Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 28

 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Тэс сум, 1 дүгээр багт оршин суух, 1995 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО95032806, Борлууд овогтой Сономын Уянгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 4 дүгээр баг, 16-13 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОМ90091933, Хольдог овогтой Тэрбишийн Төвсанаад холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, мөн хамтран өмчлөх дундын хөрөнгө буюу хашааны газрыг өөрийн нэр дээр үлдээх тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Уянга, хариуцагч Т.Төвсанаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Төвсанаатай 2012 онд танилцан үерхэж байгаад 2013 онд гэр бүл болсон. Бидний амьдрах хугацаанд 2014 онд том хүү Т.Ганзориг төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд амьдрал сайхан байсан. Сүүлийн 3 жилээс ойр зуурын зүйлээс шалтаглан биенд минь халддаг болсон. Энэ байдлыг би өөрийн аав, ээжээсээ нуугаад хэдэггүй байсан. Миний бие хувиараа гутал оёж сураад сүүлийн 4 жил оёдолчин дагаж, гутал оёж амьдралдаа нэмэр хийж ирсэн. Гэтэл нөхөр Т.Төвсанаа хардаж, хэл ам хийж, ажил хөдөлмөр хийх боломжгүй болоод даамжирсаар байгаад гэр бүл цуцлах хэмжээнд хүрээд байна. 2019 оны 7 дугаар сард мөн л үл ялих зүйлээс болж уурлаад хоолойг минь боож, хутга тулган Ална гэж дайрсан. Бид бага насны эрэгтэй хүүхэдтэй. Иймэрхүү зохисгүй үйлдэл нь эрэгтэй хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх, энэ даамжирсаар юунд ч хүрч болзошгүй байдал үүсээд байгаа тул би хадам ээждээ хэд хэдэн удаа, мөн анх удаа зун өөрийн аав, ээждээ хэлсэн. Хүү Т.Төгөлдөр, Т.Ганзориг нарыг аав, ээжийн дэргэд байлгаж байгаа. Тэднийг эцгийнх нь асрамжид үлдээж болно. Бидний амьдарлыг харгалзан үзээд гэр бүлийг яаралтай цуцалж өгнө үү. Өмнө гаргасан нэхэмжлэлээс хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаас татгалзаж, мөн хашааны газрыг Т.Төвсанаагийн нэр дээр шилжүүлэн өгсөн тул бидэнд өөр маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Т.Төвсанаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эхнэр С.Уянга нэхэмжлэлдээ манай нөхөр сүүлийн 3 жил ойр зуурийн юмнаас болж биенд минь халддаг, харддаг, цалин мөнгөө өгдөггүй гэж бичжээ. Миний бие 4 дүгээр багт өөрийн гэр бүлийн дундын эзэмшлийн хашаанд аав ээжээс барьж өгсөн 6 ханатай гэрт амьдардаг, гагнуурчин мэргэжилтэй бөгөөд эхнэр болон 2 хүүгээ хүний зэрэгтэй амьдруулахын төлөө компаниудад гэрээгээр ажиллаж авсан цалин хөлсөө гэр бүлдээ зориулдаг байсан. Гэр бүлийн дунд хэрүүл маргаан гардаг байсан нь үнэн. С.Уянгаатай 2013 онд гэр бүл болж 2 хүү төрүүлж өсгөн сайн сайхан амьдарч байсан. Гэтэл эхнэр С.Уянга сүүлийн жилүүдэд гэр орондоо тогтохоо больж, гадуур хэд хоногоор явж алга болдог болсон. С.Уянга том хүү маань дөнгөж 6 сартай байхад 2014 оны 9 дүгээр сард хүүгээ орхиод гэрээсээ явж гадуур хонож эхэлсэн. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин бага хүү Т.Ганзоригийг эхнэр С.Уянгын асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай том хүүг миний аав, ээж өсгөж хүмүүжүүлсэн. Бага хүүг мөн л хаячихаад хонож өнжөөд явчихдаг мөн л манай аав, ээж өсгөж харж ханддаг байсан. Эхнэр С.Уянгын хувийн зан араншин, биеэ авч явж байгаа байдал зэрэг нь 2 хүүгийн минь хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлөх магадлалтайн дээр С.Уянга эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэх гэр оронгүй бөгөөд өөрийнхөө хувийн эрх ашгийг бодож амьдардаг ийм хүнд итгэж 2 хүүгийнхээ ирээдүйг даатгах боломжгүй гэж үзэж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, 2014 онд төрсөн хүү Т.Төгөлдөр, 2017 онд төрсөн хүү Т.Ганзориг нарыг өөрийнхөө асрамжид үлдээхийг хүсч байна. Өөр маргаан байхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Уянга нь хариуцагч Т.Төвсанаад холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, мөн хамтран өмчлөх дундын хөрөнгө буюу хашааны газрыг өөрийн нэр дээр үлдээх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад зөвхөн Гэрлэлт цуцлуулах тухай шаардлагыг гаргаж, үлдэх нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа дурдсан болно.

Түүнчлэн хариуцагч Т.Төвсанаа нь нэхэмжлэгч С.Уянгад холбогдуулан Хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2014 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүү Хольдог овогтой Төвсанаагийн Төгөлдөр, 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүү Хольдог овогтой Төвсанаагийн Ганзориг нар тус тус төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар 2019 оны 7 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6-д зааснаар С.Уянга, Т.Төвсанаа нарын гэрлэлтийг цуцалж, хүү Т.Төгөлдөр, Т.Ганзориг нарыг эцэг Т.Төвсанаагийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Уянгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг, хариуцагч Т.Төвсанаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Төвсанаагаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Уянгад, нэхэмжлэгч С.Уянгаас 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагч Т.Төвсанаад олгох нь зүйтэй.

Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдав.