Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/06

 

 Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батсайхан нарт

холбогдох  эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч:

                           Ерөнхий шүүгчийн үүргийг

                           түр орлон гүйцэтгэгч шүүгч         Б.Батзориг

                             Шүүгчид                                     Д.Буянжаргал

                                                                                 Г.Давааренчин                               

                             

                            Оролцогчид

                                      Прокурор                                     Б.Энхтулга

                                        Шүүгдэгч                                        Р.Мөнх-Эрдэнэ

                                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Рагчаагийн Мөнх-Эрдэнэ, Бэрсүд овогт Цэрэндоржийн Гансүх, Боржигон овогт Жавхланбатын Батсайхан нарт холбогдох эрүүгийн 1832001040053 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч, эрх зүйч, автомеханик инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт хэсгийн байцаагч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр баг 2 дугаар байрны 178б тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Рагчаагийн Мөнх-Эрдэнэ, /РД: НЮ78112972/,

         Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын хот тохижуулах газарт механик ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг 47-2-15 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Бэрсүд овогт Цэрэндоржийн Гансүх,  /РД:НМ75051035/,

         Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын хот тохижуулах газарт жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн 27 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Жавхланбатын Батсайхан, /РД:МЗ80110930/,

 

         Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон С.Тайванжаргал, С.Ширнэнбаатар, Ж.Нямдорж, Ж.Батсайхан нарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан байхад торгуулахгүй давуу байдал бий болгож, төрийн санд төвлөрөх 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/-н төгрөгийг төвлөрүүлээгүй, мөн Ж.Батсайханы жолоодох эрхийг хасаагүй, 400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгуулаагүй явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Ж.Батсайхан, Ц.Гансүх нараас 300,000 /гурван зуун мянга/-н төгрөгийн хахууль авсан,

 

         Шүүгдэгч Ц.Гансүх нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ж.Батсайханыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан байхад Ж.Батсайханы жолоодох эрхийг хасуулахгүй байх ашиг сонирхолын үүднээс Ж.Батсайхантай бүлэглэн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэд 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хахууль өгч жолоодох эрхийг хасуулаагүй, мөн Ц.Гансүх нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн боловч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг нь эрс зөрүүтэй худал мэдүүлсэн,

 

         Шүүгдэгч Ж.Батсайхан нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хүнийг 400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгохоор заасан зөрчлийг гаргасан байхад Ж.Батсайханы жолоодох эрхийг хасуулахгүй байх ашиг сонирхолын үүднээс хот тохижуулах газрын механик Ц.Гансүхтэй бүлэглэн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэд 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хахууль өгч жолоодох эрхээ хасуулаагүй гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

         Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор:

         “1. Шүүгдэгч Боржигон овогт Рагчаагийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах”, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

         2. Шүүгдэгч Бэрсүд овогт Цэрэндоржийн Гансүхийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх”, “Худал мэдүүлэх”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

         3. Шүүгдэгч Боржигон овогт Жавхланбатын Батсайханыг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

         4. Шүүгдэгч Боржигон овогт Рагчаагийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         5. Шүүгдэгч Бэрсүд овогт Цэрэндоржийн Гансүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 3 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ял, 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

         6. Шүүгдэгч Боржигон овогт Жавхланбатын Батсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ял шийтгэлийг тэдний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг үүрэг болгосугай.

         8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батсайхан нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

         10. Ялтан Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батсайхан нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

         11. Энэ хэрэгт Р.Мөнх-Эрдэний эзэмшлийн 61-11СЭҮ улсын дугаартай, “Тоёота камри” маркийн тээврийн хэрэгсэл, Ц.Гансүхийн эзэмшлийн 51-51СЭА улсын дугаартай, “Тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан ялыг биелэгдтэл хэвээр үлдээсүгэй.

         12. Ялтан Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батсайхан нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.” гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлийн нотолбол зохих асуудлыг нотолж чадаагүй байж Р.Мөнх-Эрдэнэ намайг гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болсон. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар Монгол улсын Эрүүгийн хуулийн 22.4-р зүйлийн 4 хэсэг, 22.1-р зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь:

-Ц.Гансүхээс 300.000 төгрөгийг хээль хахуульд авсан гэж дүгнэсэн. Гэтэл миний бие Ц.Гансүхээс 300.000 төгрөгийг хахуулийн журмаар аваагүй. Үүнийг Гансүх гэрчилж мэдүүлэг өгсөн боловч Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг хэрхэн үнэлж байгаа нь тодорхойгүй үлдсэн. Гансүхийг анх мэдүүлэг өгөхөд айлган сүрдүүлж /2018 оны 08 сарын 16ны өдөр өгсөн мэдүүлэг/ мэдүүлэг авсан байдал тогтоогдож улмаар Гансүхийг худал мэдүүлэг өгсөн зүйл ангиар шүүх буруутгасан байдал нь надад хээль хахууль болгож 300.000 төгрөг өгөөгүй гэсэн мэдүүлэгийг шүүх хэрхэн дүгнэж байгаа нь тодорхойгүйгээр намайг уг зүйл ангиар гэм буруутайд тооцож байгаа нь хууль хэрэглээний хувьд маш ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Гансүхийн сүүлчийн өгсөн мэдүүлэг нь намайг мөнгө хахуульд өгөөгүй гэдгийг баталж нотолж байгаа чухал бичгийн нотлох баримт мөн. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзсэнгүйд гомдолтой байна.

-Хэрэв би хэн нэгнээс хээль хахууль гэж мөнгө авсан бол юу гэж өөрийгөө барьж өгөх гэж өөрийн харилцах дансыг өгөх билээ. Үүнийг анхаарч үзэх ёстой байсан.

-Тухайн нөхцөлд миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд албан ажпаар буюу Мандал сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрлэгдсэн хэргийг аймгийн шүүхэд архивын материалд хүргүүлэх хамгаалалтыг хариуцан ирсэн байсан.

-мөн миний биеийг жолооч Ж.Батсайханы эрхийг хасуулж, 400,000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авахуулаагүй гэж буруутгасан. Ж.Батсайхан нь тухайн үед трактор механизм жолоодох эрхгүй байсан бөгөөд эрхийн үнэмлэхгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн тохиолдолд Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлэгт зааснаар 7-30 хоногийн хугацаатайгаар шүүгч баривчлах шийтгэл оногдуулах ёстой байсан гэдгийг анхаарч үзсэнгүй.

- гэрч Б.Батгэрэлийн мэдүүлэгт ...Мөнх-Эрдэнэ дарга наад жолооч чинь согтуу бол би чадахгүй гэж хэлээд яваад өгсөн гэж мэдүүлдэг. Тэгсэн өөр хүнээр яриулаад зохицуулсан гэж бодож байна гэх мэдүүлэгээр намайг буруутгаж байгаа нь буруу юм. Учир нь хэрэв намайг хэн нэгэнд нөлөөлсөн гэж үзэж байгаа бол хэнд гэдгийг нь тогтоогоогүй. Энэ байдал нь гэм буруутайд тооцоход эргэлзээ гарч байна. Гэрч Б.Батгэрэлийн Наранбаатараас гуйсан юм шиг байна лээ гэсэн хүний бодол, таамаглалаар хэн нэгнийг буруутгаж болохгүй гэж үзэж байна. Мөн гэрч Л.Наранбаатар ч үүнийг үгүйсгэж байгааг анхаарч үзсэнгүй.

Хоёр. Эрх мэдлээ хэтрүүлсэн гэх зүйл ангийн хувьд: С.Тайванжаргал, С.Ширнэнбаатар, Ж.Нямдорж нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь намайг нөлөөлж тухайн хүмүүст торгуулийн арга хэмжээ авахуулаагүй, албан тушаалаа ашигласан гэсэн үндэслэл зааж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шалтгаан нь: Хэргийн материал дотор тухайн нэр бүхий 3 жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн явсан гэдгийг нотолсон нотлох баримт авагдаагүй. Шүүх хурал дээр С.Ширнэнбаатарыг гэрчээр оролцуулж мэдүүлэг авахад би нэг удаа буюу 2018 оны 05 сарын сүүлчээр анх удаа согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн үедээ замын зохицуулагчид баригдаж торгуулийн арга хэмжээ хуулийн дагуу авагдсан. Тэр үед надад хэн ч туслаагүй Мөнх-Эрдэнэтэй ч уулзаагүй энэ талаар хэлээч үгүй, тэр мэдэхгүй гэж мэдүүлсэн атал намайг энэ зүйл ангиар буруутгаж байгаад гомдолтой байна. Хэрэв шүүх намайг Ширнэнбаатарт 2018.04.26-ны өдөр тусалж албан тушаалаа ашигласан гэж үзээд байгаа бол энэ хүн 2018 онд хэдэн удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож арга хэмжээ авагдсан талаар материал хэрэгт авагдаагүй байхад илтэд намайг буруутгасанд гомдолтой байна. Хэрэв үнэхээр 1 удаа гэж хэлээд байгаа үг нь бичгийн нотлох баримтаар нотлогдвол хэн нэгэн албан тушаалтан хуурамч нотлох баримт бүрдүүлсэн асуудал яригдах болно. Яагаад гэвэл намайг 4 сард гэж үзээд байгаа гэтэл хэрэгт 5 сард арга хэмжээ авагдсан байдал яригдаж байгаа тул цаг хугацааг нарийн тогтоох шаардлагатай байна. Ер намайг нөлөөлсөн гэж үзээд байгаа бол Эрүүл мэнд спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-аар тээврийн хэрэгсэлийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандарчилалын төв байгууллагаас баталгаажуулсан зориулалтын Драйгер 7510, 6810 багаж ашиглана гэсэн заалтын дагуу зайлшгүй хөдлөшгүй баримтыг бэхжүүлж түүгээр нотлох ёстой байтал ийм баримтгүйгээр хэн нэгэн хүнийг согтууруулах ундаа уусан байсан гэж буруутгах үндэслэл болж чадахгүй. Тэр тусмаа эрүүгийн хэрэгт нотлох баримтаар бэхжигдсэн согтуурлыг шалгасан эсэх талаар нэг ч баримт авагдаагүй байгаа нь нотлох баримтыг дутуу цуглуулсан гэж үзэхээр байгаа тул дээрхи баримтуудыг хэрэгт хавсаргуулах шаардлагатай байна. Дээрхи үндэслэлүүдийг харгалзан үзэж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Давж заалдах шатны шүүх хуралдаанд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий байгаагүй гэдэгт үндэслэлээ хэлье. Энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Улсын яллагчаас ялын саналыг хэлэхдээ ялын талаар байр сууриа илэрхийлээч гэхэд нэг зүйл ангийг орхигдуулсан байхад шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг баримтлахгүй шийтгэх тогтоол гаргасан. Тус хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2, 1.6-д заасан асуудлыг бүрэн хангаагүй. Мөн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтуудыг зөрчиж яллахдаа хууль зөрчиж, тогтоох хэсэгтээ дурдсан нь зөрчилтэй байна гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батсайхан нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах”, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжээр торгож, шүүгдэгч Ц.Гансүхийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх”, “Худал мэдүүлэх”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжээр торгож, шүүгдэгч Ж.Батсайханыг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжээр торгож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэсэн байна.

 

         Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийн давж заалдсан гомдлын дагуу Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батсайхан нарт  холбогдох эрүүгийн 1832001040053 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

         Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт ...Эрүүгийн ял оногдуулах хэлэлцүүлгийн явцад шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялын саналыг хэлээгүй, ял халдаагаагүй байх тул шүүхээс ял оногдуулах боломжгүй байна... гэсэн дүгнэлт хийж улмаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтаар Р.Мөнх-Эрдэнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон боловч ямар нэгэн байдлаар шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 2-д ...Шүүгдэгч Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бол цагаатгагдсан, эсхүл ял шийтгүүлсэн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заана..., 3-д ...Шүүгдэгч ялаас чөлөөлөгдсөн бол энэ тухай заана... гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

         Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дугаар заалтаар “5. Шүүгдэгч Бэрсүд овогт Цэрэндоржийн Гансүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 3 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ял, 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно...” гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн  гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

         Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

         1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

         2. Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батсайхан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                             Г.ДАВААРЕНЧИН

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ