| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Болормаа |
| Хэргийн индекс | 119/2022/0014/з |
| Дугаар | 119/ШШ2022/0015 |
| Огноо | 2022-04-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 119/ШШ2022/0015
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа би ОА-ийн ПГАП Ч.С-ийн аймгийн НДХ-ийн ХШУБ Г.Г-д холбогдуулан гаргасан “ХШУБ-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 235...... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Л.О-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
ОА-ийн ПГАП Ч.С шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “ОА-ийн ПГАП Ч.С би, тус аймгийн НДХ-ийн хяналт, шалгалтын УБГ.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14-... тоотод оршин суугч “Л” ХХК-ний захирал Л.О-ийг 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 1 дүгээр сарын нийгмийн даатгал төлөлтийн тайланг хугацаанд нь тайлагнаагүй гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж шийдвэрлэсэн 38-0371/29 дугаартай хялбаршуулсан материалыг хянахад шийтгэлийн хуудас нь хууль ёсны шаардлага хангаагүй, хүчингүй болсон шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар: Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 135 дугаар тогтоолоор “шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг шинэчлэн баталж, Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолыг хавсралтын хамт хүчингүй болгосон байна. Эрх бүхий албан тушаалтан Г.Г нь холбогдогч Л.О-ийг нийгмийн даатгалын тайлангаа хугацаанд нь тайлагнаагүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулахдаа 2021 оны 05 дугаар сард Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсон 235...... дугаартай шийтгэлийн хуудсыг хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.
Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага аймгийн НДХ-ийн УБ Г.Г-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 235...... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Л.О-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн НДХ-ийн ХШУБ Г.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Г.Г нь ОАНДХ-т ХШУБ-аар ажилладаг ба ажил үүргийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хуульд заасан хугацаандаа ирүүлээгүй аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, прокурорт хянуулдаг болно.
2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын хооронд хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хуульд заасан хугацаандаа ирүүлээгүй “Л” ХХК-д холбогдуулан Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн ба шийтгэлийн хуудас нь Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолоор баталсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-р батлагдсан маягт боловч 2021 оны 05 дугаар сарын 135 дугаар тогтоолоор хүчингүй болсон байна. Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
ОА-ийн ПГАП Ч.С нь аймгийн НДХ-ийн ХШУБ Г.Г-д холбогдуулан “ХШУБ-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 235....... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Л.О-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариу тайлбар ирүүлжээ.
Ийнхүү хариуцагч ОА-ийн ПГАП-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 235...... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ОА-ийн ПГАП Ч.С-ийн аймгийн НДХ-ийн ХШУБ Г.Г-д холбогдуулан гаргасан “ХШУБ-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 235...... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Л.О-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 31 дугаартай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, 119/2022/0014/з/ дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ОА-ийн НДХ-ийн ХШУБ Г.Г-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 235..... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА