| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2019/02982/и |
| Дугаар | 426 |
| Огноо | 2020-01-28 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 426
| 2020 01 28 | 101/ШШ2020/00426 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Ц /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.М /-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, үлдэгдэл хүү 2,493,699 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 77,493,699 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Билэгт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Э.Ц миний бие 2017 оны 08 сарын 01-ний өдөр******* овогтой М тэй зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр Г.С эд 50,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 2017 оны 08 сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл, сарын 2,3 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, улмаар түүний Хаан банкин дахь ******* данс руу мөнгийг тус тус таслан шилжүүлсэн. Гэвч тэрээр өнөөг хүртэл 9,000,000 төгрөгнөөс өөр мөнгө төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэнгүй. Дээрх байдлаар зээлдэгч Г.С ээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлэхгүй 1 жил гаруй боллоо. Цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэний журмаар шүүхэд хандахыг зөвлөсөн болно. Гэрээнд заасны дагуу дараах байдлаар зээлийн үлдэгдэл хүү болон алдангийг тооцож байна. 2017 оны 08 сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл хүүгийн төлбөр 5,784,657.6 төгрөг төлөхөөс төлсөн 4,000,000 төгрөгийг хасаж, 2018 оны 02 сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 сарын 09-ний өдрийг хүртэл хүүгийн төлбөрийн үлдэгдэл 7,493,698.7 төгрөгөөс төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж, хүүгийн үлдэгдэл төлбөр 2,493,699 төгрөг, үндсэн зээл 50,000,000 төгрөг. Зээлийн гэрээний 2.6-д заасны дагуу алданги буюу зээлдүүлэгчийн зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан байх тул Г.С ээс 50,000,000 төгрөгийн 50 хувь болох 25,000,000 төгрөгийг тус тус төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Г.С ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, төлвөл зохих ёстой үлдэгдэл хүү 2,493,699 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 77,493,699 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2017 оны 08 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ нь бодитоор байгуулагдаагүй бөгөөд уг гэрээний дагуу ямар нэгэн зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн зүйл байхгүй болно. Учир нь нэхэмжлэгч Э.Ц нь Г.С болон н.Б нартай хамтран ажиллахаар тохиролцож Г.С ийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “*******” ХХК-ийн И-март дахь спиннингийн төвийн үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, ашиг олох зорилготойгоор 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр болсон. Уг тохиролцооны дагуу 2017 оны 07 сарын 16-ны өдрөөс 2017 оны 08 сарын 18-ны өдрийн хооронд 6 удаагийн гүйлгээгээр хуваан шилжүүлсэн. Уг мөнгөн хөрөнгийг И-март худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байсан спиннингийн төвийн шинээр байгуулах, тохижилтын ажилд зарцуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл тус төвд явуулж байсан спиннингийн төвийн үйл ажиллагаа төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй доголдож, өндөр түрээсийн төлбөр болон бусад зардлаа төлж чадахааргүй болсон. И-март дахь спиннингийн салбарт Э.Ц нь хөрөнгө оруулалт хийсэн хэдий ч үйл ажиллагаанд оролцоогүй буюу менежмент болон спиннингийн үйл ажиллагааг хэвийн явуулахад оролцож, хариуцлага хүлээн хамтран ажиллаагүй. Гэтэл нэхэмжлэгч Э.Ц нь үйл ажиллагаа доголдож эхэлмэгц оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж авах, хэрэв буцааж өгөхгүй бол цагдаагийн байгууллагад хандана гэх байдлаар хандан шаардлага тавьж, улмаар хөрөнгө оруулалтыг эргүүлэн төлөх баталгаа байдлаар 2017 оны 12 сарын 11-ний өдөр тус зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд ямар нэгэн мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлсэн зүйл байхгүй болно. Мөн оруулсан хөрөнгө оруулалтаас Г.С 11,000,000 төгрөгийг буцааж Э.Ц д, үлдэгдэл төлбөрийг нь хөрөнгө оруулалтын гэрээний нэг тал болох Б д төлсөн. Хамтран ажиллах зорилготой хөрөнгө оруулалт хийсэн байхад зээлийн гэрээ гэж үзээд хүү, алданги тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч Г.С эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, үлдэгдэл хүү 2,493,699 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 77,493,699 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Зохигчид 2017 оны 08 сарын 01-ний өдрөөр огноолсон зээлийн гэрээ бичгээр байгуулж, Э.Ц нь Г.С эд 50,000,000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, сарын 2,3 хувийн хүүтэй зээлэх, зээлдүүлэх нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулжээ. /хх-11-12/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч Г.С ийн Хаан банкан дахь ******* тоот данс руу 2017.07.26-ны өдөр 15,000,000 төгрөг, 2017.08.08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017.08.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017.08.18-ны өдөр 16,000,000 төгрөг, 14,000,000 төгрөгийг гүйлгээний утга нь хөрөнгө оруулалт гэж тус тус, мөн 2017.08.07-ны өдөр Л.Б гийн Хаан банкин дахь ******* тоот данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд эдгээр мөнгөн шилжүүлгийн талаар хариуцагч маргаагүй. /хх-5, 6, 7, 8, 9, 10/
Хариуцагч Г.С нь зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй боловч уг гэрээг 2017 оны 08 сарын 01-ний өдөр бус мөнгийг буцаан шаардах үед 2017 оны 12 сарын 11-ний өдөр байгуулсан, гэрээний дагуу мөнгө зээлж аваагүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэнийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж няцаагаагүй.
Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 08 сарын 01-ний өдрөөр огноолсон зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан, тэдний хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тодорхойлогдох учраас зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч Г.С нь талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч хамтран ажиллаж хариуцлага хүлээх ёстой байтал гэрээнээс татгалзаж оруулсан хөрөнгөө буцаан шаардсан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр зохицуулсан бөгөөд хариуцагч Г.С нь нэхэмжлэгчээс шилжүүлж авсан мөнгө нь хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэх тайлбарыг гаргаж байх боловч зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй, уг тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Э.Ц зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг хариуцагч Г.С ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй, уг гэрээний дагуу хүү, алданги гаргуулах үндэслэлгүй.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 49,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан талаар маргаагүй бөгөөд 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Ц д, үлдсэн мөнгийг хамтран ажиллах гэрээний нэг тал болох Л.Б д төлсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэгч нь төлбөл зохих мөнгийг гуравдагч этгээдэд өгөхийг зөвшөөрсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч Г.С ээс шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 49,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэнээс 9,000,000 төгрөгийг буцааж авсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчаас 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан төлөх мөнгөний үлдэгдлийг Л.Б д төлсөн гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа нотлоогүй бөгөөд Л.Б д шилжүүлсэн гэх мөнгийг нэхэмжлэгчид буцаан төлбөл зохих мөнгөнөөс хасч тооцох үндэслэл баримтаар тогтоогдоогүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч Г.С ээс 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ц д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37,493,699 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.С ээс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ц д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37,493,699 /гучин долоон сая дөрвөн зуун ерэн гурван мянга зургаан зуун ерэн есөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545,419 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ц д олгосугай.
3.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.С ээс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ц д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37,493,699 /гучин долоон сая дөрвөн зуун ерэн гурван мянга зургаан зуун ерэн есөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545,419 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ц д олгосугай.
3.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР