Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 23

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: УДХС төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: БОАЖГ-т холбогдох,

    Худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу дулааны эрчим хүчний төлбөр 4.805.900 төгрөг, алданги 2.400.000 төгрөг, нийт 7.205.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч ДХС төрийн өмчит хувьцаат компанийн захирал Ю.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2014 оноос эхлэн Увс аймгийн Улаангом сумын айл өрх болон төсөвт байгууллага, аж ахуй нэгж байгууллагуудыг дулааны эрчим хүч болон хэрэглээний халуун усаар хангаж ажиллаж байгаа билээ. Анх буюу 2014 онд төсөвт байгууллагуудын үнэ тариф нь м3-1.300 төгрөг байсан бол Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 356 дугаар Тариф батлах тухай тогтоолоор төсөвт байгууллагын тариф м3-1.700 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үнэ тарифыг нэмэхэд авах зохих ёсны арга хэмжээ буюу хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх, санал авах үүднээс Эрчим хүчний зохицуулах хорооны веб сайтад 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 35 хоног, мөн оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 35 хоног тус тус байршуулсны дараагаар Үнэ тариф нэмэгдүүлэх тухай тогтоол гарч Захиргааны хэм хэмжээний улсын сан-д бүртгүүлснээр 2019 оны 9 дүгээр сараас эхлэн дагаж мөрдөж ирсэн. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын газар тухайн шинэ үнэ тарифыг /м3-1.700 төгрөг/ хүлээн зөвшөөрөхгүй, дулааны эрчим хүчээр хангах, хангуулах гэрээ байгуулахаас татгалзаж, 2019 оны 9, 10, 11 дүгээр сарын төлбөрийг хуучин үнэ тарифаар /м3-1.300 төгрөг/ төлж төлбөрийн зөрүү гаргасан байна. Иймд тухайн төлбөрийн зөрүү мөн төлбөрийн үлдэгдэл бүхий 4.805.900 төгрөг, алданги 2.400.000 төгрөг нийт 7.205.900 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай хоёр байгууллагын нягтлан бодогчид 2019 онд төлөгдсөн болон төлөгдөөгүй үлдэгдэл дүнг тооцоо нийлж үзсэн бөгөөд үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас дулааны эрчим хүчний төлбөр 1.829.520 төгрөг, алданги 900.000 төгрөг, нийт 2.729.520 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

        Хариуцагч Увс аймгийн БОАЖГ-ын дарга Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүлйин 6.2.5-д заасны дагуу Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасны дагуу Бүх шатны төсвийн захирагч нар батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэг хүлээдэг. Иймд манай байгууллага нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 356 дугаар тогтоолыг 2019 онд хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэлгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 67.2-д Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ гэж заасан. Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 356 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 4425 дугаарт бүртгэгдэж, тухайн тогтоолыг 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна. 2019 оны төсвийн саналыг 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлж 2019 оны төсөв нь 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан бөгөөд 2019 оны төсөвд түлш, халаалтын төлбөр 1 м3-1.300 төгрөгөөр бодогдож батлагдсан. Үүнээс үзвэл тус тогтоол нь 2019 оны төсөв батлагдсаны дараа буюу төсвийн жилийн дундуур, мөн төсөвт байгууллагын дулааны тариф 1 м3-1.300 төгрөг байснаас 1 м3-1.700 төгрөг болж зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын шийдвэр гарсан тул Төсвийн тухай хуулийн 6.2.5-д заасны дагуу тухайн тогтоолыг 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй. Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн захирал Ю.С, БОАЖГ-ын дарга Б.Б нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хангуулах тухай 8 дугаар гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 4.1-д заасны дагуу 1 м3-1.300 төгрөг байна гэж заасан. Мөн гэрээний 5.1-д Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналаа албан ёсоор гаргаж болох бөгөөд асуудлыг хоёр тал хамтран хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасны дагуу дулааны төлбөр 1 м3-1.700 төгрөг болж өөрчлөгдсөн тохиолдолд Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компани нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай албан ёсны саналыг тавих ёстой. Гэтэл 2019 оны 10 дугаар сард Улаангомын ДХС төрийн өмчит хувьцаат компанийн борлуулалтын менежер С.Д манай нягтлан бодогч Ж.М-т дулааны төлбөрийн тариф 1 м3-1.700 төгрөг болсон тул гэрээгээ шинэчлэх тухай амаар санал тавихад нягтлан бодогч Ж.М нь Төсвийн тухай хуулийн 6.2.5-д заасны дагуу тухайн тогтоолыг 2019 онд хэрэгжүүлэх боломжгүй тул хуучин тарифаар төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлсэн байсан. Манай байгууллагын байр 1028 м3, граш-160 м3 хэмжээтэй. Сум, байгууллагын дарга, эрхлэгч нарт Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7/1515 тоот албан бичгээр Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын түлш, халаалтын зардлыг өр, авлага үүсгэхгүйгээр батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх заалтыг баримтлан батлагдсан тул тухайн оны батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргаж, өр авлага үүсгэхгүй ажиллах тухай зөвлөмж ирсэн. Иймд энэхүү зөвлөмж болон Төсвийн тухай хуулийн 6.2.5-ыг баримтлан төсвийн зарлагыг батлагдсан төсвийн хэмжээнд хуульд заасан эрх хэмжээг хэтрүүлэхгүйгээр зарлага хийж байна. Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн захирал Ю.С-ын гаргасан нэхэмжлэлд шаардсан төлбөрийн үнийн дүн зөрүүтэй, мөн Төсвийн тухай хуулийн 6.2.5-д заасны дагуу манай байгууллага нь дулааны төлбөрийг 2019 онд 1 м3-1.700 төгрөг буюу зарлага өссөн дүнгээр төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Улаангомын ДХС төрийн өмчит хувьцаат компани нь хариуцагч Увс аймгийн БОАЖГ-т холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу дулааны эрчим хүчний төлбөр 4.805.900 төгрөг, алданги 2.400.000 төгрөг, нийт 7.205.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу дулааны эрчим хүчний төлбөр 1.829.520 төгрөг, алданги 900.000 төгрөг, нийт 2.729.520 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

       Хариуцагч Увс аймгийн БОАЖГ нь 2019 онд дулааны эрчим хүчээр хангах, хангуулах тухай гэрээ хоёр байгууллагын дунд хийгдээгүй бөгөөд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д зааснаар зарлага нэмэгдүүлэн төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

      Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж, мөн зүйлийн 28.2-т Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана гэж тус тус заасан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

          Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд эрчим хүчээр хангагч, эрчим хүч хэрэглэгч нарын хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах, уг гэрээндээ хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр тооцооны журам, талуудын эрх үүргийн талаар тусгасан байхыг шаарджээ.

         Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Улаангомын ДХС төрийн өмчит хувьцаат компани нь хэрэглэгч Увс аймгийн БОАЖГ-тай 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулж, уг гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд мөрдөхөөр тохирсон байх ба уг гэрээний үйлчлэл дууссан байна.

       Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 356 дугаартай Тариф батлах тухай тогтоол гарч, хэрэгжиж эхэлснээс буюу 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш тухайн байгууллагуудын хооронд Эрчим хүчээр хангах, хангуулах тухай гэрээ байгуулагдаагүй байх ба энэ тухай талууд маргахгүй байна.

        Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Бид гэрээ байгуулах саналыг гаргасан боловч хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байснаас үүдэн гэрээ байгуулж чадаагүй гэж тайлбарласан бөгөөд хэрэв талуудын хоорондын харилцааг зохицуулсан гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хариуцагч байгууллагаас түүний хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг зохих журмын дагуу гаргуулах, эсхүл гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах боломжгүй болно.

     Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн БОАЖГ-т холбогдох Худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу дулааны эрчим хүчний төлбөр 1.829.520 төгрөг, алданги 900.000 төгрөг, нийт 2.729.520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Улаангомын ДХС төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Улаангомын ДХС төрийн өмчит хувьцаат компани нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдав.