш дуудлагыг минь таслаагүй. Надад хяналтын камерын бичлэг байна. Би гар утсаа олж авмаар байна. Өөр надад санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,

 

-Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн цэцэрлэгийн ажилтнууд өөрсдөө шүүж үзсэн байх. Яагаад гэвэл надад хяналтын камераа шүүж үзсэн гээд Н- гэх хүн байгаа гээд 0000000 гэсэн дугаар өгсөн. Тэр дугаар руу нь залгаж үзэхэд нэг эмэгтэй хүн авсан. Би Н- гэх эрэгтэй хүн байна уу гэхэд тийм хүн байхгүй гэсэн. Би энэ хүн хүний гар утас олоод аваад явсан байна гэхэд манай хүн гар утас авч яваагүй гээд тасалчихсан. Би холбогдож үзээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х/,

 

-Б.Э- болон Б.Б.О- нараас гаргасан өргөдөл /хх-ийн 4-6х/,

 

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...цагаан өнгийн приус загварын авто машинаас дээгүүрээ хар өнгийн гадуур хувцастай, доогуураа цайвар өнгийн өмдтэй эмэгтэй хүн цүнх бариад бууж байгаа дүрс харагдаж байна. Хар өнгийн гадуур хувцастай, доогуураа цайвар  өмдтэй эмэгтэй хүнийг яваад өнгөрсний дараа цагаан өнгийн приус маркийн автомашин нь хөдлөөд цааш явав. Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд нуруун дээрээ хүүхэд суулгасан хувцасны өнгийг тодорхойлох боломжгүй дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн доош сууж газраас ямар нэгэн зүйл аваад цааш явав...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 9-12х/,

 

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 13х/,

 

-Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ- ОРХ/6759 дугаартай шинжээчийн “...самсунг эс 21 загварын гар утсыг 1,300,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 23-26х/,

 

-Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...Я.Н-оос гаргаж өгсөн “самсунг-эс 21” загварын цайвар ягаан өнгөтэй өнгөгүй кейстэй шилэн наалтгүй 1 ширхэг гар утсыг Я.Н-оос хураан авч хохирогч Б.Э-д хүлээлгэн өгсөн тухайн тэмдэглэл /хх-ийн 45-46х/,

 

-Шүүгдэгч Я.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт явж байгаад газраас хардуу өнгийн гэртэй ухаалаг гар утас олсон. Тэгэхээр нь газраас авч өмднийхөө халаасанд хийсэн. Намайг газраас утас олох үед утас асаалттай байсан ба хүүхдээ цэцэрлэгт оруулж өгчихөөд гэртээ хариад уг гар утсыг үлдээсэн. Намайг уг гар утсыг гэртээ үлдээх үед утас руу хүн залгаад байсан ба анх утас олох үед дуу нь хаалттай байсан. Би Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг замын ангид ажилладаг учраас өглөө эрт гараад орой 21 цагийн орчим гэртээ харьдаг. Үүнээс хойш уг гар утас манай гэрт байсан ба би сим карт, дэлгэцийнх нь наалтыг хуулаад авчихсан юм. Би уг гар утсыг асаахгүй байж байгаад чимээгүй байвал намар 9 дүгээр сараас гар утас худалдаж авдаг газарт өгье гэж бодсон юм. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр миний 99317922 дугаарын утас руу цагдаагийн нэг эмэгтэй ажилтан залгаад та газраас олсон гар утсаа аваад ир гэхээр нь би за гэж хэлээд гэрээсээ 5 дугаар сарын 18-ны өдөр газраас олсон гар утсаа авч цагдаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32х/,

 

-шүүгдэгч Я.Н-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсхийг шалгах хуудас /хх-ийн 38х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Я.Н- нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт үйл ажиллагаа явуулдаг “Хэмнэл” төвийн гаднах явган хүний гарцан дээрээс хохирогч Б.Э-гийн гээсэн “самсунг-эс 21” загварын гар утсыг авсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Я.Н- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Я.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулж, уг ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Я.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Я.Н-ид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Я-н Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я-ын Н-ийг 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т  зааснаар шүүгдэгч Я.Н-ид оногдуулсан  1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч Я.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Н-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ