Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2020/00010/и |
Дугаар | 71 |
Огноо | 2020-01-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 71
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, 39 настай, М.Оын
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Халзан сумын 1 дүгээр багийн иргэн, 1981 онд төрсөн, эмэгтэй, 39 настай, Н.Хд холбогдох
Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О, хариуцагч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х бид хоёр 2006 онд гэр бүл болж, 2006 оны 11 сарын 23-ны өдөр охин О.Бг төрүүлсэн. Ингээд 2008 оноос тусдаа амьдрах болж, 2009 онд гэрлэлтээ шүүхээр цуцлуулж, охиноо эхийнх нь асрамжид үлдээж, сар бүр тэтгэлэг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнээс хойш хэн хэн маань тусдаа амьдрал зохиосон. Охинтойгоо байнга холбоотой байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу тэтгэлгээ төлдөг. Х хүнтэй суухдаа миний охиныг өөрийн эх С.Дын асрамжид үлдээсэн. Одоо охин маань Баруун-Урт сумын 1 дүгээр сургуулийн 8г ангид сурдаг. Охин маань над руу очихоороо эмээ нь дургүйцдэг, зоддог, түүнээс болж хоорондоо маргаж, таарамжгүй харьцаатай байдаг. Ээж нь бас охиноо халамжлахгүй, элдвээр харааж, доромжилж, загнадаг юм билээ. Охин маань эцэг, эхийн хайр халамж дутаж, сурлага хүмүүжилд нь ч сөргөөр нөлөөлөх боллоо. Өсвөр насны охин буруу зам руу орох нөхцөл ч бүрдээд байна. Ийм учраас эхнэр бид хоёр ярилцаад өөрийн гар дээр авахаар шийдвэрлэсэн, охин ч бид нартай амьдрах хүсэлтэй байгаа юм.
Иймд охин О.Бг эх Хын асрамжид үлдээснийг хүчингүй болгож, эцэг Отгонбаатар миний асрамжид үлдээж өгнө үү гэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх явцад охин маань ээжийнхээ асрамжид байна гэсэн тул охиныхоо саналыг дагаж байна гэв.
Хариуцагч Н.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2 таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулж, охин О.Бг өөрийн асрамждаа авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Отгонбаатар нь шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлгээ төлдөг. Тэтгэлгийг охиныхоо нэрээр 18 нас хүртэл хугацаатай хадгаламжид хийсэн. Мөн хүүхдийн 20 000 төгрөгийг ч охиндоо хадгалж байгаа.
Харин охиноо дассан сурсан ангийнхнаас нь салгахгүй, сайн сургалттай газар сургах, охиныхоо боловсрол анхаарах зорилгоор саналыг нь харгалзаж, хуучин сургуульд нь үлдээсэн. Өөрөө хөдөөгийн сургуульд сурахгүй, ангийнхнаасаа холдохгүй, эмээтэйгээ амьдарна гэсэн учраас эмээгийнд нь үлдээсэн. Өөрийнх нь хэрэгцээг байнга хангаж, ангийн багштай нь болон эмээтэй нь байнга харьцдаг. Бид 2 хоорондоо маргаж, мууддаггүй, ээж охины харьцаатай байдаг. Харин аав, өвөөтэй нь байнга уулзуулдаг. Гэр рүү нь явуулж, хонуулдаг байсан. Түүнээс биш охиноо хайр халамжаар дутаасандаа, гадуурхсандаа аймагт үлдээгээгүй. Охин маань аавыгаа байнга ярьдаг, холбоотой байдаг учраас тэднийг холдуулахг хүсээгүй. Аав нь охиндоо байнга анхаарал тавьдаг, ойр дотно байдаг. Тийм ч учраас эмээ нь аав руу нь явуулдаг байсан. Сая ирээд охинтойгоо уулзахад эмээтэйгээ амьдрахгүй, аавтайгаа амьдарна гэхээр нь саналыг нь харгалзаад аавынх нь асрамжид өгөхийг зөвшөөрч, тайлбар гаргасан. Гэтэл охин минь сая шүүх хуралд оролцохоор ирэхэд ээжийнхээ асрамжид байя гэсэн байх тул асрамж өөрчлүүлэх саналгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.О нь Н.Хд холбогдуулан охин О.Бг эх Хын асрамжид үлдээснийг өөрчлүүлж, өөрийн асрамжид авахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Охин Биндэръяа нь ээжийнхээ асрамжид байя, асрамжаа өөрчлүүлэхгүй гэсэн саналтай байгаа тул би охиныхоо саналыг харгалзаж, хүүхдийн асрамж өөрчлүүлэх шаардлагаасаа татгалзаж байна. Хүүхдийг эхийнх нь асрамжид хэвээр үлдээхээр ээжтэй нь тохиролцсон гэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар хүүхдийн асрамжийн талаар зохигчид тохиролцох эрхтэй тул тэдний тохиролцооны дагуу мөн охин Биндэръяагийн “ээжийнхээ асрамжид хэвээр байх саналтай” гэснийг тус тус харгалзаж, 2006 оны 11 сарын 23-ны өдөр төрсөн охин Биндэръяаг эхийнх нь асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2006 оны 11 сарын 23-ны өдөр төрсөн О.Бг эх Н.Хын асрамжид хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар М.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА