| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2019/03031/И |
| Дугаар | 182/ШШ2020/00486 |
| Огноо | 2019-03-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2020/00486
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, .... тоотод оршин суух, эмэгтэй, А овгийн Ж.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг .... хаягт байрлах Н төвд холбогдох
Цалин хөлс, шагналт цалин, урамшуулал болох 23.092.000 төгрөг гаргуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлхийг тус тус даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Т.О, Д.Б шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.С нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Н төвийн Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр халсан ба тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2 дугаар магадлалаар Н төвийн төвийн Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон. Үүний дагуу Н төвийн даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/4 тоот тушаалаар намайг тус төвийн Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон. Ажилд томилсны дараа төвийн захирал Ц.А уулзаж, “нялх хүүхэдтэй тул чамд 2018 онд олгоогүй урамшуулал, балансын шагнал олгоогүй цалин хөлсийг олгоё”, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авчих” гээд хүүхэд асрах чөлөөний хүсэлт бичүүлж авсан. Үүнээс хойш дээрх мөнгийг өгөхгүй, зөвхөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилгот түвшний үнэлгээгээр олгогдсон урамшуулал болох 2.000.000 төгрөгийг нэхүүлж байж олгосон.
2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орох хүсэлтээ 14 хоногийн Н төвийн захиралд гаргасан. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох гээд очтол “манайд аудитын шалгалт орж байгаа, уг шалгалтыг дуусахаар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажилдаа орчих, түр хүлээж бай, цалин хөлсийг чинь бүтнээр нь олгоно“ гэж захирал Ц.А хэлээд, 14 хоногийн дараа орох хүсэлтийг дахин бичүүлж авсан.
2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр очиход мөн л өмнөх шалтаг хэлж, ажилд аваагүй. Би удаа дараа хүсэлт гаргасан, биеэр очиж, уулзсан. Дараа нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилд оруулахгүй, ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа тухай гомдлыг гаргасан боловч ажилд аваагүй, гомдол хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Н төв өдийг хүртэл ажилд орох хүсэлтийн хариу өгөөгүй.
Хариуцагч нь өнөөдрийг хүртэл ажилд авахгүй байгаа, ажилд буцаан авах тухай шийдвэрээ надад танилцуулаагүй, үргэлжлүүлэн ажиллуулахгүй байна. Мөн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш олгох ёстой цалин хөлс, балансын урамшуулал, шагналт цалин зэргийг олгохгүй, намайг үл ойшоож хохироосоор байгаа юм.
Ажил олгогч Н төв нь намайг ажлаас халсан шийдвэрийг гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтгаж үзэж байна. Харин намайг ажлаас халсан тухай ямар нэгэн шийдвэр тушаал гаргаж өгөөгүй тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй гэж үзэж байна. Миний бие нь Н төвд холбогдуулан дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1. Миний бие нь 2017 оны санхүүгийн тайлан балансын гарын үсэг зурж баталгаажуулан ажилласан тул 2017 оны санхүүгийн балансын шагнал 2.000.000 төгрөг,
2. 2018 оны 7, 12 дугаар сард Н төвийн захирлын тушаал гарч, санхүүгийн хэлтсийн ажилтнуудад надаас бусдад нь урамшуулалт цалин олгосон тул 2018 оны хагас жил, жилийн эцсийн урамшуулалт цалин нийт 3.450.000 төгрөг,
3. 2018 оны 8 дугаар сарын цалин хөлсийг олгоогүй тул 1.725.000 төгрөг,
4. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цалин хөлс 15.917.000 төгрөг,
5. Намайг Н төвийн Төвийн санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажилд үргэлжлүүлэн ажиллуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэлх /ажилгүй байсан/ хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлагыг гаргаж байна гэв.
Хариуцагч Н төв шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Д.Б, Э.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус төвийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэн томилох тухай” Б/5 дугаар тушаалаар Ж.С-ийг Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажлаас чөлөөлж, ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилсон байдаг. Шилжүүлэн томилохдоо үндсэн цалин болон холбогдох нэмэгдлийг хэвээр олгож шийдвэрлэсэн. Ажилгүй байсан хугацаа буюу уг хугацааны цалин хөлс гэдэгт ажилтныг ажлаас халах тухай тушаал гарснаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа болон энэ хугацааны дундаж цалин хөлсийг ойлгоно. Гэтэл дээр дурдсанчлан Ж.С-ийг ахлах нягтлан бодогчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай тус төвийн захирлын тушаал гарсан болохоос биш өнөөдрийг хүртэл “ажлаас халах тухай” тушаал гараагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь агуулгын хувьд алдаатай нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлс 23.092.000 төгрөг нэхэмжлэх эрхгүй болно.
1. 2017 оны санхүүгийн балансын шагнал 2.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:
- Ж.С-д тус төвийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/67 тоот “урамшуулал нөхөн олгох тухай” тушаалаар 2017 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний үнэлгээгээр олгогдсон 2.250.000 төгрөгийг нөхөн олгохоор шийдвэрлэсний дагуу түүнд олгогдсон тул дахин олгох боломжгүй.
2. 2018 оны хагас жил болон жилийн эцсийн урамшуулалт цалин нийт 3.450.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
- Тус төвийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/3 тоот “Урамшуулал олгох тухай” тушаалаар төвийн ажилтнуудад 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгосон. Уг тушаалын хавсралтад ахлах нягтлан бодогч Ж.С-д 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор заасан тул хагас жилийн урамшуулалд 1.552.500 төгрөгийг олгосон.
- Ж.С нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг дуустал 22 хоногийн хугацаанд ээлжийн амралттай байсан. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар Ж.С нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт эдэлсэн.
- 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу тус төвийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/4 дугаартай “Хүүхэд асрах чөлөө олгох тухай" тушаал гарч чөлөө олгосон.
- 2018 оны 04 дүгээр сараас хойш ажиллаагүй болох нь түүний цагийн бүртгэлээс харагддаг. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй жилийн эцсийн урамшуулалт цалин нь хагас жилээс хойш бүтэн ажилласан ажилтнуудад олгосон. Гэтэл Ж.С нь удаа дараа чөлөө авч, эсхүл шалтгаан тодорхойгүйгээр ажилдаа ирдэггүй байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2018 оны хагас жил, бүтэн жилийн эцсийн урамшуулалт цалин 3.450.000 төгрөг нь түүнийг өөр ажилд буруу шилжүүлснээр олгогдох олговорт хууль болон журмын дагуу хамаарахгүй. Мөн 2018 оны хагас жилийн урамшуулалд 1.552.500 төгрөгийг Ж.С-д олгосон тул дахин давхардуулан олгох боломжгүй юм.
3. 2018 оны 08 дугаар сарын цалин хөлсийг олгоогүй 1.725.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:
- Ж.С нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа эдэлсэн.
- Ж.С нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс ажиллаагүй болох нь түүний цагийн бүртгэлээр нотлогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж заасан. Иймд Ж.С-д 2018 оны 08 дугаар сарын цалин хөлсийг олгох үндэслэлгүй юм.
4. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05- ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлс 15.917.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:
- Тус төвийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/42 дугаартай “ажилд томилох тухай” тушаалаар Ж.С-ийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын албан тушаалд нь эгүүлэн томилсон. Улмаар Ж.С нь 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авах” тухай хүсэлт гаргасан бөгөөд мөн өдрөөс эхлэн тус төвийн захирлын 2019 оны Б/5 дугаартай тушаалаар түүнд хүүхэд асрах чөлөө олгосон. Улмаар дараа дахин 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Ар гэрт гачигдал гарсан тул 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ажиллах боломжгүй тул чөлөө олгож өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлсэн. Ж.С нь ажил албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллаж эхлээгүй бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд “Нийгмийн даатгалын тухай хууль”-д заасны дагуу нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлдөг. Харин цалин хөлс олгох зохицуулалт байхгүй. Иймд Ж.-Сийн хүүхэд асрах чөлөөтэй байсан буюу ажиллаагүй хугацааны цалинг олгох боломжгүй юм.
Төвийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/4 тушаалаар Ж.С-ийг шүүхийн шийдвэрийн дагуу тус төвийн Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн томилсон байдаг. Энэ нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны магадлалаар тогтоогдсон үйл баримт юм. Дээрх тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон байгаа учир эгүүлэн тогтоолгох тухай гэсэн шаардлага нь нотлох баримтын хүрээнд хэрэгсэхгүй болгох боломжтой.
Тус төвийн захирлын Б/4 тоот тушаал хүчин төгөлдөр байгаа. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна гэж үзвэл шүүхийн шийдвэрийг холбогдох шүүхийн шийдвэрийн албанд хүргүүлж ажилдаа орох боломжтой.
Хүүхэд асрах чөлөөтэй байхдаа ажилдаа буцаан орох гэж байгаа бол ажилтан байгууллагад хүсэлт гаргах ёстой. Гэтэл хүсэлт гаргасан гэж нэхэмжлэлдээ бичээд байгаа боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох, нотлох баримтыг ирүүлээгүй байна. Зөвхөн гомдол гарсан байна. Манайх гомдолд хариу өгөх гэсэн боловч шүүхэд хандсан байсан. Хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Н төвд холбогдуулан цалин хөлс 23.092.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. /х.х-ийн 1-3 тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, дараах байдлаар нэмэгдүүлэн өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодорхойлбол:
1. 2017 оны санхүүгийн балансын шагнал 2.000.000 төгрөг,
2. 2018 оны хагас жилийн болон жилийн эцсийн урамшуулал 3.450.000 төгрөг,
3. 2018 оны 08 сарын цалин хөлс 1.725.000 төгрөг,
4. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны цалин хөлс 15.917.000 төгрөгийг тус тус гаргуулж,
5. Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах /ажлын байраар хангах/-ыг даалгах, шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /х.х-ийн 22, 94-95 тал/
Хариуцагч, нэхэмжлэгчийн гаргасан шаардлага бүрд хариу тайлбар гарган мэтгэлцэж байгаа болно. /х.х-ийн 29-84, 99-101 тал/
Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Ж.С ажлаасаа чөлөөлөгдөн өөр ажилд шилжүүлэн томилогдох үед жирэмсэн байсан байх ба тэрээр зохих журмын дагуу ээлжийн амралтаа авч, үргэлжлүүлэн жирэмсний амралт болон амаржсаны дараах хүүхэд асрах чөлөө авсан тухайд зохигчид маргаагүй болно. /х.х 15, 29-31, 33, 37-39, тал/
Ж.С нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин О.Г-г төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ хуулбар бусад баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 1-3, 91, 94-95, 29-31, 99-101 тал/
Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1 дүгээр шийдвэрээр Ж.С-ийг төвийн Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон байх бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр байна.
Ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилтанг ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй. /х.х-ийн 5-12 тал/
Хариуцагч Н төв дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б/42 тушаал гарган биелүүлж, Ж.С-ийг тус төвийн Санхүү төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд нь эгүүлэн томилж, үндсэн цалин 1.150.000 төгрөг, ур чадварын нэмэгдэл 20 хувь, улсад ажилласан жилийн нэмэгдэл 15 хувь байхаар тооцжээ. /х.х-ийн 14, 38 тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй. Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно.
Нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөө олгох хүсэлтийг ажил олгогчид гаргаж, улмаар түүнд тус төвийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/4, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/5 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөг 2019 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл олгосон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 15, 33, 37, 39 тал/
Ж.С нь ажилд орох тухай өргөдлөө Н төвд 2019 оны 10 дугаар сарын 01, 2019 оны 10 дугаар сарын 21, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд удаа дараа гаргаж, холбогдох хүмүүстэй биечлэн уулзсан байх бөгөөд түүнийг ажил, албан тушаалтанд нь үргэлжлүүлэн ажиллахгүй, түүний хүсэлтийг хэрхэн шийдсэн талаар ажил олгогчоос тодорхой хариу өгөөгүй тул тэрээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална“ гэж зохицуулжээ. Өөрөөр хэлбэл Ж.С нь хүүхэд асрах чөлөө авснаас шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд түүний ажил, ажлын байр дээрх хуулийн 35.1.4-д зааснаар хэвээр хадгалагдана. Хүүхэд асрах чөлөө дууссан болон дуусаагүй ажилтан ажилдаа орох хүсэлт гаргавал ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээнэ.
Иймд хариуцагч Н төв нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг байна.
Ж.С-ийн үндсэн цалин 1.150.000 төгрөг, ур чадварын нэмэгдэл 230.000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 172.500 төгрөг, унааны зардалд 33.000 төгрөг, хоолны зардалд 132.000 төгрөг, олговол зохих нийт дүн 1.717.500 төгрөг авч байсан талаар Н төвийн цалингийн хүснэгтэд тодорхойлжээ. /х.х-ийн 124 тал/
Шүүх уг баримтыг ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон бусад баримттай харьцуулан дүгнэж, ажилтанд олгох олговрын хэмжээг сарын 1.717.500 төгрөгөөр тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн заалттай нийцнэ гэж үзлээ. /х.х-ийн 23, 38, 124-125 тал/
Иймд Ж.С-ийг Н төвийн Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажлын байраар хангах, ажилгүй байсан хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар буюу 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт /нэг өдрийн дундаж цалин хөлс 79.883 төгрөг/-ийг тооцож, нийт 82 хоногийн цалин хөлс болох 6.550.406 төгрөгийг хариуцагч Н төвөөс гаргуулж, нэхэмжлэгч Ж.С-д олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Н төвд даалгахаар шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгч Ж.С-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2017 оны санхүүгийн балансын шагнал 2.000.000 төгрөг, 2018 оны хагас жилийн болон жилийн эцсийн урамшуулал 3.450.000 төгрөг, 2018 оны 08 сарын цалин хөлс 1.725.000 төгрөг, 2019 оны 03 дугаараас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ыг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15.917.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2 дугаар магадлалаар Н төвийн Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
Ж.С нь дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж, улмаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаар “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай“ захирамж, 07 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан байх ба хэрэгт баримтаар авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4/79 тоот хариу мэдэгдэх хуудсаар Н төвийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/4 дугаар тушаалаар Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажил албан тушаалд томилогдсон боловч үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө авсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т “ Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно” гэж заасан. Иймд ажилд эгүүлэн тогтоох шийдвэр биелэгдсэн байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариу өгч байсан байна. /х.х-ийн 89-90, 96 тал/
Нэхэмжлэгч Ж.С нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1 дүгээр шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 96 тал/
Хариуцагч Н төв нь нэхэмжлэгч Ж.С-ийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу сар бүр төлж байсан нь талуудын тайлбар, 0...8 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 23 тал/
Нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны буюу ажиллаагүй үеийн цалин хөлсийг ажил олгогчоос шаардах эрхгүй байх тул цалин хөлс 15.917.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
Түүнчлэн 2017 оны санхүүгийн балансын шагналт цалин 2.000.000 төгрөг, 2018 оны хагас жилийн болон жилийн эцсийн урамшуулал 3.450.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын цалин хөлс 1.725.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” ба нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сард дээрх нэхэмжлэлээ шүүхэд гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Хэрэгт баримтаар авагдсан Н төвийн даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1/315 тоот албан бичгээр “...Ж.С-д дээрх хугацааны цалин хөлс, урамшуулал болон шагналт цалин олгох боломжгүй тухай” хариу өгч байжээ. /х.х-ийн 17 тал/
Урамшуулал нь цалингийн болон ашгийн сан, бусад эх үүсвэрээс ажилтанд олгож буй мөнгөн болон биет бус хэлбэрийн олговор бөгөөд үүнийг ажилтан тодорхой нөхцөл болзлыг хангасан үед олгодог. Ажил олгогч нь урамшуулал олгох үндэслэл, журмыг тусгасан хэмжээг дангаар эсхүл хамтран тогтоох эрхтэй.
Н төвийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/6 тоот “урамшуулал нөхөн олгох тухай” тушаал, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/12 “урамшуулал олгох тухай“ тушаалаар Ж.С-д 2017 оны урамшуулал 2.250.000 төгрөг, 2018 оны эхний хагас жилийн урамшуулал 1.552.500 төгрөг тус тус олгосон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2018 онд /тайланд хамрагдах хугацаанд/ бүрэн ажиллаагүй байгаагаас гадна нэхэмжлэлд 2017 оны санхүүгийн балансын шагналт цалин, 2.000.000 төгрөг, 2018 оны хагас жилийн болон жилийн эцсийн урамшуулал 3.450.000 төгрөгийг хэрхэн тооцох тухай баримт байхгүй, хөдөлмөрийн гэрээний талууд хамтдаа эсхүл ажил олгогч дангаараа гаргасан шийдвэр авагдаагүй тул уг хэмжээг шүүхээс тодорхойлох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцэхгүй гэж үзнэ. /х.х-ийн 36, 40-42, 44-69, 119-121 тал/
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаа нотлоогүй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн дээрх гомдлын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байгаа, гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.С-ийг Н төвийн Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Н төвд даалгасугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Н төвөөс 6.550.406 /зургаан сая таван зуун тавин мянга дөрвөн зуун зургаан/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.С-д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар Ж.С-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Н төвд үүрэг болгосугай.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3.4, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н төвд холбогдох 23.092.000 төгрөг гаргуулах тухай Ж.С-ийн нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Ж.С-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 зааснаар хариуцагч Н төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 119.756 /нэг зуун арван есөн мянга долоон зуун тавин зургаан/ төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ