Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 72

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: П.А-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: УБОАЖГ-т холбогдох,

       Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10.957.753 төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгалын шимтгэл 1.787.618 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн ББОАЖГ-т Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр анх ажилд орсон бөгөөд би тухайн ажлаа мэргэжлийн түвшинд, ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй, хуулийн дагуу гүйцэтгэж байсан. Тэгтэл тус байгууллагын дарга Б.Б нь намайг хууль зүйн үндэслэлгүйгээр 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Улмаар би Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сард ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргасан бөгөөд тус шүүх намайг ажилд эгүүлэн тогтоож, шийдвэр гаргасан боловч хариуцагч уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давах болон хяналтын шатны шүүхэд хандсан ба тухайн шүүхүүд анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 05 тоот шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд миний бие ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар танай шүүхэд хандаж байна. Би 2018 оны 6 дугаар сард 490.953 төгрөгийн цалин, 2018 оны 7, 8, 9 дүгээр саруудад 545.148 төгрөгийн цалин, 2018 оны 10, 11, 12 дугаар саруудад 550.744 төгрөгийн цалин, нийт 3.778.629 төгрөг авах байсан. 2019 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал хугацаанд сар бүр 654.284 төгрөгийн цалин авах байсан ба нийт 7.197.124 төгрөг, ингээд нийт 10.957.753 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 1.787.618 төгрөг байгаа бөгөөд үүнийг нөхөн төлүүлж, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн ББОАЖГ-ын дарга Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.А нь БОАЖГ-ын Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан ба тус газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 тоот тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халагдсан болно. П.А Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүссэн бөгөөд Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 367 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0390 дүгээр магадлалыг хэвээр үлдээсэн. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр 2019 оны 12 сарын 13-ны өдрийн Б/49 тоот тушаалаар урьд эрхэлж байсан албан тушаалд нь томилсон. П.А 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан үеийн цалин хөлс нийт 12.763.371 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг хүргүүлж байна. 2018 онд уг албан тушаал Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн нь Засгийн газрын 2007 оны Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу Дэс түшмэл буюу ТЗ-5 дугаар зэрэглэлд хамаарч байсан, мөн 2019 онд уг албан тушаал нь Засгийн газрын 2019 оны Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай 275 дугаар тогтоолын дагуу Дэс түшмэл буюу ТЗ-5 дугаар зэрэглэлд хамаарч байна. Иймээс тухайн албан тушаалын цалингийн шатлалыг ТЗ-5-1-р тооцож олгоно. Мөн П.А-нд ажилласан жилийн нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл байхгүй болно. Ажилгүй байсан үеийн олгох ёстой байсан цалин хөлсийг тооцоход 2018 оны 6, 7, 8 дугаар сарын цалинг Засгийн газрын 2014 оны Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай 332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсаны дагуу ТЗ-5-1 шатлалын үндсэн цалин 509.948 төгрөг, 2018 оны 6 дугаар сард 2 хоногийн цалин болох 54.198 төгрөг олгосон. Иймд 6, 7, 8 дугаар сарын нийт цалин 1.475.646 төгрөг, 2018 оны 9, 10, 11, 12 дугаар сарын цалинг Засгийн газрын 2018 оны Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн топгоох тухай 264 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсаны дагуу ТЗ-5-1 шатлалын үндсэн цалин 550.744 төгрөг, нийт 4 сарын цалин 2.202.976 төгрөг, 2018 онд авах ёстой байсан цалин нийт 3.678.622 төгрөг. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 12 хувь буюу 441.435 төгрөг, 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын цалинг Засгийн газрын 2019 оны Төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг шинэчлэн тогтоох тухай 277 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсаны дагуу ТЗ-5-1 шатлалын үндсэн цалин нь 594.803 төгрөг, нийт 11 дүгээр сарын цалин 6.542.833 төгрөг, 2019 онд авах ёстой байсан цалин нийт 6.542.833 төгрөг. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч нь 12,5 хувийг төлөх буюу 817.854 төгрөг. 2018 оны 6-12 дугаар сар, 2019 оны 01-11 дүгээр сар хүртэл олгох ёстой байсан цалин хөлсний нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогчоос нийт 1.259.289 төгрөг төлнө. 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нийт цалин хөлс 10.221.455 төгрөг болж байна. Иймд хуулийн дагуу бодож тооцоолоход нэхэмжлэгчийн үнийн дүнгээс зөрж байгаа тул П.А-ийн ажилгүй байсан үеийн цалин хөлс хэмээн нийт 10.957.753 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1.787.618 төгрөг, нийт 12.763.371 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Увс аймгийн БОАЖГ-т холбогдуулан, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10.957.753 төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгалын шимтгэл 1.787.618 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хариуцагч БОАЖГ Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

       Хэрэгт авагдсан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0390 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 367 дугаар тогтоолоос үзэхэд Увс аймгийн БОАЖГ-ын даргын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож, П.А-г урьд эрхэлж байсан БОАЖГ-ын Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

          Иймээс нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна.

         Хэдийгээр нэхэмжлэгч нь тус газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/49 тоот тушаалаар уг албан тушаалд томилогдсон байгаа боловч тэрээр шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хандан нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны нөхөн олговор гаргуулахаар шаардсан ба шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

       БОАЖГ-ын Уур уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354, 2019 оны 275 дугаар Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай тогтоолоор батлагдсан журмын дагуу Дэс түшмэл буюу ТЗ-5 дугаар зэрэглэлд хамаардаг байна.

        Мөн нэхэмжлэгч П.А нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус газрын даргын Б/28 тоот тушаалаар төрийн албанд анх томилогдсон байх ба түүнд ямар нэгэн нэмэгдэл цалин олгогдодгүй ажээ.

         Иймээс П.А-ийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарыг дуустал хугацааны цалинг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ-ний ТЗ-5-1 буюу 509.948 төгрөгөөр, 2018 оны 9 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалинг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 264 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ-ний ТЗ-5-1 буюу 550.744 төгрөгөөр, 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны цалинг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ-ний ТЗ-5-1 буюу 594.803 төгрөгөөр тус тус тооцож олгох нь зүйтэй байна.

       Хариуцагч Увс аймгийн БОАЖГ-ын шүүхэд ирүүлсэн тайлбарт П.А-ийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан үеийн нийт цалин, хөлс 10.221.455 төгрөг болж байна гэсэн бөгөөд үүнийг шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын 10.957.753 төгрөг гаргуулах тухай хэсгээс хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ болох 10.221.455 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, үлдэх 736.298 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзсан болно.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 1.787.618 төгрөг гаргуулахаар шаардсан байх боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна гэж тус тус заасан тул нэхэмжлэгч П.А-ийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

      Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлэх эрхтэй байх ба Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь П.А-ийн дээрх хугацаанд төлөгдөх байсан нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн хариуцаж, харин энэ шүүхийн шийдвэрээр олгогдож байгаа цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговороос нийгмийн даатгалын шимтгэлийг суутгахгүй болно.

        Иймд нэхэмжлэгчийн 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 1.787.618 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

         Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт даалгаж шийдвэрлэлээ.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 10.221.455 төгрөгт ногдох 178.493 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А-нд олгох нь зүйтэй байна.