| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0248/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/248 |
| Огноо | 2023-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/248
2023 06 29 2023/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,
Улсын яллагч Ц.Лхамсүрэн,
Шүүгдэгч Т.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Т-ын М-т холбогдох эрүүгийн 2325001690285 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, эрэгтэй 0 настай бүрэн дунд боловсролтой, “ххх” ХХК-нд ... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Т-ын М-. /регистрийн дугаар хх000000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.О-ийн нүүр тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.М- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...би өөрийн эхнэр болох М.О-ийн биед халдаж зодон улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэртээ агсам согтуу тавихгүй, гэр бүлийн гишүүдээ айлгаж ичээхгүй байх болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43х/,
- Хохирогч М.О- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 22 цагийн үед гэртээ 3 хүүхдийн хамт амарч байхад нөхөр М- гаднаас согтуу орж ирсэн. Намайг ална, хядна, өөр залуутай явалддаг гээд доромжилсон. Орон дээр хэвтэж байхдаа бөөлжсөн хуванцар саваа над руу шидсэн. Би гэрээсээ гартал үүдэнд байсан цахилгаан хөрөөг авч энэ хөрөөгөөр хоолойг чинь хэрчинэ гэж хэлсэн. Үүдний коридорт байхад миний нүүр лүү 2 удаа цохисон. Зугтаагаад М-ийн эгч О-ын гэрт ороход араас М- хөөж ирсэн. М- нь хүргэн ах, эгч хоёрынхоо дэргэд намайг ална гэж дайрсан. Тэр хоёр бид хоёрыг салгасан. М- намайг түлхэж, би арагшаа унасан. Эгч О-ын хүүхдийн утсаар цагдаад дуудлага өгсөн. Би М-тэй 2010 онд танилцаад 2011 оноос амьдарч эхэлсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд хоорондоо таарч тохирохгүйн улмаас 4-5 удаа салж нийлж байсан. М- нь гэмтлийн зэрэг гарахаар зодож байгаагүй, ер нь уурлахаар юм авч шидэж, өшиглөдөг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28х /,
- Гэрч Т.О- мөрдөн шалгах ажиллагаанд: “...О- дүү чинь алах гэж байна гэж хэлээд орж ирсэн. Араас нь миний төрсөн дүү М- согтуу орж ирээд О- рүү дайрч ална шүү гээд О-ийн хувцаснаас зуурсан. Нөхөр бид хоёр тэр хоёрыг салгасан. М- О-ийг ална гээд бие бие рүүгээ дайрах үед хоорондоо мөргөлдчихсөн. О-ийн хамраас цус гарчихсан байсан. Би бодохдоо тэр хоёр хоорондоо мөргөлдсөн учраас хамраас нь цус гарсан байх гэж бодож байна. Удалгүй цагдаа нар ирээд М-ийг эрүүлжүүлэх байр луу авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 339 дугаартай:
1. М.О-ийн биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.3.6 Уг гэмтлүүд хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар, шинэ гэмтлүүд байна.
4. Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хамрын нуруу, хүзүүнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тонтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17х/,
- Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/264 дугаартай шийтгэвэр /хх-ийн 70-71х/,
- Т.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.М-ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтуудаар Т.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.О-ийн нүүр тус газарт гараараа цохиж зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч М.О-ийн “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 22 цагийн үед гэртээ 3 хүүхдийн хамт амарч байхад нөхөр М- гаднаас согтуу орж ирсэн. Намайг ална, хядна, өөр залуутай явалддаг гээд доромжилсон. Орон дээр хэвтэж байхдаа бөөлжсөн хуванцар саваа над руу шидсэн. Би гэрээсээ гартал үүдэнд байсан цахилгаан хөрөөг авч энэ хөрөөгөөр хоолойг чинь хэрчинэ гэж хэлсэн. Үүдний коридорт байхад миний нүүр лүү 2 удаа цохисон. Зугтаагаад М-ийн эгч О-ын гэрт ороход араас М- хөөж ирсэн. М- нь хүргэн ах, эгч хоёрынхоо дэргэд намайг ална гэж дайрсан. Тэр хоёр бид хоёрыг салгасан. М- намайг түлхэж, би арагшаа унасан. Эгч О-ын хүүхдийн утсаар цагдаад дуудлага өгсөн...” гэсэн,
Гэрч Т.О-ын “...О- дүү чинь алах гэж байна гэж хэлээд орж ирсэн. Араас нь миний төрсөн дүү М- согтуу орж ирээд О- рүү дайрч ална шүү гээд О-ийн хувцаснаас зуурсан. Нөхөр бид хоёр тэр хоёрыг салгасан. М- О-ийг ална гээд бие бие рүүгээ дайрах үед хоорондоо мөргөлдчихсөн. О-ийн хамраас цус гарчихсан байсан. Би бодохдоо тэр хоёр хоорондоо мөргөлдсөн учраас хамраас нь цус гарсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 339 дугаартай дүгнэлт, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/264 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.М- нь хохирогч М.О-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогч М.О-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Шүүгдэгч Т.М-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Т.М-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол хор уршгийн талаар:
Хохирогч М.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч М.О- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Т.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх...” гэсэн,
Шүүгдэгч Т.М- “...торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Т.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Т.М-ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлсийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Т.М- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Т-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ын М-ийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.М-т оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, 700,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 5 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ