Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/157

 

 

 

 

 

 

 

 

2023.07.07                                        2023/ШЦТ/157

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0147

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хишигбаатар, 

Улсын яллагч Б.Н,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г-д  холбогдох эрүүгийн 2339000000212 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны төвд байх өөрийн гэртээ болон гадна хэсэгт 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "гэрт агсан тавьсан" гэх шалтгаанаар Ц.А-тэй маргалдаж, улмаар Ц.А-ийн нүүр хэсэгт нь цохиж, зүүн талын хавирга хэсэг рүү нь өшиглөж зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн талын 9-р хавирга ясны далд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч М.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000212 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.А-ийн (хх-ийн 8-9-р хуудас), гэрч М.Хадбаатарын (хх-ийн 18-21-р хуудас), гэрч Ю.Жамсрангийн (хх-ийн 24-27-р хуудас), гэрч Ц.Хүдэрчулууны (хх-ийн 30-33-р хуудас), гэрч Б.Ганшуургийн (хх-ийн 36-39-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 214 дугаартай дүгнэлт (хх-ийн 52-53-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан тосгоны захирагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57, 61, 62-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000212 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Г нь Ц.А-ийн нүүр хэсэгт нь цохиж, зүүн талын хавирга хэсэг рүү нь өшиглөж зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн талын 9-р хавирга ясны далд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч М.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч М.Г нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны төвд байх өөрийн гэртээ болон гадна хэсэгт 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "гэрт агсан тавьсан" гэх шалтгаанаар Ц.А-тэй маргалдаж улмаар Ц.А-ийн нүүр хэсэгт нь цохиж, зүүн талын хавирга хэсэг рүү нь өшиглөж зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн талын 9-р хавирга ясны далд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээж байгаа...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ арьс шүүрдээд байж байтал нутгийн танил хүмүүс болох Хадбаатар, Жамсран, Хүдэрчулуун, Алтанчулуун  нар ирсэн. Тэгээд би гадаах ажилаа дуусгаад авчирсан архинуудаа ууцгааж байсан. Тэгээд надад хийж өгөхөөр нь эхэндээ би уугаагүй тэгээд  дахин гэрээс гарч яваад удалгүй эргээд орход дахин хийж өгөхөөр нь би 3 хундага архи авчихаад сууж байтал тэр А  гээд хүн нь над руу агсраад “чи хэн бэ” гэхээр нь би “энэ гэрийн эзэн нь байна” гэхэд “чи гар зайл” гээд хөөгөөд над руу шүлсээ үсчүүлээд нулимаад байсан. Тэгээд А-тэй  маргалдаж эхлэхэд тэр ширээн байсан халуун савтай цайг өшиглөж унагахаар  нь би А-ийн  нүүрний зүүн хэсэг рүү нь нэг удаа баруун гараараа алгадахад надаас зуураад бид хоёр гэрээс гарч би А-ийг  өөрөөсөө холдуулах санаатай цааш нь түлхтэл гэрийн гадаа байсан мотоциклийг маань цааш нь өшиглөж унагахаар нь би А-ийг  дахин цааш түлхэхэд газарт унасан байсан мотоцикл дээгүүр маань хөндлөн давж унасан. Тэгээд эргэж босож ирээд зууралдаж байхад нь Жамсран бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М.Г гэх айлынд Хүдэрчулуун, Хадбаатар, Маамуу гэх 3 хүний хамтаар 4-үүлээ уг айлд очсон. Очихдоо бид нар дэлгүүрээс 2 шил архи аваад очсон. Авч очсон архиа М.Г гэх айлын гэрт гэрийн эзний хамт тавуулаа хувааж уусан. Тэгээд тухайн архийг хувааж ууж байтал М.Г над руу хандаж тантай нэг яриатайдаа гээд хэлээд байсан. Тэгээд тухайн 2 дахь шил архийг ууж байтал гэр дотор гэнэт М.Г босож ирээд намайг зүүн шанаа руу гараараа 1 цохиж авсан. Ингээд М.Г намайг гэрээс гарья гээд дагуулж гэрийн гадаа гарсан. Гэрийн гадаа гараад М.Г намайг толгой руу гараараа цохиж хавирга зэрэг рүү хөлөөрөө өшиглөж унагаасан. Ингээд намайг газарт унасан байхад М.Г нь дээрээс хөлөөрөө өшиглөж, гараараа толгой руу цохиж аваад байхаар нь би болиочээ гэтэл болихгүй байсан бөгөөд нэг мэдэхэд би ухаан алдсан Тосгоны төвөөс баруун зүгт уулын энгэрт сэрсэн...намайг М.Г-оос өөр хүн зодож цохисон зүйл байхгүй...Би гомдолтой байна. Эрүүл мэндээ үзүүлмээр байна...зардал мөнгийг буруутай этгээдээс гаргуулмаар байна. Цаашид эмнэлэгт үзүүлнэ...гэх мэдүүлэг,

Гэрч М.Хадбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А  нь архи уугаад халуураад явж байна танайд архи байхгүй биз гэхэд нь би архи байхгүй гэж хэлсэн чинь тэр гурав Хэрлэнбаян-Улааны төв орохоор болж яриад байсан надад бас төв орох ажилтай байсан болохоор би малшинд нь суугаад хамт явсан тэгээд тосгоны хоёр дэлгүүрийн зүүн талын Ирмүүн дэлгүүрээс орж экс нэртэй 0,75л архи Жамсран Хүдэрчулуун хоёр нь худалдаж аваад байж байтал А  нь нутгийн залуу Батжаргал гэх залуутай үхэр малнаас болж маргалдаж зууралдахад нь би эрүүл байсан. А , Батжаргал хоёр хоёулаа л заамдлалцаад зууралдаад байсан болхоор дундуур нь орж салгаж А ийг машины урд суудалд суулгаж хаалгыг хаасан өөр зүйл болоогүй. Машинтай хөдлөөд Ганболд гэх айлд очсон очиход Ганболдын гэрт эхнэр хүүхдийн хамт байсан. Тэгээд архи уугаад сууж байтал гэрийн эзэн Ганболд халамцуу бололтой орж ирээд бид хэдийн архинаас ууж дуусаж байтал цуг явсан А  нь бидний дунд тавьж орхисон байсан цайны халуун савыг түлхээд хагалчихсан тул гэрийн эзэн Ганболд нь зүгээр архи уугаад гарч чадахгүй халуун сав хагалчихлаа гэхэд нь А  нь чи юутай юм чамд хулгай хийлгэх байна уу гэх зэргээр үгээр өдөж сууж байсан газраа шүлсээ нулимаад байсан болхоор Ганболд чи манайхаас гар гэж хэлээд нэг удаа баруун шанаа орчим нь цохиж А ийг чирээд гэрээс аваад гарсан. Намайг харахад гадаа байсан мотоцикл талаараа харчихсан А ийн хамарнаас цус гарчихсан дээлний ханцуй нь урагдчихсан байсан....” гэм мэдүүлэг (хх-ийн 18-21-р хуудас),

Гэрч В.Жамсрангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А  нь нэлээн согтсон байсан Б-оо гийн гэрт нь шүлсээ хаяад байсан чинь Б-оо  манай гэрт чи шүлсээ хаялаа гээд  А  Б-оо  хоёр муудаж Б-оо  гэгч нь А ийн баруун шанааны тус газар нь цохиж автал А  Б-оо той барилдаж ноцолдоод байсан тул гадаа гараа гэхэд А  Б-оо  хоёр цуг гарсан би дотор суугаад үлдсэн би нэлээн согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Нэг санахад Хүдэрчулуун араас нь гарсан шиг санаж байна. Гарч А  Б-оо  хоёрыг салгасан байх. Тэгээд Б-оо гийн гэрээс гарч А  Хүдэрчулуун Хадаа нарын хамт Хадаагийн гэрт ирсэн байсан. Би Хадаагийнд унтаад үлдсэн...Би согтуу байсан болохоор анзаараагүй юм аа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-27-р хуудас),

Гэрч Ц.Хүдэрчулууны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А  гэрийн эзэн Б-оо  нар нь юунаас болсныг мэдэхгүй маргалдаж эхэлсэн. Тэгээд гадаа гэрээс гарч хоорондоо зууралдаад байсныг санаж байна...А  тэгтэл Б-оо  намайг зодчихсон нүүр ам авах юм алга гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-33-р хуудас),

Гэрч Б.Ганшуургын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 03 сарын 07-ны өглөө 09 цаг 10 минутын орчим цуг явсан найз Хүдэрчулууны хамт мотоциклтой сундалдаж ирсэн ирэхдээ хүнд зодуулсан байдалтай нүүр нь битүү хавантай өмсөж явсан цэнхэр өнгийн хөвөнтэй дээлний энгэр нь цус болсон баруун гарын ханцуй нь урагдаж салбайсан байдалтай ирэхээр нь хэн зодов хэнтэй муудалцав гэж Хүдэрчулуунаас уурлаж авч яваад хүнд зодуулаад авч ирлээ гэхэд Хүдэрчулуун нь Хэрлэнбаян улааны төвд Б-оо  ах айлд А  маамуу Хадбаатар Б-оо гийн эхнэрийн хамт архи уусан юм. Тэгтэл Б-оо  гэх залуу танай нөхөр А ийг зодчихлоо гэж хэлж байсан. Тэгээд дээл хувцсыг нь тайлуулан нөхөр болох А ийг унтуулахад А  нь өвчиндөө эмзэглээд байгаа бололтой байхаар нь өвчин намдаах циторилон гэх эмийг 2 давхарлаж өгөөд унтуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-39-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 214 дугаартай дүгнэлтэд:

  1. Ц.А-ийн биед зүүн нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжийн зүүн талын 9-р хавирга ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түх хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт (хх-ийн 52-53-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй..., Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй... гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч М.Г нь хохирогч Ц.А ийг цохисон гэмт үйлдлийн улмаас Ц.А-ийн  эрүүл мэндэд зүүн нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжийн зүүн талын 9-р хавирга ясны далд хугарал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч М.Г нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний.... эрүүл мэндэд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч М.Г нь хохирогч Ц.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Хохирогч М.Г нь хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Ц.А  эмчилгээний зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн иргэний иргэний журмаар шүүгдэгч М.Г-оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

 Иймд шүүгдэгч М.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Г нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 2339000000212 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ыг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн 2339000000212 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.А  нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Г-оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР