Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0627

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Д, Э.Т нар

 

Нэхэмжлэгч: Ч.М

 

Хариуцагч: Орхон аймгийн Боловсролын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ч.М албан тушаалаас чөлөөлөх тухай Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 16,840,459.00 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, Э.Т, хариуцагч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 119/2025/0006/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  Ч.М-ээс Орхон аймгийн Боловсролын газрын даргад холбогдуулан “Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ч.М албан тушаалаас чөлөөлөх тухай Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 16,840,459.00 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх”-ээр маргасан.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.12, 37.1.13, 37.1.15, 37.1.16, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 47 дугаар зүйлийн 47.1.4, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.М-ийн Орхон аймгийн Боловсролын газрын дарга /О.А/-д холбогдуулан гаргасан Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 16,840,459.0 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.М-ийн Орхон аймгийн Боловсролын газрын даргад холбогдуулан гаргасан Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Ч.М-ээс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Маргаан бүхий боловсролын газрын даргын Б/49 дүгээр тушаалд дурьдсан үндэслэлүүдийг Ч.М би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 хэсэгт заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болох өргөсөн тангарагтаа үнэнч байх, ашиг сонирхолын зөрчил гаргахгүй байх хууль бус, шудрага бус явдалтай эвлэрэхгүй байх гэсэнд нийтлэг үүргүүдийг баримтлан чин шударгаар ажиллаж байсан.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дээр заасан Боловсролын яамнаас нэгж байгууллагуудын багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн үнэлгээг, тухайн байгууллагад өгч нууцлалыг хадгална гэдэгт, тус газрын нягтлан бодогчийг нягтлан бодогчийн группд энэхүү үр дүнгийн файл байршуулж худал мэдүүлсэн гэдэгт тэр үед ээлжийн амралтыг авсан байсан. Тухайн үед БЕГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтэн Ц-д багшийн үнэлгээний файлыг мейлрүү яаралтай шалгаад буцаагаад явуулахыг хэлж 2024.08.14-нд мейлээр ирсэн. Би ээлжийн амралттай байсан ч ажлаа хийж 2024.08.19-нд багшийн үнэлгээний файлыг бүх нэгж байгууллагын нягтлан бодогчидтой холбогдож багшийн үнэлэгдсэн нэрс, шилжиж БЕГ-ЫН СӨБ хариуцсан явсан, ирсэн багш нарын бүртгэлийг тулгаж мэргэжилтэнрүү мейл -ээр илгээсэн. Ээлжийн амралтыг эдлэх үед миний ажлыг орлох хүн байхгүй надад албан ёсны орлох хүн өгөөгүй учир амарч байхдаа ч ажлаа хийсэн. Нэгж байгууллагуудын нягтлан бодогчид хувь хувийн чатруу багшийн үнэлгээний файл илгээж, БЕГ-аас ирсэн файлтай багшийн нэрс үнэлэгдсэн багш нар таарч байгаа үгүйг тулгаж ажилласан. Энэ миний хувийн чатанд мэдээллүүд бий.

3.2. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12 хэсэгт төсөв хэлэлцэх үер ажлаа орхиж явсан гэдэгт миний ээлжийн амралт авах хугацаа 2024.07.09- 2024.08.02 хүртэл ажлын 15 хоног авах өгч ээлжийн амралт хуваарийн дагуу авсан . Гэтэл тус байгууллагын дарга ээлжийн хуваарийн хавсралтыг сольсон байсан. Би 2025 оны төсвийн төсөл Fin.esis.edu.mn болон TELEGRAMM-д бүх аймгийн төсвийн мэргэжилтэн болон БЕГ, БЯ, мэдээлэл технологийн мэргэжилтэн гээд цахим төсвийн төслийн групп бий түүнд төсвийн талаар мэдээлэл авч дор бүр мэдээлэл оруулж төсөв хэдэн хувьтай явж буйг илтгэсэн зураг, мэдээллийг бичиж байсан. Үүний дагуу ч би өөрийн аймгийн нягтлан бодогчдодоо мэдээллийг дор бүр өгч, нягтлан бодогчид групп-д цаг алдалгүй мэдээг хүргэж, утсаар ярьж, групп чатаар бүгдэнтэй холбогдож ярилцаж мэдээллийг хүргэн ажиллаж байсан. Төсвийн төслийг анх удаа ганцаараа орхон аймгийнхаа төсвийн төслийг чин хүсэл, алдаа дутагдал гаргахгүй хичээж шөнийн 11,12 хүртэл сууж ажиллаж үр дүнд цаг хугацаанд төсвийн төслийг хийж дуусгаж Боловсролын ерөнхий газарт үнэлэгдсэн. Үүнийг сургууль сургуулийн захирлууд бүгд нотлох болно. 2025 оны Төсвийн төсөл 2024.06.10-aac Fin.esis.edu.mn систем нээгдэж 2024.07.05-д систем хаагдсан.

Миний хувьд цэцэрлэг нягтлан бодогч, хувийн 2024.07.03-д СӨБ хамгийн сүүлд илгээлт хийж төсөв явагдаж дууссан. Энэхүү ажлыг шалгах үйл явц бол миний хувийн чатууд болон нягтлангуудтай харьцдаг байсан групп, БЕГ мэргэжилтэнрүү мейл Ц илгээсэн төсөв, Орхон аймаг төсвийг хэдэн хувийн үзүүлэлт өгсөнг TELEGRAMM суваг болон цахим төсвийн төсөл систем fin.esis.edu.mn харж болно. Энэхүү 2025 төсвийн төсөлд тусгагдсан багш ажилтны тэтгэвэр, тэтгэмжийн БЕГ-ын мэргэжилтнүүдэд мэйлээр илгээсэн. Миний ажлын компьютер, өөрийн мейл, файл хадгалагдан үлдсэн байгаа. БЕГ-ын мэргэжилтэнгүүдэд мейл-ээр А.П үүнийг хийсэн гэж хэлсэнд нь А.П надад сайн хүн болж надад хандаж байсан учраас би А.Паас гуйж дүнг тулгах тал дээр туслалцааг хэлсэн. Яагаад гэвэл албан ёсоор Төрийн захиргааны хүнийг төрийн захиргааны хүн орлох хүнгүй байсан учир түүнд хэлсэн. Үүнийг тус байгууллагын нягтлан бодогч хийгээгүй.

3.3. Төрийн албан тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дээр заасанд тус газрын албан хаагчдын 2024 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн үнэлгээг тус байгууллага миний ажлыг үнэлэхдээ ТЖАХ-ын ажлын гүйцэтгэлийн нотолгоонд, шудрага, ил тод байх зарчмыг баримтлаагүй танилцахыг хүссэн ч танилцуулаагүй албаар гомдол гаргах хугацааг тус газрын дарга өрөөндөө хуудсыг байлгаж хугацааг санаатайгаар гомдол гаргах хугацааг өнгөрөөсөн. Тус үнэлгээг үнэлэгдсэний дараа үнэлэгдээгүй байсан ч би өөрийн хагас жилийн ажлыг бүх ажилчид тайлагнасан энэхүү бэлдсэн файл миний ажиллаж байсан компьютер болон надад бий. Энэхүү файлаас намайг хагас жилийн хугацаанд ажил хийсэн үгүйг мэдэж болно. Надад шуурхай болгонд өгч байсан үүрэг даалгавар өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж авдаг надад ч бас ажлын тэмдэглэл дэвтэр бий. Үүрэг даалгаврыг удаа дараа гүйцэтгээгүйд удаа дараа надад үүрэг даалгавар өгч байгаагүй, ажлын хувьд хийж гүйцэтгээд танилцуулах үед хүлээн авдаггүй байсан. Миний ажлын дэвтэр дээр энэхүү ажлын үүрэг даалгавар, өөрийн ажиллах хугацаанд хэзээнээс, өдийг хүртэл ямар ажил үүрэг болгож өгсөн, би өөрийн ажлаа танилцуулсан гээд бүгд бий.

3.4. Байгууллагын шуурхай зөвөлгөөн дээр мэдээлэл хүргэхдээ зөрүүтэй мэдээлэл хүргэдэг гэдэгт миний ажлаа танилцуулахад тэмдэглэдэг тэмдэглэлийн дэвтэр бий үүн дээр ямар ажил хийсэн талаар бичдэг даргын үүрэг болгож буйг ч бичиж, дараагаар үүрэг болгож өгсөн материал хийж буй ажлыг и-оффис болон цаасаар гаргаж өгсөн.  

Анх удаа надад үүрэг болгож буй ажил нь ирээдүйн Одод сургууль байсан үүнийг бүгдийг хийж гүйцэтгэж өгсөн. Тус сургуулийн өмнө ажиллаж байсан нягтлан бодогч буюу П нь энэхүү ажиллагааг мэдэж байгаа болно. А.П энэхүү ажиллагааг хийгдэхэд цуглуулсан бичиг баримт, материалууд авч ямар дүгнэлт гаргасан талаар ч мэдээллэсэн байгаа. Тус сургуульд и-оффисоор материал ирүүлэх талаар ч албан бичиг явуулсан байгаа. Ингээд үүрэг болгож өгсөн ажлыг и-оффис системд даргын үүрэг даалгаварт хийн гүйцэтгэж, шийдвэрлэж, дүгнэлт бичин хаасан байгаа. Үүнийг и-оффис систем болон миний компьютер, цаас гаргасан дүгнэлт өөрийн ажиллаж байсан ширээний нүдэнд хийж үлдээсэн. Тус газрын Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Халиунд хүлээлгэж өгсөн.

3.5. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-д тусгаснаар Удирдах ажилтны шуурхайд мэдээлэл өгдөггүйд мэдээлэл өгөх гэж бэлдэж хоолны тухай болон БЕГ-аас ирж буй мэдээллийг хүргэх гэсэн боловч 2024.10.01 өдөр ямар мэдээлэл хүргэх буйгаа асуух зарчмаар О.А өрөөнд орсон боловч чи хэрэггүй мэдээлэл өгөөд хэрэггүй гэж амаар хэлсэн үүнийг Эрдэнэжаргал мэргэжилтэнд өөрийн биеэр очиж хэлээд асуусан боловч даргын үг бол даргын үг гэж хэлсэн. Удирдах албан тушаалтны шуурхай хуралд мэдээлэл өгүүлээгүй ч би нягтлангуудыг групп дээр цаг алдалгүй БЕГ-аас ирж буй мэдээ өөрчлөгдөж буй хууль, журам, Орхон аймгийн ИТХ-ын орон нутгийн нэмэгдлийн журам гээд бүх мэдээ мэдээллийг цаг алдахгүй нягтлангийн групп-д танилцуулж тавьдаг байсан. Заавар зөвөлгөө өгөөгүйгээс болж гэдэгт нь “У э” сургуулийн багш Ө.Б нь Улаанбаатар хотын “И о” сургуулиас 2023.08.25 шилжиж ирсэн. Тус багшийг ажилд орох үед төсвийн төлөвлөлт зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдоогүй байсан.

Би 2023.12.06-нд Б/86 тушаалаар тус албан тушаалд томилогдсон. Энэхүү багшийн хувьд би 2024 оны 05 сард тус сургуулийн нягтлан бодогч ажлын өрөөнд ирж хэлсэн бөгөөд би тэр дор БЕГ-ын мэргэжилтэнрүү лавлаж асууж , шилжиж ирсэн сургуулийн нягтлан бодогч утасруу хүртэл холбогдсон. Үүнийг 2024.05.22-д БЕГ-ын Сургууль хариуцсан мэргэжилтэнд мейлээр илгээсэн. Утсаар үүнийг мэдэгдэж хэлэхэд УБ хотын “Ирээдүйн одод” цогцолбороос данс нь шилжигдээгүй учир тус сургуульруу орсон байх магадлалтай гэж үзээд дахин тодруулж асууя гэж хэлсэн. Би үүнийг шилжиж ирсэн багшийн бүртгэл excel дээр хийн багшийн мэдээллийг БЕГ-ийн мэргэжилтэнрүү илгээсэн. Энэ үнэлгээний тэтгэмжийг багшийн хувийн дансны хуулганаас харах болон байгууллагын дансны хуулганаас орсон үгүйг харж болно. Энэхүү багшийн хохирол миний ажилд томилогдсоноос өмнөх ажиллаж байсан ажилтны ажил үүрэг алдагдсанг надад анхнаасаа намайг хийгээгүй мэт болгож хэлсэн байна.

3.6. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаартай шийдвэрийн дугаарт үндэслэх хэсгийн 2.4-т Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 ,28.1.2, 28.3 дах хэсэгт заасныг баримтлан сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж 100% саналаар дүгнэж ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна гэдэгт дараах тайлбарыг хийж байна.

Орхон аймгийн ** дугаар цэцэрлэг багш ажилтнуудын 2024.09 дүгээр сарын нэмэгдэл орсон үгүйд энэхүү мэдээллийг Эрдэнэт хотын дотоод сүлжээ сайт болох И-оффис харж болно. Тухайн байгууллагын нягтлан төлөвлөгдсөн төсвөөс гадна байгууллагууд нэмэлт орж ирж буйг аймгийн санхүү төрийн хэлтэст нэхэмжлэл илгээж тэр нэхэмжлэсэн дүнтэйгээ ижил БЕГ -луу сар бүрийн төсвөөс гадна нэмэлт орлого тавиулдаг. Сар бүрийн нэмэлт орлого хувиарийг 25-ны дотор авч илгээдэг. Энэхүү тус байгууллагын нягтлан илгээсэн орлого и-оффис чатанд байх болон БЕГ лүү илгээж буй орлоготой таардаг. Энэхүү орлогууд 9 сар илгээсэн дараа сард тавигддаг энэхүү орлогыг байгууллагын дансны хуулга болон төсвийн бүлэгтэй тайлангаас нь харна.

3.7. “И о” сургуулийн ахмадын санхүүжилт зарцуулах эрх 10-сард БЕГ-ын мэргэжилтэн Б мейлрүү илгээсэн. Үүнийг миний хувийн мейл болон БЕГ-аас ирсэн бичиг баримтад болон сар бүрийн орлого зарцуулах эрхийн мэдээнээс харж болно. Тус сургуулийн ахмадын орлогыг 268,781.4 гэж БЕГ-ын илгээх мэдээнд тусгасан. Тус сургуулийн дансны хуулга болон миний өөрийн илгээсэн мейл, БЕГ мэргэжилтэнгээс харж болно. Сар бүрийн зардал, нээлгэх хүсэлтийг даргаар батагаажуулалт хийгдэггүй, газрын даргад мэдээлэл өгдөггүй гэдэгт мэдээлэл танилцуулах гээд орох бүрт миний ажлыг үгүйсгэдэг, жижигхэн байна томруулж ир, эсүл файл явуул гэж би файл явуулахад фонт жижиг учир фонт том гаргаад очих бүрт тэр доторх тоог биш үсэг том жижигт байнга ач холбогдол өгдөг. Гарын үсэг зурж өгөхгүй байсан ч би үүнийг орж танилцуулаад цаг хугацаатай учир БЕГ-ын мэргэжилтэнрүү хугацаанд илгээдэг байсан. Цаг хугацаанд ажлыг хийж байсан үгүйг БЕГ мэргэжилтэнгүүд дүгнэнэ.

3.8. “У э” сургуулийн нийгмийн даатгалын асуудлыг огт би сонсоогүй надад энэ тухай хэн юу ч хэлээгүй болно. Надад миний өрөөнд миний ажлын файл дотор энэхүү арга хэмжээ авах талаарх мэдэгдэл нэг асуудлаас болсон гэдэг тодорхойгүй 2023 оны төсөвт дутуу суутгаснаас энэ асуудал гарсан бол энэ он цаг хугацаанд би ажиллаж байгаагүй. 2023 оны төсвийн төслийг 2022 онд хэлэлцдэг, 2024 оны төсөв 2023 онд хэлэлцэж тус нэгж байгууллагуудаас төсвийн төсөл авдаг, 2025 оны төсвийн төслийг би 2024 онд хийн гүйцэтгэсэн. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 хэсэгт ажиллаж байх хугацаанд нягтлангуудаар шалгалт хийсэн гэдэгт тус нэгж байгууллагын цэцэрлэгүүдэд ямар ч шалгалт хийгээгүй үүнийг тус газраас нэгж байгууллагын удирдах албан тушаалтанруу холбогдож нягтлан бодогчоор үүнийг бичүүлэхийг шаардсан. Тус нягтлан бодогч нарт худал хэлж бүх нягтлан бодогчид бичиж өгч байгаа гэж хэлж бичүүлсэн. Би ямар нэгэн шалгалт хийгээгүй. “О” цэцэрлэгийн нягтлан бодогч шинэ учир аудит болохоос мэдээлэл хүргэж, бичиг баримт цэгцэлж өгөх талаар очсон. Үүнийг шалгалт хийж байна гэж хэн хэн ч бодоогүй 20,30 мин хүрээгүй энэхүү цэцэрлэгээс гарсан. Нягтлан бодогчдоос тусад нь тодруулга авах хэрэгтэй.

3.9. Орхон аймгийн 4-р сургуулийн 9 дүгээр сарын орлого буруу хувиарласан 15.0 сая төгрөг 15.0 мянган төгрөг гэсэнд тус байгууллагын нягтлан бодогч албаны систем харьцдаггүй хувийн чатаар орлого илгээдэг энэхүү орлого үнэн зөв орсон, хэзээ шийдэгдсэн талаар, тус сургууль хохирол гарсан үгүйг тус байгууллагын нягтлан бодогч болон БЕГ-ын сургууль хариуцсан мэргэжилтэнгээс тодруулах зөв. Үүнийг сургуулийн дансны хуулга болон БЕГ бүлэгтэй тайлангаас харж гүйлгээг цаг хугацаандаа хэзээ орсонг харах боломжтой. Асуудал гарсан бол асуудлыг залруулах боломжтой учир хэр хугацаанд хурдан шийдсэн талаар хуулганаас харж болно. БЕГ- орлогыг би мянгачилж илгээхэд БЕГ-ын мэргэжилтэн шинэ хүн байсан учраас тоог дахин нарийвчилсан. Үүнийг би утасдаж мэдэгдэж, БЕГ мэргэжилтэнг асуудлыг хурдан шийдсэн.

3.10. Орхон аймгийн **-р цэцэрлэг орон нутгийн нэмэгдэл тухайд тус цэцэрлэг аймгийн төрийн санд нэхэмжилсэн дүнгээрээ зарцуулах орлогыг БЕГ-луу илгээдэг энэхүү орлого би и-оффис систем тус бүр авдаг. Тухайн байгууллагын нягтлан бодогч сар бүрийн 25-ны дотор хугацаандаа ажиллах ёстой. Энэхүү орон нутгийн нэмэгдэл орлого и-оффис илгээж, би БЕГ- луу илгээсэн. Энэ нь миний и-оффис болон БЕГ-аас ирсэн бичигт бий. Орхон аймгийн 2*-р цэцэрлэг хувьд ч тухайн байгууллагын нягтлан бодогч орон нутгийн ажилчид нэмэгдэл эхлээд аймгийн төрийн санд нэхэмжлэл үүсгэж, тэр нэхэмжлэл үүсгэсэн дүнг БЕГ-луу явуулж орлогын зарцуулах эрх тавиулдаг. Энэхүү дүнг үнэн тооцоолол хийж нэхэмжлэл үүсгэсэн бол БЕГ орлого хувиарлах дүнд алдаа гарахгүй. Энэхүү орлогыг и-оффис тус нягтлан бодогчийн илгээсэн дүн, Боловсролын ерөнхий газар явуулсан дүнтэй тулгахад өр үүссэн үгүйг харж болно.

3.11. Орхон аймгийн Д цэцэрлэг и-оффис систем дээр 10-р сарын хоолны нэмэгдэл буюу энэ нь хүүхдүүдэд өгч буй ээлжийн бүлэгтэй эцэг эхээс 1000 төгрөг авдаг орлого байгаа, энэхүү орлогыг нягтлан бодогч өөрөө 7.5 сая биш 7.2 сая гэж бичиж илгээсэн. Энэ нь и-оффис систем болон Боловсролын ерөнхий газар руу илгээсэн мейлд бий.

Энэхүү багшийн хувьд би 2023 оны 12 сарын 16-нд тухайн албан тушаалд шинээр томилогдсон. Намайг байхгүй болсон үйл явдлыг намайг хийсэн мэт болгосон байна. Тухайн багш 2023 оны 08 дугаар сарын 25-наас тус сургуульд шилжиж ирсэн. Үүнийг би 2024 оны 05 дугаар сард тус сургуулийн нягтлан бодогч ажлын өрөөнд ирж хэлсэн бөгөөд би тэр дор БЕГ-ын мэргэжилтэн рүү лавлаж асууж, шилжиж ирсэн сургуулийн нягтлан бодогчийн утасруу хүртэл холбогдсон. “Уран-эгшиг” сургуулийн багш Ө.Байгаль багш нь 2023 оны 08 дугаар сарын 25-наас шилжиж ирсэн индекс ll үнэлэгдсэн үүнийг 2024 оны 05 дугаар сарын 22-нд БЕГ-ын сургууль хариуцсан мэргэжилтэнд мейлээр илгээсэн. Утсаар үүнийг мэдэгдэж хэлэхэд Улаанбаатар хотын “Ирээдүйн одод” цогцолбороос данс нь шилжигдээгүй учир тус сургуульруу орсон байх магадлалтай гэж үзээд дахин тодруулж асууя гэж хэлсэн. Би үүнийг шилжиж ирсэн багшийн бүртгэл exel дээр хийн багшийн мэдээллийг БЕГ-ийн мэргэжилтэн рүү илгээсэн. Энэ үнэлгээний тэтгэмжийг багшийн хувийн дансны хуулганаас харах болон байгууллагын дансны хуулганаас орсон үгүйг харж болно.

3.12. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 хэсэгт тусгасанд ажлын цаг барьдаггүйд тус байгууллагын цагийн бүртгэл систем гэж үгүй, энэхүү цагийг зохиомол энд тусгасан. Би ажлын цагт очиж, ажлыг ажил гэж хийж 12:00-14:00 цагийн хооронд цайны цаг байдаг ч гэртээ бэлдэж ирсэнг идэн ажлаа хийдэг байсан. Үүнийг нярав хардаг байсан. Шөнийн 11, 12 цаг хүртэл төсвийн төслийг хийн гүйцэтгэж ажлаа чин сэтгэлээрээ ажлаа л хийсэн. Ш-Э мэргэжилтэн бид 2 нэг өрөөнд суудаггүй, тус мэргэжилтэн судлагдахуун мэргэжилтэн, хүний нөөц ч биш байхад энэхүү хүн энэ тухай хэлсэнг тодруулах хэрэгтэй. Ш-Э мэргэжилтэнгээс өөрөө үүнийг хэлсэнг тодруулах хэрэгтэй, өөрөө хэлээгүй байхад  хэлсэн болгож бичсэн ч байх магадлалтай.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 119/ШШ2025/0020 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

          4.1. Нэг. Хуулийг буруу хэрэглэсэн тухай:

4.1.1. Төрийн албаны тухай хуулийн 46, 47, 48-р зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, төрийн жинхэнэ албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулахтай холбоотой харилцааг ялган хуульчилсан. Тодруулбал Төрийн албанаас чөлөөлөхтэй холбоотой үндэслэл, журмыг Төрийн албаны тухай хуулийн 46.2-т 46.2.1. Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон; 46.2.2. тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; 46.2.3.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн; 46.2.4.өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан; 46.2.5.хуульд заасан бусад үндэслэл гэж хуульчилжээ. Харин Төрийн албаны тухай хуулийн 47-р зүйлд "Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах" үндэслэлийг 47.1.1.хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн; 47.1.2.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон; 47.1.3.Монгол Улсын харьяатаас гарсан: 47.1.4.энэ хуульд заасан бусад үндэслэл гэж хуульчилжээ.

          Гэтэл маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 47.1.4, 47.2 дахь хэсгүүдийг тус тус үндэслэсэн атлаа "төрийн албанаас чөлөөлөх" шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан тушаалаас халах хуулийн заалтыг төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа үндэслэсэн байхад анхан шатны шүүх "хууль бусаар ажлаас чөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй" гэж дүгнэж буй нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болно.

          4.1.2. Учир нь хариуцагч нэхэмжлэгч Ч.М төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргаж буй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 46-р зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлах ёстой бөгөөд уг хэсэгт заасан 5 үндэслэлээс аль ч үндэслэл бүрдээгүй тул төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч сонгуульд нэр дэвшээгүй, тэтгэвэр тогтоолгох болон төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, өөрийн санаачилгаар чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдэж орон тоо хасагдсан, цөөрсөн зэрэг нөхцөл байдал бий болоогүй тул нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байсан байна.

          4.1.3. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "маргаан бүхий сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актад хууль зүйн дүгнэлт өгөх, түүнчлэн захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянан шалгах үүрэгтэй бөгөөд хэрэв тус маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй болох нь нэгэнт тогтоогдон энэ тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулсан хариуцлагын хэмжээг бууруулах, өөрчлөх эрхгүй" гэснээс үзвэл шүүх уг тушаалыг сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр гэж үзсэн байх юм.

           Гэтэл маргаан бүхий тушаалд сахилгын шийтгэл оногдуулсан гэх агуулга огт тусгагдаагүй. Мөн хэрэв сахилгын шийтгэл оногдуулсан бол Төрийн албаны тухай хуулийн өөр зүйл, заалт буюу 48-р зүйлийг үндэслэх ёстой байсан боловч тэрхүү хуулийн заалтыг үндэслээгүйн дээр "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ыг огт хэрэглээгүй, уг журмын дагуу зөрчлийг шалгах, тайлбар авах ажиллагааa огт хийгдээгүй байна.

        4.1.4. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26.1 дэх хэсэгт "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасныг зөрчиж сонсох ажиллагаа явуулахгүйгээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасныг хуульд нийцсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

            Захиргааны ерөнхий хуулийн 28.1 дэх хэсэгт Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:

          28.1.1.нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол;

          28.1.2.гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол;

          28.1.3. иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд гэснийг үндэслэн сонсох ажиллагаа явуулалгүйгээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан гэх хариуцагчийн тайлбар хуульд нийцэхгүй байна.

          Учир нь Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хууль, "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-д зааснаар тухайн төрийн албан хаагчаас заавал тайлбарыг авах зохицуулалттай.

          Тодруулбал: "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 2-р зүйлд "Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах" асуудлыг зохицуулсан бөгөөд тус зүйлийн 2.2-т "Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид "шалгагч" гэх/ шалган тогтооно", 2.3-т "Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна. Зайлшгүй нэмэлт шалгалт хийх, баримт цуглуулах шаардлагатай гэж үзвэл шалгах хугацааг байгууллагын удирдлага 14 хоногоор сунгаж болно", 2.4. Энэ журмын 2.1-д заасан гомдол, мэдээлэл, баримтын дагуу шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ: 2.4.1. гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах гэж тодорхой заасан байтал сонсох ажиллагаа шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

        4.1.5.  Мөн тус журмын 6.1 дэх хэсэгт "Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ч.М-ийн хувьд урьд нь сахилгын шийтгэл огт хүлээж байгаагүй, үйлдсэн гэх зөрчил нь хууль болон журмын дагуу тогтоогдоогүй байхад төрийн албанаас чөлөөлсөн /халсан/ нь журмын дээрх заалтыг зөрчсөн байна.

             4.2. Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухай:

             Төрийн албаны тухай хуулийн 39-р зүйлийн 39.1.15 дахь хэсэгт "төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх"-ийг хориглодог. Гэтэл хариуцагч нь хуулийн дээрх заалтыг зөрчин хариуцагч талын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон А.Пыг нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалд анхан шатны шүүх хуралдаанаас өмнө томилон ажиллуулж байна. А.П нь уг хэрэгт гэрчээр оролцох боломжгүй, гуравдагч этгээдээр оролцвол зохих этгээд байхад гэрчээр оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохоор байна. Учир нь анхан шатны шүүх хуралдаан дээр А.П нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал дээр томилогдон ажиллаж буй талаараа мэдүүлсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121-р зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 27-ны өдрийн 119/ШШ2025/0020 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

         5.1.  Захиргааны хэргийн анхан шатны шүүх"... нэхэмжлэгч Ч.М нь Орхон аймгийн Боловсролын газрын Төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах арга зүйчээр ажиллаж байхдаа а/... удирдлагаас өгсөн “дээд шатны байгууллагууд руу мэдээ, тайлан явуулахдаа танилцуулж, хянуулж явуулах" ... үүрэг даалгаврыг удаа дараа зөрчсөн /Боловсролын газрын ажилчдын Шуурхай явуулахдаа хөтөлдөг тэмдэглэлийн 1 дүгээр дэвтрийн сүүлийн хуудасны ар талд тодруулагчаар тодруулсан, 2 дахь тэмдэглэлийн дэвтрийн эхний 1, 2 дугаар хуудас 6/2025 оны төсвийн төсөл хуулийн хугацаанд нэгтгэн дээд шатны байгууллагад хүргүүлж, хүлээлгэн өгөөгүй, "2025 онд тэтгэвэр, тэтгэмж авах багш, ажилчдын мэдээллийг бүрэн хянаагүй", "Орхон аймгийн * дүгээр сургуулийн 9 дүгээр сарын орлогоо хуваарилуулах хүсэлт өгөхөд орон алдаж 15.0 сая төгрөг хуваарилуулах хүсэлтийг 15.000.0 төгрөг хуваарилсан", "Орхон аймгийн ** дугаар цэцэрлэгийн орон нутгийн нэмэгдэл цалингийн орлогыг хуваарилуулах хүсэлтийг орхигдуулсан тус цэцэрлэгийн 43 албан хаагчдын 9 дүгээр сарын цалин хөлсийг олгоогүй", "Орхон аймгийн 24 дүгээр цэцэрлэгийн 10 сарын орон нутгийн 31 ажилтны цалингийн 2.3 сая төгрөгийн нэмэгдлийн зарцуулах эрх нээлгэх хүсэлт өгөхөд дутуу хуваарилуулах хүсэлт дээд шатны байгууллагад явуулснаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсэж, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх хязгаарлагдсан", Д цэцэрлэгийн 10 сарын нэмэгдэл хоолны 7.5 сая төгрөгийн орлогын хүсэлтийг дутуу Орхон аймгийн хувиарлуулах хүсэлт дээд шатны байгууллагад явснаар 420 хүүхдийн хоолны шим тэжээл буурах нөхцөлийг бүрдүүлсэн" зөрчлүүд, в. "Боловсролын салбарын нэгж байгууллагын ажилтан болох өөрийнхөө удирдлага дор ажилладаг нягтлангууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүнээс их хэмжээний мөнгө зээлж албан тушаалын байдлаа давуу байдал болгосон, Боловсролын газраас батлуулсан удирдамж, томилолтгүйгээр өөрийн дураар сургууль, цэцэрлэгүүдэд шалгалт хийсэн" гэх зөрчлүүдийг гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, гэрч А.Пын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна ХХ-ийн 44-50, 71-77, 83-84, 125- 150 дугаар тал гэж шүүх дүгнэлт хийхдээ зөвхөн хариуцагчийн гаргаж өгсөн "Орхон аймгийн Боловсролын газрын хуулбар үнэн" тэмдэг дарсан баримтуудыг үнэлж байгаа нь нэг талыг барьсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа журам ноцтой зөрчсөн алдаа гэж үзнэ. Үндэслэл нь:

          5.2. ЗХХШТХ-ийн 31 дүгээр зүйлийн 31.1-д " ... шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр, олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.", 34.3-т "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй, үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй." Гэж заасны дагуу шүүх нотлох баримтуудыг үнэлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргажээ.

Тодруулбал: a. удирдлагаас өгсөн "дээд шатны байгууллагууд руу мэдээ, тайлан явуулахдаа танилцуулж, хянуулж явуулах"... үүрэг даалгаврыг удаа дараа зөрчсөн Боловсролын газрын ажилчдын шуурхай явуулахдаа хөтөлдөг тэмдэглэлийн 1 дүгээр дэвтрийн сүүлийн хуудасны ар талд тодруулагчаар тодруулсан, 2 дахь тэмдэглэлийн дэвтрийн эхний 1, 2 дугаар хуудас гэсэн Боловсролын газраас ирүүлсэн "Шуурхай хурлын тэмдэглэл" гэх гар бичвэр бүхий хэн, хэрхэн яаж тэмдэглэсэн эсэх нь тодорхойгүй, хуудас нь дугаарлагдаагүй хоёр дэвтрийг үнэлж байгаа нь үндэслэлгүй.

         5.3. 2025 оны төсвийн төсөл хуулийн хугацаанд нэгтгэн дээд шатны байгууллагад хүргүүлж, хүлээлгэн өгөөгүй, "2025 онд тэтгэвэр, тэтгэмж авах багш, ажилчдын мэдээллийг бүрэн хянаагүй", "Орхон аймгийн 4 дүгээр сургуулийн 9 дүгээр сарын орлогоо хуваарилуулах хүсэлт өгөхөд орон алдаж 15.0 сая төгрөг хуваарилуулах хүсэлтийг 15.000.0 төгрөг хуваарилсан", "Орхон аймгийн ** дугаар цэцэрлэгийн орон нутгийн нэмэгдэл цалингийн орлогыг хуваарилуулах хүсэлтийг орхигдуулсан тус цэцэрлэгийн 43 албан хаагчдын 9 дүгээр сарын цалин хөлсийг олгоогүй", "Орхон аймгийн 24 дүгээр цэцэрлэгийн 10 сарын орон нутгийн 31 ажилтны цалингийн 2.3 сая төгрөгийн нэмэгдлийн зарцуулах эрх нээлгэх хүсэлт өгөхөд дутуу хуваарилуулах хүсэлт дээд шатны байгууллагад явуулснаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсэж, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх хязгаарлагдсан", "Орхон аймгийн Д цэцэрлэгийн 10 сарын нэмэгдэл хоолны 7.5 сая төгрөгийн орлогын хүсэлтийг дутуу хуваарилүүлах хүсэлт дээд шатны байгууллагад явснаар 420 хүүхдийн хоолны шим тэжээл буурах нөхцөлийг бүрдүүлсэн" зөрчлүүд гэж шүүх үнэлээд байгаа нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй.

          5.4. Нэхэмжлэгч Ч.М-ийн гаргасан зөрчил нь ХХ-ийн 44-47 дугаар хуудас "Захиргааны шийтгэврийн хувийн хэрэг", ХХ-ийн 48-49-р хуудас "**-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Я2024- 11-13 ны өдрийн 60 дугаартай албан бичиг, "Э и-оффис" мэдээлэл шүүх хуралдаанд судлагдаагүй, 50 дугаар хуудас "И о" сургуулийн 2024-11-14 ний өдрийн 115 дугаартай албан бичиг эдгээр баримтууд нь ажлын хэсгийн тайланд байгаа ч хөндлөнгийн бусад эх сурвалжаар хэрхэн нотлогдож тогтоогдож байгаа талаар шүүх дүгнэлт өгсөнгүй.

          5.5. "Боловсролын салбарын нэгж байгууллагын ажилтан болох өөрийхөө удирдлага дор ажилладаг нягтлангууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүнээс их хэмжээний мөнгө зээлж албан тушаалын байдлаа давуу байдал болгосон, Боловсролын газраас батлуулсан удирдамж, томилолтгүйгээр өөрийн дураар сургууль, цэцэрлэгүүдэд шалгалт хийсэн" гэх зөрчлүүдийг гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, гэрч А.Пын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна "Орхон аймгийн Боловсролын газрын хуулбар үнэн" тэмдэг дарсан баримтуудыг үнэлж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан, сахилгын шийтгэл оногдуулсан эрх зүйн фактууд гэх үйл баримтууд тус бүрийг үнэлээгүй, ерөнхийд нь дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болжээ.

          5.6. Нэхэмжлэгч Ч.М нь давж заалдах гомдолдоо энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж буйг дэмжиж байна. Орхон аймгийн НДГ-аас 2024-12-10 ны өдөр ирүүлсэн албан бичигт дурьдсан зөрчил Л.Б-ын \РД: ОЭ91E2**15 НДШ-ийн төрлийн кодыг буруу тайлагнасан, ...О.Х \РД: РЛ93052**\ Хүүхдээ асрах чөлөөтэй хугацааны орхигдуулсан..." гэжээ. "О" цэцэрлэг Ш гэсэн гар бичвэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй, гар бичмэл, хуулбар байхад шүүх нотлох баримт гэж үнэлж байгаа нь буруу юм. Иймд хэргийн тал бүрээс нь нягтлан шалгаж, ЗХХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Анхан шатны шүүхийн 0020 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Ч.М-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

          Давж заалдах гомдол хэлэлцэх хуралдаанд гомдлоо дэмжиж, нэхэмжлэгч Ч.М нь цахимаар Япон улсад сурч байгаа, өмгөөлөгч Б.Д, Э.Т нарын хамт оролцоно” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.М-ээс Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Аэд холбогдуулан “Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Ч.М албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 16,840,459.00 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            3. Маргаан бүхий Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.12, 37.1.13, 37.1.15, 37.1.16, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.2 дахь заалт, Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон хориглох заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр Төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах арга зүйч Ч.М 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчээс “…тушаал гарсны дараа би чамтай хамтарч ажиллахгүй, чи өөрөө наад ажлаа хий, би чамайг тусалж дэмжихгүй, ажлаа яаж хийх нь надад хамаагүй гэдэг байдлаар надад хандсан. …дарга надад чи ийм ажил хийх ёстой шүү гэж ямар ч чиглэл өгөөгүй, би зөвхөн ажлын байрны тодорхойлолтоос ийм ажил хийх ёстой юм байна гэдгийг судалж, ажлаа хийгээд орхоор намайг ерөөсөө дэмждэггүй, …сонсох ажиллагаа огт хийлгүйгээр гэнэт ажлаас чөлөөлөгдөж маш их сэтгэл санаагаар унаж, эрүүл мэнд дордож, санхүүгийн асуудал хүндэрсэн, ... Ажлаас ямар ч үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна” гэж, хариуцагчаас “...Ч.Мд хувийн байдлаар өрөөндөө оруулж ирээд энэ дээрээ алдаад байна, ийм заавар зөвлөгөө гараад байна, ийм алдаа хийж болохгүй гэхээр өгч байгаа заавар зөвлөгөөг өөрөөр хүлээж авдаг, ...Төсвийн мэргэжилтэн 7 дугаар сард амрах эрх байхгүй, гэтэл Япон явах шаардлагатай байна, ажил амьдралаа сайжруулах хэрэгтэй байна, би Японд оччихоод Японоосоо өөрийнхөө ажлыг хийгээд явна, ирэх оны төсөв төлөвлөгөөгөө хийгээд эргээд хугацаандаа ажилдаа орно гэдэг зүйлийг ярьсан. Тэгээд итгэл үзүүлээд явуулсан. Гэвч тайлан баланс тушаах үйл ажиллагаанд манай аймаг хоцорч эхэлсэн тул А.Паар ирэх оныхоо төсөв төлөвлөгөө, тайлан балансыг тушаах ажлуудыг хийлгэсэн,  ...мэргэжил арга зүй дээрээ алдаа гаргаад энэ нь өөрөө салбарыг томоохон эрсдэлд оруулах нөхцөл байдал үүссэн учраас энэ хүнийг арга буюу Төрийн албаны хуульд заасан хууль эрх зүйн хүрээнд ажлаас нь чөлөөлсөн” гэж тус тус тайлбарлан маргасан.

            5. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.1-48.1.6 дахь заалтуудад сануулахаас эхлээд төрийн албанаас халах зохицуулалтыг тусгаж, мөн хуулийн 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж,

            Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д “Төрийн албан хаагч /цаашид “албан хаагч” гэх/-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 2.2-т “...албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид “шалгагч” гэх/ шалган тогтооно”, 2.4-т “... шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ: 2.4.1. гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах, 2.4.5. цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээг хийж, дүгнэлт гаргах”, 2.5-д “Шалгагч сахилгын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар  дараах дүгнэлтийн аль нэгийг гаргаж, ...”, 3.1-д “Шалгалт албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт, баримт материалыг ... томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулах, 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулна” гэх зэргээр төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.

            6. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гээд 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гэж заасан бөгөөд “нийтийн ашиг сонирхол” гэдгийг “төрөөс хүлээн зөвшөөрөгдсөн, хуулиар хамгаалагдсан нийгмийн нэгдмэл ашиг сонирхол; энэхүү ашиг сонирхлыг хангах нь нийгэм өөрөө оршин тогтнох, цаашид хөгжих нөхцөл, баталгааг бий болгоно” хэмээн ойлгохоор зохицуулсан. Гэтэл энэхүү маргааны тухайд дээрх журамд зааснаар тухайн төрийн албан хаагчаас холбогдох тайлбарыг бичгээр авах талаар тодорхой заасан зохицуулалтыг хэрэглэлгүйгээр сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

7. Дээрх хууль болон журмын зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн чухам ямар үйлдэл, эс үйлдэхүй нь маргаан бүхий актын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 37 болон 39 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон хориглох заалтыг зөрчсөн зөрчилд хамаарч буй талаар захиргааны байгууллагаас шалгаж тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй зөрчил гаргасан байхад анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт тогтоож, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл төдийгүй хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргийг харьцуулан дүгнэлгүйгээр “...хариуцагчийн шийдвэр үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй…” гэж хэлбэрийн төдий дүгнэлт хийж, мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “…хариуцагчийн үндэслэж буй зөрчлүүдийг үйлдээгүй гэсэн тайлбаруудыг нэхэмжлэгч өгдөг, үүнтэй холбоотой сургууль хариуцсан мэргэжилтэн, холбогдох сургуулиудын нягтлан бодогч зэрэг субъектүүдээс гаргасан зөрчилтэй холбоотой тайлбар авах, оффиссын хэрэглээнд ашигладаг холбогдох программ, цахим шуудангуудад үзлэг хийх зарчмаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаа хийсэн эсэхэд нэг мөр дүгнэлт хийх шаардлагатай байсан” гэх давж заалдах гомдлыг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

8. Энэхүү тохиолдолд, маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай, түүнчлэн нэхэмжлэгчийг “албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй, хуульд заасан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан... зэрэг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ажлын хэсгээс гаргасан “Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг”-т дурдсан холбогдох зөрчлүүдийг гаргасан гэж үзэхдээ түүний гаргасан яг ямар зөрчлийг сахилгын зөрчил гэж үзсэн болох, уг зөрчлийг бодитоор гаргасан эсэхийг дээрх дурдсан холбогдох журамд зааснаар шалгаж тогтоох үүрэг хариуцагч захиргааны байгууллагад хадгалагдах тул маргаан бүхий актад үндэслэл болгож, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон зөрчлийг шалган тогтоох, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг холбогдох журмын дагуу дахин явуулах нь зүйтэй. Энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дүгээр захирамжийг хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ч.М албан тушаалаас чөлөөлөх тухай Б/49 дүгээр тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай гэсэн заалтыг нэмсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                              Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН