Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 255

 

                                 Иргэн Г.Алтансүхийн нэхэмжлэлтэй

                                  захиргааны хэргийн тухай

  

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Г.Алтансүх, түүний өмгөөлөгч С.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бүрэнжаргал, Т.Ууганбат, гуравдагч этгээд “Хийморь” ХХК-ийн төлөөлөгч Г.Ангар, гуравдагч этгээд “Хийморь кабель телевиз” ХХК-ийн төлөөлөгч Х.Ганбат, өмгөөлөгч Г.Даваахүү нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 161 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0298 дугаар магадлалтай, иргэн Г.Алтансүхийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд “Хийморь кабель телевиз” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 161 дүгээр шийдвэрээр: Радио долгионы тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 19 дүгээр зүйлийн 19.1.3, Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Алтансүхийн нэхэмжлэлээр Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргаснаар “...Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар тушаалын “Хийморь” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг “Хийморь кабель телевиз” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0298 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 161 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Радио долгионы тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Алтансүхийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар тушаалын “Хийморь” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх “тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг “Хийморь кабель телевиз” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилсөн байна.

Гуравдагч этгээд “Хийморь кабель телевиз” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Г.Алтансүхийн нэхэмжлэлтэй Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Г.Алтансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Тус “Хийморь кабель телевиз” ХХК нь өөрийн эзэмшиж байсан 002 DTV 40 дугаартай радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг “Хийморь” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо “Хийморь кабель телевиз” ХХК-иас “Хийморь “ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, бүртгэсэн захиргааны акт гаргасан юм. Энэхүү тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээс өмнөх хууль ёсны эзэмшигч нь тус “Хийморь кабель телевиз” ХХК байсан ба өөрийн хүсэл зоригийн дагуу ямар ч эргэлзээгүйгээр хуулийн дагуу энэхүү тусгай зөвшөөрлөө “Хийморь” ХХК-д шилжүүлсэн гэдгийг анхаарахыг хүсье. Гэтэл тус “Хийморь кабель телевиз” ХХК-ийн хувьцааны 33 хувийг эзэмшдэг Г.Алтансүх энэхүү тусгай зөвшөөрөл шилжүүлсэн явдлыг зөвшөөрөхгүй гэж маргаан үүсгэсэн ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх зөв шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 120 дугаар зүйлийн 120.3-т заасны үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь, Г.Алтансүх өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд биш юм. Дээр дурдсанчлан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь (эзэмшигч байсан) “Хийморь кабель телевиз” ХХК юм. Өөрөөр хэлбэл, Г.Алтансүхийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг түүний зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн тохиолдолд тэрээр эрхээ зөрчигдсөн гэж үзэх боломжтой. Харин “Хийморь кабель телевиз” ХХК өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн Г.Алтансүхийн эрхийг зөрчсөн явдал байхгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг. Эндээс харахад юуны өмнө нэхэмжлэгч Г.Алтансүхийн эрх захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй нөхцөл байдалд орсон байхыг шаардсан байна. Эсхүл нэхэмжлэгч Г.Алтансүх нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд байсан бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол хохирсон тохиолдолд уг асуудлаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг үндэслэсэн байгаагаас харж ойлгоход Г.Алтансүхийг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж дүгнэсэн нь тодорхой байна. Гэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд болон нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, түүний өмгөөлөгчийн тайлбарт аль алинд нь Г.Алтансүхийн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд болох талаар дурдагдаагүй. Тэгэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчиж үндэслэлгүйгээр анхан  шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь илэрхий байна. Иймд, ямар нэгэн эрх нь зөрчигдөөгүй атлаа нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч Г.Алтансүхийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж магадлал гаргасныг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Радио долгионы тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль тогтоомжийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “Хийморь” ХХК болон “Хийморь кабель телевиз” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”, тус компаниудын хувьцаа эзэмшигчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тогтоол, протокол, тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэх хүсэлт зэргийг үндэслэн  Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар тушаалаар “Хийморь кабель телевиз” ХХК-ийн эзэмшиж байсан 002/DTV 40 тоот радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг “Хийморь” ХХК-д шилжүүлжээ.

Үүнийг Г.Алтансүх “Хийморь кабель телевиз” ХХК-ийн 66 хувийн хувьцаа эзэмшигч Д.Батчулуун компанийн эзэмшлийн радио долгионы давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өөрийн үүсгэн байгуулсан “Хийморь” ХХК-д шилжүүлэхээр  хуурамч материалыг бүрдүүлэн Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан, захиргааны байгууллага нягтлан шалгалгүйгээр, холбогдох дүрэм журмаа зөрчиж тусгай зөвшөөрлийг “Хийморь” ХХК-д шилжүүлсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно” гэж, Радио долгионы тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг тусгай зөвшөөрөл болон түүнд заасан эрх, үүргээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх”-ийг хоригложээ.

Харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Харилцаа холбооны зохицуулах хороо 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоолоор “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам” баталж, уул журмын 9 дүгээр зүйлийн 9.2-т “тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч болон хувь нийлүүлэгч нь Радио долгионы тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, Компанийн тухай хуулийн 19, 20, 21, 22, 23 дугаар зүйлийн дагуу өөрчлөн байгуулагдсан эсхүл тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч иргэн компани байгуулсан бөгөөд тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээ уг өөрчлөн байгуулагдсан компанийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргах тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлэн Зохицуулах хороонд ирүүлнэ” гэж тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэх харилцааг зохицуулсан байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дээрх журмаар, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нийлэх, нэгдэх, тусгаарлах, хуваагдах зэргээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийн эрхийг өөрчлөн байгуулагдсан компанийн нэр дээр шилжүүлж болохоор зохицуулсан ба үүнээс бусад нөхцөлд радио долгионы давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэхийг зөвшөөрөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар 002/DTV 40 тоот радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч “Хийморь кабель телевиз” ХХК Компанийн тухай хуулийн 19, 20, 21, 22, 23 дугаар зүйлийн дагуу өөрчлөн байгуулагдаагүй, харин тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Батчулуун шинээр “Хийморь” ХХК-ийг үүсгэн байгуулж, тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлэхээр хүсэлт, холбогдох бичиг баримтыг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан байхад хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар тушаалаар “Хийморь кабель телевиз” ХХК-ийн эзэмшиж байсан 002/DTV 40 тоот радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн эрхийг тус компанитай хамааралгүй “Хийморь” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн болох нь тогтоогджээ.

Иймд, давж заалдах шатны шүүх 002/DTV 40 тоот радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг “Хийморь” ХХК-д шилжүүлсэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Захиргааны байгууллага сонирхлын зөрчил бүхий этгээд буюу “Хийморь кабель телевиз” ХХК-ийн 66 хувийн хувьцаа эзэмшигч Д.Батчулуун шинээр “Хийморь” ХХК-ийг үүсгэн байгуулж, 002/DTV 40 тоот радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлэхээр хэлцэл хийж, дангаар гаргасан шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлсэн тухайн үйл баримттай холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа хувьцаа эзэмшигч Г.Алтансүхийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй байх тул гуравдагч этгээд “Хийморь кабель телевиз” ХХК-ийн хяналтын гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0298 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Хийморь кабель телевиз” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 М.БАТСУУРЬ

                                                ШҮҮГЧ                                                           Х.БАТСҮРЭН