Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 00098

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,    

хохирогч Д.Баттогтох,

иргэний хариуцагч Б.Нэргүй,

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Пүрэв-Очир,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвтогтох нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2016/0096/Э индекстэй, 201606000165 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотод Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Баттогтохын Пүрэвтогтох /РД:ГН99031177/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Пүрэвтогтох нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн төвөөс 2 км орчим зайтай газарт 16 настай Баттогтох овогтой Пүрэвтогтох нь 42-34 ОРО улсын дугаартай Креста загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад замын хажуу руу орж зам тээврийн осол гаргаж зорчигч 13 настай Б.Пүрэвжаргалын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвтогтохын өгсөн: Би буруугаа ойлгож байгаа. Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Баттогтохын өгсөн: Тухайн үед хүүхдийн биеийн байдал муудсан бөгөөд шүүгдэгчээс өөр тээврийн хэрэгсэл жолоодох хүн байгаагүй юм. Учир нь манай гэрт байсан хүмүүс бүгд согтуу байсан. Тээврийн хэрэгслийг шүүгдэгч буюу манай хүүхэд жолоодож явсан бөгөөд манай эхнэр, хүүхдүүд болон Болортуяа, Батцоож нар зорчиж явсан. Тэднийг явсаны дараа 20 гаруй минутын дараа манай эхнэр зам тээврийн осол болсон талаар хэлсэн. Үүний дараа зам тээврийн осол болсон газарт очсон. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч Б.Нэргүйн өгсөн: Би хохирол төлбөрийг төлсөн. Надад өөр хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

201606000165 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Д.Баттогтохын өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчим хониндоо явж байхад миний эхнэр Нэргүй над дээр ирээд түрийтэй гутал авах уу хониор зарна гээд хүмүүс явж байна гэж хэлсэн. Гэртээ очиход цагаан өнгийн машинтай 4 хүн 2 хүүхэдтэйгээ хамт явж байсан. Түрийтэй гутлыг авахаар болоод хонин дундаасаа нэг тооны хонь барьж аван нядалаад нөгөө хүмүүст өгч гутал худалдан авсан. Гутал зарж байсан хүмүүс манай гэрт 0,75 литрийн Ерөөл нэртэй 2 шил архи гарган задлахаар нь нөгөө хүмүүстэй эхнэрийнхээ хамт архи уусан. 23 цаг өнгөрч байхад манай гэрт байсан миний базын 4 настай охин Сэлэнгэсайхан бөөлжөөд байсан. Тэгээд миний эхнэр Нэргүй Сэлэнгэсайханыг үзүүлээд ирье гэж хэлээд дунд хүү Пүрэвтогтох, бага хүү Пүрэвдорж, дунд охин Пүрэвжаргал, жолоочийн эхнэр, миний базын эгчийн охин нарын хамт явсан. Удалгүй гэртээ байхад миний эхнэр Нэргүй замын машинаар ирээд замдаа явж байгаад зам тээврийн осол болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйтээ хамт осол болсон газар очиход миний охин Пүрэвжаргал амьсгал хураасан байсан. Тухайн машин нь манай гэрт ирсэн хүмүүсийн машин юм. Үнэмлэх байхгүй юм. Б.Пүрэвтогтох тээврийн хэрэгсэл бол барьдаг. Надад гомдол санал юу байхав дээ гэх мэдүүлэг /хх-н 19 тал/

Гэрч Б.Батмөнхийн өгсөн: ...Уньт багийн төв дээр явж байсан чинь замын хажуу руу нөгөө залуугийн машин унасан байхаар нь залууг тэнд нь үлдээгээд Уньт багийн төв дээр ирж Даваасүрэн эгчийн гэрт нь очиж эмнэлэгт мэдэгдсэн. Даваасүрэн эгчийг авч осол болсон газар очиход машин хажуу талаараа унасан байдалтай нэг охин  болон нэг эмэгтэй газар хэвтэж байсан. Нэг залуу машиныхаа хойд талд сууж байсан. Нэг эмэгтэйг нь би эмнэлэгт хүргэж өгөөд гэр рүүгээ харьсан… гэх мэдүүлэг /хх-н 21 тал/

Гэрч Б.Базаррагчаагийн өгсөн: Би нөхөр хүүхэдтэйгээ хамт айлын гэрт унтахаар болсон. Манай хоёр найз гадаа майхан дотор унтахаар болсон. Тэгсэн чинь тэр айлд Улаанбаатар хотоос ирсэн жоохон хүүхэд халуураад бөөлжөөд байна эмнэлэг яваад өгөөч гэж айлын эхнэр гуйсан. Бүгд архи уусан юм чинь машин барих хүн байхгүй гэж найз Болортуяа хэлэхэд манай том хүү жолооч учраас машиныг чинь жолоодоод явчихна гэж хэлсэн. Тэгээд нөхөр Лхагва-Эрдэнэ машины түлхүүрийг өгөхгүй, явахгүй гэж хэлсэн. Манай найз Болортуяа миний нөхрийн халааснаас машиныхаа түлхүүрийг аваад танихгүй хүнд хамаагүй машин өгч явуулахгүй тийм учраас хажуу талд нь суугаад явъя гэж хэлсэн. Тэгээд машин дотор айлын эгч, манай найз Болортуяа, бөөлжөөд байсан жоохон хүүхэд, талийгаач охин, машин жолоодож явсан залуу нар явахаар нь би гэрт ороод унтаад өгсөн. 2016 оны 06 дугаар сарын 21-ний өглөө гэрт унтаж байхад хажуу айлын хүн машин чинь онхолдоод дотор нь явсан охин нас барсан талаар хэлсэн. Хоносон айлын том хүү гэх залуу машиныг жолоодож явсан. Тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан… гэх мэдүүлэг /хх-н 22 тал/

Гэрч Ө.Лхагва-Эрдэнийн өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн орчим унтаж байхад хажуу айлынх нь хүн осол болсон гэхээр нь мэдсэн. Өөр мэдсэн зүйл   байхгүй.   Батцоожийн   эээмшлийн   машин   юм.   Батцоож   жолоодох   эрхийн үнэмлэхээ хасуулсан учраас би машиныг жолоодож явсан. Би гайгүй байсан. Намайг унтаж байхад хэн ч осол болсон талаар хэлээгүй. Би мэдээгүй, 2016 оны 06 дугаар сарын  22-ны  өглөө осол  болсныг мэдсэн.  Намайг унтаж байхад тэр айлын  эгч сэрээгээд хүүхэд бөөлжиж халуураад байна, багийн төв орж эмчид үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Машиныхаа түлхүүрийг өгчих гэж хэлэхээр нь би согтуу байна машин хэн барих юм гэсэн чинь манай хүү жолооч учраас машин барьдаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь машины түлхүүрийг айлын эгчид өгсөн… гэх мэдүүлэг /хх-н 22-23 тал/

Гэрч П.Даваасүрэнгийн өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 21-ний шөнийн 23 цаг 10 минутанд Уньт багийн  иргэн  Батмөнхөөс авто осол гарсан  байна  гэж биечлэн ирсний дагуу би Батмөнхийн машинд 23 цаг 50 минутанд дуудлага гарсан газар очиход 5 хүн байсны 1 эмэгтэй ухаангүй газарт хэвтсэн байдалтай, өөр нэг эмэгтэй нь үхлээ гэж орилон газар хэвтэж байсан. 17 настай эмэгтэй хүүхэд, 14 настай эрэгтэй хүүхэд газарт сууж байсан. Хажуу талд нь цагаан өнгийн суудлын машин унасан харагдсан. Хүмүүсийн биед үзлэг хийхэд 13 настай Баттогтох овогтой Пүрэвжаргал амьсгал зүрх судас зогссон, хүүхэн хараа өргөссөн гэрлийн  урвалгүй  нас барсан  байсан ба баруун  гарын хурууны үзүүр зулгарсан баруун талдаа хэвлий хэсэг зулгарсан шархтай, хамрнаас нь цус гарсан өөр ил хэрэгдах шархгүй байсан. Зүрхэнд нь массаж хийж амьсгал өгч зүрх судас дэмжих тариа хийсэн. Зүрх судас амьсгалын пүүлс хэмжигчээр үзэхэд 0 зааж байсан. 33 настай Балжинням овогтой Болортуяа эмэгтэй нь дотор муухай оргино, толгой өвдөнө гэсэн зовиуртай, биеийн байдал дунд ухаантай зүрх    чагнахад тод жигд түргэссэн, амьсгал хэвийн артерийн даралт 121, хэвийн эмзэглэлгүй духан зүүн дээд хэсэгт шалбарсан шархтай байсныг эмнэлэгт авчирсан. 17 настай Баттогтох овогтой Пүрэвтогтохын биеийн байдал дунд зовиур нь зүүн хөл өвдөнө. 14 настай Нацагдорж овогтой Даваадорж эрэгтэй ууц нуруу өвдөнө гэх зовиуртай, 5 настай эмэгтэй Пүрэвжаргалын Сэлэнгэсайхан ямар нэгэн зовиурлах зүйл байгаагүй, уйлагнана, чичирнэ. Эдгээр хүмүүсийг эмнэлэгт авчирч эмчилгээ хийсэн. Авто осол гарсан газар сум дундын эмнэлгээс түргэн тусламж дуудсан. Батсүрэн овогтой Нэргүй нь өөрийнхөө хүү Баттогтох овогтой Пүрэвтогтохыг барьж явсан гэж байсан. Машинд явсан Болортуяа, Нэргүй нар нь нилээн халамцуухан байсан. 2016 оны 06 дугаар сарын 21-ний оройн 22 цагийн үед намайг гэртээ байхад Нэргүй нь Сэлэнгэсайхан гэх 4 настай хүүхдийг үзүүлсэн. Уг хүүхэд нь ханиад хүрээд бие нь муу байсан учир эмчилгээ зааж өгч явуулсан… гэх мэдүүлэг /хх-н 25-26 тал/

Гэрч   Б.Нэргүйгийн өгсөн: ...Орой   болоход   манай   гэрт   байсан   жоохон   охин Сэлэнгэсайхан бөөлжөөд байхаар нь эмнэлэг явах гэхэд машин олдохгүй байсан. Тэр хүмүүс манай машинаар явчихаад ирэхгүй юу гэж хэлсэн. Би гэрээсээ гарчихаад гэртээ ороод ирсэн чинь машины эзний эмэгтэй хамт эмнэлэг явахаар болсон. Машин дотор жолоочоор миний хүү Пүрэвтогтох зорчигчийн суудал дээр машины эзний эхнэр арын суудал дээр Пүрэвжаргал, Сэлэнгэсайхан, Даваадорж бид нар явсан. Би Уньт багийн төв дээр багийн эмчид Сэлэнгэсайханыг үзүүлчихээд гэрийн зүг рүү явж байхад машины эзний эхнэр хурдаа нэмээч гэж миний хүүд хэлсэн. Би нэг харсан чинь зам мурийж явснаа замын хажуу руу гэнэт ороод осол болсон. Тэгээд бид нар эмнэлэг дээр ирсэн. Манай гэрт 4 том хүн, 2 хүүхэд ирсэн юм. Тэгэхээр тэр 4 том хүний нэгнийх нь машин байх. Миний том хүү Баттогтох овогтой Пүрэвтогтох машин жолоодож явсан.  17 настай учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй... гэх мэдүүлэг /хх-н 27-28 тал/

Гэрч Б.Болортуяагийн өгсөн: Бид нар бөөнөөрөө юм яриад архи ууж сууж байхад айлын эгч нэг хүүхдээ өдрөөс хойш бөөлжөөд халуураад байна, ойрхон таньдаг эмч байдаг тийшээ очоод ирье гэж хэлсэн. Манай машиныг барьж явсан жолооч Лхагва-Эрдэнэ архи уусан байсан болохоор согтуу машин барихгүй гэж хэлсэн. Тэгээд байж байхад гэрийн эзэн өөрийнхөө хүүхдийг хар багаасаа мотоцикль унадаг, машин сайн барьдаг юм чинь гэж хэлсэн. Нөгөө жоохон хүүхэд бөөлжөөд байхаар нь би санаа зовоод машиныхаа түлхүүрээ өгөөд ойрхон юм чинь яаж машинаа хүнд өгч явуулах юм гэж бодон хажууд нь сууж явахаар болсон. Гадаа харанхуй болсон байхад гэрийн эзний хүүхэд машин барьж би хажууд нь сууж, гэрийн эзэгтэй, 3 хүүхдийн хамт машины арын суудалд суусан. Уньт багийн төв орж айлд очсон. Би хүүхэд үзүүлсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь пис гэсэн дуу гараад юм мөргөх шиг болсон. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Халамцуухан байсан. Би жирэмсэн болохоор архи их уугаагүй. Ер нь согтсон зүйл байхгүй. Айлын эгч, ах нар нь хүүхэд бөөлжөөд бие нь өвдөөд яаралтай яваад өгөөч гэхээр нь би санаа зовоод Лхагва-Эрдэнээс машины түлхүүрийг аваад өгсөн. Том биетэй залуу л байсан… гэх мэдүүлэг /хх-н 29-30 тал/

Гэрч Г.Батцоожийн өгсөн: ...22 цаг өнгөрч байхад тэр айлд байсан хүүхэд бөөлжөөд байсан. Намайг эмнэлэг рүү хүүхдийг хүргээд өгөөч гэж хэлэхээр нь би архи ууснаа хэлсэн.  Мөн манай  найз Лхагва-Эрдэнийг хүргээд өгөөч гэж айлын ах, эгч хоёр гуйгаад байхад архи уусан хүмүүс машин хөдөлгөхгүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр айлын эхнэр нөхөр хоёр өөрийнхөө хүүхдийг машин сайн барьдаг жолооч гэж хэлээд машины түлхүүрийг миний эхнэр Болортуяагаас аваад гэрээс гарсан. Манай эхнэр таньж мэдэхгүй хүнд машин өгөхгүй гэж хэлээд машинд хамт сууж эмнэлэг рүү явсан. Тэр машин дотор айлын эхнэр, миний эхнэр Болортуяа, 2-3 жоохон хүүхэд, жолоо барьж явсан залуу нар явсан. Хэсэг хугацааны дараа удаад ирэхгүй болохоор нь би араас нь хажуу айлын ахтай явахад замын хажуу тал руу миний Креста маркийн машин онхолдсон байсан. Тэгээд түргэн тусламж ирж Уньт багийн эмнэлэг дээр хүмүүсийг авчирсан. Нилээн халамцуухан байсан. Миний эзэмшлийнх юм. Би өөрийнхөө 42-34 ОРО улсын дугаартай Креста маркийн тээврийн хэрэгслийг янзлуулаад машнаа сэвгүй, эвдрэлгүй авмаар байна.  Өөр санал хүсэлт байхгүй. Хоносон айлын хүү Пүрэвтогтох машиныг жолоодож явсан. Тэр залуу архи состууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Насанд хүрсэн үгүйг нь мэдээгүй, манай хүүхэд сайн барьдаг жолооч юм байгаан гэж айлын ах, эгч хоёр хэлэхээр нь манай эхнэр Болортуяа машины түлхүүрийг өгсөн.  Миний  эхнэр  Болортуяа  машин  барьж явсан Лхагва-Эрдэнээс авч тэр залууд өгсөн. Би бол мэдэхгүй, халамцуухан байсан ба сүүлд л мэдсэн. Тэр залуугийн ээж, аав нь болон өөрөө жолооч л гээд байсан... гэх мэдүүлэг /хх-н 31-33 тал/

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвтогтохын өгсөн: Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Зүйл ангитай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Гэрт байсан хүмүүс согтуу байсан болохоор дүү Сэлэнгэсайханыг үзүүлэх гэж тээврийн  хэрэгсэл жолоодох болсон. Би хамгаалах бүс хэрэглээгүй… гэх мэдүүлэг /хх-н 111 тал/

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 41 тоот

1. Талийгаачийн биед дагз суурь ясны далд хугарал, тархины эдийн няцрал, аалзан бүрхэвчийн доорхи цус харвалт, чамархайн булчин, хуйхны цус хуралт, баруун сарвууны няцарсан шарх, баруун шуу, сарвуу, зүүн мөр, өвдөгний зөөлөн эдийн няцрал цус хуралт, дух, хамрын нуруу, хацар. баруун тохой, шуу, зүүн мөрний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Учирсан гэмтэл нь үхэлд нөлөөлжээ.

4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5.  Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ" гэх дүгнэлт /хх-н 35 тал/

2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Булган аймгийн цагдаагийн газрын замын  цагдаагийн  шинжээчийн  33 тоот

1.  42-34  оро улсын дугаартай  Сгеста маркийн тээврийн хэрэгслийн эорчиж явсан хэсэг нь нийтийн хэрэгцээний зам мөн.

2. Жолооч Б.Пүрэвтогтох нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм  зөрчсөн. 

3.  Жолооч   Б.Пүрэвтогтох  нь  Монгол  улсын  замын  хөдөлгөөний дүрмийн 2.1а Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалт, 2.3.6 хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад   бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

4. Жолооч Б.Пүрэвтогтох нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. /насанд хүрээгүй/

5. Тухайн тээврийн хэрэгслийн техникийн  бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй болж ослын үед эвдэрсэн.

6. Уг зам тээврийн осол болсон шалтгаан  нь жолооч  Б.Пүрэвтогтох нь эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явах үед нь аюул саад бий болмогц зогсоох арга хэмжээ буруу авснаас тээврийн хэрэгслийн тэнцвэржилт алдагдан зорчих хзсгээс гарсаны улмаас уг зам тээврийн осол гарсан байна гэсэн дүгнэлт /хх-н 85 тал/

2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Хөрөнгө үнэлгээ төслийн Лэндс ХХК-ний Орхон салбарын 6/16/127 тоот 42-34 ОРО улсын дугаартай Тоёота Креста загварын тээврийн хэрэгслийн эвдэрлийн үнэлгээг 2617000 /хоёр сая зургаан зуун арван долоон мянга/ төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-н 92-97 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7 тал/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10 тал/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-12 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 113 тал/, насанд хүрээгүй этгээдийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх 15 тал/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 37-41 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 125 тал/, сурагчийн хувийн хэрэг /хх 137-141 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвтогтох нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн төвөөс 2 км орчим зайтай газарт 42-34 ОРО улсын дугаартай "Креста" загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад замын хажуу руу орж зам тээврийн осол гаргаж 13 настай Б.Пүрэвжаргалын амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэрэг учралын газар болон цогцост үзлэг хийсэн  тэмдэглэл, осол гарсан газар хийсэн хэмжилтийн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Баттогтох, иргэний нэхэмжлэгч Г.Батцоож, иргэний хариуцагч Б.Нэргүй, гэрч Б.Болортуяа, Д.Даваасүрэн нарын өгсөн мэдүүлгүүд, зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоосон Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 33 тоот дүгнэлт, амь хохирогч Б.Пүрэвжаргалын үхлийн шалтгааныг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 41 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн, шинжээчийн дүгнэлтүүдийг  эрх бүхий шинжээчид гаргасан, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвтогтох нь Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалт, 2.3.6 "хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалт, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад   бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам, тээврийн осол гаргаж, хүний амь хохироосон үйлдэл нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байна.

 Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвтогтохыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвтогтохын гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч, хүнд хор уршиг учирсан байх ба хохирогч Д.Баттогтох нь санал хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Иргэний нэхэмжлэгч Г.Батцоож нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Хөрөнгө үнэлгээ төслийн Лэндс ХХК-ний Орхон салбарын 6/16/127 тоот дүгнэлтээр 42-34 ОРО улсын дугаартай Тоёота Креста загварын тээврийн хэрэгслийн эвдэрлийн үнэлгээг 2617000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжилсэн байх ба иргэний хариуцагч Б.Нэргүй нь иргэний нэхэмжлэгч Г.Батцоожид хохирол төлбөрийг төлсөн талаарх баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвтогтоход ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, насанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдал, нас, сэтгэхүйн онцлог, суралцаж буй байдал зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Чонос овогт Баттогтохын Пүрэвтогтохыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвтогтохын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил, 1 /нэг/ хоногийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   52   дугаар   зүйлийн   52.8-д   заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвтогтоход оногдуулсан , 3 /гурван/ жил, 1 /нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвтогтох нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвтогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил, 1 /нэг/ хоногийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Цагдаагийн байгууллага болон эцэг, эхэд нь даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвтогтоход авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.        

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ЦЭРЭНДУЛАМ.