“Т т з” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүн шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г
Нэхэмжлэгч: “Т т з” ХХК
Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/310 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар шийдвэр;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Л, Б.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 120/2025/0005/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т т з” ХХК-иас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргад холбогдуулан “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/310 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удиррдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. “Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/310 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 05 сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3.2. Хариуцагчийн зүгээс шүүхээс “2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/310 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
3.3. Анхан шатны шүүх “... Газрын тухай хуулийн 61.1 дэх хэсгийг үндэслэсэн нь алдаатай, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасантай нийцэхгүй” гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
3.4. Анхан шатны шүүхийн шийдвэртээ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
3.5. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн талаар:
Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг хэрэглэхэд заавал 2 дахь урьдчилсан нөхцөл болох “газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх”-ыг шаардахгүй, мөн анх нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн 2020 оны А/189 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 20.2.1, 21.4.3, 31.2 дахь хэсгүүдийг зөрчсөн, хуульд нийцээгүй гэж маргасан.
Учир нь энэ тохиолдолд нэхэмжлэгч компанид анхнаасаа Газрын тухай хууль зөрчиж газар эзэмшүүлсэн тул 2020 оны А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгох замаар захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчмыг хангасан нь хууль зөрчөөгүй.
3.6. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн талаар:
Анхан шатны шүүх хариуцагчийг харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэхдээ хариуцагч нь дээрх заалтууд болон хууль дээдлэх зарчмыг биелүүлж, эрх зүйн актын хэрэглээний эрэмбийн хувьд Газрын тухай хуулийг хэрэгжүүлэн ажилласныг анхаарсангүй.
Иймд хариуцагч нь Газрын тухай хуулийг хэрэгжүүлэн ажилласан байхад бодлогын баримт бичгүүдийг биелүүлээгүй нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцээгүй, “Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөжлийн бодлого батлагдсан, Т-Г чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байгаа энэ нөхцөлд заавал сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байхыг шаардахгүй” гэх дүгнэлтүүд нь үндэслэлгүй байна.
3.7. Иймд анхан шатны шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдийг тус тус буруу хэрэглэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
- Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Газрын тухай хуулийн холбогдох заалтыг нэмж, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
- Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/189 дүгээр захирамжаар “Т т з” ХХК-д тус сумын 3-р баг Г чиглэлийн хатуу хучилттай автозамын ПКО-ПКЗ хаягт байрлах 1832050 м.кв газрыг “Төмөр замын шинэ суурьшлын бүсийн барилга байгууламж”-ийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.
- Гэтэл даруй 4 жилийн дараа хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга маргаан бүхий акт болох 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/310 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон дээрх захирамжийг “...газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Газрын тухай хууль зөрчиж олгосон” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэснээс уг маргаан үүссэн байна.
- Монгол Улсын Их Хурлын 2010 оны “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” 32 дугаар тогтоол, мөн хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Бүс, орон нутгийн хөгжлийн талаарх Найм. Бүс нутгийн хөгжлийн хэсгийн 8.1.3 дахь хэсэгт “Стратегийн орд газруудыг хилийн боомттой холбосон Т-Г чиглэлийн төмөр замуудыг барьж, байгуулах”-аар тус тус тусгагджээ.
- Ийнхүү төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Т-Г чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай” 242 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Төрийн өмчийн тавин нэгээс доошгүй хувийн оролцоотой “Т т з” ХХК-ийг байгуулж, 2 дахь заалтаар Т-Г чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар, мөн 2019 оны 304 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар Т-Г чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг, мөн оны 310 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Монгол, Хятадын Г-Ганцмод хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай тус тус “Т т з” ХХК-д олгосон байна. Энэхүү үйл баримттай талуудын хэн аль нь маргадаггүй.
- Хэрэгт авагдсан “Т-Г чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай”, “Т т з” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 242, 2019 оны 304, 2022 оны 459 дүгээр тогтоол, төмөр замын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгасан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны А/192, 2024 оны А/292 дугаар тушаал, төмөр замын суурь бүтэц угсрах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, “Т-Г” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн танилцуулга, Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Т-Г чиглэлийн 30 сая.тонн хүртэл нүүрс тээвэрлэх хүчин чадал бүхий 1 дүгээр зэрэглэлийн төмөр замын барилга байгууламжийг ашиглалтад оруулах”-аар гаргасан 2023/006 дугаартай дүгнэлт, Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 15/2025 дугаар дүгнэлт зэрэг баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд, нэхэмжлэгч “Т т з” ХХК нь Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэрээр төмөр замын шинэ суурьшлын бүс болох “Т-Г” чиглэлийн төмөр зам барих төслийг хэрэгжүүлэн ажиллаж, дэд бүтцийн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа болох нь тогтоогдож байна.
- Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин найм дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газрын нийтлэг бүрэн эрх, мөн хуулийн Жаран нэгдүгээр зүйлд Засаг даргын бүрэн эрх, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрөөс газрын талаарх баримтлах зарчим, мөн хуулийн 17 дугаар зүйлд Улсын Их Хурлын бүрэн эрх, 18 дугаар зүйлд Засгийн газрын бүрэн эрх, 20 дугаар зүйлд Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрх, 21 дүгээр зүйлд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх зэрэг газрын харилцааны талаархи төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлд Сумын Засаг даргын бүрэн эрхийг тус тус хуульчилсан.
- Тодруулбал, Улсын Их Хурал нь газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг тодорхойлох, гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах, Засгийн газар нь газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж хангах, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, аймаг, сумын Засаг дарга нь нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах зэрэг газрын харилцааны талаар бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна.
- Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтаас үзэхэд, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцан ажиллах үүрэгтэй атал нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн захирамжийг сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.5-т “…шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-т “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимтай нийцэхгүй байна.
- Зүй нь нийгмийн зайлшгүй хэрэгцээнд Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар нь хуулиар олгогдсон бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд дээр дурдсан холбогдох шийдвэрүүдийг гаргаж, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд “Т-Г” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах арга хэмжээ авч, уг төслийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрлийг “Т т з” ХХК-д олгосны дагуу төслийн ажлыг хэрэгжүүлж ирсэн атал маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснээр Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газрын бодлогын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төслийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болох эрх зүйн үр дагавар үүсч, газар эзэмшигч нэхэмжлэгч “Т т з” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
- Дээрхээс дүгнэн үзвэл, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөлүүдийг гагцхүү Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд тодорхойлон заасан байтал хариуцагч нь нэхэмжлэгчид газар олгосон шийдвэр нь анхнаасаа хууль бус байсан гэж үзэн мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх зарчим хийгээд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрөөс газрын талаар баримтлах зарчмыг зөрчсөн, мөн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөөгүй болох нь тогтоогдож байна.
- Энэ талаар анхан шатны шүүх “...Т-Г чиглэлийн төмөр зам нь Т уурхайгаас Г боомт хүртэл 233,6 км үргэлжлэх бөгөөд 1 дүгээр зэрэглэлийн төмөр зам, түүнийг дагасан барилга, байгууламжууд зэргийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан нь илэрхий үйл баримт бөгөөд энэ ч утгаараа нэхэмжлэгчээс хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдсөн гэх тайлбар үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх “газар эзэмших эрхийг хүчингүй болгох” заалтыг баримталсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгт уг заалтыг хасаж, мөн хуулийн холбогдох заалтыг нэмсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 120/ШШ2025/0010 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, Газрын тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.1, 17.1.4, 18.1 дүгээр зүйлийн 18.1.1, 20 дугаар зүйлийн 20.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т т з” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/310 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.” гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН