| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0260/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/259 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/259
2023 07 03 2023/ШЦТ/259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Ц.Лхамсүрэн,
Хохирогч О.А-,
Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ын М-т холбогдох эрүүгийн 2325000000318 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 0 настай, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, “ххх” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоотод оршин оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б-ын М- /рд: хх00000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М- нь 2023 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт эхнэр О.А-ийг “жирэмсэн байж пиво уулаа” гэсэн шалтгаанаар өшиглөж зодон хамрын нуруу, зүүн хөлийн гуянд цус хуралт гэмтэл учруулан жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.М- шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,
- Шүүгдэгч Б.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Эхнэр О.А- бид хоёр 2023 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437 дугаар нээлттэй хорих ангийн урд талын зам дагуу 0 багийн 49 дүгээр байрны 15 тоот хаягтай гэр лүүгээ алхан явж байхдаа би эхнэрийгээ жирэмсэн юм байж пиво уулаа гэж уурлахад мөн миний өөдөөс уурлаж уурыг минь хүргэсэн учир би эхнэрийгээ нэг удаа алгадаж, нэг удаа өшиглөж түүний биед гэмтэл учруулсан. Бид хоёрын харилцаа одоо хэвийн зүгээр ямар нэгэн асуудалгүй байгаа. Цаашид ямар нэгэн асуудал гаргахгүй гэдгээ амлаж байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ их гэмшиж, эхнэрээсээ уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35х/,
- Хохирогч О.А- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 0 баг 0-0 тоотод нөхрийн хамаатны ахынд гэр бүлийн хамт очсон. Манай нөхөр М- ахынхаа хашааг янзалж өгөх гэж очсон. Тэгээд ах эгч хоёртой нь нөхөр бид хоёр пиво уусан. Би бэр эгчтэй хамт караоке орж ганц цаг байж байгаад ирсэн. Манай нөхөр намайг жирэмсэн байж пиво ууж, тамхи татлаа гэж уурласан. Тэгээд хоёр хүүхдээ аваад харих замдаа манай нөхөр зүүн талын гуяыг хөх няц болтол хөлөөрөө өшиглөөд толгой руу гараараа цохисон. Баруун талын нүд, хамар луу цохисон. Тэгээд гэртээ харьсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9х/,
- Гэрч Э.О- мөрдөн шалгах ажиллагаанд: “...О.А-, Б.М- нар 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 0 багийн 0-0 тоотод хашаа янзлахаар ирсэн бөгөөд манай нөхөр Э-, А-, М- бид дөрөв хашаа янзалж байгаад том савлагаатай Сэнгүр пиво 2 ширхгийг уусан. Пиво ууж дуусахад шөнийн 03 цаг болж байсан санагдаж байна. Тэгээд О.А-, Б.М- нар нь харьлаа гээд гэрээс гараад явцгаасан. Гэрт байхад ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй, зүгээр гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 476 дугаартай:
1. О.А-ийн биед хамрын нуруу, зүүн хөлийн гуянд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдоо.
2.3. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
4. Хамрын нуруу, зүүн хөлийн гуянд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун хацарт зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-23х/
- О.А-ийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтэр /хх-ийн 11-15х/,
- Б.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтуудаар Б.М- нь 2023 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт эхнэр О.А-ийг “жирэмсэн байж пиво уулаа” гэсэн шалтгаанаар өшиглөж зодон хамрын нуруу, зүүн хөлийн гуянд цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч О.А-ийн: “...ах эгч хоёртой нь нөхөр бид хоёр пиво уусан. Би бэр эгчтэй хамт караоке орж ганц цаг байж байгаад ирсэн. Манай нөхөр намайг жирэмсэн байж пиво ууж, тамхи татлаа гэж уурласан. Тэгээд хоёр хүүхдээ аваад харих замдаа манай нөхөр зүүн талын гуяыг хөх няц болтол хөлөөрөө өшиглөөд толгой руу гараараа цохисон. Баруун талын нүд, хамар луу цохисон...” гэсэн,
гэрч Э.О-ийн “...О.А- Б.М- нар 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 0 багийн Нарлаг 0ийн 1б-5 тоотод хашаа янзлахаар ирсэн бөгөөд манай нөхөр Э-, А-, М- бид дөрөв хашаа янзалж байгаад том савлагаатай Сэнгүр пиво 2 ширхгийг уусан. Пиво ууж дуусахад шөнийн 03 цаг болж байсан санагдаж байна. Тэгээд О.А-, Б.М- нар нь харилаа гээд гэрээс гараад явцгаасан...” гэсэн,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 476 дугаартай дүгнэлт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М- нь хохирогч О.А-ийг жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол хор уршгийн талаар:
Хохирогч О.А- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илрэхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч болон хохирогч нар “Ялын талаар хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.М- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын М-ыг 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ