| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2019/00418/И |
| Дугаар | 155 |
| Огноо | 2020-02-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 155
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т овогт З-ийн Х-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш овогт Т-ын Б-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Т.Б, нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2013 онд Т.Б-той танилцаж, 2014 оны 7 дугаар сарын 28-нд гэр бүл болж хуримаа хийсэн. Бид гэрлэлтээ 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр батлуулсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр охин Б.Б-г төрүүлсэн, охин маань 4 настай. Т.Б нь амьдарч эхлээд 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байх үеэс эхлэн намайг дарамталж, зоддог байсан ба 2015 оны 7 дугаар сард намайг 7 сартай жирэмсэн байхад зодож гэмтэл учруулж байсан. Тухайн үед би Хүний эрхийн үндэсний комисст хандаж зөвлөгөө авч байсан. Түүнээс хойш намайг байнга зодож, дарамталж, янз бүрийн хараалын үг хэлээр доромжлох болсон. Би охиноо бодоод түүний дээрх байдлыг тэвчиж, засрах байх гэсэн хүлээлттэй өдий хүрсэн боловч боломжгүй болохыг ойлгосон. Сүүлд 2019 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө намайг зодож, бие махбодид халдаж гэмтэл учруулсан учир цагдаа дуудаж өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй байдалд орсон. Улмаар би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж түүнд эрүүгийн хэрэг үүсгэн Увс аймаг дахь сум дундьн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 76 тоот шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 28-наас хойш ээжийнхээ гэрт ээж охины хамт амьдарч байгаа болно. Т.Б нь Ойрад хөгжимт драммын театрт бүжигчнээр ажилладаг ба надтай хуримлахдаа чамд зориулж авсан машины мөнгийг төлж байна хэмээн цалинг огт авч ирдэггүй байсан. Тэр зээл нь 2018 оны 11 дүгээр сард төлөгдөж дууссан. Энэ хугацаанд миний бие хувиараа хөдөлмөр эрхэлж, олсон орлогоороо гэр бүлийн ахуй амьдралаа залгуулж, гэр бүлийн хэрэгцээнд бүрэн зориулж байсан. Би хувиараа оёдол ажиллуулдаг ба түүнийгээ өргөжүүлэх үүднээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төсөл бичиж 6.500.000 төгрөгийн зээлийг 2018 оны 10 дугаар сард авсан ба үүнээс Т.Б нь машины засварт хэмээн 500.000 төгрөг авч ашигласан. Т.Б-гоос тухайн зээлээс хэрэглэсэн хэсгийг төлүүлэх хүсэлттэй байна. Шүүхээс бидэнд эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй тул гэрлэлтийг цуцалж, охин Б.Б-г миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж, мөн 500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2004 онд 3 дугаар 10 жилийн сургууль төгсөж, 2004-2008 онуудад Соёл урлагийн их сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгсөж, 2008 оноос хойш одоог хүртэл Ойрад хөгжимт жүжгийн театрын бүжигчнээр ажиллаж байна. З.Х-тай гэр бүл болоод 5 жил болж байна. Бид хоёр нэг охинтой, охин маань одоо 4 нас хүрч байгаа. Би эхнэртэйгээ сууснаас хойш гэр бүлийн харилцаа маш сайн байгаа, надад эхнэрээсээ салах бодол байхгүй. Эхнэрийн нэхэмжлээд байгаа 500.000 төгрөгийг миний бие гэр бүлдээ зарцуулсан ба бидний дундын өмч болох prius машиндаа сэлбэг авч хэрэглэсэн. Иймээс уг мөнгийг бид хоёр хоёулаа хэрэглэсэн тул төлөхийг зөвшөөрөхгүй байна. Бидний хувийн харилцаан дундуур эгч, ээж нар нь байнга оролцдогоос эхнэр бид хоёрын дунд гэр бүлийн маргаан гарах болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Х нь хариуцагч Т.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр охин Б.Б-г төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2019 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, нэхэмжлэгч З.Х нь нөхөр Т.Б дарамталж, зоддог, гэр бүлийн хүчирхийлэлд байсан гэснийг хариуцагч үгүйсгээгүй байх тул З.Х, Т.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын дундаас төрсөн охин Б.Б-ийн нас, одоо эх З.Х-гийн асрамжид өсөж торниж байгаа зэргийг харгалзан охин Б.Б-г эхийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Б.Б-гийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Т.Б-гоор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх хүүхдийг эх З.Х-гийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч З.Х нь Би хувиараа оёдол ажиллуулдаг ба түүнийгээ өргөжүүлэх үүднээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төсөл бичиж 6.500.000 төгрөгийн зээлийг 2018 оны 10 дугаар сард авсан ба үүнээс Т.Б нь машины засварт гэж 500.000 төгрөг авч ашигласан. Т.Б-гоос тухайн зээлээс хэрэглэсэн хэсгийг төлүүлэх хүсэлтэй байна гэж тайлбарлан 500.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан боловч хариуцагч энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба мөн нэхэмжлэгч нь 500.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч З.Х-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188.061 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-гоос нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 172.411 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Х-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Т овогт З-ийн Х, Ш овогт Т-н Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Б-г эх З.Х-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Б-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Т.Б-гоор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар хариуцагч Т.Б-д холбогдох, нэхэмжлэгч З.Х-гийн 500.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч З.Х-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188.061 /нэг зуун наян найман мянга жаран нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-гоос 172.411 /нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Х-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ