| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2019/00466/и |
| Дугаар | 16 |
| Огноо | 2020-01-08 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 16
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн ... тоотод оршин суух, А.Мын нэхэмжлэлтэй,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р баг, Анир хорооллын ...тоотод оршин суух, А.Гд холбогдох
“Тээврийн хөлс 1,030,000 /нэг сая гучин мянга/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 11-р сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, хариуцагч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие А.Гтай 2019.06.13-нд тээвэрт хамтарч явсан. Анх 1,200,000 төгрөгөөр тээврийн хөлсөө тохирсон. Бид хоёр Эрдэнэцагаан сумын наанаас мал ачиж Улаанбаатар хот руу явсан. Би түлшинд бэлэн 200,000 төгрөг авсан. Үлдсэн тээврийн хөлс 1,000,000 төгрөгийг хотод очоод өгнө гэсэн боловч өгөөгүй. Тиймээс үлдэгдэл 1,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Би Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу ачаа ачиж ирээд Г руу утсаар ярихад өгнө гэж байсан. Гэвч одоог болтол өгөөгүй. Олон удаа утсаар ярьж байсан. Тиймээс шүүхэд хандсан. Өмнө нь эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч Г нь миний хохирлыг барагдуулаагүй. Иймээс Гас 1,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийн хамт, нийт 1,030,000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Г шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Г миний бие нь 2019 оны 06 дугаар сард Нтай хамтран Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу мал борлуулахаар Мын тээврийн хэрэгслийг хөлсөлж мал худалдаж аваад малаа Мын тээврийн хэрэгсэлд ачиж Улаанбаатар хот руу тээвэрлэсэн. Тээврийн зардалд 1,000,000 өгөхөөр тохирсон. Улаанбаатар хотод очиж малаа буулгаад тээврийн хөлсөө дараа нь өгөхөөр тохиролцсон. Тээврийн зардлыг нь өгөөрэй гээд Нт 1,000,000 төгрөг үлдээсэн. Харин Н нь одоог хүртэл энэ мөнгийг өгөөгүй байна. Мыг Наас тээврийн хөлсөө авчихаарай гэж хэлсэн. Н мөнгөний боломж байхгүй тул эхний удаа 600,000 төгрөгийг нь өгье гэсэн чинь бөөнд нь авна гээд аваагүй юм байна лээ. Тиймээс тээврийн зардлын 1,000,000 төгрөгийг Н өгөх ёстой. Уг мөнгийг би Нт өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.М нь тээврийн хөлсний үлдэгдэл 1,030,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг А.Гд холбогдуулан гаргажээ.
А.Г нь А.Маар тээвэр хийлгэж 1,000,000 төгрөг өгөхөөр тохиролцож тээвэр хийлгэжээ. Хариуцагч А.Г нь “... тээврийн хөлсийг А.Мад өгөөрэй гээд А.Нт өгсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байгаа болно.
Уг мөнгийг А.Н нь А.Мад өгөөгүй нь талуудын тайлбараар нотлогдож байна. Иймд тээврийн хөлс 1,000,000 төгрөгийг А.Гас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч А.М нь нэхэмжлэлийн шаардлага 1,030,000 төгрөг нэхэмжилсэн байгаа нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,000 төгрөгийг нэмж нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч А.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гас 29,270 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Гаас 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А. Мтад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гас 29,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мад олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ