Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 00096

 

 Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,

 нарийн бичгийн С.Гончигбал,

   улсын яллагч Ц.Сувдаа,

   хохирогч Б.Баасандорж,

   хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

    Шинжээч Б.Нямбаяр,

   шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, шүүгдэгч Д.Энхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2016/0084/Э индекстэй, 201606000224 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р багийн Баяндавааны 8-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Батхаан овогт Дашдондовын Энхсайхан /РД:ЙР73041673/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Энхсайхан нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг “Оросын булаг” гэх газарт “Santa fe” маркийн 28-44 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин урсгал сөрж, өөрийн эгнээгээр мотоцикль жолоодож явсан хохирогч Б.Баасандоржийг мөргөж, түүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      Шүүгдэгч Н.Энхсайханы өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр найзынхаа гуйлгаар  Дархан-Уул аймгаас Хөвсгөл аймаг явж байхад шөнийн 22 цагийн үед замын зорчих хэсгээр 5-6 тооны сарлагийн үхэр гарч ирээд буцаад зам дагаад орсон юм. Гэтэл нэг үхэр нь зам дээр зогсож үлдсэн байсан. Би үхрийг тойрч гарах гэтэл үхэр гэрэл дагаад эргэж зугтан машинтай мөргөлдсөн. Үхэр муухай орилоод унасан. Миний машин ч нам унтарсан. Энэ үед нэг мотоцикль ирээд миний машиныг мөргөж унасан байсан. Надтай хамт явсан хүмүүс надад хэлж биднийг очиход Баасандорж гуай хөл сонин болчихлоо. Миний мотоциклийг босгоод гэрлийг нь унтраагаад ахдаа нүдний шил олоод өг гэсэн. Тэгээд бид мотоциклийг нь босгож, нүдний шилийг нь олж өгөөд түргэн дуудсан гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Баасандоржийн өгсөн: Би Эрдэнэт хот орохоор явж байтал Залуугийн гүүр  орчим цагаан үхрүүд миний урдуур гараад явж байсан. Би үхрүүдийг өнгөрөөх гэж байтал цаанаас хурдтай машин гарч ирээд урсгал сөрж намайг шууд мөргөсөн. Машинаас 3-4 хүн хүрч ирээд намайг “та зүгээр үү? яаж байна” гэсэн. Би босч чадахгүй, явж болохгүй байна гэсэн. Миний нэг хөл хөдөлж болохгүй, өрөөсөн гар бас хөдлөхгүй байсан. Тэгтэл миний ард сууж явсан хүүхэд бахираад байхаар нь би эднийг тийшээ оч гэсэн. Тэгээд түргэн дуудсан. Би эмнэлэг болон эмчилгээ хийлгэж явсаар 2 сар шахуу болоод ирсэн. М.Энхсайхан намайг эмнэлэгт хэвтэж байхад 2100000 төгрөг өгсөн. Сүүлд мөн нэмж өгөөд нийт 6100000 төгрөг өгсөн. Одоо миний өрөөсөн гар хатаад нарийсч мэдээгүй болсон, нэг хөлгүй болсон. Би ямар ч байсан хүнээр түшүүлэхгүй явдаг хөлтэй болмоор байна. 15000000 төгрөгтэй бол Солонгост хөлтэй болгох л юм байна лээ. Би одоо суучихаараа босож чадахгүй, босвол сууж чадахгүй байнгын хүнээр өргүүлж тээлгэж байна. Надад хэцүү байгаа. Хөл, гар минь байнга өвдөж одоо мөн эдгээгүй боолгосоор яваа. 3 сар шахуу өвдөж намайг үнэхээр зовоож байна. Үүнээс болж 2-3 удаа норкозтой хагалгаанд орж мэдрэл муудаж байна. Ядаж таяг тулаад таягтай явах гэхээр нэг талын гар мэдээгүй хатмал болчихоод хөдлөхгүй байна. Би хүнтэй адил янз бүрийн юм нэхээгүй. Надад хөлний мөнгө л өгчих гэсэн. Хөлний мөнгө өгчихвөл надад гомдол байхгүй. Би хүний муу үзмээргүй байна гэх мэдүүлэг,

  Шинжээч Б.Нямбаярын өгсөн: Жолооч Д.Энхсайхан нь ЗХД-ийн 8.2 дахь "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн. Саад гэж замын зорчих хэсэгт байгаа үл хөдлөх, хөдөлгөөнд аюул учруулж болохуйц зүйлийг хэлнэ. Уг гэмт хэрэг болсон шалтгаан нь жолооч Д.Энхсайханы урсгал сөрсөн буруутай үйлдлээс болж гарсан гэх мэдүүлэг,

201606000224 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Б.Анх-Эрдэнийн өгсөн: ...Би Орхон аймгаас Булганы зүгт 29 км зайд байдаг найз Хишгээгийндээ Амгаланбаатар, Оюука, Оюунчимэг, Анхбаяр нарын хамт салхинд гарах гээд очсон. Тэгээд тэндээ хоносон. Маргааш нь Дархан хотод байх найз охин луугаа очих ажил гараад зам дээр гар өргөөд зогсож байтал мотоцикльтой хүн ирж байсан. Гараа өргөөд хаа хүрэх гэж байгаа талаар асуухад нь Эрдэнэт орох гэж байна гэж хэлээд хойно нь суугаад явсан. Оросын булаг орох гээд явж байтал гэнэт түс тас гээд явчихсан тэгээд би ухаан алдчихсан байна лээ…гэх мэдүүлэг /хх 22 тал/,

Гэрч Х.Мөнхөөгийн өгсөн: ...Би Орхон суманд мал маллаж амьдраад 3 жил болж байна. Манайх зундаа Оросын булагийн наахан талд Даваатын хөтөл гэх газарт байдаг юм. Манай гэрээс хойд зүгт 1 км хүрэхгүй газарт хар зам байдаг. Тиймээс манай үхэр байнга зам гарч “Оросын булаг” руу бэлчдэг. 2016 оны 8 дугаар сарын 18-ны өглөө цагдаа нар ирээд зураг харуулахаар нь өөрийнхөө цагаан эрээн зүсмийн сарлагийн бярууг машинд дайруулсаныг мэдсэн. Сарлагийн бяруу зүүн нүднийхээ дээд талд шалбарсан, зүүн чихнийхээ араар бага зэрэг цус гарсан. Хойд хөл нь жоохон сонин яваад байсан. Миний нэр дээр байдаг сарлагийн үхэрнүүд юм…гэх мэдүүлэг /хх 24 тал/,

Гэрч Г.Баярмагнайгийн өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 17-ны оройн 22 цагийн орчим Д.Энхсайханы 24-88 ДАХ улсын дугаартай автомашинтай Дархан-Уул аймгаас Хатгал сум руу явсан юм. Тэгээд Орхон аймаг өнгөрөөд Булган аймгийн нутаг дэвсгэрт явж байхад замын хажууд үхэрнүүд харагдсан. Би утсаар яриад явж байтал машин юм мөргөхөөр нь буугаад хартал мотоцикльтой 2 хүн замын хажуу тал руу уначихсан, харин нөгөө талд нэг үхэр газар уначихсан байсан. Тэгээд Мягмардорж ах Орхон аймгийн цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх 28 тал/,

 

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №293 тоот:

1. Б.Баасандоржийн биед шуу яс, зүүн дунд чөмөг ясны хугарлаас зүүн дунд чөмөгний доод 3/1  хэсэг мэс заслын аргаар тайрагдсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь дээрхи цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.6-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 65%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 34-35 тал/,

 

Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 8 сарын 18-ны өдрийн №43 тоот:

1.Жолооч Б.Баасандорж, Д.Энхсайхан нар нь МУ-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

2.Жолооч Б.Баасандорж нь МУ-ын ЗХД-ийн 2.3 В дэх "мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалт, жолооч Д.Энхсайхан нь ЗХД-ийн 8.2 дахь " эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

З.Уг 28-44 ДАХ улсын дугаартай “Santa fe” маркийн тээврийн хэрэгсэл, 24-57 БУА улсын дугаартай “Даюун” маркийн мотоцикль зэргийг техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй.

4.Уг гэмт хэрэг болсон шалтгаан нь жолооч Д.Энхсайханы урсгал сөрсөн буруутай үйлдлээс болж гарсан байна гэх дүгнэлт /хх 66-68 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 314 тоот:

1.О.Анх-Эрдэний биед шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3.Шилбэний зулгаралт нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх 73 тал/, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаартай “Santa fe” маркийн тээврийн хэрэгсэл болон “Супер даюун” маркийн мотоциклийн эвдэрсэн эд ангид үнэлгээ гаргасан техникийн үнэлгээний тайлан /хх 76-91 тал/, “Santa fe” маркийн тээврийн хэрэгслийн эвдэрсэн гэх эд ангид үнэлгээ гаргасан техникийн үнэлгээний тайлан /хх 76-83 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 2 тал/, гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлыг шалгах хугацааг сунгах тогтоол /хх 3 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 6-12 тал/, хураан авах тогтоол, тэмдэглэлүүд /хх 14-17 тал/, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол /хх 18 тал/, сэжигтэн, яллагдагчаар тооцох тогтоол, тэмдэглэлүүд /хх 95-98 тал/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдлын талаархи бусад нотлох баримтууд /хх 99-107 тал/, хохирогчийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-111-118/ болон шүүгдэгч, хохирогч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг таниулж  тус тус шинжлэн судлав. 

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.Энхсайхан нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 28-44 ДАХ улсын дугаартай, Santa Fe маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Булган аймгийн Орхон сумын нутаг “Оросын булаг” гэх газарт явахдаа зам дээр яваа үхрийг тойрч гарах үйлдэл хийж эсрэг урсгалд орсоноос 24-57 БУЗ улсын дугаартай, “Dayun-DY150” маркын мотоцикль жолоодон явсан Б.Баасандорж, зорчигч Б.Анх-Эрдэнэ нарыг мөргөж,  Б.Баасандоржийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хэрэг, үйл баримт болсон газарт хийсэн үзлэг, түүнийг бэхжүүлж үйлдсэн тэмдэглэл, хохирогчоор тогтоогдсон Б.Баасандоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тухайн үйл баримтыг харсан гэрч Б.Анх-Эрдэнэ, Г.Баярмагнай нарын мэдүүлгүүд, зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоосон Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 8 сарын 18-ны өдрийн №43 тоот дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Нямбаярын өгсөн “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Саад гэж замын зорчих хэсэгт байгаа үл хөдлөх, хөдөлгөөнд аюул учруулж болохуйц зүйлийг хэлнэ. Жолооч Б.Баасандорж нь зогсож, зам дээр яваа үхрийг явж өнгөрсний дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлэх ёстой байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед шуу яс, зүүн дунд чөмөг ясны хугарлаас зүүн дунд чөмөгний доод 3/1 хэсэг мэс заслын аргаар тайрагдаж, хүнд зэргийн гэмтэл учирсаныг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №293 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн, шинжээчийн дүгнэлтүүдийг  эрх бүхий шинжээчид гаргасан, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн үндэслэл бүхий байна.

Шүүгдэгч Н.Энхсайханы Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам, тээврийн осол гаргаж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байна.

 Иймд шүүгдэгч Н.Энхсайханыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Энхсайханы гэм буруутай үйлдлийн улмаас Б.Баасандоржийн биед хүнд гэмтэл учирч, түүний зүүн дунд чөмөгний доод 3/1 хэсэг мэс заслын аргаар тайрагдаж, хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Хохирогч Б.Баасандорж нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, группийн зөрүү, эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдож гарсан эмчилгээ асаргаа, хиймэл эрхтэн хийлгэх болон өмгөөлөгчийн зардалд нийт 18000000 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаа шүүхэд ирүүлжээ.

 Шүүх хэргийн 111-118 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг үнэлээд хохирогчийн эмчилгээтэй холбогдож гарсан 42 баримтаар нэхэмжилсэн 2615970 төгрөгийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч төлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Н.Энхсайхан нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 6100000 төгрөгийг төлжээ.

Шүүх хуралдаан дээр хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтын тухайд:

 1. Хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах эрхийн дагуу хэлцлийн үндсэн дээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсантай холбоотой гарсан хохирогч Б.Баасандоржийн өмгөөллийн зардлын 300000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 2. Хохирогчийг осолд орсон үеэс буюу  2016  оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал 54 хоногийн хугацаанд охин Б.Уянга нь цалингүй чөлөө авч түүнийг асарч сувилж байсан, энэ хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан “асарч, сувилах” зардал мөн бөгөөд “Улаанбаатар Буян” ХХК-ний тодорхойлолтоор Б.Уянга нь сарын 700000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлсон ба түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 8 дугаар сард 722609 төгрөг, 9 дүгээр сард 106667 төгрөг, 10 дугаар сард 729286 төгрөгийн цалин орлого бичигдсэн байх тул 9 дүгээр сарын цалингийн зөрүү 593333 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч үндсэн цалингаас гадна бусад нэмэгдлүүд тооцогддог гэж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, “Улаанбаатар Буян” ХХК-ний тодорхойлолтонд энэ талаар тусгагдаагүй тул шүүх нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэв. Зөрүүг дутуу тооцсон гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

3. Цалин, группийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн тухайд хохирогч ослын улмаас зүүн дунд чөмөгний доод 3/1 хэсэг мэс заслын аргаар тайрагдаж, хөдөлмөрийн чадвараа алдаж Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр групп тогтоолгосон баримтууд, хохирогч Б.Баасандоржийн “ЭМ ЖЭЙ БИ ЙА” ХХК болон “СВЕБАУ” ХХК-д тус тус ажиллаж байсан талаархи захирлын тушаал, тодорхойлолт, цалингийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн байгаа боловч хохирогч Б.Баасандоржийн хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжинд нийгмийн даатгалын сангаас хэдэн төгрөгийн тэтгэмж олгож байгаа талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс нэхэмжилж буй цалин, группийн зөрүүг тооцож эрүүгийн хэрэгтэй нь хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.

4. Хохирогчийн хиймэл эрхтэн буюу протез хийлгэх зардлын тухайд нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Дээрхи зардал нь бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээдийн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зайлшгүй нөхөн төлөх зардал мөн бөгөөд хохирогч хиймэл эрхтэн хийлгэсний дараа эсхүл хиймэл эрхтэн хийлгэх газраа сонгон урьдчилан захиалж, зардлыг тооцсоны үндсэн дээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар урьчилан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нотлох баримтын хүрээнд /2615970₮+593333₮=3209303₮/ шүүгдэгч Н.Энхсайханаас нийт 3209303 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байх ба энэ хэмжээнд хохирлыг төлсөн байх тул хохирогч нь охин Б.Уянгын чөлөө авч түүнийг асарч сувилж байсан хугацааны цалинг дутуу тооцсон гэж үзвэл мөн өөрийн авч байсан цалин, группийн зөрүү мөн хиймэл эрхтэн буюу протез хийлгэх /хийлгэсэн/ зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Энхсайханд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан  хохирлыг нотлох баримтын хэмжээнд сайн дураараа төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Н.Энхсайхан нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Баасандоржийн ¹983616 дугаар бүхий "А" ангилалын жолооны үнэмлэх, хохирогч Б.Баасандорж, шүүгдэгч Д.Энхсайхан нарын тээврийн  хэрэгслийн гэрчилгээг тус тус эзэмшигчдэд нь буцаан олгож,  шүүгдэгч Д.Энхсайханы ¹379380 дугаар бүхий "ВС" ангилалын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290,3, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Батхаан овогт Дашдондовын Энхсайханыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Д.Энхсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.  

3. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 300000 /гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Энхсайхан нь нотлох баримтын дагуу 3209303 /гурван сая хоёр зуун есөн мянга гурван зуун гурав/ төгрөг төлөхөөс 6100000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөг төлсөнийг,  хохирогч нь охин Б.Уянгын чөлөө авч түүнийг асарч сувилж байсан хугацааны дутуу авсан цалин, өөрийн авч байсан цалин, группийн зөрүү, мөн хиймэл эрхтэн буюу протез хийлгэх /хийлгэсэн/ зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч Д.Энхсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Баасандоржийн ¹983616 дугаар бүхий "А" ангилалын жолооны үнэмлэх, хохирогч Б.Баасандорж, шүүгдэгч Д.Энхсайхан нарын тээврийн  хэрэгслийн гэрчилгээг тус тус эзэмшигчдэд нь буцаан олгож, шүүгдэгч Д.Энхсайханы ¹379380 дугаар бүхий "ВС" ангилалын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Отгонд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Д.Энхсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Энхсайханд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Цагдан хорих байранд цагдан хорьсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНХАНД