| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0254/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/278 |
| Огноо | 2023-07-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/278
2023 07 28 2023/ШЦТ/278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун,
Улсын яллагч Ц.Лхамсүрэн,
Хэлмэрч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б-гийн Б-өд холбогдох эрүүгийн 2325000590202 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 36 настай, боловсролгүй, төрөлхийн сонсголын бууралттай, хэл ярианы хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар тогтоогдсон, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар нийт 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил, 11 сар, 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялыг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 13 хоногийн ялыг хорих ялаар сольсон, С овгийн Б-гийн Б- /РД: хх0000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоотод хохирогч Ц.Э-гийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай Оюу хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж бэлэн 600,000 төгрөг, үүрэн холбооны Юнител операторын 378,300 төгрөгийн нэгж зэрэг эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн нутаг дэвсгэрт хохирогч Ө.Д-ын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “О” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч кассанд байсан бэлэн 300,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,
2022 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн 01 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Г-ийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалтай Хайрхан хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч бэлэн 50,000 төгрөг, 40,000 төгрөгийн үүрэн телефоны Скайтел ХХК-ний нэгжийн карт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,
2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 21 цагаас 22 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Ө-гийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “х” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн арын өрөөний вакум цонхоор нэвтэрч бэлэн 540,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 4 удаагийн үйлдлээр О, О, Х, С зэрэг хүнсний дэлгүүрүүд рүү орж бэлэн мөнгө, үүрэн холбооны нэгжийн карт зэрэг эд зүйлийг авсан үйл баримтууд тогтоогдож байна.
Уг үйл баримт нь шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...О, О, Х, С дэлгүүр орсон, мөнгө, нэгж аваагүй. Өлсөөд идэх юм, уух юм авсан...” гэсэн мэдүүлэг,
Хавтаст хэрэгт авагдсан:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 16-20х/,
-Орхон аймаг О хүнсний дэлгүүр хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийнн 21-23х/,
-Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 24-27х/,
-Хохирогч Ц.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 0 баг 43-22 тоотод үйл ажиллагаа явуулдаг О хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өглөө худалдагч Д- дэлгүүр нээсэн. 2 өдрийн орлого болох 600,000 төгрөг байхгүй болсон байна гээд над руу залгасан. Би 08 цаг 55 минутын орчимд очиход хүнсний дэлгүүрийн хойд талын цонхны решоток хуулсан байдалтай цонх нь онгойсон байсан. Манай дэлгүүрийн гадна талд нэг ширхэг хяналтын камер, дотор талд таван ширхэг хяналтын камер байдаг. Гэхдээ урд шөнө гадна талын хяналтын камерыг 01 цаг 17 минутад унтраасан байсан... ...тухайн үед дэлгүүрийн орлого болох 600,000 төгрөг бэлнээр алга болсон. Хэрэг болохоос 2 хоногийн өмнө Юнител үүрэн телефоны салбараас худалдаж авсан 378,300 төгрөгийн нэгжийн картууд хулгайд алдсан. Нэгжийн картыг худалдан авснаасаа хойш борлуулаагүй, задлаагүй боодолтойгоо байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31-32, 34х/,
-Гэрч Э.Д- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг өнгөрч байхад дэлгүүрээ онгойлгох гээд түлхүүрээ хийх гэтэл түлхүүрийн гол байгаагүй. Ямар нэгэн юм болсон гэж бодоогүй, худалдагчийн хамт дэлгүүртээ ороод хүмүүст үйлчилж байгаад буриад талхны түгээлт ирээд 10 гаран талх худалдаж аваад мөнгийг нь өгөх гэтэл мөнгөний хайрцаг байхгүй болчихсон байсан манай дэлгүүрт сүүлд 2022 оны 12 сарын 11-ний орой хэл ярианы бэрхшээлтэй хүн орж ирээд дэлгүүр дотор байх хяналтын камер луу заагаад цохиж үзээд байсан. Манай дэлгүүрийн хяналтын камерын бичлэг он сар өдөр таарч байдаг. Цаг хугацаа нь 25-30 минутын зөрүүтэй байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37-38х/,
-Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...хэзээ гэдгийг нь санахгүй байна. “С” супермаркет дээр сууж байхад Төгөл дээр шаг зардаг Б гэх эмэгтэй орж ирээд юнителийн нэгжийн олон карт барьчихсан, хүнээс авсан, хугацаа нь дуусчихсан юм шиг байна лээ, та хэрэгтэй бол авах уу гэхээр нь юмыг яаж мэдэхэв гээд авсан. Манайд ажилладаг охин хийгээд үзсэн миний утас сунгагдчихсан гэхээр нь би утсандаа 3000 төгрөгийн нэгжийн кодыг хийхэд сунгагдсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43х/,
-Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Б-гийн Б- нь 2022 онд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, цахим бугуйвч зүүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Хорих 437-р ангийн нээлттэй хорих ангийн хяналтад байсан. Цахим бугуйн гавны тусламжтайгаар техникийн болон биечилсэн хяналт тавьдаг. Цахим бугуйвчаар тухайн хүнийг хаана явж байгаа, тогтоосон бүсээс гарч байна уу гэдэгт хяналт тавьдаг. Хяналтад байх хугацаандаа заасан хугацаанд тогтмол ирж байсан. Цахим бугуйвчаа цэнэглэж унтраадаггүй байсан. Б.Б нь хэл ярианы бэрхшээлтэй ба түүнд ирэх өдрийг нь хуанли дээр зааж харуулах, цаасан дээр бичиж харуулах байдлаар ойлгуулдаг байсан. Тээврийн хэрэгслээр нэг цэгээс нөгөө цэг рүү зорчих үед тээврийн хэрэгслийн явсан маршрут заахгүй, дараагийн цэгийг заана. Цахим бугуйвч унтарсан үед байршил заахгүй, тодорхой объектод орсон үед тухайн объектын ойролцоо заадаг. Газрын зураг дээрх орсон объектыг тодорхой заахгүй, ойролцоо газарт заадаг...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51х/,
-Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 01 дүгээр сард байх, хугацааг нь санахгүй байна. Төгөл худалдааны төвийн урдуур явж байсан чинь үл таних залуу нэгжийн картнууд барьчихсан надад харуулаад байсан. Уг залуу хэлгүй, юм ярьж чадахгүй байсан. Уг картаа надаа харуулаад ав ав гээд байхаар нь би түүнд 1 хайрцаг тамхи гаргаж өгсөн чинь надад 3-4 орчим нэгжийн карт өгсөн. Би картыг нь аваад С дэлгүүр лүү явсан. С дэлгүүрээс худалдан авалт хийгээд хэсэг дулаацаж сууж байгаад худалдагч нарт энэ картыг хэрэглэж болох юм бол та нар аваарай, хугацаа нь дууссан юм шиг байна. Сая гудамжинд хүнээс авсан гэж хэлээд картнуудыг өгчихөөд явсан. Надад нэгжийн карт өгсөн хүнийг танихгүй, тухайн өдөр харсан. Карт өгсөн өдрөөс хойш хэд хэдэн удаа гудамжинд тааралдаж байсан. Уг залуу юм ярьж чаддаггүй, хэлгүй залуу байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 55х/,
-Согоот багт үйл ажиллагаа явуулдаг О дэлгүүрт хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 168-169х/,
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 170-177х/,
-Хохирогч Ө.Д- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг 30 минутын үед манай худалдагч А над руу залгаад кассанд үлдээсэн бэлэн 300,000 төгрөг алга болсон байна гэж хэлсэн. Би Онон дэлгүүр дээр очиж дотор талын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд кассны ард байрлах цонхоор 03 цаг 40 минутын орчимд цагаан өнгийн малгайтай цамц өмссөн, эрээн өнгийн өмдтэй эрэгтэй хүн орж ирээд лангууны ард байсан касснаас бэлэн мөнгө аваад буцаад гарч байгаа нь бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 181х/,
-Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 08 цагийн үед Цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын модны хавьд Б-гийн Б-ийн цаг нь байршил заагаад бугуйн цаг нь унтрахаар нь сүүлийн байршил дээр очоод шалгахад холоос хараад зугтсан. Араас нь хөөхөд эсэргүүцэл үзүүлж, төмрөөр цохих гэсэн. Өмнө нь тэгж байгаагүй. Орилж хашхирч дайраад байхаар нь яагаад ингээд байгаа юм бол гэж бодсон. Хэрэг хийсэн байсныг сүүлд нь мэдсэн. Би Б-ийг барьж чадаагүй алдсан. Үргэлжлуүлэн хайгаад авто вокзал дээр Улаанбаатар хот руу таксинд суух гэж байхад нь албадан ирүүлсэн. Ажил дээр авчир эгч Л, дүү Х нарыг дуудаж, ахмад М.А-ын хамт биед нь үзлэг хийхэд 20,000 төгрөг 7 ширхэг, 5000 төгрөг 11 ширхэг, 1000 төгрөг 6 ширхэг, 500 төгрөг 10 ширхэг, нийт 225,000 төгрөг, үнэмлэх, карт, сим гар утас зэрэг эд зүйл байсан. 225,000 төгрөгийн талаар асуухад эгч, дүү нар нь наадах чинь мөнгө байх учиргүй, мэдэхгүй гэсэн. Сүпрем гэсэн хар саравчтай малгай, хар хөх өнгийн куртик, шар эрээн юүдэнтэй цамц, бор өнгийн хүзүүвч, десант өнгийн ташаандаа кармаатай өмд, хар өнгийн хагас түрийтэй гуталтай байсан. Цаг нь унтраад намайг очиж үзэхэд 3 байрны ард байдаг худган дотор баахан хувцас аваачаад тавьчихсан байсан. Гэртээ 3 хоног очоогүй, хээр хоносон, гадуур хонож байсан болохоор тогны эх үүсвэр байхгүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 187х/,
-Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Х дэлгүүрт хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 213-218х/,
-Хүрэнбулаг багт байх Хайрхан дэлгүүрээс Молор-Эрдэнэ зочид буудал хоорондын зайг тогтоож нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 219-222х/,
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 223-231х/,
-Хохирогч Г.Г- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өглөө манай ээж аав хоёр Хүрэнбулаг багт байх Хайрхан дэлгүүрээ онгойлгосон чинь дэлгүүрийн хаалганы цоож зүүгдсэн байдалтай байхаар нь ороод үзэхэд мөнгөний хайрцгууд газар унасан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Манай дэлгүүрээс 1000, 5000, 10,000 төгрөгийн дэвсгэрт нийлээд 50,000 төгрөг, 40,000 төгрөгийн скайтелын нэгж алдагдсан. Алдагдсан нэгжний талаар Скайтелээс асуусан чинь сериал дугаар хөтлөөгүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 234х/,
-Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 01 цаг 37 минутад Молор-Эрдэнэ төвийн гадаа зааж байна. ...2022 оны 12 сарын сүүлээр ихэвчлэн 4-16 дугаар байр, 4-18 дугаар байр, Хүнсний захын ойролцоо яваад байсан. Тээврийн хэрэгслээр зорчих, нэг байршилд удаан байхгүй байх, сүлжээгүй болох, эвдэрсэн үед заахгүй. Б-ийн бугуйн цаг эвдэрч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 238-239х/,
-Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...Хүрэнбулаг багт байх Х дэлгүүрийг манай охин Г ажиллуулдаг юм. Миний бие хааяа тухайн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Манай дэлгүүрт хулгай орохоос хэд хоногийн өмнө манай дэлгүүрээр хэлгүй залуу орж ирээд нэгжийн карт худалдан авдаг байсан. Манай дэлгүүрт хэд хэдэн удаа орж ирсэн. Нэг өдөр хэлгүй залуу орж ирээд гартаа юнителийн нэгжийн картууд барьчихсан намайг авах уу гээд гараараа заагаад байсан. Би авахгүй гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 241х/,
-Их залуу багт байх С хүнсний дэлгүүрт хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 23-29х/,
-Хохирогч Г.Ө- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед Их залуу баг 1а-4 тоот С дэлгүүрээ хаагаад явсан. 2022 оны 12 сарын 26-ны өглөө 08 цаг 30 минутын үед дэлгүүрээ онгойлгосон чинь арын цонхыг хөшиж хулгай орж, хайрцаган дотор байсан 50, 100, 1000, 5000 төгрөгийн дэвсгэрт бүхий 200 гаран мянган төгрөг, хойд талын өрөөнд байсан нөхрийн бор цүнхнээс 5000, 10000, 20000 төгрөгийн дэвсгэрт бүхий 300 гаран мянган төгрөг алдагдсан учраас цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 37х/,
-Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Б- 2022 оны 12 дугаар сарын 25-ны орой 21 цаг 33 минут дахь маршрутыг албан бичгийн дагуу хүргүүлнэ. Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Х дэлгүүрийн зүүн талын 3 дахь хашаанд тухайн цаг хугацаанд байсан байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 40х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Б-ийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч: “...Б-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр хүний байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
-хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд,
-хохирогч Ц.Э-гийн “...2 өдрийн орлого болох 600,000 төгрөг байхгүй болсон байна гээд над руу залгасан. Би 08 цаг 55 минутын орчимд очиход хүнсний дэлгүүрийн хойд талын цонхны решоток хуулсан байдалтай цонх нь онгойсон байсан. Тухайн үед дэлгүүрийн орлого болох 600,000 төгрөг бэлнээр алга болсон. Хэрэг болохоос 2 хоногийн өмнө Юнител үүрэн телефоны салбараас худалдаж авсан 378,300 төгрөгийн нэгжийн картууд хулгайд алдсан. Нэгжийн картыг худалдан авснаасаа хойш борлуулаагүй, задлаагүй боодолтойгоо байсан...” гэсэн,
-гэрч Э.Д-ын “...10 гаран талх худалдаж аваад мөнгийг нь өгөх гэтэл мөнгөний хайрцаг байхгүй болчихсон байсан манай дэлгүүрт сүүлд 2022 оны 12 сарын 11-ний орой хэл ярианы бэрхшээлтэй хүн орж ирээд дэлгүүр дотор байх хяналтын камер луу заагаад цохиж үзээд байсан...” гэсэн,
-гэрч Т.Б-ын “...Уг залуу хэлгүй, юм ярьж чадахгүй байсан. Уг картаа надаа харуулаад ав ав гээд байхаар нь би түүнд 1 хайрцаг тамхи гаргаж өгсөн чинь надад 3-4 орчим нэгжийн карт өгсөн...” гэсэн,
-хохирогч Ө.Д-ын “...кассны ард байрлах цонхоор 03 цаг 40 минутын орчимд цагаан өнгийн малгайтай цамц өмссөн, эрээн өнгийн өмдтэй эрэгтэй хүн орж ирээд лангууны ард байсан касснаас бэлэн мөнгө аваад буцаад гарч байгаа нь бичигдсэн байсан...” гэсэн,
-хохирогч Г.Г-ийн “...манай дэлгүүрээс 1000, 5000, 10,000 төгрөгийн дэвсгэрт нийлээд 50,000 төгрөг, 40,000 төгрөгийн скайтелын нэгж алдагдсан....” гэсэн,
-хохирогч Г.Ө-гийн “...арын цонхыг хөшиж хулгай орж, хайрцаган дотор байсан 50, 100. 1000, 5000 төгрөгийн дэвсгэрт бүхий 200 гаран мянган төгрөг, хойд талын өрөөнд байсан нөхрийн бор цүнхнээс 5000, 10000, 20000 төгрөг төгрөгийн дэвсгэрт бүхий 300 гаран мянган төгрөг алдагдсан...” гэсэн мэдүүлгүүд болон нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бийн 2022 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын С багийн нутаг дэвсгэрт хохирогч Ө.Д-ын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай О хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч кассанд байсан бэлэн 300,000 төгрөгийг,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоотод хохирогч Ц.Э-гийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай О хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж бэлэн 600,000 төгрөг, үүрэн холбооны Юнител операторын 378,300 төгрөгийн нэгж зэрэг эд хөрөнгийг,
2022 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн 01 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Г-ийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалтай Х хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч бэлэн 50,000 төгрөг, 40,000 төгрөгийн үүрэн телефоны Скайтел ХХК-ний нэгжийн карт зэрэг эд хөрөнгийг,
2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 21 цагаас 22 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Ө-гийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай С 8 нэрийн хүнсний дэлгүүрийн арын өрөөний вакум цонхоор нэвтэрч бэлэн 540,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Э-д 978,300 төгрөгийн, хохирогч Ө.Д-т 300,000 төгрөгийг, хохирогч Г.Г-т 90,000 төгрөгийг, хохирогч Г.Ө-д 540,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд төлөөгүй тул шүүгдэгч Б.Бөөс хохирогч нарт учирсан хохирлыг гаргуулж олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “...Б-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 4 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, 14 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Б.Бөд оногдуулах нийт ялыг 2 жил 6 сараас хэтрүүлэхгүй оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Бийг гэм буруутай гэж шүүх дүгнэсэн тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ХМШЗ/14 дугаартай захирамжаар оногдуулсан 1 жил 13 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 9 сар 1 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Бийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 07 сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 71 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож,
хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Б-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б-гийн Б-ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-өд уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ХМША/14 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 1 жил 13 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 9 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-өд оногдуулсан 3 /гурван/ жил 9 /есөн/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 71 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 3 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-өөс 978,300 /есөн зуун далан найман мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Э-д, 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Д-д, 90,000 /ерэн мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Г-т, 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ө-д тус тус олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ