| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 175/2019/0197/Э |
| Дугаар | 2020/ДШМ/05 |
| Огноо | 2020-01-29 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2020/ДШМ/05
С.Бат-Эрдэнэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч:
Ерөнхий шүүгчийн үүргийг
түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Батзориг
Шүүгчид Д.Буянжаргал
Г.Давааренчин
Оролцогчид
Прокурор Г.Энхмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Сэрээтэрийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1802003780253 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1971 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарь, фризерчин мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт, Дархан Уул аймаг Дархан сумын 14-р баг 2-р хороолол 47-71 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Харчин овогт Сэрээтэрийн Бат-Эрдэнэ /РД:ТВ71071177/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Бат-Эрдэнэ нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Могойн гол” гэх газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид 10.761.827 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх С.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 198 дугаартай шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч Харчин овогт Сэрээтэрийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Сэрээтэрийн Бат-Эрдэнээс экологийн хохиролд 2.761.827 төгрөг болон нөхөн сэргээлтийн 5.461.330 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Шүүгдэгч С.Бат-Эрдэнэ нь дээрхи төлбөрийг 2019 оны 12-р сарын 25-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч С.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бат-Эрдэнэд ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг 2/хоёр/ жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож яг оногдуулахыг шүүгдэгч С.Бат-Эрдэнэд мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч С.Бат-Эрдэнээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникүүдийн үнэ 37.000.000 /гучин долоон сая/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
8. Эд мөрийн баримтаар хураагдсан алт /Аu-74.4%/, төмөр /Fе—13.4%/, цайр /Zn-6.6%/ элементүүдтэй 10.8 грамм алтыг улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.
9. Мөн хэргийн газрын үзлэгээр хураан авсан “RОВЕХR3900LС-7” маркийн экскаваторын 21NВ-32204 дугаар бүхий нэг ширхэг компьютерийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
10. Шүүгдэгч С.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
11. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй” гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч С.Бат-Эрдэнэ нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээж “Капитал зууч ХХК-ний шинжээчийн дүгнэлтэд дурьдсан байгаа нэр бүхий 3 техникийг ашиглан ашигт малтмал олборлосон гэдгээ зөвшөөрдөг. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-р заалтаас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан техникүүдийн үнэ гэж 37.000.000 /гучин долоон сая/ төгрөгийг гаргуулна гэсний 20.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 20.000.000 төгрөгөөр үнэлсэн “Нyundai-4500 LC7” маркийн эксковаторыг огт ашиглаагүй ба энэ техник нь өөрөө эвдэрхий байсан. Өөрөөр хэлбэл уг техникээр ашигт малтмал олборлосон гэдэг нь хангалтай нотлогдохгүй байхад анхан шатны шүүх ашиглаж олборлосон гэж үзэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэрийг гаргалаа. “Нyundai-4500 LC7” маркийн экскаватор бичиг баримтгүй, хэрэг учрал байсан газар байсан техник гэдгээр нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж 20,000,000 төгрөгийг нэмж гаргуулж шийдвэрлэсэнд шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Бат-Эрдэнэ нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Могойн гол” гэх газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид 10.761.827 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэнд прокуророос Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу С.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1802003780253 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:
С.Бат-Эрдэнэ нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Эрдэнэбулган /2-р хх-ийн 110-111-р ху/, гэрч П.Мөнх-Оргил /1-р хх-ийн 30-р ху/, Б.Дуламсүрэн /1-р хх-ийн 31-33-р ху/, Т.Даваабаяр /1-р хх-ийн 139-141-р ху/, Б.Жаргалтэгш /1-р хх-ийн 142-143-р ху/, Х.Алтынтас /1-р хх-ийн 144-145-р ху/, Ж.Оюунчимэг /1-р хх-ийн 168-169-р ху/, Б.Дуламсүрэн /1-р хх-ийн 170-171, 246-248-р ху/, Б.Батболд /2-р хх-ийн 01-03-р ху/, Я.Жамба-Нинж /2-р хх-ийн 04-06-р ху/, М.Наранбаяр /2-р хх-ийн 07-08-р ху/, Д.Алтанхуяг /2-р хх-ийн 09-11-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11247 тоот дүгнэлт /1-р хх-ийн 148-р ху/, Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ий шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 209-210-р ху/, Бүх төрлийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ий шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/034 тоот дүгнэлт /2-р хх-ийн 15-р ху/, Байгаль орчны зөвлөх “Тост Элст” ХХК-ий шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт /2-р хх-ийн 98-104-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 04-17-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нолох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан тул гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.
С.Бат-Эрдэнэ нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Могойн гол” гэх газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа “Hyundai-4500” маркийн эксковаторыг ашиглаж байсан болох нь С.Бат-Эрдэнийн өмгөөлөгч С.Батдэлгэрийг оролцуулан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн “...Манай уурхай дээр 1 ковш, 2 эксковатор ажиллаж байсан. Тэр ажиллаж байсан 1 ковш, 1 эксковаторыг Дуламсүрэн гэдэг хүнээс 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр түрээсэлж авсан. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хүрлээ гэж дууддаг хүнээс өдрөөр нь 1 эксковатор түрээсэлж авсан чинь ажиллахгүй болохоор нь Хүрлээгээс ахиад нөгөө эксковаторыг нь түрээсэлж аваад ажиллуулж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 157-р ху/, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн “...Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж уурхайн үйл ажиллагаа явуулахдаа уурхай дээр Дуламсүрэнгээс 1 ковш, 1 эксковатор /арлын дугаар №80510198 3000LC/ түрээсэлж ажиллуулж байсан. ...Мөн Хүрлээ гэдэг залуугаас Hyundai 2900 LC7 эксковатор түрээслэн ажиллуулах гэтэл ирээд ажиллуулж болохгүй эвдэрсэн байхаар нь Хүрэлээд хэлэхэд Hyundai 4500 LC7 эксковатор авчирч өгсөн...” гэсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 215-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн “...Эхний хэмжилт хийсэн эвдэгдсэн талбайн хойд талд дараагийн эвдэгдсэн талбай байх бөгөөд түүний хажууд ...ИВО 110383 сериал дугаартай Hyundai 4500 LC 7 маркийн эксковатор... зэрэгцүүлэн байрлуулсан байв...” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 04-06-р ху/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул, шүүгдэгч С.Бат-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарын гаргасан ...Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-р заалтаас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан техникүүдийн үнэ гэж 37.000.000 /гучин долоон сая/ төгрөгийг гаргуулна гэсний 20.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 20.000.000 төгрөгөөр үнэлсэн “Нyundai-4500 LC7” маркийн экскаваторыг огт ашиглаагүй ба энэ техник нь өөрөө эвдэрхий байсан. Өөрөөр хэлбэл уг техникээр ашигт малтмал олборлосон гэдэг нь хангалтай нотлогдохгүй байхад анхан шатны шүүх ашиглаж олборлосон гэж үзэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэрийг гаргалаа. “Нyundai-4500 LC7” маркийн экскаватор бичиг баримтгүй, хэрэг учрал байсан газар байсан техник гэдгээр нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж 20.000.000 төгрөгийг нэмж гаргуулж шийдвэрлэсэнд шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна...” гэсэн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бат-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бат-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ