Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 188/2023/861

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

улсын яллагч Б.Энхбаяр,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 0914 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө овогт А-ийн Б, Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа барилгын туслахын ажил эрхэлдэг, ам бүл 1, *** тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 821 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дугаартай захирамжаар түүний эдлэх ялыг дүйцүүлэн хасаж, 5 жил 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** тоотод иргэн О.Х-ыг зодож эрүүл мэндэд нь баруун эгэм, зүүн шуунд шарх, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол шүүгдэгч А.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

“Шүүгдэгч А.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ш.С-ээс архины мөнгө нэхлээ гэж хохирогч О.Х-ын эгэм рүү төмөр сүхний ишээр цохиж эрүүл мэндэд нь баруун эгэм, зүүн шуунд шарх, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 04 дүгээр сарын 15-ны 12 цагийн орчимд иргэн О.Х бусдад зодуулсан” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

-Хохирогч О.Х-ын “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би усанд явж байгаад Ш.С-ээс өмнө нь надад усны тэрэгний дугуй өгнө гэж хэлж байсан болохоор асуух санаатай усанд явж байхдаа хашааны хаалга нь онгорхой байхаар нь хашаа руу нь ороод байшингийн үүдэнд нь очиход урдаас Ш.С-ийн нөхөр жижиг хар өнгөтэй сүх бариад байшингаас гарч ирээд миний баруун талын эгэм рүү цохисон. Тэгээд таягаа тавиад сүхтэй гараас нь барьж аваад яагаад байна гэж хэлсэн чинь намайг алнаа гээд дайраад байсан. Тэгээд миний зүүн гарын тохой руу сүхний ар талаар хоёр удаа цохисон. Тэгээд би шууд тэндээс яваад Д дэлгүүр явахад араас гарч ирээд гудамжинд орилоод байсан. Гудамжинд байсан хүмүүс рүү бас орилоод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

-Гэрч Д.Б-ийн “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр намайг гэрт байж байхад над руу Х залгаад би сүхдүүлчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь хаана байгаа юм гэж асуусан чинь Д-ийн үүдэнд сууж байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад Х руу явах замд цагдаатай таараад...цагдаад хаана байгааг нь хэлээд зогсож байхад Х ирсэн. Цагдаа Х-аас энэ хүн мөн үү гэж асуух үед нөгөө залуу жижиг сүхтэй зогсож байхад нь Х мөн гэж хэлсэн...хаана чинь цохисон бэ гэж асуухад баруун талын эгэм, зүүн гарын тохой дээр цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжээчийн 5689 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.О.Х-ын биед баруун эгэм, зүүн шуунд шарх, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал) гэсэн дүгнэлт зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч А.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5689 дугаартай дүгнэлтээр хохирогч О.Х-ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч А.Б-ийн өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч О.Х-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч А.Б нь тухайн үед өөрт үүссэн уур бухимдал, үйлдлээ хянаж чадаагүйн улмаас хохирогч О.Х-ын баруун эгэм, зүүн тохой руу цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан “...баруун эгэм, зүүн шуунд шарх, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч А.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, түүний үйлдэлд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.3 Хохирол, хор уршиг

Хохирогч О.Х нь эмчилгээний зардлыг нэхэмжилсэн боловч хэрэгт баримт хавсаргаагүй. Иймд шүүгдэгч А.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Харин хохирогч О.Х нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Хохирогчийн зүгээс эмчлүүлнэ гэж хэлж байгаа боловч бичгээр нэхэмжилсэн зүйл байхгүй байна. Цаашид нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр сүх нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор устгуулах саналтай байна...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 821 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 43-46 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дугаартай шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 47-48 дахь тал), Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 56-57 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 (таван зуун тавь) нэгж буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Б-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сүх нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор устгуулж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ө овогт А-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сүх нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Х өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР