| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2019/00523/И |
| Дугаар | 79 |
| Огноо | 2020-01-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 79
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн УССХС-гийн зөвлөлийн дарга, Улаангом сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц овогт О-ын Г-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12.000.000 төгрөг, хүү 252.213 төгрөг, алданги 4.900.885 төгрөг, нийт 17.153.098 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гончиг, хариуцагч О.Г, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Пүрэвжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гончиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Г нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр УССХС-гаас хэвлэлийн үйлдвэрийн чиглэлээр 12.000.000 төгрөгийг хөнгөлөлттэй нөхцлөөр жилийн 2%-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн хүү нь 481.973 төгрөг, нийт 12.481.973 төгрөг ба үүнээс хүүд 240.000 төгрөг төлсөн. Гэрээнд заасан нөхцлөөр эхний 1 жил төлбөр төлөхгүй 2 дахь жилээс эхлэн сар бүр төлөлтөө хийхээр гэрээнд тусгасан болно. Гэвч Очирбат овогтой Ганболд нь гэрээний дагуу төлөлтөө хийхгүй, гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан заалтаа зөрчиж зээлээ төлөлгүй, одоо 12.252.213 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл 12.252.213 төгрөг, гэрээний 2.4 дэх заалтад заасан алданги буюу торгууль 4.900.885 төгрөг, нийт 17.153.098 төгрөгийг гаргуулж Сум хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь хэвлэлийн үйлдвэр байгуулах зорилгоор 12.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд хэвлэлийн үйлдвэрээ угсраад ажиллуулж байтал 2 ширхэг толгой нь эвдэрсэн. Мөн ар гэрийн гачигдал гарсан тул зээлээ төлж чадахгүй болсон. Миний бие зээлийн үлдэгдэл 12.252.213 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангиас 500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх алданги 4.000.000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.
Хяналтын прокурор Х.Энхтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга, Улаангом сумын Засаг Ц.Пүрэвжавын нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байна. Нэхэмжлэгч Ц.Пүрэвжав нь сум хөгжүүлэх сангаас зээл авсан О овогтой Г-ын зээлийн үлдэгдэл 12.252.213 төгрөг, зээлийн хугацаа хэтрэлт 20 сар, гэрээний 2.4 дэх заалтанд заасан алданги 4.900.885 төгрөг, нийт 17.153.098 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч О.Г-ын сум хөгжүүлэх сангаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12 сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатайгаар авсан мөнгийг гаргуулах нь зүйтэй. Хариуцагч О.Г нь сум хөгжүүлэх сангаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12 сая төгрөгний зээлийг 36 сарын хугацаатайгаар хэвлэлийн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар авсан боловч уг зээлийн мөнгийг эргэн төлөх хуваарьт заасан хугацаанд төлж барагдуулаагүй байх тул О.Г-ын зээлийн үлдэгдэл 12.252.213 төгрөг, зээлийн хугацаа хэтрэлт 20 сар болсон байх тул гэрээний 2.4 дэх заалтад заасан алданги 4.900.885 төгрөг, нийт 17.153.098 төгрөг гаргуулж төрийг хохиролгүй болгох саналтай байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн УССХС-гийн зөвлөлийн дарга, Улаангом сумын Засаг дарга нь хариуцагч О.Г-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12.000.000 төгрөг, хүү 252.213 төгрөг, алданги 4.900.885 төгрөг, нийт 17.153.098 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч О.Г нь Үндсэн зээлийн үлдэгдэл 12.252.213 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангиас 500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх алданги 4.000.000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагсдан зээлийн гэрээнээс үзэхэд О.Г нь Увс аймгийн УССХС-гаас 12.000.000 төгрөгийг жилийн 2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, хэвлэлийн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар зээлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.
Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зохигчид зээлийн гэрээ байгуулсан тухайд болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дууссан байх боловч хариуцагч О.Г нь гэрээнд заасан үүргээ зөрчиж үндсэн зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагч О.Г-оос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 12.000.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү 252.213 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч зээлийн гэрээний 2.3-д зааснаар хариуцагч О.Г нь зээлийн хүүд 481.973 төгрөг төлөх ёстой байснаас 240.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 241.973 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хүү 241.973 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хүү 10.240 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4-т зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 2 хувийн торгууль төлөхөөр талууд тохиролцсон байх тул алданги 4.900.885 төгрөгийг хариуцагч О.Г-оос гаргуулж нэхэмжлэгч Увс аймгийн УССХС-д оруулах нь зүйтэй.
Зээлдэгч О.Г нь СХС-аас авсан зээлийн мөнгөөр хэвлэлийн үйлдвэрээ оруулж ирээд угсраад ажиллуулж байтал 2 ширхэг толгой нь эвдэрсэн. Мөн ар гэрийн гачигдал гарсан тул зээлээ төлж чадахгүй болсон хэмээн тайлбарлаж байх боловч энэ нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх, хөнгөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлоогүй болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч О.Г-оос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 12.000.000 төгрөг, хүү 241.973 төгрөг, нийт 12.241.973 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Увс аймгийн УССХС-д олгож, хүү 10.240 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 12.241.973 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 210.822 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч О.Г-оос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 12.000.000 төгрөг, хүү 241.973 төгрөг, нийт 12.241.973 /арван хоёр сая хоёр зуун дөчин нэгэн мянга есөн зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Увс аймгийн УССХС-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 10.240 /арван мянга хоёр зуун дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн УССХС улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч О.Г-оос улсын тэмдэгтийн хураамж 210.822 /хоёр зуун арван мянга найман зуун хорин хоёр/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ