| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2018/04344/и |
| Дугаар | 429 |
| Огноо | 2020-01-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 429
| 2020 01 28 | 101/ШШ2020/00429 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.И /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Э /-д холбогдох
******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч С.Э , хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Билэгт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие А.И нь 2014 онд иргэн С.Э д 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд мөнгийг дансаар шилжүүлсэн болно. Гэвч одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул өрөндөө ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг миний эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон. Улмаар 2019 оны 01 сарын 18-ны өдөр уг машины гэрчилгээ миний нэр дээр гарч миний бие дээрх машины хууль ёсны эзэмшигч болсон. Гэтэл хариуцагч С.Э нь одоог хүртэл автомашиныг биет хэлбэрээр надад хүлээлгэж өгөхгүй байна. Иймд ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг биет хэлбэрээр өөрийн эзэмшилд авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч 2019 оны 11 сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“А.И нь Улсын их дэлгүүрт эрхлэгч ажилтай. 2014 оны 08 сарын дунд үед О надруу залгаад “хүүтэй мөнгө зээлдэг хүн байна уу, надад мөнгөний хэрэг болоод байна” гэж асуусан. Тухайн үед О миний ажилладаг дэлгүүрийн 6 давхарт цайны газар түрээслэн ажилладаг байсан ба бид биеэ биенээ таньдаг байсан. Тэгээд би О д “С.Э гэдэг хүн мөнгө хүүлэгч хийдэг” гээд С.Э ын утасны дугаарыг өгч, тэднийг хооронд нь холбож зуучилж өгсөн. Тухайн үед С.Э д миний зээлүүлсэн мөнгө байсан. Тэгээд С.Э надруу залгаад “чиний мөнгийг О д өгчих үү” гэж асуухад нь би “чи өөрөө мэдээд хий” гэж хэлсэн. Би С.Э д автомашиныг нь өөрийн нэр шилжүүлж, зээлийн гэрээг өөрөөрөө хийгээд өг гэж ерөөсөө хэлээгүй. Би С.Э , О нарын хооронд ямар гэрээ хэлцэл хийснийг нь мэдэхгүй. С.Э нь тухайн үед буюу 2014 оны 08 сарын 11-ны өдөр О тэй автомашин худалдах, худалдан авах гэрээг хийж, Баянзүрх дүүргийн тойрог /209/-ийн нотариатчийн 6440 тоот тэмдэглэлээр баталгаажуулан О ийн автомашиныг худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Ингээд хэсэг хугацааны дараа “О алга болчихлоо, шүүхэд хандахаас” гээд Нацагдорж гэгч өөрийн танилыг дагуулан ирж, өмгөөллийн үйлчилгээний хөлс гэж 350,000 төгрөг надаас авсан. С.Э , О нарын хоорондын шүүхийн маргааны асуудлыг би мэдэхгүй. Тэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн нотариатчийн итгэмжлэлд надаар гарын үсэг огт зуруулаагүй, хууль бус үйлдэл гэж үзэж байна. О гэх хүнд мөнгө зээлүүлээд авч чадахгүй байгаа нь нэхэмжлэгчид автомашин шилжүүлэн өгөхтэй хамааралгүй” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“2014 оны 08 сард А.И нь С.Э надруу залгаж “хамт ажилладаг О гэдэг хүнд 15,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй зээлэхээр болж тохиролцсон. Барьцаанд нь ******* улсын дугаартай ******* маркын автомашиныг унаж явахаар барьцаанд тавихаар тохиролцож зээл олгох боллоо. Би завгүй байгаа учраас чи машиныг нь өөрийн нэр дээр шилжүүлж, зээлийн гэрээг өөрөөрөө хийгээд өгчих” гэж хэлсэн. О нь уг машинаа миний нэр дээр шилжүүлж, мөнгөө аваад машинаа унаад явсан. Тэрнээс хойш А.И ын Хаан банкны ******* тоот данс руу хүү болох 7,000,000 төгрөг, үндсэн мөнгө болох 5,000,000 төгрөг дансаар шилжүүлж, нийт 12,000,000 төгрөгийг өгсөн байдаг. О нь 2016 оноос хойш үлдэгдэл мөнгө болон хүүгээ өгөхгүй таг болчихлоо шүүхэд өгье гээд И өөрөө хэлж Нацагдорж өмгөөлөгчтэй гэрээ хийж, бүх зардлыг И өөрөө гаргаж шүүхэдсэн. Энхжаргал миний нэрээр нэхэмжлэл гаргасны дагуу 12,000,000 төгрөгийг гаргуулахаар 2016 оны 08 сарын 01-ны өдрийн 101/ШШ2016/05353 дугаартай Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан. О нь хугацаандаа мөнгөө төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гаргуулахаар хүсэлт өгсөн. Хүсэлт өгснөөс хойш О нь 2,000,000 төгрөгийг И ын Хаан банкны ******* тоот дансанд хийсэн байдаг. С.Э би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргаж О ээс авах бүх мөнгийг И ын Хаан банкны ******* тоот дансанд хийж өгнө үү гэсэн хүсэлтийг нотариатаар батлуулж өгсөн. И нь Чингэлтэй, Баянзүрх дүүргийн цагдаад гомдол гаргаж мөнгөө буцааж авч чадахгүй байгаа учир машинаа шилжүүлж авмаар байна гэж цагдаад гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн ахмад Сайнбаяр гэдэг цагдаа машинаа шилжүүлж өг, наад И , О хоёр өөрсдөө учраа олог гэж хэлсэн. Сайнбаярын тэгж хэлсэн бичлэг нь утсан дээр байгаа. О нь өөрийн гараар бичсэн материал болон нотариатаар хийсэн гэрээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мөнгө олгосон баримт зэргээ Чингэлтэй дүүргийн цагдаад өгсөн гэсэн. О нь уг машинаа өөрийн эзэмшилд байлгаж байх үед өөр хүн өрөндөө аваад явсан гэж ярьдаг, өөрт нь байгаа эсэхийг би мэдэхгүй. Энэ машин нь надад болон миний эзэмшилд байхгүй учраас би биет байдлаар И д өгөх боломжгүй бөгөөд 2019 оны 01 сарын 18-ны өдөр И нь өөрийн найз Автотээврийн газар ажилладаг Ганцацрал гэдэг хүн дээр очиж машины бичиг баримтыг өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан байдаг. И нь энэ асуудлаар намайг О тэй шүүхдүүлж, шүүгчийн захирамжаар эвлэрсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. О И оос зээлсэн мөнгөнийнхөө дийлэнх хувийг нь төлсөн байдаг. Энэ асуудалд би зөвхөн зуучилсан ба И ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах биелүүлэх, энэ асуудалд хариуцагч байх боломжгүй юм. Шилжүүлж аваагүй, байхгүй машиныг хүлээлгэж өгөх боломжгүй. Ийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.И нь хариуцагч С.Э д холбогдуулан ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч түүний эзэмшилд байхгүй автомашиныг биет байдлаар өгөх боломжгүй гэх тайлбарыг гарган бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, түүний эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон автомашиныг биет хэлбэрээр шилжүүлээгүй тул автомашиныг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болох ******* улсын дугаартай ******* маркийн автомашины эзэмшил дараах байдлаар шилжсэн болох нь тогтоогдож байна Үүнд:
- С.Э , О.О нарын хооронд 2014 оны 08 сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жил 2 сарын хугацаатай зээлэх, зээлдүүлэх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдаж, мөн өдөр О.О нь ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг С.Э д шилжүүлэх тохиролцоо бүхий автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ С.Э ын нэр дээр шилжсэн. /хх-19-20, 28-30, 52/
- 2019 оны 01 сарын 18-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээ А.И ын нэр дээр шилжсэн. /хх-5, 52/
Хариуцагч С.Э нь нэхэмжлэгчийн хэлсний дагуу О.О тэй зээлийн гэрээ байгуулж, барьцаанд ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг унаж явах нөхцөлтэй тохиролцоо хийж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ түүний нэр дээр шилжсэн боловч автомашиныг бодитоор шилжүүлж аваагүй, О.О унаад явсан гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч А.И бүхэлд нь үгүйсгэж байх боловч хариуцагчийн тайлбарыг нотлох баримтаар няцаагаагүй.
Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох бөгөөд ******* улсын дугаартай ******* маркийн автомашины өмчлөл хуульд заасны дагуу бодитоор шилжүүлэх ажиллагаа хийгдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь С.Э , О.О нарын хоорондын зээлтэй холбоотой маргаан түүнд хамааралгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ түүний нэр дээр байгаа тул автомашиныг шаардах эрхтэй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд маргааны зүйл болох ******* улсын дугаартай ******* маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ А.И ын нэр дээр шилжсэн боловч зохигчдын хооронд уг тээврийн хэрэгслийн эрх шилжүүлэх гэрээний харилцаа үүссэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь автомашиныг гаргуулахаар шаардах эрхгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С.Э аас ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Э аас ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэгч А.И ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР