Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар   2023/ШЦТ/159

 

2023.07.07                                     2023/ШЦТ/159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2023/0149

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хишигбаатар, 

Улсын яллагч Б.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Дүүриймаа,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д  холбогдох эрүүгийн 2239004660180 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар баг "Мэхээрч" гэх газарт нутаглаж байхдаа хохирогч Э.Б-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох үхэр сүргийг маллах явцдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан зөв талын чих догол, буруу талын чих араасаа цуулбар имтэй ягаан зүсний эр шүдлэн үхрийг завшиж Д.Үүрийнтуяад өгч хохирогч Э.Б-д  1,040,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Д.О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239004660180 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ж.Б ( хх-ийн 15-16-р хуудас), гэрч Г.Үүрийнтуяагийн ( хх-ийн 26-27-р хуудас), гэрч С.Энхбатын (хх-ийн 30-31-р  хуудас), гэрч Э.Бямбасүрэнгийн (хх-ийн 37-38-р хуудас), гэрч Ц.Оюунцэцэгийн (хх-ийн 42-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №2022/ШД-375 дугаартай дүгнэлт (хх-ийн 55-57-р хуудас)

Шүүгдэгч Д.О-ийн  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас ( хх-ийн 72, 74, 75, 77-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2239004660180 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.О нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Э.Б-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох үхэр сүргийг маллах явцдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан зөв талын чих догол, буруу талын чих араасаа цуулбар имтэй ягаан зүсний эр шүдлэн үхрийг завшиж  Э.Б-д  1,040,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Дүүриймаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:   “...Шүүгдэгч Д.О гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна...Гэм буруугийн талаар маргахгүй болно...” гэв.

 Шүүгдэгч Д.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар баг "Мэхээрч" гэх газарт хохирогч Э.Б-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох үхэр сүргийг маллах явцдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан зөв талын чих догол, буруу талын чих араасаа цуулбар имтэй ягаан зүсний эр шүдлэн үхрийг завшиж хохирогч Э.Б-д  1,040,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Д.О-ийн  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Бат-Эрдэнэтэй дараа уулзаад тохирч болох байх гэж бодоод мөн хүнд мөнгө өгөх ёстой байсан болохоор Ж.Б-ийн нэг тооны үхрийг хүргэн Үүрийнтуяад өгсөн...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай малыг Жугамтын түүрний хажууд сумаас 20 км кайд Ж.Б-ийн гэх хүн малладаг юм. 100 гаран тооны үхэр малладаг. 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр би мал дээрээ явж байтал гэрийнх нь гадаа мал нядалсан байдалтай байсан. Би тодруулж асуухад хүний тавиул мал байсан юм, тэрийгээ ирж нядлаад явсан гэж надад худал хэлсэн. Тэгээд сайн лавшруулаад манайд тавиул мал байхгүй шүү дээ, яагаад худал яриад байна гэхэд танай үхрээс нядлаад хүнд өгөөд явуулсан юм гэж хэлсэн. Өмнөдэлгэр сумын Үүрээ гэх хүнд өгч явуулсан гэж хэлсэн. Манай малаас ягаан өнгийн шүдлэн сувай гунж нядлсан байсан...Би тийм эрх өгөөгүй. Миний малаас захиран зарцуулах эрх Д.О-д байхгүй. Би цалинг нь байнга өгдөг мөн цагаан идээгээ Ж.Б-ийн ах авдаг. Миний зөвшөөрөлгүй манай  малыг нядалж хүнд зарж болохгүй... Ягаан зүсмийн зөв талын чих догол, буруу талын чих араасаа цуулбар имтэй эр шүдлэн үхэр байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас),

Гэрч Д.Үүрийнтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 08-ний өглөө Ж.Б-ийн ах руу идшээ идэхээр явсан....Ж.Б-ийн ахын гэрт очиход Ж.Б-ийн ах өөрөө заагаад ягаан зүсмийн зөв чих догол, буруу чих араасаа цуулбар имтэй эр шүдлэн үхэр барьж өгсөн. Тэгээд бид хэд буюу О , манай эхнэр Бямбасүрэн, Энхбат, Азбаяр болон Энхбатын эхнэр Отгонзаяа нарын хамт нийлээд ажиллаад Өмнөдэлгэр сумын төв рүү 16 цаг 30 минутын орчимд орж ирээд махаа эвдээд жижиглээд амбаар буюу чингэлэг дотор хийсэн байгаа. 2 гуяыг хавар иднэ гээд эвдээгүй үлдээсэн. Манай эхнэр Бямбасүрэн нь Ж.Б-ийн ахын эхнэр болох Оюунцэцэг эгчийн хаан банкны 5938009955 тоот данс руу 2022 оны 10 дугаар сарын 15-нд 600,000 мянган төгрөг шилжүүлсэн. Өнөөдөр үлдэгдэл 90,000 мянган төгрөг үлдээд байсныг мөн дээрх данс руу шилжүүлсэн. Энэ эр шүдлэн үхрийг 800,000 мянгаар бодож авсан...Би өөрийн эр шүдлэн үхэр ээ өглөө шүү л гэж хэлсэн...Би хулгайн үхэр гэж мэдээгүй. Өөрөө барьж өгөөд л ажилласан...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),

Гэрч С.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө Үүрийнтуяа өглөө 07 цагийн үед Өмнөдэлгэр сумаас ирээд Ж.Б-ийн ахынд очоод үхэр идэш идэх гэсэн юм. Хамт яваад өгөөч гэсэн тэгээд би за гээд л эхнэр хүүхдээ аваад явсан. Тэгээд бид хэд хамт хадам ах О-ийн гэрт очсон. Тэгтэл Ж.Б-ийн ах 1 тооны хүрэн ягаан зүсмийн охин шүдлэн нядлахаар барьж өгсөн. Тэгээд тэрийг нь махлаад Өмнөдэлгэр сумаас ирсэн Үүрийнтуяа эхнэр нь Бямбасүрэн гэх хоёр хүнд приус-20 маркийн тээврийн хэрэгслийн ард хийж өгөөд явуулсан...Би асууж сураглаагүй энэ үхэр гэхээр нь хамт туслаад нядалсан. Би бодохдоо Ж.Б-ийн ахын үхэр гэж бодсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),

Гэрч Э.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сард Баян-Адарга суманд байх миний ээжийн төрсөн дуу болох Ж.Б-ийн нь идэшний үхэр зарна шүү танай идэш яах юм гэхээр нь манайх идэш авна гэж хэлсэн. Ингээд өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 08- ний өглөө Ж.Б-ийн ах руу идшээ очиж авах уу гэж асуухад тэг гэж хэлсэн тэгээд идшээ хийнэ гээд Баян-Адарга сум руу 14 цагийн орчимд би өөрийн нөхөр болох Үүрийнтуяагийн хамт сумаас хөдлөөд Баян-Адарга суманд хоноод тэгээд өглөө нь 3-аар багийн нутаг гүүрний зүүн талд Ж.Б-ийн ахын гэрт очиход өрөө заагаад ягаан зүсмийн зөв чих догол, буруу чих араасаа цуулбар имтэй эр шүдлэн үхэр барьж өгсөн. Тэгээд бид хэд буюу О , манай нөхөр Үүрийн туяа, Энхбат, Азбаяр болон Энхбатын эхнэр Отгонзаяа нарын хамт нийлээд ажиллаад Өмнөдэлгэр сумын төв рүү 16 цаг 30 минутын орчимд орж ирээд махаа жиргэж жижиглэж эвдээд амбаартаа хийсэн байгаа. 2 гуяын эвдээгүй хавар иднэ гээд үлдээсэн. Би Ж.Б-ийн ахын эхнэр Оюунцэцэг эгчийн хаан банкны 5938009955 тоот данс руу 2022 оны 10 дугаар сарын 15-нд 600,000 мянган төгрөг шилжүүлсэн. Надаас урд нь тосол бас бус зүйл авхуулаад үлдэгдэл 90,000 мянган төгрөг үлдээд байсныг өнөөдөр мөн дээрх данс руу шилжүүлсэн. Тухайн үхрийг 800,000 мянгаар бодож авсан...Би өөрийн эр шүдлэн үхэр ээ өглөө шүү л гэж хэлсэн...би хулгайн үхэр гэж мэдээгүй идэш зарна гэхээр нь л мөнгөө өгөөд авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-р хуудас),

Гэрч Ц.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн асуудал болох үед буюу 2022 онд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багт Мэхээрч гэх газар нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг байсан тэр үед нөхөр маань тус сумын малчин Б гэх хүний үхрийг хөлсөөр хардаг байсан юм. Тэгтэл 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өөглөө 09 цагийн орчимд манай нөхөр Ж.Б-ийн нь үхрээсээ нэг үхэр бариад нядалсан би тухайн үед өөрийнхөө малаас ажиллаж байгаа юм байх гэж бодоод тоогоогүй гэртээ байж байсан... Би тэр үед нөхрөөсөө яах үхэр нядлаад байгаа юм бэ? гэхэд манай нөхөр надад хэлэх дээ би малын эзэн Бат-Эрдэнэтэй утсаар яриад тохирчихсон дараа нь малыг нь малаар нь төлөөд өгнө гээд хэлчихсэн юмаа Б өөрөө зөвшөөрсөн гэж хэлсэн учраас би хулгайгаар мал ажиллаж байгаа гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-р хуудас),

Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №2022/ШД-375 дугаартай “...1 тооны үхрийг 1.040.000 төгрөг...” гэх   дүгнэлт (хх-ийн 55-57-р хуудас),

 Хохирогч Ж.Б Хэнтий аймгийн цагдаагийн газарт гаргасан “...Д.О нь хохирлыг барагдуулсан тул ямар нэгэ гомдол саналгүй...” гэх тодорхойлолт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг шүүгдэгч Д.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.О нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Д.О нь хохирогч Ц.Б-ийн үхрийг зарж борлуулан завшиж, улмаар 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан хохирогч Ж.Б Хэнтий аймгийн цагдаагийн газарт гаргасан “...Д.О нь хохирлыг барагдуулсан тул ямар нэгэ гомдол саналгүй...” гэх тодорхойлолтыг шүүх хуралдаанд гаргасан байх тул шүүгдэгч Д.О-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгч Д.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.О нь урьд Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар ( хх-ийн 77, 80-90-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Б.Ж.Б-ийн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг,  гэр бүлээ тэжээн тэтгэдэг, малчин зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан  2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах торгох ялаас тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ж.Б-ийн нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2239004660180 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийг 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2,700,000 (хоёр сая долоон зуун мянга)  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2,700,000 (хоёр сая долоон зуун мянга)  төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас тусад нь эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн 2239004660180 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР