Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 00099

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч /Улсын өмгөөлөгч/ М.Найдан, шүүгдэгч С.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Сандай овогт Содномцэрэнгийн Баттулгад холбогдох 132/2016/0097/Э индекстэй, эрүүгийн 201606000302 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Гурванбулаг сумын “Агьт” 3 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, 1991 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 278 дугаар зүйлийн 278.3-т зааснаар 10 сарын баривчилах ялаар, 1997 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 6 сарын баривчилах ялаар тус тус шийтгүүлсэн, Сандай овогт Содномцэрэнгийн Баттулга /РД:ГГ72022012/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Баттулга нь /яллагдагчаар татах тогтоолоор/ 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын төвд өөрийн эхнэр Ж.Наранчимэгийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Баттулга мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө эхнэр бид хоёр орондоо хэвтэж байгаад маргалдсан. Би эхнэрийгээ татаж, чангаан бэлгийн харьцаанд орох гэснээс болж маргаан үүссэн. Тухайн үед манай хүү хичээлдээ явчихсан, гэрт садангийн ах маань унтаж байсан. Эхнэр маань хүнээс ичээч гээд уурласан. Би босоод гэрээс гарах гээд хувцсаа өмсөж байтал эхнэр маань зайл гуйлгачин минь гэж хэлээд түлхээд байхаар нь эхнэрийнхээ нүүр рүү нь нэг удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

201606000302 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Хохирогч Ж.Наранчимэгийн өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө нөхөр болох С.Баттулга татаж, чангаагаад оролдоод унтуулахгүй байхаар нь би хүн амьтнаас ичээч, хүүхдүүдээсээ ичээч гэж хэлээд бид хоорондоо маргалдсан. Тэгтэл миний нүүр рүү гараараа нэг удаа маш хүчтэй цохихоор нь би зугтаасан. Гомдолтой байна гэх мэдүүлэг /хх 9-13 тал/,

Сэжигтэн С.Баттулгын өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө босоод эхнэр бид хоёр маргалдсан. Эхнэр маань намайг “гэрээс зайл гуйлгачин минь” гээд хөөгөөд байхаар нь уур хүрээд эхнэрийнхээ нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх 19-23 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ¹15345 тоот:

1. Ж.Наранчимэгийн биед хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн бугалга, зүүн гарын сарвуунд цус хуралт, баруун гарын 4 дүгээр хуруунд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нь нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 14 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол /хх 2 тал/, гомдол мэдээлэлийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хх 5 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 тал/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Баттулга нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын төвд гэртээ өөрийн эхнэр Ж.Наранчимэгийг “бэлгийн харилцаанд орохоос татгалзаж, зайл гуйлгачин минь” гэж хэллээ гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлийн шатанд хохирогч Ж.Наранчимэгийн өгсөн “2016 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө нөхөр болох С.Баттулга татаж, чангаагаад оролдоод унтуулахгүй байхаар нь би хүн амьтнаас ичээч, хүүхдүүдээсээ ичээч гэж хэлээд бид хоорондоо маргалдсан. Тэгтэл миний нүүр рүү гараараа нэг удаа маш хүчтэй цохихоор нь би зугтаасан” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Баттулгын өгсөн “Эхнэр маань намайг гэрээс зайл гуйлгачин минь гээд хөөгөөд байхаар нь уур хүрээд эхнэрийнхээ нүүр рүү гараараа 1 удаа цохисон” гэх мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ¹15345 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Баттулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч, хохирогч нар нь хэрэг бүртгэлтийн шатанд харилцан зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, шүүгдэгч С.Баттулга нь гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаагүй тул прокурор яллагдагчаар татах тогтоолыг баталж, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар санал бичиж шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Наранчимэг нь шүүх эмнэлгийн болон эмчилгээний зардалд нийт 200000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахтай холбоотой зардалд 3000 төгрөг төлсөн баримтаас өөр бусад зардлын баримт авагдаагүй байх хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч С.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.3, 295-299, мөн хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сандай овогт Содномцэрэнгийн Баттулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч С.Баттулгыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч С.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.Баттулгаас 3000 /гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Гурванбулаг сумын “Агьт” 3 дугаар багт оршин суух, Харчу овогт Жамъянгийн Наранчимэг /РД:ГГ70120609/-т олгож, үлдэх 197000 /нэг зуун ерэн долоон мянга/ төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Баттулгын гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Булган аймаг дахь ШШГА-ны харъяа Цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.    

                 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ЦЭРЭНХАНД