Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/247

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         06            29                                  2023/ШЦТ/247

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,  

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

шүүгдэгч Ч.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000314 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ч-ын Э- /рд:хх00000000/.

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Э- нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “хх” ХХК-ний “Ч” лоунж ресторанд барменаар ажиллах хугацаандаа өөрт ажил үүргийн хувьд итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгийн эрх буюу үйлчлүүлэгчийн төлбөрийг 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 1,166,600 төгрөгийн эрхийг өөрийн эзэмшлийн “000” тоот Худалдаа хөгжлийн банкны харилцах дансаар, өөрт хүлээлгэн бараа бүтээгдэхүүнээс лаазтай кола ундаа 13 ширхэг, будвайзер пиво 4 ширхэг, цэвэр ус 5 ширхэг, эдэн нэртэй архи 1 ширхэг, панч ундаа 2 ширхэг, касс пиво 2 ширхэг, цинтоа пиво 2 ширхэг, варонд 150 мл, хенэкэн пиво 11 ширхэг зэрэг 317,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг завшиж нийт 1,484,400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Ч.Э- мэдүүлсэн: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруугаа ойлгож гэмшиж байна...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Б.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Ч.Э- нь манай “Ч” лоунжид барменаар ажилд орсон. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Ч.Э- нь 8 удаагийн гүйлгээгээр манай байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн тооцооны мөнгө болох 1,166,600 төгрөгийг өөрийнхөө данс руу авч хувьдаа завшсан байсан. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хугацаанд манай байгууллагаас лаазтай кола 13 ширхэг, цэвэр ус 5 ширхэг, панч ундаа 2 ширхэг, эдэн архи 1 ширхэг, варонд 150 мл хенэкэн пиво 11 ширхэг будвайзер пиво 4 ширхэг цинтоа пиво 2 ширхэг, касс пиво 2 ширхэг бараа дутаж нийт 317,800 төгрөгний хохирол учирсан. Манай байгууллагад нийт 1,484,400 төгрөгийн хохирол учирснаас Ч.Э-ы цалин болох 213,200 төгрөгийг хасч 1,271,200 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 183х/,

 

-Шүүгдэгч Ч.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:“...Би 2023 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багт үйл ажиллагаа явуулдаг ““Ч”” лоунжны газарт барменаар ажилласан юм. Ингэж ажиллахдаа би өөрийн Худалдаа хөгжлийн банкны “000” дансаар 8 удаагийн үйлдлээр үйлчлүүлэгч нарын төлсөн орлогыг шууд өөрийнхөө дансандаа хийлгүүлж хувьдаа авч хэрэглэсэн юм. Би яг хэдэн төгрөгийг ингэж авснаа мэдэхгүй байна. Мөн би ажилдаа хайхрамжгүй хандан бараа материалаа дутааснаа хүлээн зөвшөөрч байна. Би яг хэдэн төгрөгийг ингэж авснаа мэдэхгүй байгаа юм. Миний хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр лоунжны захирал Биндэръяагийн данс руу өөрийн авах ёстой цалин болох 200 гаруй мянган төгрөгийг суутгуулж үлдсэн мөнгө болох 953,400 төгрөгийг би дансаар шилжүүлсэн юм. Тэгээд бараа материал дутаасны төлбөрийг надаас авахгүй гэж хэлсэн бөгөөд одоо миний хувьд ямар нэгэн өр тооцоо байхгүй ээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 198х/

 

-”хх” ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23/0420-1 дугаартай албан бичиг, “хх” ХХК-иас гаргаж ирүүлсэн тооцооны баримт /1хх- ийн 2-5х/

 

-Шүүгдэгч Ч.Э-ы хохирлыг барагдуулах, ажлаас чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлт, өргөдөл /1хх-ийн 6х/

 

-Шүүгдэгч Ч.Э-ы Худалдаа хөгжлийн банкны “000” дугаартай дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 26-32х/,

 

-Хохирогч Б.М-аас гаргаж ирүүлсэн байгууллагын санхүүгийн баримтууд /1хх-ийн 34-202/

 

-Шүүгдэгч Ч.Э-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсхийг шалгах хуудас /3хх-ийн 212х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Э- нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “хх” ХХК-ний “Ч” лоунж ресторанд барменаар ажиллах хугацаандаа 8 удаа үйлчлүүлэгчийн төлбөр болон нийт 1,166,600 төгрөгийг өөрийн эзэмшлийн “000” тоот Худалдаа хөгжлийн банкны харилцах дансаар авсан, хүлээлгэн өгсөн 317,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг авсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Ч.Э- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Ч.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг  буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

   оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Э-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Ч-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.НАРМАНДАХ