Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Амар |
Хэргийн индекс | 188/2023/0785/Э/220/2023/0729 |
Дугаар | 188/2023/778 |
Огноо | 2023-06-23 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 188/2023/778
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,
улсын яллагч Ж.Сувданчимэг (томилолтоор),
хохирогч П.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Баатарбилэг, түүний өмгөөлөгч С.Батнасан нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 01184 0953 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Б-ийн Б, Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Б-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, хамарт шарх, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, хамар,баруун чихний дэлбэнгийн ар, зүүн ташаанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйх, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирлын баримтуудыг, хохирогч П.Б шинээр гарган өгсөн баримтыг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батнасан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
“Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Б-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, хамарт шарх, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, хамар,баруун чихний дэлбэнгийн ар, зүүн ташаанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйх, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал);
-Хохирогч П.Б-ийн “...Өчигдөр буюу 2023.03.17-ны орой Сонгинохайрхан дүүргийн *** тоот гэртээ байж байхад найз Б над руу утсаар яриад найз нь солонгос явах шалгалтад тэнцчихлээ, эхнэртэйгээ хамт танайд яваад очъё гэхээр нь зөвшөөрөөд 23 цагийн үед би Б-г Дүүхээ-2 төвөөс очиж аваад гэртээ ирээд бид гурав архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Тэгээд байж байгаад би Б-д хандаж одоо эхнэрээ жаахан юм яриулаа, ганцаардаад байх шиг байна гэхээр юм дуугараагүй юм. Тэгээд би хажууд нь сууж байгаад эргээд харах гэж байгаад өвдгөөрөө хөлд нь шүргэсэн чинь л Б шууд босож ирээд чи ер нь яах гээд байгаа юм, хөл гар луу шүргээд гээд уурлаад шууд миний толгой, нүүр хэсэгт олон удаа цохиж, зодоод байсан. Эхнэр нь орилсоор байгаад бид хоёрыг болиулсан. Удалгүй Б эхнэрээ дагуулаад гарсан. Тэгэхээр нь би дөхүүлээд өгөх үү гэсэн чинь тэг тэг гэрээс гараад байж байтал дахиад над руу шалтгаангүйгээр дайраад надад хандаж рокууд ямар байдгийг мэдэх үү, чи рокийн амьдралаар амьдарч чадах уу гээд дахиж толгой, нүүр хэсэгт олон удаа цохисон. Би биеэ хамгаалах гээд зөрүүлээд нэг удаа цохисон, тэгээд арай гэж салаад явцгаасан... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал);
-Гэрч Г.Г-ын “...Б нь Б-т чамтай найз болсондоо баярлаж байна. Би өмнө сайн найзтайгаа муудалцаад зодолдоод зүгээр өнгөрч байсан гээд босож ирээд Б-ийг шанаадсан. Б босож ирээд Б чи яаж байна, арай их согтоод байна гээд Б-ийг суулгаад байж байсан. Б гэртээ орилоод заазуур бариад дайраад Б, Б хоёр ноцолдоод байсан. Тэр үед Б-ийн хамраас цус гараад удаагүй Б бид хоёр явахаар болоод Б төв зам руу дөхүүлээд өгье гээд машинтай явж байсан ахиж муудалцаад машинаа зогсоогоод Б Б-ийн нүүр лүү цохиж Б зөрүүлээд 3-4 удаа цохисон. Тэгээд бид хоёр явлаа гээд явж байсан Б араас ална гээд ирэхэд Б нэг удаа нүүр хэсэгт нь цохиход Б хойшоо саваад унасан. Тэгээд Б бид хоёр Б-ийг машинд нь суулгаад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал);
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3939 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: П.Б-ийн биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, хамарт шарх, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, хамар, баруун чихний дэлбэнгийн ар, зүүн ташаанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйх, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 6.П.Б-ийн биед учирсан зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, хамарт шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун чихний дэлбэнгийн ар хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн ташааны зулгаралт гэмтэл нь нийлээд дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал);
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 373 дугаартай дүгнэлтээр “....Дүгнэлт. 1.П.Б нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт зүүн нүдний ухархайн доод ханыг хугарлыг нөхөх имплант суулгах мэс засал хийлгэсэн байна. 2.Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өвчний түүхэнд урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 3939 дугаартай дүгнэлтэд нэмэлтээр тусгагдах гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-31 дэх тал);
-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2023.04.03-ны өдрийн 2/492 тоот албан бичгээр П.Б-тэйхолбоотой амбулаториор авсан тусламж үйлчилгээ, лабораторийн шинжилгээний хариу болон 03 дугаар сарын 22-ны өдрөөс хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн баримт (хавтаст хэргийн 36-63 дахь тал);
-Иргэний эрүүл мэндийн дэвтэр дээрх эмчийн үзлэгийн тэмдэглэл (хавтаст хэргийн 65-67 дахь тал);
-Хохирлын баримт (хавтаст хэргийн 68-75 дахь тал);
-Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...2023.03.17-ны өдөр солонгос улсад ажиллах ажлын санал ирэхээр нь би баярлаад найз Б рүү утсаар залгаж хэлээд гэрт нь очихоор ярилцаж тохиролцоод би орой 23 цагийн үед эхнэр Г бид хоёрыг манай гэрээс ирж аваад найз Б-ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн *** тоот гэрт нь очсон юм. Бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байгаад Б согтсондоо элдэв янзын юм яриад, босож ирээд байхаар нь би суу гээд суулгаад байсан. Тэгээд над руу дайраад байхаар нь би түлхэж унагаагаад холдуулаад байсан. Тэгээд унаж байхдаа юм мөргөсөн бололтой хамраас нь цус гараад чи миний хамрыг хугалчихлаа гээд байсан. Тэгээд би эхнэртээ хэлээд явъя гээд гэрээс гараад байж байтал ардаас гарч ирээд би та хоёрыг зам руу дөхүүлээд өгөх үү гэхээр нь эхнэр бид хоёр машинд суугаад зам руу дөхөж явж байхдаа миний нүүр рүү Б цохиод авахаар нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь 3-4 удаа цохисон. Тэгээд машинаас буугаад эхнэртэйгээ хамт зам руу явж байтал ардаас Б гүйгээд ирэхээр нь би нэг удаа нүүрэн тус газар нь цохисон чинь газар хойд хэсгээрээ саваад уначихсан чинь эхнэр бид хоёр яваад гэртээ харьсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 124-125 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримт, гэм буруугийн талаар талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.2 Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3939 дугаартай дүгнэлтээр хохирогч П.Б-ийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч П.Б-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч Б.Б нь тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас үүдэн хохирогч П.Б-ийн зодож цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан “...зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, хамарт шарх, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, хамар, баруун чихний дэлбэнгийн ар, зүүн ташаанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйх, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Б.Баатарбилэгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, түүний үйлдэлд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.3 Хохирол, хор уршиг
Хохирогч П.Б нь эрүүл мэндээрээ хохирсны улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр, ажил хөдөлмөрөө хийж чадаагүйн улмаас бусдыг ажиллуулсан төлбөр зэргийг нэхэмжилсэн ба шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, мэдүүлгийг үндэслэж дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогчийн зүгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой 1,156,770 төгрөгийн баримт гаргаж өгсөн (хавтаст хэргийн 68-75 дахь тал). Шүүгдэгчийн зүгээс уг хохиролд 1,180,000 төгрөгийн төлсөн болох нь шүүгдэгчээс гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт, хохирогчийн шүүх хуралдаанд хохирлын төлбөр авсан болохоо илэрхийлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн зүүн нүдний ухархайн доод ханыг хугарлыг нөхөх имплант суулгах мэс заслын имплантын төлбөрт 1,800,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б нь төлсөн талаар шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Хохирогчийн зүгээс эрүүл мэндээрээ хохирсны улмаас ажил хөдөлмөрөө хийж чадахгүй байдалд хүрсэн, хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байсан тул өөрийн оронд ажиллуулахаар З.Б гэх хүнтэй гэрээ байгуулсан тул З.Б-д цалин бодож өгсөн 4,367,300 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж,.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.
Хохирогчийн зүгээс, “Х” ХХК болон “УЭН” ХХК-ийн нарын хороонд байгуулсан 2023.04.01-ний өдрөөс 2023.06.01-ний өдөр хүртэл хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ, мөн “УЭН” ХХК болон иргэн З.Б-тай нарын хооронд байгуулсан 2023.03.29-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”, З.Б гэх хүний Хаан банкны депозит дансны хуулгыг тус тус гаргаж өгсөн.
Хохирогч П.Б нь “ЭУН” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.
Мөн иргэний хуулийн 7 дугаар зүйл, 25 дугаар зүйлд тус тус зааснаар хуулийн этгээд нь өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл бүхий иргэний эрх зүйн харилцаанд бие даасан оролцогч юм.
Иймд “ЭУН” ХХК-ийн иргэн З.Б байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүнээс үүсэх цалин хөлсийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн тус эрүүгийн хэрэгт П.Б нь иргэний хувьд хохирогчоор оролцож байгаа болохоос “ЭУН” ХХК нь иргэний нэхэмжлэгчээр оролцоогүй болно.
Харин хохирогч П.Б нь цаашид гаргах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой хохирол, эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд хүргүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батнасан: “...шүүгдэгч Б.Б хохирол төлбөрт 2,980,000 төгрөгийг төлсөн. Эрүүгийн хариуцлагын хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэрэг хөнгөрүүлэн нөхцөл байдал байна, улсын яллагчийн саналтай тусгайлан гаргах саналгүй...” гэв.
Хохирогч П.Б: “...Эрүүгийн хариуцлагатай холбоотой хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Б.Б: “...Эрүүгийн хариуцлагатай холбоотой хэлэх зүйл байхгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 98 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 99 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 100 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 101 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 102-103 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 104 дэх тал), ХААН банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 105-106 дахь тал), хөдөлмөрийн стандарт гэрээ (хавтаст хэргийн 108-111 дэх тал), Б.Б-ийн цагаачлалын явцыг харах баримт (хавтаст хэргийн 113-114 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хариул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирох бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Б цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР