Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 44

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: УБ.Т-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Н.Б-д холбогдох,

      Гэм хорын хохирол 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Н.Б, иргэдийн төлөөлөгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б миний автомашиныг гэмтээснээс үүдэн би 7 хоногийн ажил тасалж 210.000 төгрөгийн цалин аваагүй, мөн 8 хоног автомашинаа журмын хашаанд байлгасны хөлс 20.000 төгрөг төлсөн. Түүнчлэн гэмтсэн амортизаторыг Улаанбаатар хотоос 100.000 төгрөгөөр авч, тавиулсан. Энэ хугацаанд такси барьж, бусад зардалд мөнгө их гарсан. Дээр нь миний бие Шүүхэд өгнө, мөнгөө өг гэхэд Өгнө гэх худал хэлж, намайг нааш цааш нь их явуулж 1 сарын хугацаанд чирэгдүүлсэн. Автомашины үнэлгээгээр гарсан гэмтлийн үнэ 670.000 төгрөгөөс 660.000 төгрөгийг өгсөн ба одоо бусад гарсан зардлаа гаргуулж авахыг хүсч байна. Иймд Н.Б-аас ажил тасалсны улмаас авч чадаагүй 210.000 төгрөгийн цалин, журмын хашааны хөлс 20.000 төгрөг, амортизаторын үнэ 100.000 төгрөг, нийт 330.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр буюу 5 дахь өдөр согтуугаар мотоцикл жолоодож яваад 15-09 УНТ улсын дугаартай Соната 7 маркийн машин шүргээд урд хаалгыг нь гэмтээсэн. Гэмтлийг Увс финанс даатгал үнэлгээ хийж, 670.000 төгрөгийн хохирол гаргасан. Үнэлгээ ёсоор 670.000 төгрөгийг төлсөн ба 11 дүгээр сарын 08-ны өдөр баривчилгаанд ороход 5 дахь өдөр байсан. 11 дүгээр сарын 11-ний өдөр бид хоёр талаас цагдаад өгсөн боловч 15-09 УНТ дугаартай машины жолооч Үнэлгээ хийлгэнэ гэж яваад ирээгүй болохоор Үнэлгээ яасан гэж асуухад Үнэлгээний хүн хөдөө явсан, 2-3 хоноод ирнэ гэж хэлсэн. 5 дахь өдөр болох 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15:30 цагт цагдаад ирээд 670.000 төгрөгийн хохирол гарсан гэхэд би Үнэлгээ ёсоор төлье гэсэн. Түүний эхнэр Б.Тунгалагтуяа 1.000.000 төгрөг нэхээд бид цагдаа дотор хэрэлдэж мөнгөө авахгүй, цагдаа дээр, прокурор дээр ч ирж мөнгөө авахгүй байсан. Би утсаар дансыг нь авч хохирол болох 670.000 төгрөгийг нь өгсөн. Гэтэл одоо Б.Т ажлаасаа 10 хоногийн чөлөө авсан 330.000 төгрөг нэхсэн. Тухайн зөрчлийн хэрэг үйлдэхэд 15-09 УНТ дугаартай машиныг Б.Т-ийн нөхөр Н.Чулуунбат барьж явсан. Н.Ч өөрөө машин жолоодох эрхээ хасуулсан байсан. Тийм учир зөрчил гэж машиныг журмын хашаанд хийсэн. Машиныг гаргахад хөлдсөн зүйлгүй зүгээр явсан. Цагдаа ч мэдэж байгаа. Би өөрөө зөрчил гаргасан тул хуулийн дагуу үнэлгээний 670.000 төгрөг төлсөн. Өөрөө 15 хоног баривчилгаа аваад 11 дүгээр сарын 25-ны өдөр гарсан. Одоо нэхэмжилж байгаа 330.000 төгрөгийг би төлөх боломжгүй учир шүүж өгнө үү. 15-09 УНТ улсын дугаартай Соната 7 маркийн машиныг Б.Т барьж яваагүй, түүний нөхөр Н.Ч барьж явсан учир би 330.000 төгрөг төлөх боломжгүй. Н.Ч ч машин жолоодох эрхгүй мөртлөө одооч машин барьсаар л байгаа. Би хүнтэй хэрэлдэж яах вэ гээд юу ч ярихгүй яваад байна гэжээ.

         Иргэдийн төлөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Т-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь түүний нөхөр осол гаргасан, мөн автомашин жолоодох эрхгүй байсан байна. Автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй гээд машинаа барьж яваагүй бол ийм хэрэг гарахгүй байсан. Иргэн Н.Б согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр төлсөн байна гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Н.Б-д холбогдуулан гэм хорын хохирол 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

           Хэрэгт авагдсан Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн иргэн Н.Б-д холбогдох зөрчлийн 1935000337 дугаартай хэргээс үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Нархан цэцэрлэг рүү орох уулзвар дээр иргэн Н.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мустанг-5 маркийн, 04-42УВЗ улсын дугаартай мотоцикль жолоодож яваад иргэн Н.Ч-ын жолоодож явсан Хьюндай Соната-7 маркийн, 15-09 УНТ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас Хьюндай Соната-7 маркийн автомашинд нийт 670.000 төгрөгийн хохирол учирсныг шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 397 тоот дүгнэлтээр тогтоожээ.

       Улмаар дээрх Н.Ч-д учирсан хохирол 670.000 төгрөгөөс 660.000 төгрөгийг хариуцагч Н.Б нь иргэн Н.Ч-д төлсөн нь Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх ба нэхэмжлэгч болон хариуцагч нар энэ талаар маргахгүй байна.

        Харин нэхэмжлэгч Б.Т нь уг зам тээврийн ослын улмаас өөрт учирсан хохирол буюу 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд ажлаас чөлөө авсан ба уг хугацаанд авах байсан цалин 210.000 төгрөг, Хьюндай Соната-7 маркийн автомашиныг журмын хашаанд байлгасны хөлс 20.000 төгрөг, уг автомашинд тавихаар Улаанбаатар хотоос худалдан авсан амортизаторын үнэ 100.000 төгрөг, нийт 330.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        Учир нь тухайн өдөр Хьюндай Соната-7 маркийн автомашиныг иргэн Н.Ч жолоодон, замын хөдөлгөөнд оролцож байсан байх ба зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор Н.Ч-ыг тогтоож, ажиллагаа хийгдсэн, харин уг зөрчлийн хэрэгт Б.Т-аг хохирогчоор тогтоогоогүй байна.

         Мөн уг зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 660.000 төгрөгийг Н.Б нь Н.Ч-д төлсөн, одоо үлдэх 10.000 төгрөгийг хариуцагч нь өгөхөө шүүх хуралдааны үеэр илэрхийлсэн.

       Түүнчлэн журмын хашааны төлбөр 20.000 төгрөгийн зардал нь хариуцагч Н.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол биш ба Н.Ч автомашиныг эрхийн үнэмлэхгүй жолоодсоны хариуцлага буюу уг зөрчлийнх нь улмаас автомашиныг саатуулах ажиллагаа хийгдсэн, уг хохирлыг Н.Ч хариуцах ёстой байна.

        Нэхэмжлэгч мөн Амортизаторын үнэ 100.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан боловч дээр дурдсан шинжээчийн 2019 оны 397 дугаар дүгнэлтээс үзэхэд тухайн үед Хьюндай Соната-7 маркийн автомашины баруун урд болон баруун хойд хаалга, хойд буфер зэрэг эд анги гэмтсэн болохыг дурдсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед автомашины амортизаторт ямар нэгэн гэмтэл байгаагүй ажээ.

      Иймд нэхэмжлэгч Б.Т-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх бөгөөд энэ тухай дурдсан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Н.Б-д холбогдох гэм хорын хохирол 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.