Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 352

 

 

 

 

 

                          2020         01          21     

                  101/ШШ2020/00352

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Б /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Т /-т холбогдох,

 

2,500,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 1,250,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б , хариуцагч Ч.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Биндэръяа нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 

“Миний бие С.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Н тай уулзаж хоорондоо ярилцсаны үндсэн дээр иргэн Ч.Т ын гаражийг 1 сарын төлбөр 2,500,000 төгрөг, 1 сарын барьцаа мөнгө 2,500,000 төгрөгөөр түрээслэхээр болж, 2019 оны 07 сарын 26-ны өдөр иргэн Ч.Т ын дансанд 1 сарын түрээс 2,500,000 төгрөг, барьцаа 2,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Түрээсээ 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэнэ гэхэд би ажил амжихгүй байна, 08 сарын 15-ны өдрөөс түрээсээ явуулж өгөөч гэж гуйсан нь үнэн. Гэвч миний бие хэд хэдэн шалтгааны улмаас энэхүү гаражийг ажиллуулах боломжгүй, миний ажил амжихгүй болсон тул 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тухайн гаражийг хариуцдаг иргэн Б.Н д гарах болсоноо хэлэхэд Ч.Т т хэл гэсэн. Тэгээд тухайн үед Ч.Т  луу утастахад утсаа авахгүй 2-3 хоног болсон. Энэ тухайгаа Б.Н д хэлтэл манай ах нэг архи уухаараа олон хоног архи уудаг юм аа гэж хэлсэн. 8 дугаар сарын сүүлээр иргэн Б.Н , Ч.Т  хоёуланд учрыг тайлбарлан хэлж 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 1 сарын түрээс 2,500,000 төгрөгөө аваад барьцаа мөнгө болох 2,500,000 төгрөгөө авъя гэхэд дараагийн түрээслэгч олж өгч мөнгөө ав гэсэн. Ингээд маш их зар авч явуулсны дараа түрээслэгч олоод очтол гараждаа вьетнам засвар оруулсан байсан. Иргэн Ч.Т тай яриад өөр түрээслэгч оруулаад ажиллаж байгаа юм чинь миний барьцааны мөнгийг гаргаж өгнө үү гэхэд Б.Н тай ярь гээд хоёулаа утасаа авахаа больсон. 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс хойш Ч.Т  нь утсаа авахгүй, мессэж бичихэд хариу өгөхгүй удсаар цаг хожиж 2019 оны 10 сарын 01-ний өдөр болоход яриад чиний барьцааны мөнгө дууссан гэж хэлээд намайг залилсан. Иймд миний барьцаа мөнгө болох 2,500,000 төгрөгийг иргэн Ч.Т аас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Иргэн С.Б  нь миний гаражийг хариуцдаг иргэн Б.Н тай 2019 оны 07 дугаар сард миний эзэмшлийн *******,*******нд байрлах 396 м.кв авто засварын зориулалттай гаражийг 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс түрээслэхээр тохиролцсон байдаг. Би нэхэмжлэгч С.Б тэй уулзаагүй. Ингээд тухайн үед түрээслэж байсан Бороо гэгч залуугаар 2019 оны 07 сарын 29-ний гаражийг чөлөөлүүлсэн. С.Б  нь 2019 оны 07 сарын 26-ны өдөр миний ******* тоот дансанд нэг сарын түрээсийн төлбөр болох 2,500,000 төгрөг, мөн нэг сарын барьцаа болох 2,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Маргаан үүссэн шалтгааны тухайд 07 сараас 08 сар хүртэл тууштай түрээслэх  сезон гэж яригддаг бөгөөд өвлийн турш ажиллах байраа 07-08 сарын хооронд түрээслэх байраа авдаг. Тухайн үед олон түрээслэх хүмүүс ирсэн байсан. Би тухайн үед тууштай түрээслэх хүн хэрэгтэй байгаа учраас ямар нэгэн асуудал хүлээж авахгүй гэдгийг хэлсэн. С.Б  тууштай түрээсэлнэ гээд гэрээ байгуулахгүй барьцаа болон үндсэн мөнгөө шууд шилжүүлсэн. Тохиролцсон хугацаандаа 08 сарын 01-ний өдөр ирэхгүй байсан тул утсаар холбогдоход 08  сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулж өгнө үү, би  тууштай түрээсэлнэ гэх санал тавьсан. Тэгээд би 14 хоногийн эрсдлийг чинь хүлээе мөнгөө шилжүүлсэн учраас чамд итгэлээ шүү гээд 08 сарын 15-ны өдөр хүртэл хүлээсэн боловч ирэхгүй байж байгаад түрээслэхээ больсон талаар хэлсэн. Тэгээд би маш олон түрээслэгч байсныг болиулсан учраас чи өөрөө түрээслэгчээ хурдан олж ирвэл чиний барьцаа мөнгийг гаргаж өгөх боломж байна гэдгийг хэлсэн. Ирэхгүй болохоор нь утсаар ярихад ахаа миний ажил амжихгүй байна, 08 сарын 15-ны өдрөөс эхэлье, би найдвартай, тууштай, удаан хугацаагаар түрээслэнэ хэмээн ярьсан. Тэгэхээр нь би за тийм бол 15 хоногийн түрээс болох 1,250,000 төгрөгийн эрсдэлийг бид хүлээе гэж хэлсэн. Ингээд бас л сураггүй алга болж байгаад 9 дүгээр сарын эхээр над руу залгаж түрээслэхээ болилоо, барьцаа мөнгөө авъя гэсэн. Тэгэхээр нь би өмнө нь түрээслэж байсан хүмүүсийг болиулсан, түрээслэхээр ирсэн хүмүүсийг бас болиулсан, ийм хариуцлагагүй байж болохгүй, иймээс чи өөр түрээслэх хүн олж ирээд мөнгөө гаргаж ав гэж хэлсэн. Ингээд түрээслэх хүн олдохгүй байсаар байгаад түрээсийн болон барьцааны хугацаа бүрэн дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ингэж олдохгүй явсаар 10 сарын 05-ны өдөр вьетнамуудын визны хугацаа дуусах гэж байсан учраас түр оруулсан байсан бөгөөд 1 сар байрлаж байгаад гараад явсан. Одоо гараж хоосон байгаа, түрээслэгч олдохгүй, учир нь түрээслэгч нар түрээсийнхээ байраа олчихсон. Одоог хүртэл би хохироод явж байна. Иймээс 1 сарын барьцааны мөнгө болон түрээсийн мөнгө дууссан. Тэгээд С.Б  түрээслэгч олж ирж, түрээсэлж чадаагүй учраас би өмнөх 08 сарын 01-ний өдрөөс 08 сарын 15-ны өдрийг хүртэл хүлээсэн эрсдэлийн мөнгө болох 1,250,000 төгрөгөө нэхэмжилж байгаа юм. Намайг одоо хүртэл хохироосон явж байгаа. Үндсэн түрээсийн төлбөр 2,500,000 төгрөг дууссан. Гэтэл барьцааны мөнгө хадгалагдаж байх хугацаанд тэр гараж хоосон байсан, иймээс би мөнгийг нь өгөх боломжгүй. Иймд би өөрийн бодит хохирол болох 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэлх 15 хоногийн төлбөр болох 1,250,000 төгрөгийг иргэн С.Б өөс нэхэмжилж байна” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч С.Б  нь хариуцагч Ч.Т т холбогдуулан барьцааны мөнгө 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг,

 хариуцагч Ч.Т  нь нэхэмжлэгч С.Б өд холбогдуулан 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 1,250,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

          Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч С.Б  нь хариуцагч Ч.Т ын өмчлөлийн Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоот хаягт байрлах 576 м.кв талбайтай гаражийг 2019 оны 08 сарын 01-ны өдрөөс түрээслэхээр, 1 сарын түрээсийн төлбөр 2,500,000 төгрөг, барьцаа 2,500,000 төгрөгөөр тус гаражийн ажлыг хариуцан ажилладаг Б.Н тай тохирч, 2019 оны 07 сарын 26-ны өдөр Ч.Т ын дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч гаражийг тохирсон хугацаанд ашиглаагүй болох нь тогтоогдож байна. Хариуцагч Ч.Т  нь түүний өмчлөлийн гаражийг түрээслэх асуудлаар түүнийг төлөөлөн Б.Н , С.Б  нарын хооронд тохиролцоо хийгдсэн болон мөнгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй.

Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан бөгөөд дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд хариуцагчийн өмчлөлийн гаражийг түрээслэх асуудлаар Б.Н ын С.Б тэй тохиролцсон үйлдлийг хариуцагч Ч.Т  хожим дэмжин зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, мөн хуулийн 318.4-т “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна”  гэж тус тус заасан.

Зохигчдын тайлбараар хариуцагчийн өмчлөлийн гаражийг түрээслэхээр тохиролцож, холбогдох төлбөрийг төлсөн болох нь тогтоогдож байх боловч талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.

Гэрээний оролцогч талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч уг чөлөөт байдал нь хуулийн хүрээнд байх ёстойг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан бөгөөд тус хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-д зааснаар үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх, ийнхүү бүртгүүлээгүй тохиолдолд тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж эрх зүйн үр дагаврыг зохицуулсан.

Зохигчид түрээсийн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд зохигчдын хооронд түрээсийн гэрээний үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхгүй.

С.Б  нь тохиролцсоны дагуу 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс гаражийг ашиглах байсан боловч ашиглалгүй, 08 сарын 15-ны өдрөөс ашиглахаар, түрээсийн төлбөрийг мөн хугацаанаас тооцохоор хариуцагчтай тохиролцсон боловч мөн тодорхой шалтгааны улмаас ажиллуулах боломжгүй болсноо 2019 оны 08 сарын сүүлээр хариуцагчид мэдэгдсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Мөн зохигчдын хооронд түрээслэхээр тохиролцсон гаражийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан ажиллагаа хийгдээгүй болох нь тэдний тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй. 

Нэхэмжлэгч нь түрээслэхээр тохиролцсон гаражийг ашиглаагүй тул төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй, гэхдээ 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрт 2,500,000 төгрөгийг тооцуулахад татгалзах зүйлгүй, харин барьцаанд төлсөн 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэгч 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс гаражийг түрээслэхээр тохиролцсон боловч ашиглаагүй, гаражийг бусдад түрээслэх боломжгүй болгосон, гаражийг ашиглаагүйд хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй тул төлбөрийг буцаан төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул гэрээний талууд мөн хуулийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэг үүснэ. Түрээсийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус учраас талууд өгсөн, авснаа харилцан буцаах үүрэгтэй боловч нэхэмжлэгч С.Б  нь 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 1 сарын төлбөрт 2,500,000 төгрөгийг тооцуулахад татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргаж, уг төлбөрийг шаардаагүй тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Хариуцагч Ч.Т  нь 2019 оны 07 сарын 26-ны өдөр өөрийн дансаар 1 сарын түрээсийн төлбөр 2,500,000 төгрөг, барьцаа 2,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Ч.Т  нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй учир нэхэмжлэгчээс шилжүүлсэн барьцаа 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ.

Хариуцагч Ч.Т  нь 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 1,250,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэн, үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн тул хариуцагч Ч.Т  нь нэхэмжлэгч С.Б өөс 1,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй.

Нэхэмжлэгч С.Б  нь 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 1 сарын  төлбөрт 2,500,000 төгрөгийг тооцуулахад татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргаж, уг төлбөрийг шаардаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгч 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс гаражийг түрээслэхээр тохиролцсон боловч түрээслэхээ больсноос гаражийг бусдад түрээслэх боломжгүй болгосон, хүйтний улиралд түрээслэгч олдохгүй хохирсон гэх тайлбарыг гарган 1,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд хариуцагч Ч.Т аас 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б өд олгож, нэхэмжлэгч С.Б өөс 1,250,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                          ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Т аас 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б өд олгож, нэхэмжлэгч С.Б өөс 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д  заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,900 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550 төгрөгийг тус тус улсын  орлогод  хэвээр үлдээж, хариуцагч Ч.Т аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 54,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б өд олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.ЦЭРЭНДОЛГОР