Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 00097

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн С. Гончигбал,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,    

хохирогч Д.Лхагвасүрэн, Д.Март

хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтантуяа,

шүүгдэгч Д.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2016/0085/Э индекстэй, 201606000164 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 46-32 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Дорждэрэмийн Батсайхан /РД:ЧИ80091817/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Батсайхан нь 2016 оны 06 дугаар 22-ны өдөр 19 цагийн орчим Улаанбаатар хотоос Булган аймгийн Дашинчилэн сумын чиглэлд асфалтан замаар 48-53 УБР "Парадо" маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Булган аймгийн Дашинчилэн сумын чиглэлээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан улсын дугааргүй "DAYUN" маркийн мотоциклийг жолоодон явсан Л.Лхасүрэнг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Батсайханы өгсөн: 2016 оны 06 дугаар 22-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод сум орохоор 2 хүүхдийнхээ хамт гарсан. Манай базын ах нь Могод суманд байдаг. Тэгж яваад Булган аймгийн Дашинчилэн суманд осолд орсон. Тухайн үед мотоцикльтой хүн миний өөдөөс яваа харагдсан. Тэр хүн миний өмнөөс тулж ирээд миний зорчиж явсан урсгалруу сөрөөд ороод ирсэн. Би сандраад замын эсрэг урсгал руу дархад мотоцикль бас дагаж эргэж дарсан. Тэрхэн зуур л энэ осол болсон. Би машинаас гарч 2 хүүхдээ гаргахад хүүхдүүд зүгээр байсан. Мотоцикльтой хүн замын хажууруу онхолдож, доош харсан байрлалтай хэвтэж байсан. Би их сандарч 103-руу залгаж дуудлага өгсөн. Тухайн үед сумын эмч, цагдаа нар маш удаан ирсэн гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Мартын өгсөн: Манай хүн наадмын морио уяна гээд хөдөө гарсан байсан ба 2016 оны  06 дугаар сарын 22-ны өдөр намайг ачааны машинаа аваад гараад ир хашаагаа зөөе гэж дуудсан юм. Манай ачааны машины аккумлятор суусан байсан тул би сольж чадахгүй гэхэд, тэгвэл стариксаа унаад хүүхдүүдээ аваад гараад ир гэсэн. Би хүүхдүүдээ аваад замд явж байтал манай нөхөр замд мотоцикльтой таараад адуугаа хараад ирье. Чи хариад хоол хийж байгаарай гэсэн. Тэгээд ирээгүй. Ослын талаар 17 цагийн үед надад мэдэгдсэн. Би сумын төв орж ээж рүү ярьж осол болсон талаар хэлээд, ээжийг түргэний эмч аваад ирээрэй гэсэн. Намайг очиход талийгаач доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би очих гэтэл хүрч болохгүй шүү гэсэн. Тэгэхээр нь эмч, цагдаа нар ирээд тэгж хэлсэн юм байх гэж бодсон. Тэр үед би хамаатнууд болон 2-3 найзруугаа утсаар ярьсан байсан тул тэд нар эмчийг аваад, ээжийг хамт авч ирсэн. Эмч ирж үзээд тариа хийх гэснээ болиод тариагаа шидчихсэн байсан. Тэгэхээр нь би яасан юм бол гээд хүнээр асуулгахад амьсгал хураасан байна гэсэн. Манай хүн тэгж дүрэм зөрчих хүн биш гэж бодож байна. Өөрөө жолооч хүн 2009 онд сумын шилдэг жолооч болсон. Би их харамсаж явдаг. Ядаж ослын дараа энэ хүүхэд очоод ахаа яаж байна гээд толгойг нь өргөөд ч юм уу? сэгсрээд амьсгаа авхуулчихгүй яасан юм бол гэж. Хүний ам ярианаас сонсоход их азгүй хүн юм. Ялихгүй бөглөрөөд л нас барсан байна гэж байсан гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Лхагвасүрэнгийн өгсөн: Би тэр өдөр гэртээ байгаагүй юм. Осол манай өмнөх зам дээр болсон. Осол болсон газарт очоод харахаар тоормозны мөр ерөөсөө  байдаггүй. Тоормоз огт дараагүй байсан. Дээр нь хурдтай явсан байх. Гэгээн цагаан өдөр мотоцикльтой хүн харагдахгүй байхдаа яахав дээ. Талийгаачийг эгц өөдөөс нь эсрэг замруу ороод мөргөчихсөн байсан. Би ядаж тэр үед сэгсэрчихгүй яав даа гэж боддог юм. Монгол хүн сэгсэрч ухаан ордог шүү дээ. Энэ хүү бидэнтэй ирж уулздаггүй. Бид хүнээ алдчихаад бас Д.Батсайханы араас нь хөөцөлдөж явах уу? Бид нар Д.Батсайханыг загнаж, занаж хорссон юм байхгүй. Ирж уулзаач гэсэн боловч сайн дураараа ирж уулзаагүй гэх мэдүүлэг,

201606000164 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Д.Лхагвасүрэнгийн өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын төвд гэртээ байж байхад манай хүүхдүүд миний төрсөн хүү Л.Лхасүрэнг зам тээврийн осолд орж нас барсан талаар хэлсэн. Би одоогоор гомдолтой байгаа, санал хүсэлт гэх зүйл байхгүй байна. Баримтаар 6433200 төгрөгийг нэхэмжилнэ. Холбогдох баримтуудыг одоо гаргаж өгнө. Баримтгүйгээр 2000000 төгрөг нэхэмжилнэ. Уг мөнгийг ламаар ном уншуулах, алтан хайрцаг, савны мөнгө, буяны үйлд худалдан авсан эд зүйлс, ажилд явсан жолооч нарын хөлс зэрэгт зарцуулсан. Нийтдээ 8433200 төгрөгийг нэхэмжилж байна… гэх мэдүүлэг /хх 28-29 тал/,

Гэрч Ж.Хишигдүүрэнгийн өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 22-ны оройн 18 цагаас 19 цагийн хооронд байх өөрийн одоо оршин сууж байх Дашинчилэн сумын 2 дугаар багийн нутаг "Түдэнгээ" гэх газарт гэрийнхээ хажууд тугалаа хашаад байж байхад манай гэрийн урдуур явдаг асфалтан замаар Улаанбаатар хотын чиглэлээс цагаан өнгийн автомашин Дашинчилэн сумын чиглэлээс мотоцикльтой хүн явж харагдсан. Намайг харахад мотоцикль, автомашин аль, аль нь тийм ч хурдтай явж байгаагүй. Тэгээд хоёр талаасаа мөргөлдөх шиг болоод хоёулаа онхолдсон юм. Автомашин болохоор хажуу тийшээ хараад онхолдсон. Тэгэхээр нь би гүйгээд ирэхэд автомашины урд нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Машины цонхоор нэг бага настай хүүхэд гарч ирсэн. Тэгээд осолд орсон хүмүүс дээр ирээд та нар гайгүй юу гэж асуухад нэг эрэгтэй хүн автомашинаас бууж ирээд бид дөрөв гайгүй байна. Харин энэ дайруулсан хүн маань эвгүй болчихлоо гэсэн. Миний харсан зүйл энэ л байна. Тэгээд осолд орсон мотоциклийн хүнийг өөрийнх нь мотоциклиор нь манай нутгийн хүн байна гэж мэдээд ар гэрийн хүмүүст нь мэдэгдсэн. Тэгээд байж байхад эмнэлэг болон сумын цагдаа нар ирсэн… гэх мэдүүлэг /хх-н 30 тал/

Гэрч Б.Золжаргалын өгсөн: ..Намайг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын эрүүл мэндийн төвд жижүүрийн эмчээр ажиллаж байхад 19 цаг 01 минутад Дашинчилэн сумын "Зүүн гүдэн" гэх газарт автомашин болон мотоцикль мөргөлдсөн байна. Нэг хүний биеийн байдал муу ухаангүй байна гэсэн дуудлага ирсэн. Уг зам тээврийн ослын дуудлаганд 19 цаг 17 минутад очиход нэг машин онхолдож хажуу талаараа харж зогссон, мотоцикль нь машины зүүн талд хажуу талаараа харж онхолдсон байдалтай байсан. Машны урд талд дээшээ харсан эрэгтэй хүн хэвтэж байсан, хүүхэн хараа хоёр талдаа эрс өргөссөн, гэрлийн ямарч урвалгүй, зүрхний орой захын судас, гүрээний судсанд ямар ч лугшилтгүй болсон, амьсгалын хөдөлгөөн байхгүй, амьсгалгүй хэвтэж байсан. Тэгээд тухайн осолд орсон хүнийг нас барсан талаар хэлсэн. Тухайн үед гадаа олон хоног бороо орсон газар чийглэг ихтэй байсан учраас нас барсан хүнийг эмнэлэг рүү зөөвөрлөж авчраад аав нь ирэхээр нь цагаан даавуунд ороогоод эмнэлэгийн мооргод хийсэн… гэх мэдүүлэг /хх-н 33 тал/

Иргэний нэхэмжлэгч Д.Мартын өгсөн: ...Би одоо 1999 оны 05 дугаар  сарын 24-ний өдөр төрсөн 16 настай, 2002 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн 14 настай, 2009 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн 6 настай, 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн 4 настай 4 хүүхдийнхээ хамт амьдарч байна. Мөн би одоо 2 сартай жирэмсэн учраас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг баримтаар нэхэмжилнэ. Надад хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн хуулбар, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж тусламжийн дэвтэрийн хуулбар, манай өрхийн орлогийн буюу "А" дансны хуулбар, сарын өрхийн орлогын багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд байгаа. Дээрхи баримтуудыг үндэслээд зардлуудыг нэхэмжилнэ. Миний хувьд яг одоо хэдэн төгрөг гээд хэлэх мөнгөн дүн алга байна. Өөрт байгаа баримтаа үндэслээд 4 хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 18 нас хүртэл нь нэхэмжилж авмаар байна. Мөн сарын орлогын баримтаа үндэслээд өрхийн сарын орлогоо нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-н 32 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай Л.Лхагвасүрэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн  задлан шинжилгээгээр

1. Гавал тархины битүү гэмтэл, гавлын зүүн ухархайн дээд хананаас ар дагз хэсгийг дайрсан шугаман хугарал, хацар, шилбэ ясны хугарал бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, элэгний язрал, дотуур цус алдалт /1000мл/, дотор эрхтний холбоосууд, бөөрний өөхлөг, гол судасны гадна давхаргын цус хуралт, хуйханд шарх, мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3. Л.Лхагвасүрэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Л.Лхагвасүрэн нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт /хх-н 53 тал/

Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 28 тоот:

1.   Жолооч Д.Батсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмийн 8.2 "Эсрэг хөдөлгөөнтөй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин өөрийн урсгалаар явж байсан мотоцикльтой мөргөлдсөн байна.

2.   48-53 УБР улсын дугаартай "тоёота ланд круйзер прадо" маркийн тээврийн хэрэгсэл улсын дугааргүй "Даюун" маркийн мотоцикль нь осол гарахаас өмнө нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэх нь тогтоогдох боломжгүй ослын улмаас эвдэрсэн байгаа нь тээврийн хэрэгсэлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэлээс харагдана.

3.   Жолооч Л.Лхасүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн боловч осол хэрэг гарах шалтгаан болохгүй бөгөөд жолооч Д.Батсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгалд орсноос уул, осол хэрэг гарсан гэх дүгнэлт /хх-н 44-45 тал /, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-9 тал/, автомашин болон мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13 тал/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-19 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 23 тал/, "Лэндс ХХК"-ний Орхон салбарын дүгнэлт /хх 57-67/, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх 70 тал/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 96 тал/, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн баримтууд /хх 98-104, 106-107, 113-116 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч Д.Батсайхан нь 2016 оны 06 дугаар 22-ны өдөр 19 цагийн орчим 48-53 УБР "Парадо" маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодон Улаанбаатар хотоос Булган аймгийн Дашинчилэн сумын чиглэлийн асфалтан замаар зорчиж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмийн 8.2 "Эсрэг хөдөлгөөнтөй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин Булган аймгийн Дашинчилэн сумын чиглэлээс Улаанбаатар хотын чиглэлд улсын дугааргүй "DAYUN" маркийн мотоциклийг жолоодон явсан Л.Лхасүрэнг мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэрэг учирлын газар болон цогцост үзлэг хийсэн  тэмдэглэл, осол гарсан газар хийсэн хэмжилтийн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчоор тогтоогдсон Д.Лхагвасүрэн, Д.Март, тухайн үйл баримтыг харсан гэрч Ж.Хишигдүүрэн, Б.Золжаргал нарын өгсөн мэдүүлгүүд, зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоосон Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 28 тоот дүгнэлт, амь хохирогч Л.Лхасүрэнгийн үхлийн шалтгааныг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 40 тоот дүгнэлт, шүүгдэгч Д.Батсайхан болон амь хохирогч Л.Лхасүрэн нарын цусан дахь спиртийн агууламж, согтолтын зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 69, 70 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн, шинжээчийн дүгнэлтүүдийг  эрх бүхий шинжээчид гаргасан, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Батсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмийн 8.2 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам, тээврийн осол гаргаж, хүний амь хохироосон үйлдэл нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байна.

 Иймд шүүгдэгч Д Батсайханыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д. Батсайханы гэм буруутай үйлдлийн улмаас  хүний амь хохирч, хүнд хор уршиг учирсан байх ба хохирогч Д.Лхагвасүрэн, Д.Март нар нь талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зардал 10800000 төгрөг болон банкны зээл, малчин хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа ажлын хөлс, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаадлага гаргажээ. Шүүгдэгч Д.Батсайхан нь хохирогчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд оршуулахтай холбогдон гарсан 10800000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хохирол хүлээн авсан баримтаар тогтоогдож байх тул материаллаг хохирол төлөгдсөн байна гэж үзэв.

Харин хохирогч Д.Мартын нэхэмжилсэн банкны зээл, хөдөлмөрийн гэрээгээр малчин ажиллуулсаны хөлсийг шүүгдэгчээс оршуулахтай холбогдон гарсан зардал гэж үзэж гаргуулах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч Д.Март нь шүүгдэгч Д.Батсайханаас насанд хүрээгүй хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч хохирогчийн 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Л. Ундармаад Булган аймгийн Халамж үйлчилгээний хэлтэс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2032 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртлэх хугацаанд сар бүр 140000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгож байгаа тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэмж  гаргуулах үндэслэлгүй байна .

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд гэм хор учруулсаны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжинд байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд авах эрхтэй байна.

Төлбөрийг гаргуулахдаа нас барагчид өөрт нь болон түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн цалин, хөлс орлогын дундажаар тогтоож, төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасахаар заасан байна.

Өөрөөр хэлбэл нас барагчийн дундаж цалин, орлого нь 140000 төгрөгөөр Халамж үйлчилгээний хэлтсээс тогтоогдсон ба нас барагч нь ам бүл 6-лаа амьдарч байсан.  Ам бүлийн гишүүдийн тоонд тэтгэврийн 140000 төгрөгийг хувааж нэг хүнд ноогдох мөнгө 140000:6=23333 төгрөг, үүнээс нас барагч болон хөдөлмөрийн чадвартай эхнэрт нь ноогдох хэсэг 46666 төгрөгийг хасаад насанд хүрээгүй 4 хүүхдэд ногдох хэсэг 93333 төгрөг  нь түүний авч байгаа тэтгэврээс бага, зөрүү гараагүй байна.

 Иймд хохирогч Д.Мартын тэжээгчээ алдсаны тэтгэмж шүүгдэгчээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй байна.,

 Шүүгдэгч Д.Батсайханд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг сайн дураараа төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэрэгт хавсаргах, эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 48-63 УБР улсын дугаартай "Тоёота Ланд Крузер Прадо" машиныг өмчлөгч Д.Батсайханд, "Даюун" маркийн мотоциклийг хохирогч Д.Мартад тус тус олгох нь зүйтэй байна.

  Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх материаллаг хохиролгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Харчин овогт Дорждэрэмийн Батсайханыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Д.Батсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил, 1  /нэг/ хоногийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   52   дугаар   зүйлийн   52.5-д   заасныг баримтлан шүүгдэгч Д.Батсайханд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Д.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD бичлэгийг хэрэгт хасваргаж, мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож 48-63 УБР улсын дугаартай "Тоёота Ланд Крузер Прадо" машиныг өмчлөгч эзэмшигч Д.Батсайханд, "Даюун" маркийн мотоциклийг хохирогч Д.Мартад тус тус буцаан олгосугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх материаллаг хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичиг баримтгүй  болохыг дурьдаж, хохирогч Д.Мартын банкны зээл, хөдөлмөрийн гэрээгээр малчин ажиллуулсаны хөлс, тэжээгчээ алдсаны тэтгэвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Д.Батсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батсайханд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Булган аймгийн

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Цагдан хорих байранд хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймаг дахь  Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.        

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ЦЭРЭНДУЛАМ