| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 110/2025/0008/3 |
| Дугаар | 221/МА2025/0612 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2025/0612
Т а з нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Т.Д
Нэхэмжлэгч: Төрийн албаны зөвлөл
Хариуцагч: Н.Е, Т.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “Н.Е, Т.Д нараас Төрд учирсан 20.000.000 төгрөгийг гаргуулах тухай”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн өмгөөлөгч Х.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 110/2025/0008/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар шийдвэрээр:
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монгол Улсын Т а з Н.Е, Т.Д нараас Төрд учирсан 20.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н.Еаас 10.000.000 төгрөг, Т.Дээс 10.000.000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
Хариуцагч Т.Д шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1."Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн "Т сумын Засаг дарга Н.Еыг ажлаас чөлөөлөх тухай" Б/30 дугаар захирамжийн дагуу тухайн өдрөөс сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаж байсан нь үнэн.
Иргэн М.Х-ыг Т сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 тоот захирамжаар Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн. Энэ захирамжийг тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Н.Е гаргасан.
М.Хы нь энэ шийдвэрийг эс зөвшөөрч Т а з-д гомдол гаргасан ба тус зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоолоор Т сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 тоот захирамжийг хүчингүй болгож 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04/753 дугаартай албан бичгээр тогтоолын хувийг ирүүлснийг Засаг дарга Н.Ебүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч мөн оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/62 тоотоор хариу явуулсан байна.Энэхүү үйл ажиллагаанд миний бие огт оролцоогүй. Хариуцагч Н.Е нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хооронд 5 сарын хугацаа байгаа бөгөөд тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Н.Е нь Т а з тогтоолын биелэлтийг хангах бүрэн боломжтой байсан.
2.2.Н.Е нь Т а з тогтоолын биелэлтийг хангах арга хэмжээ аваагүй учир М.Хы нь түүнийг Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байх хугацаанд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх асуудлаар нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс түүний нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 110/ШШ2021/0414 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Энэ шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд мөн өдрийн 221/МА2025/80 дугаар магадлалаар хангахгүй орхисон.
Ингэж шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсны дараа Т а з 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/505 дугаартай албан бичгээр тус зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд тогтоолын биелэлтийг хангуулах арга хэмжээ авахыг мэдэгдсэн байна. Үүний дагуу тус зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаар албан бичгээр тогтоолын биелэлтийг хангах арга хэмжээ авахыг надад мэдэгдсэн.
Би дээрх албан бичгийг хүлээн аваад 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар М.Х-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээрх үйл баримт, хэрэгт цугларсан энэ талаарх нотлох баримтуудад дүгнэлт хийхгүйгээр намайг буруутгаж хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Нэгэнт дээрх хугацаанд шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан, анхан болон давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж зохих шийдвэрүүд гарч байсан учир намайг тогтоолын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ аваагүй гэж буруутгах үндэслэл болохгүй.
2.3. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж хуульчилсан.
Хуулийн дээрх зохицуулалтаас харахад нэгдүгээрт, төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон байх ёстой. Миний хувьд М.Х-ыг төрийн албанаас чөлөөлсөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй, төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүхээс миний хууль бусаар чөлөөлснийг, тодруулж хэлбэл миний буруутай үйл ажиллагааг тогтоосон ямар нэгэн шийдвэр байхгүй.
Хоёрдугаарт төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх ёстой. М.Х-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг миний бие гаргаагүй. Ийм байхад намайг Засаг даргын орлогчийн хувьд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан гэдгээр буруутай мэтээр дүгнэж төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус байна.
2.4.Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх гол үндэслэл нь тухайн шийдвэр гаргасан албан тушаалтны шийдвэр нь хууль бус байх, хууль бус болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон байх, тухайн хууль бус шийдвэрийн улмаас бодит хохирол учирсан байх, хууль бус шийдвэр, учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх харилцан хамаарлыг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байсан боловч таамаг байдлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь хууль бус байна.
Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж надаас төрд учирсан хохирлын тодорхой хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2025/0047 дугаар шийдвэрт хэсэгчилсэн өөрчлөлт оруулж, хамтран хариуцагч Т.Д надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Төрийн албаны зөвлөлөөс Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын албан үүргийг эрхэлж байсан Н.Е болон Т.Д нарт холбогдуулан “Төрд учруулсан хохирол 20,000,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
1.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагч Н.Е нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Х-ыг төрийн албанаас чөлөөлснийг Т а з 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар М.Х-ыг албан тушаалд нь эгүүлэн томилсон бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж уг шүүхийн шийдвэрийн дагуу төрийн сангаас М.Хид 20,000,000 төгрөгийг олгосон тул уг төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтан Н.Е болон Т.Д нараас гаргуулах нь зүйтэй” гэж маргасан.
1.2.Хариуцагч Н.Еаас “...М.Хы нь Т сумын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа өөртөө давуу байдал бий болгож, авлигын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул албан үүргээс нь чөлөөлсөн байхад Төрийн албаны зөвлөл түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох тухай тогтоол гаргасан нь хууль бус байсан бөгөөд эгүүлэн томилоогүй бол энэхүү нэхэмжилж байгаа мөнгө нь гарахгүй байх байсан. Уг 20,000,000 төгрөг бол Иргэний хуулийн 498.5-т заасан гэм хорыг хариуцан арилгасан байгууллагад учирсан хохирлын хэмжээ шууд болохгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талаас төрд учирсан хохирлыг бодитоор тогтоогоогүй” гэх тайлбарыг,
1.3.Хариуцагч Т.Дээс “...М.Х-ыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг миний бие гаргаагүй мөн түүнийг ажилд эгүүлэн тогтоосон Т а з шийдвэрийг Н.Е Засаг даргаар ажиллаж байхдаа хүлээн авсан. Хэрэв тухайн үед тогтоолын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авсан бол маргаан ингэж хугацаа алдахгүй байсан тул энэхүү нэхэмжлэлийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хариу тайлбарыг өгчээ.
2.Маргааны үйл баримтын тухайд:
2.1.Хариуцагч Н.Е нь Т сумын Засаг даргын үүрэгт ажлыг хаших хугацаандаа 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Х-ыг төрийн албанаас чөлөөлсөн байна.
2.2.Иргэн М.Х нь дээрх захирамжийг эс зөвшөөрч Т а з-д хандсаны дагуу тус Зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" 93 дугаар тогтоол гарч, уг тогтоолыг 03 дугаар сарын 12-ны өдрийн "Тогтоол хүргүүлэх тухай" 04/753 дугаар албан бичгээр хүргүүлжээ.
2.3.Улмаар М.Хаас тус Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Т а з 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоол биелүүлэхийг болон М.Х-ыг Т сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг тус сумын Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 19.867.410 төгрөгийг Т сумын Засаг даргаас гаргуулах” шаардлагатай нэхэмжлэлийг Т сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, тус шүүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, 110/ШЗ/32021/0414 дугаар шүүгчийн захирамжаар маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болохыг төрийн албаны төв байгууллага тогтоосон үндэслэлээр хэргийг хэрэгсэхүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч талаас уг захирамжийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн тухай” тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээснээр шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ.
2.4.Анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, Т а з тогтоолыг биелүүлээгүй тул дахин Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус аймаг дахь Салбар зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.М-эд хүргүүлснээр дээрх тогтоолын дагуу М.Х-ыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/44 дүгээр захирамжаар Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилжээ.
2.5.Түүнчлэн иргэн М.Х нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2022/00629 дүгээр шийдвэр, тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 212/МА2022/00087 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2022/01403 дугаар тогтоолоор М.Х-ад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
2.6.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Т сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс 9.945.966 төгрөгийг М.Хын ХААН банк дах 51890566** дансанд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гүйлгээгээр олгосон, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар “Хөрөнгө хуваарилах тухай” тушаалын хавсралтын 109 дэх хэсэгт заасан 20.000.000 төгрөгийг М.Хыд олгох шийдвэрийн дагуу 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр М.Хын дансанд Төрийн банкаар дамжуулан хийгдсэн гүйлгээгээр 20.000.000 төгрөгийг олгосон нь тус тус тогтоогдож байна.
2.7. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, Т сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Х-ыг албан үүргээс чөлөөлсөн хариуцагч Н.Е, урьд эрхэлж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргаагүй Т.Д нарын үйлдэл нь төрд нийт 29.945.966 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэхээр байна.
2.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн 110/ШЗ2025/0172 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай“ захирамжийн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэг мөсөн буруутай албан тушаалтнуудаас 29.000.000 төгрөгийг гаргуулах боломжтой бол төрд учирсан хохирлыг нэг шүүхээр шийдвэрлэх хүсэлтэй байна. ... Шүүхийн шийдвэрийн дагуу 29.000.000 төгрөг гаргахаас 20.000.000 төгрөгийг Хууль зүй дотоод хэргийн яам гаргасан үлдэгдэл 9.000.000 төгрөгийг тухайн сумын Засаг даргын тамгын газраас гаргасан эсэхийг тодруулах хүсэлтийг гаргаж байна” гэснийг дурьдаад тус захирамжаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
2.9. Шүүх Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Баян-Өлгий аймгийн Т сумын 5 дугаар багийн оршин суугч, Т сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Ед холбогдуулан гаргасан “20,000,000 төгрөг гаргуулах” шаардлагыг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Дийг хамтран хариуцагчаар татсан байна.
2.10. Хэдийгээр Т сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс 9.945.966 төгрөгийг М.Хын ХААН банк дах 51890566** дансанд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гүйлгээгээр олгосон баримт хэрэгт авагдсан ч нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж төрд учирсан хохирлын үнийн дүнг нэмэгдүүлж гаргуулахаар албан ёсоор буюу бичгээр шүүхэд гаргаагүй байх тул анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй болно.
2.11. Т сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс 9.945.966 төгрөгийг М.Хыд олгосонтой холбогдуулан нэхэмжлэгчийн маргах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр, магадлалаар хязгаарлаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
3. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж,
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, 101.1-т “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна.”, 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ.” гэж тус тус заасан.
4.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, захиргааны албан тушаалтны шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас иргэнд хохирол учирсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хохирлыг төр барагдуулж, дараа нь шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх зарчимтай ба тухайн захиргааны албан тушаалтны шийдвэр хууль бус байгаад, түүнээс учирсан хохирлыг төрөөс барагдсан нь нэгэнт тогтоогдсон нөхцөлд Төрийн албаны зөвлөл буруутай этгээдээс учруулсан хохирлыг шаардаж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
5.Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд, хариуцагч нараас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж дүгнэхээр байна.
6.Анхан шатны шүүх маргааны үйл баримтын тухайд “...хариуцагч Н.Е нь М.Х-ыг албан тушаалаас нь хууль бусаар чөлөөлсөн үйлдлээр, мөн өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүртэл буюу 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд түүнийг ажилд томилохоос татгалзсан эс үйлдэхүйгээр, харин хамтран хариуцагч Т.Д нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд М.Х-ыг албан тушаалд нь томилохоос татгалзсан эс үйлдэхүйгээр тус тус гэм буруутай байх тул төрд учирсан хохирол болох нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан 20.000.000 төгрөгийг адил хэмжээгээр буюу 10.000.000. төгрөгөөр тус тус хувааж төлүүлэх нь зүйтэй ба энэ нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн болно.” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
7.Хэдийгээр хариуцагч Т.Дийн тухайд М.Х-ыг албан тушаалаас нь хууль бусаар чөлөөлсөн шийдвэрийг биечлэн гаргаагүй боловч Т а з тогтоолыг мэдэж байсан бөгөөд өөрийн эрх хэмжээний хүрээнд тогтоолыг биелүүлэх үүрэгтэй байтал тогтоолыг хэрэгжүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь хэрэгт цугларсан баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд тогтоогдож байна.
8.Иймд хариуцагч Т.Дийн гаргасан “...Нэгэнт дээрх хугацаанд шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан, анхан болон давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж зохих шийдвэрүүд гарч байсан учир намайг тогтоолын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ аваагүй гэж буруутгах үндэслэл болохгүй.” гэх гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хамтран хариуцагчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН