| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0274/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/276 |
| Огноо | 2023-07-24 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/276
2023 07 24 2023/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
улсын яллагч Н.Дүүрэнжаргал,
шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын Б-д холбогдох эрүүгийн 2325001950349 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, “ххх” ХХК-нд эм зүйчээр ажилладаг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Б-ын Б- /рд:хх0000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “ххх” ХХК-ний эм ханган нийлүүлэх төвд эм зүйчээр ажиллах хугацаандаа өөрт нь ажил үүргийн хувьд хүлээлгэн өгч итгэмжпэн хариуцуулсан эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан борлуулсан орлогоос 13,367,100 төгрөгийг өөрийн дансаар завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Б.Б- мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруугаа ойлгож гэмшиж байна. Хохирлоо бүрэн барагдуулж дууссан...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би болсон хэргийн талаар өмнө нь тодорхой мэдүүлэг өгсөн. Би ““ххх”” ХХК-д хохирол учирсан тул хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгч байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 13,366,783 төгрөгийг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Компанид учирсан 13,366,783 төгрөгийг гаргуулан авч, хэргийг шуурхай шийдүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29х/,
-Иргэний нэхэмжлэгч Г.Д- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Орхон аймгийн Цагдаагийн газарт нягтлан бодогч ажил эрхэлдэг. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Далай ван ХХК нь санхүүгийн дүгнэлт гаргасан учраас тус компанитай гэрээ байгуулан манай байгууллагаас ажлын хөлсөнд 1,700,000 төгрөг гарсан учраас иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон мэдүүлэг өгч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34х/,
Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:“... Би “ХХХ” ХХК-д 2019 оны 07 дугаар сараас эхлэн захиалга хүлээн авагч, бараа бэлтгэгч ажлыг оюутны зуны амралтаараа ажилладаг байсан. /2020 оны зун бас амралтаараа ажиллаж байсан. Би сургуулиа 2021 оны 06 дугаар сард төгсөөд оюутан байхдаа ажиллаж байсан “ХХХ” ХХК-д эм зүйчээр ажилд ороод 2022 оны 04 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ хийж байгаагүй. Сарын 1,000,000 төгрөгийн цалингаар цалинжиж байгаад 2022 оны 01 дүгээр сараас 1,100,000 төгрөгийн цалин авч байсан. Би оюутан байхдаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бага хүүхдээ төрүүлээд 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажилдаа орсон. Тухайн үед хүүхэд маань дөнгөж 5 сар гарантай байсан. Ажиллах хугацаандаа цалин мөнгөө авч байсан ч 2022 оны 04 дүгээр сарын дунд хүртэлх цалингаа аваагүй гарсан. Хүлээн зөвшөөрч байна. Би “ХХХ” ХХК-д эм зүйчээр ажиллаж байх хугацаанд маш том алдаа гаргасан. Үүндээ маш их гэмшиж байна. 13,366,100 төгрөгийг хохирлыг барагдуулах болно, барагдуулах талаараа илэрхийлж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Би дээрх мөнгийг нэг доор аваагүй цувуулан авч өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Би учирсан хохирлоо бүрэн барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65, 74х/,
-ХХХ ХХК-иас гаргасан гомдол, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтууд /хх-ийн 5-11х/,
-”ххх” ХХК-иас ирүүлсэн санхүүгийн баримтууд /хх-ийн 13-24х/
- “ххх” ХХК-ний 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/23-07/02 дугаартай төлбөр барагдуулсан тухай албан бичиг /хх-ийн 95-96х/,
- Б.Б-ын Хаан банкны 000000000 дугаартай дансны хуулга /хх-ийн 39-53х/,
- Бэйкер тилли далайван аудит ХХК-ний Орхон аймаг дахь салбараас гаргасан шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03/01 дугаартай “...Б.Б- нь “ххх” ХХК-д эм зүйчээр ажиллаж байсан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд ажиллахдаа нийт 13,367,100 төгрөгийг өөрийн дансаар авч ашигласан ба харилцагчийн хоорондын тооцооны дундаас завшсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-61х/,
-Шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсхийг шалгах хуудас /хх-ийн 78х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “ххх” ХХК-ний эм ханган нийлүүлэх төвд эм зүйчээр ажиллах хугацаандаа эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан борлуулсан орлогоос 13,367,100 төгрөгийг өөрийн дансаар авсан үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Б.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, уг торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
оногдуулсан торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1,700,000 төгрөгийг гаргуулж Орхон аймгийн цагдаагийн газрын 100210012001 тоот дансанд олгож,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Б-ыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-аас хэрэг хянан шийвэрдэх ажиллагааны зардал 1,700,000 төгрөгийг гаргуулж Орхон аймгийн Цагдаагийн газрын 100210012001 тоот дансанд олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ